Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2022/00924

 

 

 

 

 

                                         2022            03            22

                 184/ШШ2022/00924

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар байр, .. тоот хаягт оршин суух, эрэгтэй, Г овогт Н-ын Н /регистрийн дугаар: .../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ..дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /регистрийн дугаар: .../-т холбогдох,

Үнэлгээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Нхариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаар шийдвэрээр “Н” ХХК, Н.Н, Ц.Днараас 14,770,200 төгрөг гаргуулж, Б.Б-долгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр газраас Н.Нын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201...дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар гудамж ... тоот 450 м.кв талбайтай хүлэмжийг 171,000,000 төгрөгөөр, тус хаягт байрлах 700 м.кв талбайтай эзэмшлийн зориулалт бүхий газрыг 6,633,200 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээнээс үзэхэд тус хөрөнгийн байршлын давуу тал, онцлогийг харгалзаагүй, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлгээ өгсөн байна. Уг хүлэмжийн байршлын хувьд үржил шимтэй газартай, гүний худаг, хүлэмж тус бүр нам даралтын зуух, усалгааны системтэй, цахилгаан үүсгүүртэй ба үр ашиг ихтэй. Мөн тус хүлэмжийн 1 м.кв үнэлгээг 380,000 төгрөгөөр үнэлсэн ба тус үнэлгээг хийхдээ зарын 3 веб сайтыг эх сурвалж болгосон байна. Энэ нь зах зээлийн үнэлгээг тогтоох эх сурвалж болж чадахгүй гэж үзэж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шинжээчийн үнэлгээг үндэслэлгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл зах зээлийн үнэлгээг хийхдээ зарын веб сайтын мэдээлэлд тулгуурласныг бодит үнэлгээ гэж үзэх боломжгүй. Газрын үнэлгээн дээр маргах зүйлгүй. Харин хүлэмжийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн хүлэмжийн хөрс нь ашиг шимтэй, хөрсний тэжээллэг чанарыг хүртэл судлах ёстой. Зүгээр энгийн нэг газар биш, цаашид үр ашиг их гарна. Өмнө нь ч сайн ашиг өгдөг байсан. Хүлэмжийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн.” гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: “2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаар шийдвэрээр Н.Н, Ц.Д, “Н” ХХК нараас 14,770,000 төгрөг гаргуулж, Б.Б-долгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлээд 2 жил болж байна. Төлбөр төлөгч Н.Н, Ц.Днарт төлбөр төлөх тухай мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй. Ц.Дболон “Н” ХХК нарын өмчлөл, эзэмшилд хөрөнгө тогтоогдоогүй дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байсан тул төлбөр төлөгч Н.Нын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, ... дүгээр хороо, ... гудамж, ... болон ... тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201... дугаарт бүртгэлтэй хүлэмжийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ... тогтоолоор битүүмжилж, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаар тогтоолоор хураасан. Талуудад үнийн санал ирүүлэх 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4... тоот мэдэгдлийг баталгаат шууданд хийж утсаар ярьж мэдэгдсэн. Талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй, өөрөөр хэлбэл тогтоосон хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ... тогтоолоор “Бэсгэ” ХХК-ийг томилж үнэлгээг тогтооход хүлэмжийг 171,000,000 төгрөг, газрын 6,633,200 төгрөг нийт 177,633,200 төгрөгөөр үнэлсэн. Тухайн үнэлгээ бодит үнэлгээ. Хүлэмжийн үнэлгээг тогтоохдоо усалгааны системтэй гэдгийг харгалзан үзсэн гэж шинжээч хэлдэг. Зах зээлийн үнэлгээг интернетээр хайлт хийн ижил төстэй газрыг харьцуулж гаргасан. Түүнээс биш зарын сайтаас шууд аваагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээний талаар талуудад 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ... тоот мэдэгдлээр мэдэгдсэн боловч бичгээр хариу ирүүлээгүй. Албадан дуудлага худалдааг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулах тухай 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ... тоот албадан дуудлага худалдааны тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн мэдэгдлийг төлбөр авагч нарт баталгаат шуудангаар хүргүүлж, давхар фэйсбүүк чатаар хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй. Одоо бол ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа. Төлбөр төлөгчийн зүгээс 12,770,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Тус хүлэмж, газрын оронд өөр хөрөнгөөр төлбөр барагдуулах санал тавьсан хэдий ч тухайн хөрөнгө нь өвийн маргаантай байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэж тайлбарласан.

 

3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:  Н.Наас Х.М-т олгосон 0906 дугаартай итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай мэдэгдэл.

 

4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: ..

дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг /Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 184/ГХ2020/00..дугаартай гүйцэтгэх хуудас, мөн шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2020/0.. дугаартай шийдвэр, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн .. дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Н.Нын иргэний мэдээлэл, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШЗ2020/03090/219 дугаартай төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болох харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ... дугаартай албан бичиг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201...дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаартай албан бичиг, Н.Нтай уулзсан тэмдэглэл, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2.. дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн зарлан дуудах мэдэгдэл, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн .. дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн .. дугаартай эд хөрөнгө хураах тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл,2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/370 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, “БЭСГЭ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай мэдэгдэл, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай мэдэгдэл, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн .. дугаартай мэдэгдэл, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ... дугаартай мэдэгдэл, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4-... дугаартай мэдэгдэл, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн .. дугаартай мэдэгдэл.

 

5. Шүүхийн журмаар дараах баримтыг цуглуулсан. Үүнд: “БЭСГЭ” ХХК-ийн 21-038 дугаартай үнэлгээний тайлангийн агуулга хэсэг дэх үнэлгээний зорилго, арга зүйг тодорхойлсон хэсэг, үнэлгээ тооцоолсон үнэ цэнэ, таамаглал, үнэлгээнд мөрдсөн Үнэлгээний олон улсын стандарт хөрөнгийн үнэлгээний арга зүй, үнэлгээнд ашигласан мэдээлэл, үнэлгээний зүйлийн ерөнхий мэдээлэл, тодорхойлолт, үнэлгээний зүйлийн үнэ цэнэд нөлөөлөх орчны шинжилгээний баримт. /тайлангийн 3.1-3.2 дахь хэсэг/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Н.Ншүүхэд хандаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хийж гүйцэтгэсэн, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201...дугаарт бүртгэгдсэн, 450 м.кв талбайтай хүлэмжийг 171.000.000 төгрөгөөр үнэлсэн ажиллагааг хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эс зөвшөөрсөн байна.

1. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2020/01... дугаартай шийдвэр болон уг шийдвэрийн дагуу бичигдсэн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 184/ГХ2020/0...дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас”-ыг үндэслэн, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-оор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. /хавтаст хэргийн 30-36 дугаар тал/

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Н.Нын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, ...гудамж, ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201...дугаарт бүртгэгдсэн, 450 м.кв талбайтай хүлэмжийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн . дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор битүүмжилж, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаарай “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор хураан авсан байна. /хавтаст хэргийн 51-54 дүгээр тал/

            Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Мэдэгдэл” баримтаар төлбөрт хураагдсан хөрөнгийн үнийн саналыг ирүүлэхийг Н.Нт мэдэгджээ. Уг мэдэгдлийг хүлээн авсан талаар нэхэмжлэгч Н.Нмаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар маргаагүй үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг.

            Талууд ийнхүү үнийн санал гаргаагүй тул шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилжээ. Шинжээч буюу хөрөнгийн үнэлгээний “БЭСГЭ” ХХК хөрөнгийг 171.000.000 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч Н.Нт 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн байна. Нэхэмжлэгч мөн энэ талаар маргаагүй.

            Нэхэмжлэгч зөвхөн үнэлгээ хийсэн аргачлал, байдлын талаар маргасан. Тухайлбал, зөвхөн 3 газрын зарыг харьцуулах байдлаар дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй, мөн хөрсний үржил шимийн судалгааг хийгээгүй нь үнэлгээнд нөлөөлж болох хүчин зүйл гэж үзсэн.

            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнэ буюу зах зээлийн үнийн, орлогын аргуудыг хослуулан хийх талаар хуульчилжээ.

            Хөрөнгийн үнэлгээг хийж гүйцэтгэсэн “БЭСГЭ” ХХК нь өртгийн болон жишиг үнийн хандлагыг сонгон үнэлгээг хийж, жишиг үнийн буюу зах зээлийн үнэлгээг баримтлан дүгнэлтээ гаргажээ. Зах зээлийн үнэлгээг хийж гүйцэтгэхдээ ижил төрлийн хүлэмжийн барилга барих 3 өөр зард тусгагдсан үнийн саналын дунджаар тооцсоныг буруутгах боломжгүй байна. Энэ аргачлал нь мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон аргачлалд нийцсэн байна.

            Нэхэмжлэгч нь хүлэмжийн газрыг үржил шимтэй учир энэ нөхцөл байдлыг үнэлгээ хийхдээ харгалзан үзэх ёстой хэмээн мэтгэлцсэн. Нэхэмжлэгч тал тухайн хөрс үржил шимтэй, энэ нь үнэлгээнд үлэмж нөлөөлж болохыг нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотлох үүрэгтэй.

Нөгөө талаас, нэхэмжлэгч нь газрыг үнэлсэн ажиллагаанд гомдол гаргаагүй. Гэтэл хөрсний үржил шимт байдал болон түүн дээр баригдсан хөрөнгө нь газрын үнэлгээтэй шууд хамааралтай юм.  

            Дээр дурдсанаар, нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Н.Нын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэлэх хуулиар тогтоосон журам /шинжээч томилох, шинжээчид эрх, үүрэг сануулах, ашиг сонирхлын зөрчил болон мэргэшсэн байдлыг шалгах, үнэлгээг танилцуулах, санал авах гэх мэт/-ыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зөрчөөгүй, үнэлгээг үндэслэлгүй гэж үзэх өөр бусад нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч Н.Ннь үнэлгээний мэдэгдлийг 20-ны өдөр илгээснийг 21-ний өдөр хүлээн авсан, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд хандсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Ннь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хөрөнгө үнэлсэн ажиллагааны талаар гомдол гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар 70.200 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төлөх үүрэгтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан байдлаар талуудад хариуцуулдаг. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг зөрчөөгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... гудамж, ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201...дугаарт бүртгэгдсэн, 450 м.кв талбайтай хүлэмжийг үнэлсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай Н.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Н.Наас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГБААТАР