Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 207/МА2022/00020

 

Л.Дын нэхэмжлэлтэй,

Б.Бид холбогдох  

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2022/00010 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л.Дын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Бид холбогдох,  

 

 “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1.385.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлоор 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Лхагваа овогтой Д би яргуйт баг өөрийн хашаандаа хувийн байшин бариулах зорилгоор хариуцагч Батаа овогтой Баар 7.000.000 төгрөгөөр ажлын хөлсийг тохирч 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр урьдчилгаа төлбөр 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж, мөн багаж авна гэхэд нь 385.000 төгрөг өгсөн боловч уг байшингаа одоог хүртэл барихгүй, утсаа авахгүй алга болсон тул иргэн Баас 1.385.000 төгрөг Л.Д надад гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Нэхэмжлэгч Л.Дын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Д өөрөө барилгын ХХК-тай бөгөөд би олон ажлыг нь хийж өгч байсан хуучин танилууд учир 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр надаар 9*9 м.кв талбай бүхий хувийн сууц бариулахаар тохиролцоод ажлын хөлсний урьдчилгаа гэж 1.000.000 төгрөг, багажны үнэ гэж 380.000 төгрөг нийт 1.380.000 төгрөг надад өгсөн нь үнэн.Бид тохирсон ёсоор ажлаа эхлэхдээ 3 ажилтан аваад дөрвүүлээ бэлэн суурийг тэгшлээд дотор тусгаарлалтын хананы суурийг цутгаж, 2 үе блок өрөөд шал тэгшлэх ажлыг нэхэмжлэгч өөрийн техникээрээ хийнэ гэсэн учир түүнийг хүлээж арваад хонож байтал хамт ажиллах хүмүүс маань 3 өдөр ажиллаад өөр газар ажиллахаар явсан. Нэг хүнд өдрийн 60.000 төгрөгийн цалин өгөхөөр тохиролцоод гурван өдрийн /3*60 000 төгрөг*1 хүн 180.000 төгрөг*3 хүн=540.000 төгрөгийг ажлын хөлсөнд өгөөд өөрөө ажлын хөлс гэж үлдэх 460.000 төгрөгөө авсан. Би Л.Дыг хүлээж байхдаа хашаанд нь байсан контейнерт нь өөрийн ажлын багажуудаа хийгээд үлдээсэн байсан боловч дараа нь багажаа авах гээд очиход миний бүх багажууд алга болсон байсан. Миний багажнууд гэвэл: 1 ширхэг тэгш ус-20.000 төгрөг, түрдэг хөрөө 1 ширхэг 180.000 төгрөг, угсардаг шат 1 ширхэг 140.000 төгрөг, уртасгагч 1м нь 10.000 төгрөг 30м утас 300.000 төгрөг, шавар рек 4 ширхэг 44.000 төгрөг, шаврын тэрэг 1 ширхэг 180.000 төгрөг нийт 7 нэр төрлийн багажны үнэ 864.000 төгрөгийн үнэ бүхий багажнуудын маань үнэ эсвэл багажнуудыг маань буцааж өгөх үүрэгтэй. Хоёр талын тохирсон ёсоор би 20 өдрийн дотор ажлаа хийж дуусгах учиртай байтал захиалагч өөрөө үүргээ биелүүлээгүй учир хариуцлагаа өөрөө хүлээх учиртай. Уртасгагчийг одоо хүртэл хэрэглээд байж байна лээ.Иймд Л.Дын нэхэмжлэлийн шаардлагаас шинжээчийн дүгнэлтийн дагуу ажлын хөлс, багажны үнийг тооцон хасаж үлдэх мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2022/00010 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасныг баримтлан хариуцагч Б.Баас 807.200 /найман зуун долоон мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 577.800 /таван зуун далан долоон мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 37.110 /гучин долоон мянга нэг зуун арав/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 23.923 /хорин гурван мянга есөн зуун хорин гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Дд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа  заалдсан гомдолдоо:

...Тус шүүх 2021-12-24-ний өдрийн хурлаараа Л.Дын нэхэмжлэлтэй Б.Бид хариуцагдах төлбөр гаргуулах шаардлагатай хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн хийсэн ажлын хөлс болох 572.800 төгрөгийг хасаад үлдэх 807.200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ. Хариуцагч Б.Б нэхэмжлэгчийн барилга дээр ажиллаж байхдаа өөрийн багажуудаа амбаарт нь хийж орхиод явсан ба хэсэг хугацааны дараа багажуудаа авах гээд очсон боловч баганууд нь байхгүй болсон тухай хариу тайлбартаа бичиж өгөөд багануудаа үнэлүүлсэн үнэлгээ нь 543.600 төгрөг болсон ч энэ мөнгийг хассангүй.Энэ мөнгийг хасаагүй шалтгаан нь гэвэл:1-рт:Нэхэмжлэгчид хариуцагч багаж хүлээлгэж өгөөгүй,багажуудаа үлдээсэн болохоо нотолж чадаагүй гэсэн дүгнэлтүүдийг шүүх хийлээ. Барилгын засварын ажил хийдэг хүмүүс багажуудаа авч очоод ажлаа дуустал тэр газраа байлгаж байгаад ажлаа дуусахаар багануудаа аваад явдаг шүү дээ.Барилгын ажлын баганууд овор хэмжээ жижиг,авч явахад авсаархан байдаггүй гэдэг нь нийтэд илэрхий шүү дээ. Тэгээд ч хариуцагч багажуудаа орхиод явсан тухайгаа хариу тайлбар дээрээ бичээд үнэлгээ хийлгээд байхад нэхэмжлэгч энэ талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй байхад шүүх хурал "дээр нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зурвасуудыг судлаад нэхэмжлэгчийн мөнгө нэхсэний хариуд хариуцагч багажуудаа шаардаагүй байна гэсэн дүгнэлтийг хийж байсан. Мөн шүүх хурал товлосон цагтаа ороогүй 30 гаруй минут өнгөрөөд байхад шүүгч заланд орж ирэхгүй байсан бөгөөд 33 минутын дараа нэхэмжлэгч хурлын зааланд орж ирсний дараа шүүгч орж ирсэн.Шүүх хурлаа зарласан цагтаа эхэлж байх учиртай байтал нэхэмжлэгчийг хүлээсээр 30 гаруй минутын дараа хурал эхэлнэ гэж юу байх билээ. Иймд:Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-12-24-ний өдрийн 142/ШШ2022/00010 дугаар шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас багажуудын үнэ болох 543.600 төгрөгийг хассан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Шүүх зөвхөн давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч Б.Баас ажил гүйцэтгэх гэрээний дагуу 1.385.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Л.Д нь өөрийн Яргуйт багт байрлах хашаандаа 7 сая төгрөгийн ажлын хөлстэйгөөр хувийн байшин бариулахаар хариуцагч Б.Бтай тохирч урьдчилгаа төлбөрт 1 сая төгрөгийг 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дансаар шилжүүлсэн, багажны үнэнд 385.000 төгрөг өгсөн үйл баримт болсон энэ талаар зохигчид маргаагүй байна.

Нэхэмжлэгч Л.Д нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Б.Б тохиролцсоны дагуу ажлаа хийж гүйцэтгээгүй тул өгсөн мөнгөө буцааж авна, ямар багаж үлдээсэн нь тодорхойгүй, хэнд хүлээлгэж өгсөн болох нь мэдэгдэхгүй байгаа гэсэн тайлбар гарган хариуцагчаас шаарджээ.

Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэгч Л.Даас 1.385.000 төгрөг авсан нь үнэн, өөрөө шал тэгшлэх ажлыг техникээр хийнэ гэж 10 гаруй хоносон. Хамт ажиллах 3 хүн маань өөр ажил хийхээр явсан тэдэнд хамт ажилласан хугацааны цалинг нь өгсөн. Л.Дын контейнерт багажаа орхисон боловч алга болсон байсан. Шинжээчийн үнэлгээгээр тогтоосон ажлын хөлс, багажны үнийг хасаж үлдэх хэсгийг төлнө гэсэн тайлбар гарган мэтгэлцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулагдсан, гэрээний дагуу нэхэмжлэгч Л.Д нь ажлын хөлсний урьдчилгаанд 1 сая төгрөг, багажны үнэ 385.000 төгрөгийг хариуцагч Б.Бийн дансанд шилжүүлсэн, хариуцагч Б.Б нь 3 хүний хамтаар байшингийн суурийг цутгаж, дотор тусгаарлалтын ханыг цутгаж 2 үе блок өрөх ажлыг хийж гүйцэтгэсэн, энэ ажлын гүйцэтгэл нь 572.800 төгрөгийн үнэлгээтэй хийгдсэнийг Далай ван аудит компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан барилгын ажил гүйцэд хийгдээгүй учраас захиалагч буюу нэхэмжлэгч Л.Д гэрээг цуцалж өгсөн мөнгөө буцаан авахаар шаарджээ. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-д зааснаар гэрээний 1 тал үүргээ зөрчсөн бол Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлд талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй болохыг тус тус зохицуулжээ. Энэхүү хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Л.Д нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй хариуцагч Б.Баас урьдчилгаанд өгсөн 1 сая төгрөг, багажны үнэ 385.000 төгрөгийг тус тус шаардах эрхтэй болно.

Хариуцагч Б.Б нь ажлаа хийж байхдаа 7 нэр төрлийн багажаа нэхэмжлэгч Л.Дын ажлын байрны контейнерт орхиод явсан гэж тайлбар гаргаж мэтгэлцэж байгаа боловч хэнд, хэзээ, хэдэн төрлийн багаж хүлээлгэж өгсөн орхисон болох нь тодорхойгүй өөрийн татгалзал тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Хариуцагч Б.Б нь шавар зөөдөг тэргээр Л.Дынх ус авч явдаг, олон залгуурыг хэрэглээд байгаа гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч энэ талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй.

Анхан шатны шүүх хариуцагч Б.Б нь багажны талаар нотлох баримтгүй тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 543.600 төгрөгийг хасаж тооцох үндэслэлгүй гэж дүгнэж, хариуцагчаас нийт 807.200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуульд нийцсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаанд анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцаас зохих хэсгийг судалсан боловч түүний гомдолд дурдагдсан үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.  дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2022/00010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 17.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                         Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                           С.УРАНЧИМЭГ