Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 142/ШШ2022/00167

 

 

 

 

 

                                        

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 2-р хороо Сөүлийн гудамж Т,, байрлах, “Өмгөөллийн ” ХХН /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1969 оны 07 сарын 11-нд төрсөн, 53 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг тоотод оршин суух, Юуншебу овогт /РД:/-т холбогдох,

 

8,000,000 төгрөг гаргуулах тухай  үндсэн нэхэмжлэлтэй, 4,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******н /цахимаар/

Хариуцагч *******,

Хариуцагчийн өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саулегул, Г.Бат-Эрдэнэ нараас татгалзсан хүсэлт гаргаж, шүүх хуралдаанд биечлэн оролцсон.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “” ХХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Галбадрах шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөллийн ” ХХН болон ******* нарын хооронд 2020.01.02-ны өдөр ХЗҮГ20200102-01 дугаартай “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулагдсан. Уг гэрээгээр “Өмгөөллийн " ХХН-ийн зүгээс үйлчлүүлэгч *******ын төрсөн хүү болох Б.Бат-Эрдэнийн нэр бүхий 65 иргэнтэй “Бит Могул Блокчэйн” ХХК болон хувь иргэнээрээ байгуулсан зээлийн гэрээнээс үүдэлтэй иргэний маргаан, мөн *******д холбогдох эрүүгийн хэрэг, ******* гэх иргэний *******д холбогдуулан гаргасан гомдолтой эрүүгийн хэрэг маргаанд үйлчлүүлэгчийн эрх, ашгийг хамгаалж оролцохоор тохиролцсон. Үйлчилгээний төлбөр, хугацааг 2020.01.02-ны өдрөөс 2020.07.02-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар, сар бүрийн төлбөр 2.000.000 /хоёр сая/ төгрөг байхаар тохиролцож, хууль зүйн үйлчилгээг үзүүлсэн. Үйлчлүүлэгч ******* нь 2020.02.01-ний өдөр өмгөөлөгч Б.*******нд 2.000.000 төгрөгийг бэлнээр, 2020.02.23-ны өдөр 2.000.000 төгрөгийг Хаан банкны 5090560572 тоот данснаас /Воldogoos baterdenii гэх/ гүйлгээний утгатай төлсөн. Үйлчлүүлэгч *******т өмгөөлөгч Б.*******н, Б.Галбадрах нар хууль зүйн үйлчилгээ үзүүлж ажилласан бөгөөд 2020.09.23-ны өдөр хүртэл үйлчилгээг үзүүлсэн бөгөөд гэрээгээр тохиролцсон 2020 оны 3, 4, 5, 6 дугаар саруудын хууль зүйн үйлчилгээний төлбөр тус бүр 2.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг үйлчлүүлэгч төлөөгүй болно. Үйлчлүүлэгч *******т 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, холбогдох баримт бичиг, материалыг хүлээлгэн өгсөн бөгөөд үйлчлүүлэгч *******ын зүгээс ямар нэгэн тайлбаргүйгээр гэрээний үүрэг 8.000.000 төгрөгийг төлөхгүй өдий хүрч байна. Иймд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөр 8.000.000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү гэжээ. 

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саулегүль сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн агуулга нь “хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 2020 оны 1, 2 дугаар сарын төлбөрт төлсөн 4,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан” байх тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь *******ын зүгээс гэрээг хугацаанаас өмнө цуцлах болон үйлчилгээнд сэтгэл дундуур байгаа талаар огт илэрхийлж байгаагүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс үйлчлүүлэгч болох *******тай үл ойлголцсон, маргасан асуудал огт байхгүй бөгөөд зөвхөн гэрээний дагуу төлбөрөө төлөхийг удаа дараа илэрхийлж улмаар шүүхэд хандсан. *******ын зүгээс хүү Б.Бат-Эрдэнийн холбогдсон хэрэг бүртгэлтийн хэрэгт Цагдаагийн газарт 1 хүсэлт өгсөн, тууштай шуурхай ажиллаагүй талаар дурдсан байна. *******т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар өмгөөлөгч нь хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хэрэгтэй бүхэлд нь танилцдаггүй, зөвхөн мэдүүлэг өгөхөд нь байлцах, шинжээчийн дүгнэлттэй танилцах, холбогдох гомдол хүсэлтийг гаргах зэргээр хязгаарлагдмал хүрээнд ажиллах эрх зүйн зохицуулалттай талаар тайлбарлаж байсан болно. Өмгөөллийн “Кэй И Партнерс ХХН"-ийн зүгээс үйлчлүүлэгчид үзүүлсэн үйлчилгээнийхээ хүрээнд нууцлалыг хадгалан, зарим хийж гүйцэтгэсэн ажил буюу уулзсан төрийн албан тушаалтны талаар болон хоорондоо харилцсан зурвас бусад баримт зэргийг нэхэмжлэлд бүрэн тусгаагүй болно. ******* нь хүүгийнхээ холбогдсон хэрэг бүртгэлтийн хэрэгт өмгөөлөгч Б.*******нг огт ажиллаагүй мэтээр тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргаж байгаад харамсаж байна. *******ын хүү *******д холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэгт өмгөөлөгч Б.*******н нь Цагдаагийн байгууллагын холбогдох ажилтнуудтай *******ын хамт очиж уулзан хүсэлт гаргаж, *******ыг мэдүүлэг өгөхөд байлцаж байсан. *******ын хүү *******д холбогдох залилангийн гэх хэрэг бүртгэлтийн хэрэгт ******* нь Монгол улсад байхгүй, гадаад улсад зорчсон байсан тул зөвхөн холбогдсон хохирогч гэх иргэдтэй өр төлбөрийг нь хэрхэн барагдуулах талаар *******аас чиглэл авч ажиллаж байсан болно гэжээ.

 

 

 3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн гэрээ байгуулсан боловч 2019 оны 12 сараас эхлэн туслалцаа үзүүлсэн. Хийгдсэн ажиллагаануудаа тайлангаар баталгаажуулсан. 2020 оны 07 дугаар сарын 02-ноос өмнө мөнгийг чинь өгнө, түр байж бай гээд *******, түүний эхнэр, Бат-Эрдэнэ нар надтай холбогддог байсан. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойшоо утсаа авахгүй, холбогдохгүй болсон. Анх хариуцагч манай хүү Бат-Эрдэнэтэй холбоотой 65 иргэн цагдаагийн байгууллагад залилангаар хандаад байна, ямар гарц гаргалгаа байна гэсэн. Тэгээд эрүүгийн хэргээр явбал эрсдэлтэй юм байна. Иргэний харилцаагаар явах юм бол хамтарч ажиллах боломжтой юм байна гэсэн. 2019 оны 12 сарын 29-нд Сөүл бизнес төвийн хоёр давхарт байрлах нотариат орж Бат-Эрдэний өмнөөс 65 иргэний маргаанд оролцох итгэмжлэл авсан байдаг. Ингээд 65 иргэдтэй харилцаж эхэлсэн байдаг. Удвал, Бат-Эрдэнэ гэх улсуудтай эвлэрлийн гэрээ хийж мөнгийг тохиролцсон байдаг. Хонгор гэдэг хүнтэй шүүхийн журмаар яваад нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж шийдвэрлүүлсэн байдаг. Би үнэхээр маргаантай хүмүүстэй уулзаж, 6 сарын хугацаанд ажилласан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч дутуу ажилласан гэдэгт Бат-Эрдэнэ 2019 оны 12 дугаар сарын сүүлээр хилийн хориг тавигдаагүй байсан учраас гадаад гарч азийн жижиг орнуудаар арилжаа хийх, гадаад явбал цагдан хоригдох асуудал байхгүй гэж үзэж ярилцаад гадаад явсан. Бат-Эрдэнийн Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан хэрэг бүртгэлтийн хэрэг нь хүний машин дээрэмдсэн хэрэг байсан. Тухайн үед *******тай очиж гэрчийн мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлгэнд энэ машиныг хүчээр авсан асуудал байхгүй, өр авлагын асуудал байгаа, МСS болон Д компанийн хооронд орон сууц захиалах гэрээ байгаа, Голомт банкны дансаар дамжуулан Д компанийн төлбөр төлөөд явж байсан талаарх нотлох баримтуудыг гаргуулая гээд өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргаж байсан. Мөн тухайн үед Хан-Уул дүүргийн цагдаагийн 1,2-р хэлтсийн дарга руу орж уулзаж байсан. Мөрдөгч нартай уулзаж гэрчийн мэдүүлэг өгч байсан. Бүх материалыг гарын үсэг зураад өгөөд, хэрэглээгүй итгэмжлэлийг устгалд оруулаад аль аль талдаа үйлчилсэн гэв.

 

4.Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Өмгөөллийн Кэй И Партнерс ХХН болон ******* нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр  ХЗҮГ20200102-01 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан болно. Уг гэрээгээр ******* миний хүү болох ******* нэр бүхий 65 иргэнтэй Бит могул блокчейн ХХК болон хувь иргэнээрээ байгуулсан зээлийн гэрээнээс үүдэлтэй иргэний маргаан, *******д холбогдох эрүүгийн хэрэг, ******* гэх иргэний *******д холбогдуулан гаргасан гомдолтой эрүүгийн хэргийн маргаанд үйлчлүүлэгчийн эрх ашиг сонирхлыг хамгаалж оролцохоор тохиролцсон болно. Үйлчилгээний урьдчилгаа төлбөрт 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Б.*******нд 2,000,000 төгрөгийг бэлнээр, 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус байгууллагын Хаан банкны 5090560572 тоот дансанд 2,000,000 төгрөгийг нийт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний урьдчилгаа 4,000,000 төгрөг төлсөн болно. Гэвч “Өмгөөллийн ” ХХН-ийн өмгөөлөгч Б.*******н, Б.Галбадрах нар нь эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эсрэг гаргасан гомдлуудад анхаарал тавьж ажиллаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, санаачлагагүй, хуулийн зөв гаргалгаа хийх арга замыг илэрхийлж ажиллаагүй. Хууль зүйн туслалцаа авах гээд байгаа хүн нь манай хүү Бат-Эрдэнэ байгаа гэвч надтай гэрээ хийсэн. Манай хүүхдийг гадаад явахаас өмнө хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж байсан. Анх гэрээ хийхдээ хэрэгт холбогдсон хүнээ гадагшаа явуулчхаад ямар өмгөөлөл хийх гээд байгаад эргэлзэж байсан. Хүүг гадагшаа гаргаснаас болж эдийн засгийн алдагдалд орсон. Гадаадад байх хугацаанд 60,000,000 гаруй төгрөг зарцуулсан байдаг. Уг нь энэ зарцуулсан мөнгөө хохирогч нарт өгч байсан бол гэж бодол төрдөг. Би гэрээ байгуулаад 2,000,000 төгрөг өгсөн. Дараа нь ямар ч ажил хийгдээгүй байхад 2,000,000 төгрөг өгсөн. 4,000,000 төгрөг өгсөндөө харамсдаг. Нэхэмжлэгч 65 иргэний Удвалтай холбоотой 2.480.000 төгрөг, Бат-Эрдэнэтэй холбоотой 6.791.000 төгрөг, Хонгортой холбоотой 40,000,000 төгрөгийн асуудлаар үйлчилгээн үзүүлсэн гэж тайландаа бичдэг. Манай гэр бүлээс үнийн дүн багатай хүнээс эхэлж хохирол өгье гэж яриад бид өөрсдөө утасдаж хотод байгаа өмгөөлөгчтэй уулзаж гэрээ байгуулчих гэдэг байсан. Энэ хүмүүс өмгөөлөгч дээр очиж гарын үсэг зурсан. Гарын үсэг зуруулсан асуудал нь хэдэн төгрөг байх ёстой вэ. 9,000,000 төгрөгийн асуудал шийдсэн. Хонгор гэдэг хүний 40,000,000 төгрөгийн асуудал нь шийдэгдээгүй байгаа. Хонгор гэдэг хүнтэй өмгөөлөгч надад хүсэлт тавьсан учраас уулзаж хоолонд орсон. Шүүх хурал болоод анх авсан үнийн дүнгээс дээгүүр хувиар шийдэгдсэн байсан. Тухайн бид нараас яаж шийдүүлэх талаар асуугаагүй. Би тухайн үед дургүйцсэн. Тэгсэн өмгөөлөгч ингэж шийдвэрлэсэн нь иргэний хэрэг болгож байгаа учраас та бидэнд ашигтай гэсэн. Энэ нь бусад хохирогч нарт Хонгорын хэрэгтэй адилхан иргэний хэрэг байгаа гэж үзүүлээд явах баримт хэрэгтэй байсан учраас илүү мөнгө төлөх нь хамаагүй, харин ашигтай хийлгэсэн гэдэг асуудлыг өмгөөлөгч ярьдаг. Иймд “Өмгөөллийн ” ХХН-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

 

5.Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Өмгөөллийн “Кэй И” партнерс ХХН”-тай миний хүү ******* нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараа үйлчлүүлэгч тал хэрэгт хамааралтай гэх нилээдгүй олон баримтыг тус өмгөөллийн нөхөрлөлд хүлээлгэн өгсөн. Б.Бат-Эрдэнийн зүгээс өмгөөлөгч Б.*******нг хууль зүйн туслалцаа үзүүлж гэрээний 2.1.3 дахь хэсэгт зааснаар түргэн шуурхай ажиллана гэж итгэсэн. Гэтэл өмгөөлөгч талаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй, түргэн шуурхай ажиллаагүй. 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэрээг байгуулснаас хойш хагас сар гаруй болсны дараа хэрэгт холбогдолтой 1 хүсэлтийг цагдаагийн газарт өгсөн байдаг. Өмгөөллийн тухай хуулийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар үйлчлүүлэгчийн, эрх хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж чадаагүй. Гэрээ цуцалж урьдчилгаанд төлсөн мөнгийг буцаан авах талаар урьд өмнө утсаар хэлж байсан ч гэрээг цуцлахгүй хугацаа алдаж, бидний хүлээлгэн өгсөн материалыг буцааж өгөхгүй байснаар бид дараагийн өмгөөлөгчийг авах боломжгүй болсон. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрийн урьдчилгаанд ******* би 4,000,000 төгрөг төлсөн. Өмгөөлөгч талаас гэрээний үүргийг хангалтгүй биелүүлсэн тул тус төлбөрийг буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хуульзүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан байдаг. Гэрээний агуулга нь *******ын төрсөн хүү Бат-Эрдэнэд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийсэн байдаг. Үүнээс өмнө 2019 оны 12 сарын 27-ны өдөр Бат-Эрдэнэтэй *******н гэж хүн гэрээ байгуулсан байдаг. *******н нь одоо кэй И партнерс ХХН-ийг төлөөлөөд байгаа юм уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй. Энэ гэрээнд өмгөөллийн хөлс, ямар ажил үйлчилгээ үзүүлэх гэж байгаа талаар огт байдаггүй. Өөрөөр хэлбэл Өмгөөллийн тухай хуулийн 22, 23-т заасан. Гэхдээ яадаг ч байсан 27-ны өдөр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан хүн гадаад руу гараад явчихсан асуудал талуудын тайлбараар тогтоогдож байна.  Энэ үйл процессын дараа түүнийг байхгүй эзгүйд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр *******тай байгуулсан гэрээ нь гурван үйлчилгээ явуулах гэрээ байдаг. Үйлчлүүлэгчийн төрсөн хүү болох Бат-Эрдэнийн нэр бүхий 65 иргэнтэй Бит могул блокчейн ХХК-тай холбоотой зээлийн гэрээнээс үүдэлтэй иргэний маргаанд оролцоно гэсэн байдаг. Энэ 65 иргэнтэй холбоотой хэрэг иргэний маргаан үүсчихсэн явж байдаг, энэ хэрэгт нэхэмжлэгч тал оролцоогүй гэдгээ тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл хүсэлт гаргасан тоотыг нь олоод дугаарыг нь олоод энэ хэргийн ийм дугаар байгаа юм байна, энд нөхөрлөл оролцож уу гэдгийг тодруулахаар хүсэлтийг гаргасан. Энэ хүсэлтийг хүлээн авахаас татгалзахад гаргасан тайлбар нь энэ маргаанд манайх ороогүй гэж тайлбарласан. Дараагийнх нь үйлчлүүлэгчийн төрсөн хүү Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэрэг маргаанд орно гэсэн байдаг. Эрүүгийн тоот хэрэг үүсчихсэн байгаа. Эрүүгийн хэргийн дугаарыг бичээд хүсэлт гаргахад манайх ороогүй гэдэг тайлбараа өгчихсөн. Үйлчлүүлэгчийн төрсөн хүү Бат-Эрдэнэд Очийн гомдолтой хэрэг болон Бат-Эрдэнийн гомдолтой Оч, Чинбат, Титан лайн гэх эрүүгийн иргэний хэргүүд тоотоороо цагдаагийн газарт болон прокурорын газарт мөн иргэний хэрэг нь дүүргийн шүүхүүд дээр маргаан үүсчихсэн явж байгаа. Энэ хэргүүдийн холбогдох материалд гэрээнд заасан нөхцөлийнхөө дагуу тухайн ХХН, эсвэл Б.*******н өмгөөлөгч Бат-Эрдэнийг өмгөөлөхөөр оролцож байгаа юу гэдэг асуудлыг тодруулахаар нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргахад оролцоогүй гэж нэхэмжлэгч тайлбар өгсөн. Тэгэхээр хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээнд заасан ажил үйлчилгээг үзүүлсэн талаар нотлох баримт байхгүй байна. Гэрээнд заасан ажил үйлчилгээнээс буюу 65 иргэний гомдолтой хэрэг маргааны 3-т нь үйлчилгээ үзүүлээд 62-оос нь татгалзчихаж байгаа. Мөн ******* ХХН-тэй хүүгээ төлөөлж гэрээ байгуулаад байгаа юм уу, өөрөө туслалцаа аваад байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Иймд *******ын хүссэн хууль зүйн туслалцааг хийж гүйцэтгэсэн нотлох баримт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгож өгнө үү. Мөн сөрөг нэхэмжлэлийн тухайд ХХН нь М.Бат-Эрдэнэд хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэдгээ нотолж чадахгүй байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

4.Хэрэгт нэхэмжлэгч талаас 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2001-01-2020Х01 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-4х, “Өмгөөллийн ” ХХН-ийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хоорондох ажлын тайлан-3х, *******т баримт бичиг, эд зүйл хүлээлгэж өгсөн акт-2х, 2020 оны 09 сарын 24-ний өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрүүдийн тэмдэглэл-2х, нэхэмжлэх-1х, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-3х, “Өмгөөллийн ” ХХН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн. 

 

Шүүхийн зүгээс хариуцагчийн хүсэлтээр хариуцагч ******* эхнэрийн барьж буй гар утсанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******н болон хариуцагч нарын хооронд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй холбоотой асуудлаар харилцаж байсан талаарх мэдээлэлд буюу гар утсанд үзлэг хийж, үзлэгийн явцыг дискэнд бичлэг хэлбэрээр буулгаж, үзлэгийн тэмдэглэл үйлдсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Өмгөөллийн ” ХХН нь хариуцагч *******т холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 8,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж нэхэмжлэгчид холбогдуулан  хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 4,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

2. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

3. Нэхэмжлэгч “Өмгөөллийн ” ХХН нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “...хууль зүйн  туслалцаа үзүүлэх гэрээний дагуу үйлчилгээг үзүүлж, хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болон бусад материалыг хариуцагч *******т хүлээлгэж өгсөн, хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацааны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй учир үйлчилгээний хөлс 8000000 төгрөгийг *******аас гаргуулна... ” гэж тодорхойлсон.

 

 

4.Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзал, сөрөг нэхэмжлэлийн  үндэслэлээ “...өмгөөлөгч ******* хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй, түргэн шуурхай ажиллаагүй, үйлчлүүлэгчийн, эрх хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж чадаагүй...” гэж тайлбарласан.

 

5. Нэхэмжлэгч  “Өмгөөллийн ” ХХН,  хариуцагч ******* нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2001-01-2020Х01 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч *******ын төрсөн хүү болох Б.Бат-Эрдэнийн нэр бүхий 65 иргэнтэй Бит Могул Блокчейн ХХК болон хувь иргэнээрээ байгуулсан зээлийн гэрээнээс үүдэлтэй иргэний маргаан, *******д холбогдох эрүүгийн хэрэг маргаан, *******д холбогдох *******ийн гомдолтой хэрэг болон Б.Бат-Эрдэнийн гомдолтой *******, *******, Титан лайн ХХК, М Си Эс Пропертийз Холдинг ХХК-д холбогдох эрүүгийн болон иргэний хэрэг маргаанд үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хууль зүйн хүрээнд хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр, 6 сарын хугацаатай, сар бүр 2000000 төгрөгийн хөлс төлөхөөр талууд тохиролцжээ.

 

            6. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, хугацаа, гэрээний төлбөрийн хэмжээний талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээнд үндэслэн шаардах эрхээ тодорхойлсон боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь  Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээний агуулгыг хангаж байх тул талуудын хооронд  хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

 

            7. Талууд гэрээгээр сард 2000000 төгрөгийн хөлсийг тогтмол төлөхөөр тохиролцсон, хариуцагч нь эхний 2 сарын төлбөр буюу урьдчилгаа төлбөрт 4000000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн бөгөөд Иргэний хуулийн 364.1-д зааснаар гэрээний хугацаа дуусч гэрээ дуусгавар болсон байна.

 

8. Гэрээгээр хууль зүйн үйлчилгээ үзүүлсний төлбөрийг сар бүр тогтмол төлөхөөр талууд тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг нотлохоор хийж гүйцэтгэсэн ажлын тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч гэрээгээр тохиролцсон ажил үйлчилгээ буюу тайланд тусгагдсан ажлуудын гүйцэтгэлтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

 

9. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь “...хариуцагчийн хүү болох ******* нь  хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хугацаанд  Монгол улсын хилээр гарч гадаад улсад байсан, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэгт холбогдогч ******* нь  гадаад улсад байх хугацаанд өмгөөлөгчийн зүгээс хохирогч нартай эвлэрүүлэн зуучлал, шүүх дээр иргэний журмаар эвлэрлийн гэрээ байгуулах нь зүйтэй гэж тай тохиролцож ажилласан тул уг эрүүгийн хэрэг болон шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс хэрхэн ажилласан баримт байхгүй, ...үйлчилгээ үзүүлж байх хугацаанд М Си Эс Пропертийз Холдинг ХХК нь Б.Бат-Эрдэнийг уг асуудлаар шүүхэд өгсөн боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, энэ хэрэгт болон давж заалдах шатны шүүх дээр байгаа хэрэгт нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлээгүй...” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэсэн тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

10. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч ******* нь дээрх гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 4000000 төгрөгийг нэхэмжлэгч “Өмгөөллийн ” ХХН-д  төлсөн бөгөөд “...өмгөөлөгч Б.*******нг хууль зүйн туслалцаа үзүүлж гэрээний 2.1.3 дахь хэсэгт зааснаар түргэн шуурхай ажиллана гэж итгэсэн. Гэтэл өмгөөлөгч талаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй, түргэн шуурхай ажиллаагүй, үйлчлүүлэгчийн, эрх хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж чадаагүй. Гэрээ цуцалж урьдчилгаанд төлсөн мөнгийг буцаан авах талаар урьд өмнө утсаар хэлж байсан ч гэрээг цуцлахгүй хугацаа алдсан...” гэх үндэслэлийг заасан боловч гэрээ цуцлах талаар гэрээний нөгөө талдаа мэдэгдэж байсан талаар холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, эхний 2 сарын хугацаанд ямар ажил, үйлчилгээ үзүүлэх байснаас ямар ажил үйлчилгээг хийж гүйцэтгээгүй болохыг баримтаар нотлоогүй,  хариуцагч  тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй,  сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

 

11. Иймд дээрх үндэслэлүүдээр “Өмгөөллийн ” ХХН-ийн хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөр 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч *******ын нэхэмжлэгч “Өмгөөллийн ” ХХН-д холбогдуулан гаргасан 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.   

 

12. нэхэмжлэгч “Өмгөөллийн ” ХХН-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөг, хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.  

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Өмгөөллийн ” ХХН-ийн хариуцагч *******аас 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч *******ын нэхэмжлэгч “Өмгөөллийн ” ХХН-өөс 4,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Өмгөөллийн ” ХХН-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ