Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/01131

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 30-ны өдрийн 184/ШШ2022/01037 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 32,867,648 төгрөг гаргуулах, 00-00 улсын дугаартай, Синотрак маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хууль бус эзэмшлээс гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Б.А нь анх 2020 оны 07 сарын 21-ний өдөр 25,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан. Б.А т 10,000,000 төгрөг, 15,000,000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр 25,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Б.А нь зээлийн хүү гэж 1,000,000 төгрөгийг нэг удаа төлсөн. Зээлийн хугацаа 2020 оны 10 сарын 29-ний өдөр дуусах үед Б.А манай байгууллага дээр ирж зээлийн гэрээг нэг жилээр сунгах хүсэлт гаргаад зээлийн гэрээг сунгасан. Гэрээ сунгасан өдрөөс хойш Б.А нэг ч төгрөг төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа дууссан, Б.А ын хаяг, утасны дугаар өөрчлөгдсөн тул шүүхээр эрэн сурвалжлуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс алданги болон нэхэмжлэл гаргах өдрөөс хойшхи хугацааны хүү тооцоогүй. Гэрээнд заасан хугацааны хүү 8,867,468 төгрөг, үндсэн зээл 24,000,000 төгрөг нэхэмжилсэн болно. Мөн Б.А тай байгуулсан фидуцийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслээр хангуулж, тээврийн хэрэгслийг Б.А ын хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь барьцаалан зээлдэх газраас зээл олгох зээлийн гэрээг бичгээр хийхээс гадна мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Энэ талаар Иргэний хуулийн 286.5-д Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж, 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж хуульчилсан байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар талууд зээлийн гэрээг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бичгээр байгуулж гарын үсэг зурсан боловч гэрээний дагуу Б.А т 24,000,000 төгрөгийг бодитоор шилжүүлэн өгөөгүй тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 286.1-т Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж заасны дагуу талууд хоорондоо Иргэний хуулийн 153.3-т заасан барьцааны гэрээг байгуулах ёстой байсан. Мөн Иргэний хуулийн 286.4-т Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй гэж хуульчилсан байдаг. Гэтэл "Х " ГХОХХК-аас Б.А тай Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан фидуцийн гэрээ байгуулж дээрх тээврийн хэрэгслийг шилжүүлж авсныг хууль зөрчсөн гэж үзэж байна. Талууд маргаан бүхий зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч Б.А т 24,000,000 төгрөгийг бодитой шилжүүлээгүй нь Иргэний хуулийн 282.4-т заасан шаардлагыг зөрчиж, хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгч талаас 2020 оны 07 сарын 21-ний өдөр гэрээ байгуулсан гэх тайлбар гаргаж байгаа боловч тухайн гэрээ хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А аас 32,867,648 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ГХОХХК-д олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа 00-00 улсын дугаартай 00000000000000000 арлын дугаартай авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 392,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Хэрэгт авагдсан баримтаар Б.А болон Х ГХОХХК-ийн хооронд хоёр удаа тус тус зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд 2020 оны 07 сарын 21-ний өдрийн Автомашин барьцаалан, зээлийн гэрээ-гээр Б.А нь 25,000,000 төгрөгийн зээлийг авч үндсэн зээлийн төлөлтөөс 1,000,000 төгрөгийг төлсөн байдаг. Харин 2020 оны 10 сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээ-гээр 24,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч уг гэрээ нь Иргэний хуулийн 282.4-т заасан хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангаагүй буюу Х ГХОХХК-аас гэрээний дагуу 24,000,000 төгрөгийг бодитой шилжүүлээгүй байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс энэхүү хүчин төгөлдөр бус 2020 оны 10 сарын 29-ний өдрийн гэрээг 2020 оны 07 сарын 21-ний өдрийн гэрээний сунгалт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

4.б. 2020 оны 07 сарын 21-ний өдрийн Автомашин барьцаалан, зээлийн гэрээ-ний 7.2-т гэрээнд талууд тохиролцон нэмэлт, өөрчлөлт оруулж болно, мөн гэрээнд мөрдөх журмын 1.10-т гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа дуусах сүүлийн өдрөөс 30 хоногийн өмнө талууд гэрээг харилцан дүгнэж, сунгах тухай асуудлыг албан ёсоор тухайлан хэлэлцэнэ гэж заасан байдаг. Б.А ын зүгээс 2020 оны 10 сарын 28-ны өдөр дээрх гэрээний хугацааг сунгах талаар хүсэлтийг Х ГХОХХК-д гаргасан боловч энэ талаар гэрээнд ямарваа нэгэн нэмэлт, өөрчлөлт оруулаагүй, 2020 оны 07 сарын 21-ний өдрийн Автомашин барьцаалан, зээлийн гэрээ-г сунгасан үйл баримт тогтоогдоогүй.

4.в. Хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 10 сарын 29-ний өдөр талуудын хооронд Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаагүй харин Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдсан байдаг. Х ГХОХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээд бөгөөд Иргэний хуулийн 286.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй боловч Б.А тай байгуулсан 2020 оны 10 сарын 29-ний өдрийн №00 тоот Зээлийн гэрээ-гээр түүний өмчлөлийн 00-00 улсын дугаартай автомашиныг барьцаалаагүй байдаг. Х ГХОХХК-ийн зүгээс зээлдэгчтэй барьцааны гэрээ байгуулаагүй, шууд фидуцийн гэрээ байгуулж, зээлдэгчийн эд хөрөнгийг шууд өмчлөлдөө хууль бусаар шилжүүлэн авч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Зээлийн гэрээний хугацаа дууссан учраас хугацааг шинэчлэн байгуулах тухай хариуцагчийн хүсэлт мөн уг хугацааг сунгаж, гэрээг шинэчлэн байгуулахаар шийдвэрлэсэн захирлын тушаал хэрэгт авагдсан. Мөн хариуцагч 24,000,000 төгрөгийн зээлийн гэрээг шинэчлэн байгуулж гарын үсэг зурсан үйл баримт хэрэгт авагдсан. Фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийн хангуулах арга. Барьцаалан зээлдүүлэх газрыг фидуцийн гэрээ байгуулахыг хориглосон хэм хэмжээ, хуулийн зохицуулалт байхгүй. Гэрээний нөхцлийг талууд чөлөөт байдлын зарчмаар тохиролцож тодорхойлдог. Үүний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, анхан шатны шүүх үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид зээл олгоод 2 жил болсон атлаа алданги, нэмэгдүүлсэн хүү шаардаагүй зөвхөн анх зээл олгохдоо өгсөн зээл, зээлийн хүүг шаардаж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Х ГХОХХК нь хариуцагч Б.А т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,867,648 төгрөг гаргуулах, 00-00 улсын дугаартай, Синотрак маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Хэрэгт авагдсан Х ГХОХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хийгдсэн тэмдэглэгээ, 2020 оны 07 сарын 21-ний өдрийн Автомашин барьцаалан, зээлэх гэрээ, Эргэн төлөлтийн график, Б.А ын эзэмшдэг Хаан банк дахь 0000000000 тоот депозит дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу харьцуулан үнэлбэл, Х ГХОХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэлдэг хуулийн этгээд ба хариуцагч Б.А т 25,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай нэг сарын 4%-ийн хүүтэйгээр зээлдүүлэх, Б.А нь үндсэн зээл 25,000,000 төгрөгийг зээлийн хүү 2,085,766 төгрөгийн хамтаар буцаан төлөх нөхцөлийг тус тус талууд гэрээгээр харилцан тохиролцож, улмаар Х ХХК-аас 2020 оны 07 сарын 21-ний өдөр нийт 25,000,000 төгрөгийг Б.Анхбарт дансаар шилжүүлэн өгч, гэрээний үүргээ биелүүлсэн үйл баримт тус тус тогтоогдож байна. /хх 5, 191-194, 22/

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний нэг төрөл болох 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох эрх зүйн харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

4.   Харин хэргийн 6-7-р талд авагдсан 2020 оны 10 сарын 29-ний өдрийн №00 тоот Зээлийн гэрээ-ний тухайд нэхэмжлэгч тал нь 2020 оны 07 сарын 21-ний өдрийн гэрээний сунгалт гэж тайлбарладаг бол хариуцагч тал нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн хууль бус гэрээ, 2020 оны 07 сарын 21-ний өдрийн гэрээний сунгалт гэж үзэхгүй гэж тайлбарлан маргадаг.

 

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь хэргийн 196-р талд Б.А ын бичгээр гаргасан 2020 оны 10 сарын 28-ны өдрийн Өргөдөл авагдсан байх ба уг Өргөдөл-д ...зээлийн эргэн төлөлтийг машины бүрэн бус байдлаас болж ажил зогссон тул №00 тоот зээлийг шинэ зээлийн гэрээ хийж 10 сараар сунгаж өгнө үү гэсэн агуулга тусгагджээ. Зээлдэгчийн уг хүсэлтийг зээлдүүлэгч хүлээн авснаар талууд 2020 оны 10 сарын 29-ний өдөр №00 тоот Зээлийн гэрээ-г бичгээр байгуулж, талуудын тамга, гарын үсгээр баталгаажуулсан байна. /хх 197, 6-7/

Өөрөөр хэлбэл, зээлдэгч Б.А ын шинээр гэрээ хийх замаар өмнө байгуулсан гэрээний хугацааг сунгах тухай хүсэл зоригийн илэрхийллийг зээлдүүлэгч Х ГХОХХК хүлээн авч, улмаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн барим бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

 

5.   Иймд нэхэмжлэгч Х ГХОХХК нь хариуцагч Б.А аас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282,3 дахь хэсэгт тус тус зааснаар түүний өмчлөлд шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгийг гэрээгээр тохиролцсон хүүгийн хамтаар буцаан шаардах эрхтэй.

Хариуцагч Б.А нь 2020 оны 07 сарын 21-ний өдрийн болон 2020 оны 10 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний дагуу нийт 7,767,314 төгрөгийн /2,085,766 + 5,681,548/ хүү төлөх үүргийг хүлээсэн, үүнээс 1,000,000 төгрөгийг төлсөн тул түүнээс 25,000,000 + 7,767,314 1,000,000 = 31,767,314 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ГХОХХК-д олгох нь зүйтэй.

 

6.   Анхан шатны шүүхээс 00-00 улсын дугаартай, Синотрак маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.4 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй, энэ талаарх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлтэй.

Тодруулбал, Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар барьцаалан зээлдүүлэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгө барьцаанд бариулахыг шаардах эрхтэй боловч мөн зүйлийн 286.4 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг өмчлөх эрхгүй юм.

Өөрөөр хэлбэл, зээлдэгч Б.А нь өөрийн өмчлөлийн 00-00 улсын дугаартай Синотрак маркийн тээврийн хэрэгслийг зээлдүүлэгч Х ГХОХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргийг хүлээсэн нь, Х ГХОХХК дээр дурдсан тээврийн хэрэгслийг 2020 оны 07 сарын 21-ний өдөр өөрийн нэр дээр бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.4 дэх хэсэгт тус тус нийцээгүй тул холбогдох шаардлагыг гаргах эрхгүй.

 

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

8.   Б.А нь 00-00 улсын дугаартай Синотрак маркийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой шаардлагыг буруутай этгээдэд холбогдуулан гаргахад энэхүү магадлал саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 30-ны өдрийн 184/ШШ2022/01037 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1. 286.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.А аас 31,767,314 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ГХОХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,100,334 төгрөгт холбогдох шаардлага болон 00-00 улсын дугаартай, Синотрак маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хууль бус эзэмшлээс гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 гэж дугаарлан ...56.1, ... гэснийг ...56.2, ... гэж, ...392,500 төгрөгийг... гэснийг ...316,787 төгрөгийг... гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж тус тус дугаарлан,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 392,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР