Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2022/00010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Д

Хариуцагч: Б.Б

1 385 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Лхагваа овогтой Д би яргуйт баг өөрийн хашаандаа хувийн байшин бариулах зорилгоор хариуцагч Батаа овогтой Б аар 7 000 000 төгрөгөөр ажлын хөлсийг тохирч 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр урьлчилгаа төлбөр 1 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж, мөн багаж авна гэхэд нь 385 000 төгрөг өгсөн боловч уг байшингаа одоог хүртэл барихгүй, утсаа авахгүй алга болсон тул иргэн Б аас 1 385 000 төгрөг Л.Д надад гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Л.Д ын нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна.

Үүнд: 1 .Нэхэмжлэгч Д өөрөө барилгын ХХК-тай бөгөөд би олон ажлыг нь хийж өгч байсан хуучин танилууд учир 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр надаар 9*9 м.кв талбай бүхий хувийн сууц бариулахаар тохиролцоод ажлын хөлсний урьдчилгаа гэж 1 000 000 төгрөг, багажны үнэ гэж 380 000 төгрөг нийт 1 380 000 төгрөг надад өгсөн нь үнэн.

2. Бид тохирсон ёсоор ажлаа эхлэхдээ 3 ажилтан аваад дөрвүүлээ бэлэн суурийг тэгшлээд дотор тусгаарлалтын хананы суурийг цутгаж, 2 үе болок өрөөд шал тэгшлэх ажлыг нэхэмжлэгч өөрийн техникээрээ хийнэ гэсэн учир түүнийг хүлээж арваад хонож байтал хамт ажиллах хүмүүс маань 3 өдөр ажиллаад өөр газар ажиллахаар явсан.

3. Нэг хүнд өдрийн 60 000 төгрөгийн цалин өгөхөөр тохиролцоод гурван өдрийн /3*60 000 төгрөг*1 хүн 180 000 төгрөг*3 хүн=540 000 төгрөгийг ажлын хөлсөнд өгөөд өөрөө ажлын хөлс гэж үлдэх 460 000 төгрөгөө авсан.

4. Би Л.Д ыг хүлээж байхдаа хашаанд нь байсан контенерт нь өөрийн ажлын багажнуудаа хийгээд үлдээсэн байсан боловч дараа нь багажаа авах гээд очиход миний бүх багажнууд алга болсон байсан.

Миний багажнууд гэвэл: 1 ширхэг тэгш ус-20 000 төгрөг, түрдэг хөрөө 1 ширхэг 180 000 төгрөг, угсардаг шат 1 ширхэг 140 000 төгрөг, уртасгагч 1м нь 10 000 төгрөг 30м утас 300 000 төгрөг, шавар рек 4 ширхэг 44 000 төгрөг, шаврын тэрэг 1 ширхэг 180 000 төгрөг нийт 7 нэр төрлийн багажны үнэ 864 000 төгрөгийн үнэ бүхий багажнуудын маань үнэ эсвэл багажнуудыг маань буцааж өгөх үүрэгтэй.

Хоёр талын тохирсон ёсоор би 20 өдрийн дотор ажлаа хийж дуусгах учиртай байтал захиалагч өөрөө үүргээ биелүүлээгүй учир хариуцлагаа өөрөө хүлээх учиртай. Уртасгагчийг одоо хүртэл хэрэглээд байж байна лээ.Иймд Л.Д ын нэхэмжлэлийн шаардлагаас шинжээчийн дүгнэлтийн дагуу ажлын хөлс, багажны үнийг тооцон хасч үлдэх мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Д хариуцагч Б.Б ид холбогдуулан 1 385 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч талууд мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Л.Д нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: өөрийн өмчлөлийн газар дээр хувийн байшин бариулах зорилгоор хариуцагч Б.Б тай харилцан тохиролцож ажлын хөлсөнд 1 000 000 төгрөг, багаж авна мөнгө хэрэгтэй гэсэн тул 380 000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлсэн бөгөөд Б.Б ажлаа гүйцээж хийгээгүй учраас түүнээс 1 385 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд Б.Б ийн хийсэн ажлын үнэлгээг шинжээчийн дүгнэлтийн хүрээнд хүлээн зөвшөөрнө. Харин ямар багаж үлдээсэн нь тодорхойгүй, хэнд хүлээлгэж өгсөн нь мэдэгдэхгүй тул багажны үнийг хасах үндэслэлгүй гэж мэтгэлцэж байна.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Л.ДавааН с 1 380 000 төгрөг авсан нь үнэн. Бид тохиролцоод ажилаа эхлүүлсэн боловч Л.Д өөрөө шал тэгшлэх ажлыг техникээр хийнэ гээд 10 гаруй хоносон. Хамт ажиллахаар болсон 3 хүн өөр ажил хийхээр болж явсан тул тэдэнд өдрийн цалинг нь тооцож өгсөн. Багажаа Л.Д ын контейнерт үлдээсэн боловч алга болсон байна. Иймд шинжээчийн үнэлгээгээр тогтоосон ажлын хөлс 572 800 төгрөг, багжны үнэ 543 600 төгрөг нийт 1 116 400 төгрөгийг хасч үлдэх 268 600 төгрөгийг төлнө гэж тайлбарладаг.

Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд ажлын хөлсний урьдчилгаанд 1 000 000 төгрөг, багаж авахад мөнгө хэрэгтэй гээд 380 000 төгрөгийг тус тус Л.ДавааН с шилжүүлэн авсан болох нь талуудын тайлбар, Хаан банкны 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн болон 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэлээр нотлогдож байна.

Хариуцагч Б.Б өөрөөс нь гадна гурван хүний хамтаар байшингийн суурийг тэгшлэх, дотор тусгаарлалтын хананы суурийг цутгаж, 2 үе блок өрөх ажлыг гүйцэтгэсэн бөгөөд Л.Д шалыг цутгахаар болж ажлаа хийхгүй байснаас байшинг гүйцээж барих боломжгүй болсон, 7 нэр төрлийн 864 000 төгрөгийн үнэ бүхий багажнууд үлдээгээд явсан нь алга болсон тул хийж гүйцэтгэсэн ажлаа багажнуудын хамт үнэлүүлэхээр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн.

Шүүхээс томилогдсон шинжээч ажлын хөлсийг 572 800 төгрөг, багжны үнийг 543 600 төгрөг нийт 1 116 400 төгрөг байхаар үнэлсэн болох нь Бэйкер Тилли Далайван аудит ХХК-ний Орхон аймаг дахь салбарын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02/03-06 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлтээр нотлогдоно.

Нэхэмжлэгч Л.Д шүүхийн хэлэлцүүлэгт ажлын хөлсний үнэлгээ 572 800 төгрөгийг хүлээн зөвшөөрч, багаж хүлээлгэж өгөөгүй тул үнэлгээ 543 600 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Б.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 380 000 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрч, хийж гүйцэтгэсэн ажил, багажны үнийг хасаад зөрүү 268 600 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тус тус тайлбарласан.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч Л.Д шаардах эрхтэй.

Хариуцагч Б.Б түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 7 нэр төрлийн ажлын багажаа Л.Д ын барилга дээр орхиод явсан, өгөхгүй байна гэж мэтгэлцэж байгаа боловч хэнд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, түүнд тэгш ус, түрдэг хөрөө, угсардаг шат, уртасгагч, 30м утас, шавар рек, шаврын тэрэг байсан болохыг нотолсон баримтгүй байх тул шинжээчийн үнэлгээгээр тогтоогдсон 543 600 төгрөгийг хасч тооцох үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Л.Д 1 380 000 төгрөгийг Б.Б ид шилжүүлсэн атлаа 1 385 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тэрээр 5 000 төгрөгийг тооцооны алдаанаас болсон гэсэн тайлбар гаргасан тул хариуцагч Б.Б аас 807 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 577 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 37 110 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б аас 23 923 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Д д олгохоор заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасныг баримтлан хариуцагч Б.Б аас 807 200 /найман зуун долоон мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 577 800 /таван зуун далан долоон мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 37 110 /гучин долоон мянга нэг зуун арав/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б аас 23 923 /хорин гурван мянга есөн зуун хорин гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Д д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ