Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 136/ШШ2018/00341

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн анхан шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн * тоотод оршин суух, эмэгтэй, 50 настай, Б овогт Ж.Ч/РД: ЗЮ */-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргад холбогдох

Өмгөөллийн хөлс 2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ч, хариуцагчийн төлөөлөгч С.Э, гэрч М.М, шүүх хуралдааны н Д.Золбоо нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл тайлбартаа:

2015 оны 3 дугаар сараас Сантранс ХХК-ийн нэхэмжлэлтэй Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргад холбогдох Захиргааны хэрэгт 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл уг хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр ажилласан. Тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан М.М эрх зүйн туслалцааны гэрээ байгуулан өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн 10-20 хувиар төлдөг юм шүү гэж хэлж байсан. Төрийн байгууллагад тийм их мөнгө байхгүй гэхдээ тодорхой хэмжээний мөнгийг аймгийн Засаг даргатай ярилцаад өгнө гэсэн боловч Давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцохоор явсан замын зардлыг ч өгөөгүй өмгөөлөгч миний бие өөрийн зардлаар унаа, буудал гэж 300,000 орчим төгрөг зарцуулсан.

Хатанбулаг сумын Засаг даргад 2016 оны 6 дугаар сард эрх зүйн туслалцааны гэрээгээр нэг сая төгрөг өгнө үү гэсэн боловч өнөөдрийг хүртэл надад нэг ч төгрөг өгөөгүй байна. Одоо би өмгөөллийн хөлсөө 2,500,000 төгрөгөөр нэхэмжилж байна. Өмгөөлөгч миний бие уг хэрэг дээр жил гаруй хугацаанд ажиллаж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг өөрийн үйлчлүүлэгчийн талд шийдвэрлүүлж, өөрийн оюуны хөдөлмөрийг шөнө өдөргүй бүхий л байдлаар дайчилж ажилласан. Иймээс Хатанбулаг сумын Засаг даргаас өмгөөллийн хөлсөнд 2,8 тэрбум төгрөгийн 0,01 хувь болох 2,500,000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч С.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 3 дугаар сараас Сантранс ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгчөөр Ж.Ч тухайн үед ажиллаж байсан сумын Засаг дарга М.М нь гэрээ хийж өмгөөллийн хөлсийг хаанаас хэдэн төгрөг төлөх эх үүсвэрийг тодорхой заагаагүй байгаа болно. Мөн тухайн үед ажиллаж байсан сумын Засаг дарга М.М тодруулга асуулга авч үзэхэд М.М нь уг хэрэгтэй холбоотой газрын төлбөрийг тухайн үед Орон нутгийн дансанд төвлөрч тэр үеийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан аймгийн Засаг дарга П.Г нь захиран зарцуулсан, мөн өмгөөллийн хөлсийг төлөх тухай ярьж байсан тухай хэлсэн болно.

Иймд дээрх орон нутгийн төсөвт дуудлага худалдааны төлбөр бүрэн орсон байгаа тул тухайн үедээ өмгөөлөл хийж байх үедээ орон нутгийн төсвөөс гаргуулах нь зүйтэй байсан гэж үзэж байна. Хэдийгээр төрийн алба залгамж халаатай байдаг ч Хатанбулаг сумын Засаг дарга С.Э миний бие сумын болоод орон нутгийн төсвөөс нэхэмжлэгчийн өмгөөллийн хөлс болох 2,500,000 төгрөгийг гаргаж өгөх боломжгүй бөгөөд төсөвт өр авлагын сан үүсээгүй байгаа. Төр олгох ёстой гэж зөвшөөрөөгүй тул би олгох боломжгүй. Одоо 2,8 тэрбум төгрөгийг буцаан олго гэсэн шийдвэр гарсан боловч буцаан олгох эх үүсвэр, үндэслэл байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Гэрч М.М нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие сумын засаг даргаар ажиллаж байхдаа Сантранс компаний нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт өмгөөллийн ажил, үйлчилгээг Ж.Ч хийлгэхээр гэрээ байгуулсан, гэхдээ үнэ хөлсийн талаар тодорхой тогтоогүй, хөлсийг шийдвэрлэж өгөх талаар өмнө ярилцсан боловч чадаагүй гэв.

 

Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ч нь хариуцагч Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргад холбогдуулан өмгөөллийн хөлс 2,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.Ч нь Сантранс Монгол ХХК-ийн нэхэмжлэтэй захиргааны хэрэгт Хатанбулаг сумын Засаг засаг даргад эрх зүйн туслалцаа үзүүлж өмгөөлөгчөөр оролцохоор 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж Сантранс Монгол ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Хатанбулаг сумын Засаг засаг даргад эрх зүйн туслалцаа үзүүлэхээр тохиролцож талууд гарын үсэг зурж баталгаажуулан гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгч Ж.Ч нь Сантранс Монгол ХХК-ийн нэхэмжлэлтэй Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт өмгөөллийн ажил, үйлчилгээ үзүүлсэн болох нь:

- талуудын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-5/,

- Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаартай шийдвэр /хх-6-17/,

- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 146 дугаартай магадлал /хх-18-23/,

- Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 176 тоот тогтоол /хх-24/,

- Гэрч Д.Н ... Би өөрөө хариуцагч болох М.М итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр явж байсан. Хатанбулаг сум хол тул М.М нь шүүхээс дуудахад байнга ирж, очиж боломжгүй байна гээд намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж байсан. Би хэргийн материалтай танилцахад Ж.Ч өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хэрэгт авагдсан байсан. ... Тухайн үед өмгөөллийн хөлсийг яаж төлөх вэ гэдэг асуудал яригдсан. Тэр үед үнийн дүн яригдаагүй, боломжоороо төлөх хэрэгтэй гэсэн чиглэлийг аймгийн Засаг дарга П.Г, М.М хэлсэн. Тухай үед өмгөөлөгч Ж.Ч, М.М бид байсан. Өмгөөллийн хөлсийг тухайн Хатанбулаг сумын Засаг дарга хариуцахаар ярилцсан ... гэх мэдүүлэг /хх-49, 50/,

- Гэрч П.Г... Сантранс Монгол ХХК-ийн нэхэмжлэлтэй Хатанбулаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт өмгөөлөгч Ж.Ч эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Хатанбулаг сумын Засаг дарга байгуулсан байх ёстой. Дорноговь аймаг өмгөөлөгч Ж.Ч өмгөөллийн хөлс төлөөгүй. Яагаад гэвэл Сантранс Монгол ХХК-ийн нэхэмжлэлийн хариуцагч нь Хатанбулаг сум ... гэх мэдүүлэг /хх-57, 58/,

- Гэрч М.М шүүх хуралдаанд гаргасан ...өмгөөллийн ажил, үйлчилгээг Ж.Ч хийлгэхээр гэрээ байгуулсан, гэхдээ үнэ хөлсийн талаар тодорхой тогтоогүй, хөлсийг төлөөгүй гэх мэдүүлэг,

мөн нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Зохигч хэлцлийн гол нөхцөл болох өмгөөллийн хөлсийг үнийг тодорхойлж, тогтоогүй ч Иргэний хуулийн 39, 42, 43 дугаар зүйлүүдэд заасан хэлцэл хийгдсэнийг үгүйсгэх боломжгүй. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д зааснаар Хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно. Хөлсөөр ажиллах гэрээ нь талууд гэрээний гол нөхцөл буюу тодорхой ажил үйлчилгээ явуулах, үүний хариуд хөлс төлөхөөр тохиролцоондл хүрсэн байх ёстой. Эдгээрийг талууд тодорхойлоогүй бол уг хэлэлцээр нь диссенсийн улмаас хүчингүй байна.[1]

Гэхдээ талуудын шүүх хуралдаанд өгсөн ... тухай үедээ өмгөөллийн хөлсний хэмжээ, хөлс төлөх талаар ярилцаж байсан, ...шийдвэрлэж чадаагүй гэх агуулга бүхий тайлбараас үзэхэд ...гэрээ хүчин төгөлдөр, гэрээг цуцлах, хэлцлийг хийгээгүйд тооцох боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, тухайн гэрээний харилцааг зөв тодорхойлсон, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон, хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зур ...санаар гэрээг байгуулагдсан-д тооцно.

Талууд гэрээнд ажлын хөлс, хөлс төлөх хугацааг тохиролцоогүй боловч нэхэмжлэгч Ж.Ч нь Сантранс Монгол ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэж дуустал Хатанбулаг сумын Засаг даргад хууль зүйн туслалцаа үзүүлж оролцсон, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн буюу биелүүлжээ.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д зааснаар Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1., 4.1-д зааснаар ... хөлс төлөх үүрэг хүлээжээ.

Гэрээгээр Хатанбулаг сумын Засаг дарга төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй нь ажиллагчийн хувьд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Өмгөөлөгч энэ хуулийн 24.1.5-д заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд дараах хэлбэрийн үйлчилгээг үзүүлнэ: 35.1.2.иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ... ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох үйлчилгээг үзүүлнэ. Өмгөөлөгч ... өмгөөллийн үйлчилгээ...-г Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар үзүүлжээ.

Хуульд заасан тохиолдолд ажиллагч тухайн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байж болдог. Энэ нь өмгөөлөгчийн 01080 тоот шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхээр тогтоогдов.

Дээрх эрх зүйн зохицуулалт, гэрээгээр тохиролцсон байдал-ажлын үр дүн бус, өмгөөллийн ажил үйлчилгээг гүйцэтгэх, засаг дарга хөлс төлөх үүрэг хүлээсэн тухайн эрх зүйн харилцааг дүгнэхэд уг гэрээ нь Хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулж байх тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1., 359.2-д заасан гэрээний эрх зүйн харилцаа., ажил үйлчилгээ байна.

Нэхэмжлэгч Ж.Ч нь өмгөөллийн хөлс 2,500,000 төгрөг нэхэмжилсэн ч хариуцагч Хатанбулаг сумын Засаг дарга өмгөөллийн хөлсний хэмжээний талаар маргаагүй, хөлсийг төлөх боломжгүй гэж маргаж байна.

Хэдийгээр хариуцагч Хатанбулаг сумын Засаг дарга нь ...тухайн үед ажиллаж байсан сумын Засаг дарга М.М нь гэрээ хийж өмгөөллийн хөлсийг хаанаас хэдэн төгрөг төлөх эх үүсвэрийг тодорхой заагаагүй. ...өмгөөллийн хөлсийг төлөх тухай ярьж байсан тухай хэлсэн. ...Хэдийгээр төрийн алба залгамж халаатай байдаг ч Хатанбулаг сумын Засаг дарга С.Э миний бие сумын болоод орон нутгийн төсвөөс нэхэмжлэгчийн өмгөөллийн хөлс болох 2,500,000 мянган төгрөгийг гаргаж өгөх боломжгүй бөгөөд төэсөвт ч ийм хэмжээний зардал гаргах чадамж байхгүй... гэж маргасан боловч өөрийн татгалзал, тайлбарын үндэслэл болсон нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нотолж, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 360.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө.

-358 дугаар зүйлийн 358.1-д Ажил гүйцэтгэх тодорхой төрлийн бүх гэрээнд энэ бүлэг /344.2-ажил гүйцэтгэгчид төлөх хөлс/-ийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.

-344 дүгээр зүйлийн 344.2-д Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэж заасан байна.

Иргэний хуулийн 3.1.-д зааснаар Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41.1-д зааснаар Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.

Гэтэл зохигч хөлсний хэмжээг гэрээгээр тохиролцоогүй, тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалтгүй, ... тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлөхөөр хуульчилсан байх ба /ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал/ зэргээс шалтгаалан хөлсийг тогтоож, Иргэний хуулийн 41.2-д зааснаар Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлаж болно.

Иймд ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал/ зэргээс шалтгаалан, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл / ... Засаг даргад ...эрх зүйн туслалцааны гэрээгээр нэг сая төгрөг өгнө үү гэсэн боловч өнөөдрийг хүртэл надад нэг ч төгрөг өгөөгүй/-ийн үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан ...300,000 орчим төгрөгийн зардал гарсан үүнийг оролцуулаад 1 сая төгрөг өгөөч гэж нэхэмжлэсэн гэх тайлбараас үзвэл өмгөөлөгч өөрийн гүйцэтгэсэн ажлын шинж, өмгөөллийн ажил гүйцэтгэсэн нөхцөл байдал, хөлсний хэмжээг 1 сая төгрөгөөр хэмжигдэнэ гэж тайлбарлана.

Үлдэх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох баримтгүй, гэрээгээр хөлсний хэмжээг тодорхойлоогүй байх тул шүүх эрх зүйн дүгнэлт хийх, нотлох баримтыг үнэлэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1., 344 дүгээр зүйлийн 344.2-д зааснаар Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний дагуу ажлын хөлсний 1,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ч олгож, үлдэх 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хатанбулаг сумын Засаг даргаас 28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ч олгож шийдвэрлэв.


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1., 360 дугаар зүйлийн 360.1, 358 дугаар зүйлийн 358.1, 344 дүгээр зүйлийн 344.2-т зааснаар хариуцагч Хатанбулаг сумын Засаг даргаас 1,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ч олгож, үлдэх 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргаас 28,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ч олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулж гомдол гаргаж болохыг дурдсугай.


 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН