Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2022/01037

 

 

 

 

 

 

 

     2022          03         30                                    184/ШШ2022/01037

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК

 

Хариуцагч: Б.А

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 32.867.648 төгрөгийг гаргуулах, 51-25 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хууль бус эзэмшлээс гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Янжинцэвэл,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул, хариуцагчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл  болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Х” ХХК  барьцаалан зээлдүүлэх чиглэлээр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага юм. Иргэн Б.А-ын хүсэлтийн дагуу 2020 оны 10 сарын 29-нд 24,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээл олгосон. Зээлийн хугацаа 2020 оны 10 сарын 29-ний өдрөөс 2021 оны 08 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаатай байсан.

 Б.А нь анх 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 25,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан. Б.Ат  10,000,000 төгрөгөөр, 15,000,000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн.  Зээлийн хүү 1,000,000 төгрөгийг нэг удаа төлсөн. Зээлийн хугацаа 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дуусах үед Б.А манай байгууллага дээр ирээд зээлийн гэрээг 1 жилээр сунгах хүсэлтээ гаргаад зээлийн гэрээг сунгасан.  Гэрээ сунгасан өдрөөс хойш Б.А нь зээлийн эргэн төлөлтөд нэг ч төгрөг төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа дууссан учир хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж шүүхэд хандсан. Нэхэмжлэгчийн зүгээс алданги болон нэхэмжлэл гаргах өдрөөс хойших хугацааны хүүг тооцоогүй. Гэрээнд заасан хугацааны хүү 8,867,648 төгрөг, үндсэн зээл 24,000,000  төгрөг нэхэмжилсэн болно. Иймд Б.Ааас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 32,867,648 төгрөгийг гаргуулах, фидуцийн гэрээний дагуу барьцаалсан тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, тээврийн хэрэгслийг Б.А-ын хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү. 51-25 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Х” ХХК -аас Б.Ат холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 32,867,648 төгрөгийг гаргуулж, 51-25 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Учир нь барьцаалан зээлдэх газраас олгох зээлийг бичгээр хийхээс гадна, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Энэ талаар Иргэний хуулийн 286.5-д Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ, 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж хуульчилсан байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар талууд зээлийн гэрээг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бичгээр байгуулж гарын үсэг зурсан  боловч гэрээний дагуу Б.Ат 24,000,000 төгрөгийг бодитоор шилжүүлээгүй тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй.

 Мөн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан фидуцийн гэрээний дагуу 51-25 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасан бөгөөд Иргэний хуулийн 286.1-т Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж заасны дагуу талууд хоорондоо Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.3-т заасан барьцааны гэрээг байгуулах ёстой байсан. Мөн Иргэний хуулийн 286.4-т Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй гэж хуульчилсан байдаг. Гэтэл “Х” ХХК -аас Б.Атай Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан фидуцийн гэрээ байгуулж дээрх тээврийн хэрэгслийг шилжүүлж авсныг хууль зөрчсөн гэж үзэж байна.

 Талууд маргаан бүхий зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч Б.Ат 24,000,000 төгрөгийг бодитой шилжүүлээгүй нь Иргэний хуулийн 282.4-т заасан шаардлагыг зөрчиж, хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар тээврийн хэрэгслийг өмчлөлд шилжүүлсэн фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 286.1, 286.2-т заасан заалтыг зөрчсөн хууль бус хэлцэл байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч талаас 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулсан гэх тайлбар гаргаж байгаа боловч тухайн гэрээ хавтаст хэрэгт авагдаагүй байна. Талууд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу бид 24,000,000 төгрөгийг шилжүүлж аваагүй үндэслэлээр маргаж байна. Мөн нэхэмжлэгч талаас фидуцийн гэрээ хүчин төгөлдөр гэж ярьж байна. Барьцаалан зээлдэх газар зээлийн гэрээ байгуулахдаа барьцааны гэрээ хийх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч тал энэ үүргээ биелүүлэлгүй фидуцийн гэрээ байгуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Фидуцийн гэрээ нь үүрэг хүлээгч  мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх гэсэн хуулийн зохицуулалттай бөгөөд барьцаалан зээлдүүлэх газар нь хуулиараа фидуцийн гэрээ байгуулах эрхгүй, харин барьцаалбар, барьцааны гэрээ байгуулах эрхтэй байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ дэмжин: “Х” ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 10 сарын 29-ний өдрийн №29 дугаар зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгөө өмчлөлд шилжүүлэх фидуци гэрээ, эргэн төлөлтийн график буюу №29 тоот зээлийн гэрээний хавсралт, Автомашин барьцаалан зээлэх гэрээ, эргэн төлөлтийн график, гэрээнд мөрдөх журам, хариуцагч Б.А 2020.07.21-ний өдрийн зээлийн гэрээг 10 сарын хугацаагаар сунгах тухай 2020.10.28-нд гараар бичсэн өргөдөл, зээлийн гэрээг сунгаж шинээр хийхийг даалгасан нэхэмжлэгч “Х” ХХК -ийн гүйцэтгэх захирлын тушаал, мөн зээлийн эргэн төлөлтийн график /зээлийн дэлгэрэнгүй бүртгэл, 5125 УНӨ тээврийн хэрэгслийн лавлагаа, өмнөх өмчлөгчдийн мэдээлэл зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч талаас: Б.А-ын 5024567635 дугаартай Хаан банкны дансны хуулгыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар: Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн 51-25 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, автотээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, Авто тээврийн үндэсний төлд гаргасан “Хуй Хуанг” ХХК-ийн захирал С.Янжинцэвэлийн хүсэлт, 51-25 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК  нь хариуцагч Б.Ат холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 24,000,000 төгрөг, зээлийн хүү 8,867,648 төгрөг, нийт 32,867,648 төгрөг гаргуулж, 5125 УНӨ улсын дугаартай LZCA600888 арлын дугаартай тээврийн хэрэгслээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Б.А-ын хууль бус эзэмшлээс уг тээврийн хэрэгслийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Хариуцагч Б.А нэхэмжлэлийн шаардлагын татгалзах үндэслэлээ: Нэхэмжлэгч талаас 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулсан гэх тайлбар гаргаж байгаа боловч тухайн гэрээ хавтаст хэрэгт авагдаагүй, мөн талууд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу 24,000,000 төгрөгийг шилжүүлж аваагүй, ...Барьцаалан зээлдэх газар зээлийн гэрээ байгуулахдаа барьцааны гэрээ хийх үүрэгтэй байдаг. Хуулиараа фидуцийн гэрээ байгуулах эрхгүй, харин барьцаалбар, барьцааны гэрээ байгуулах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

           Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбар,    хэргийн үйл баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК -нд 2019 оны 10 сарын 22-нд регистрийн дугаар 6487211, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 00438 дугаар гэрчилгээг олгосон ба тусгай зөвшөөрлийн “64920” дугаар бүхий тогтоолын дагуу зээлийн үйл ажиллагаа эрхэлж хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эрх бүхий хуулийн этгээд болох нь баримтаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 5 дугаар тал/

Талууд анх зээлийн гэрээг 2020 оны 07 сарын 21-ний өдрөөс 2021 оны 10 сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд байгуулж гэрээний зүйл болох 25,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэхээр, 5125 УНӨ улсын дугаар, LZZ5A600888 арлын дугаартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг   байгуулан тээврийн хэрэгслийг барьцаалахаар тохиролцон зээлж авсан болох нь   Авто машин барьцаалан зээлэх гэрээ, зээл эргэн төлөлтийн график, гэрээнд мөрдөх журам, хариуцагч Б.А 2020.07.21-ний өдрийн зээлийн гэрээг 10 сарын хугацаагаар сунгах тухай 2020.10.28-нд гараар бичсэн өргөдөл, зээлийн гэрээг сунгаж шинээр хийхийг даалгасан нэхэмжлэгч “Х” ХХК -ийн гүйцэтгэх захирлын тушаал, мөн зээлийн эргэн төлөлтийн график /зээлийн дэлгэрэнгүй бүртгэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 187-193,195 дугаар тал/ 

Улмаар хариуцагч нь 25,000,000 төгрөг төлөх гэрээний үүргээ хугацаанд нь    биелүүлээгүйгээс дээрх гэрээг үргэлжлүүлэн 2020 оны 10 сарын 29-нд  №29  дугаар   зээлийн болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж гэрээг сунгасан    байна. /хавтаст хэргийн 5-12 дугаар тал/ 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн мөнгөн  хөрөнгийг хариуцагч Б.А хүлээн авсан ба сунгах тухай бичгээр хүсэлт гаргаж байсан байна. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д заасны дагуу гэрээ байгуулагдаж мөн хуулийн 286 дугаар зүйлийн  286.1-д зааснаар  Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүрэг үүссэн байна. 

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй тул дээрх үйл баримтууд тогтоогдсон гэж үзлээ.   

 

Зохигчдын хооронд байгуулсан 2020.07.21-ний өдрийн гэрээний 7.4-д “Гэрээнд  талууд  гарын  үсэг  зурснаар  гэрээний хавсралт,  гэрээнд мөрдөх  журам,   дагалдах аливаа баримт бичиг хүчин төгөлдөр болно... гэж”, Гэрээнд мөрдөх журмын  1.10-д  “Гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа дуусах сүүлийн өдрөөс    30 хоногийн өмнө талууд гэрээг харилцан дүгнэж, сунгах тухай асуудлыг албан  ёсоор тухайлан хэлэлцэнэ...” гэсэн заалтыг тусгасан байх ба гэрээний дагуу болон хуульд зааснаар шаардах эрхээ хугацаандаа хэрэгжүүлж талууд тохиролцон зээлийн болон авто машин барьцаалан зээлэх гэрээг тус тус сунгасан болох нь хэрэгт ирүүлсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба дээрх нотлох баримтууд  нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй гэж үнэлэв. /хавтаст хэргийн 5-9, 187-193 дугаар тал/

 

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар: 2020.07.21-ний  өдрийн гэрээ хавтаст хэрэгт авагдаагүй, 24,000,000 төгрөг зээлж аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч татгалзлын үндэслэлээ баримтаар няцааж чадахгүй байна. Нэхэмжлэгчээс уг тайлбарыг няцааж зээлийн гэрээ болон бусад нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул 2022 оны 3 сарын 25-нд, өмгөөлөгч Баярбаясгалан 3 сарын 30-ны өдөр тус тус дээрх баримтуудтай танилцаж гарын үсэг зурсан болох нь нотлогдож байгаа ба шүүхээс баримтжуулсан баримт хавтаст хэргийн 199 дүгээр талд авагдсан байна.     

 

          Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хоёр удаа тус тусдаа зээлийн гэрээ  байгуулсан байна.

           а/. 2020 оны 07 сарын 21-нд байгуулсан талуудын хоорондох зээлийн гэрээний 3 сарын хугацаа 2020 оны 10 сарын 21-нд дууссан ба уг гэрээгээр 25,000,000 төгрөгийн зээлийг авч зээлийн барьцаанд 5125 УНӨ улсын дугаар,  LZZ5E600888 арлын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж зээлээс 1,000,000 төгрөг төлсөн тухай нэхэмжлэгч тайлбарлажээ. 

 

 б/.  2020 оны 10 сарын 29-ний өдрийн №29 дугаар зээлийн гэрээний тухайд: Тус гэрээгээр урьд өгсөн 1,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаад гэрээг сунгахдаа 24,000,000 төгрөгийн зээлийг 10 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй байгуулж, мөн авто машин барьцаалсан гэрээг хамт сунгасан байна. Уг гэрээний хугацаа 2021 оны 08 сарын 29-нд дууссан байна.     

 

           Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-д зааснаар гэрээ сунгах үйлдэл хийжээ. Энэ талаар нотлох баримт хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч өөрөөс хамаарах үйлдэл хийж шаардах эрхээ хэрэгжүүлсэн  буруугүй гэдгээ нотолсон ба өмнөх гэрээний хариуцлагыг тодруулж хийсэн  гэрээний үргэлжлэл болох нь тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч талын 2020.10.29-нд байгуулсан зээлийн гэрээгээр хариуцагчид мөнгө шилжүүлээгүй, гэрээг сунгасан  гэх тайлбараар давхар нотлогдож байна гэж үзлээ.

 

           Нэхэмжлэгч нь гэрээний дагуу алданги нэхэмжлэхгүй мөн шүүхэд нэхэмжлэл гаргах өдрөөс хойших хугацааны хүүг тооцоогүй зөвхөн “гэрээний хугацааны хүү 8,867,647 төгрөг нэхэмжлэнэ” гэж тайлбарласан ба Иргэний хуулийн 222 дүгээр зүйлийн 222.5-д зааснаар мөнгөн төлбөрийн гэрээний үүргийн дагуу хүү тооцож  шаардах эрхтэй байна.    

                                           

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн  25.2.1-д “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах” үүрэгтэй гэж заасан байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, зээлийн гэрээний дарааллыг зөв тодорхойлж гаргаагүйг дурдав. 

 

Талуудын хооронд хийсэн барьцааны гэрээ хуульд нийцсэн тул хөдлөх хөрөнгө болох 5125 УНӨ улсын дугаар бүхий LZZ5E00888 арлын дугаартай авто машин нь нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа болох нь Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаараа тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үндэстэй байна.  /хавтаст хэргийн 151-172 дугаар тал/

  Нэхэмжлэгч нь шүүхэд 2021 оны 09 сарын 16-нд нэхэмжлэл гаргаснаар зээлийн хүү 8,867,648 төгрөг үндсэн зээл 24,000,000 төгрөг нийт 32,867,648 төгрөг гаргуулахаар тооцсон нь зээлдэгчийн эрхийг дордуулаагүй, гэрээний талуудын тэгш эрхийн зарчимд нийцсэн байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д ... “үүргийг  хугацаанд нь шударгаар биелүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д “Барьцаалан зээлдэх  газар нь  зээлийн гэрээний үүргийг  хангуулахаар  зээлдэгчээс  хөдлөх хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй” гэж тус тус зааснаар зээлдүүлэгч нь гэрээний үүргийн үлдэх хэсгийг биелүүлэхийг шаардах эрхтэй, зээлдэгч нь гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй байна.      

 

         Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж,  мөн хуулийн 13.3-д “ ...эрх үүргээ хэрэгжүүлэхдээ ... хууль ёсны давуу байдлаа   хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл  хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ” гэж тус тус зааснаар иргэн, хуулийн этгээд аль аль нь хуулийн өмнө тэгш эрх эдлэх шударга ёсны зарчимд нийцэх ёстой гэж үзлээ.

 

         Нэхэмжлэгчээс 2020.07.01-ний өдрийн гэрээний үүрэг биелүүлээгүй тул гэрээг сунгаж дээрх гэрээний үүргийг шаардсан нь баримтаар тогтоогдож байгаа ба хариуцагч татгалзлын үндэслэлээ баримтаар нотолж няцааж чадахгүй байх тул  нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.     

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар хариуцагч Б.Ааас 32,867,648 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК -нд олгосугай. 

2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар  барьцааны гэрээнд авагдсан, нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа 5125 УНӨ улсын дугаартай LZZ00888 арлын дугаартай авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 392,500   төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.  

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.  

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй  бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.ОЮУНЦЭЦЭГ