Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00864

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00864

 

 

Н.Н-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2022/00924 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Н-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

Үнэлгээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1578 дугаар шийдвэрээр Н ХХК, Н.Н-, Ц.Д- нараас 14,770,200 төгрөг гаргуулж, Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Н.Н-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201057963 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, 361 гарам Рашаант хотхон 3 дугаар гудамж 110, 00 тоот 450 м.кв талбайтай хүлэмжийг 171,000,000 төгрөгөөр, тус хаягт байрлах 700 м.кв талбайтай эзэмшлийн зориулалт бүхий газрыг 6,633,200 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээнээс үзэхэд тус хөрөнгийн байршлын давуу тал, онцлогийг харгалзаагүй, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлгээ өгсөн. Уг хүлэмжийн байршлын хувьд үржил шимтэй газартай, гүний худаг, хүлэмж тус бүр нам даралтын зуух, усалгааны системтэй, цахилгаан үүсгүүртэй ба үр ашиг ихтэй. Мөн тус хүлэмжийн 1 м.кв үнэлгээг 380,000 төгрөгөөр үнэлсэн ба тус үнэлгээг хийхдээ зарын 3 веб сайтыг эх сурвалж болгосон байна. Энэ нь зах зээлийн үнэлгээг тогтоох эх сурвалж болж чадахгүй гэж үзэж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн үнэлгээг үндэслэлгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, зах зээлийн үнэлгээг хийхдээ зарын веб сайтын мэдээлэлд тулгуурласныг бодит үнэлгээ гэж үзэх боломжгүй. Газрын үнэлгээн дээр маргах зүйлгүй. Харин хүлэмжийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн хүлэмжийн хөрс нь ашиг шимтэй, хөрсний тэжээллэг чанарыг хүртэл судлах ёстой. Хүлэмжийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн тул үнэлгээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1578 дугаар шийдвэрээр Н.Н-, Ц.Д-, Н ХХК нараас 14,770,000 төгрөг гаргуулж, Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлээд 2 жил болж байна. Төлбөр төлөгч Н.Н-, Ц.Д- нарт төлбөр төлөх тухай мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй. Ц.Д- болон Н ХХК нарын өмчлөл, эзэмшилд хөрөнгө тогтоогдоогүй дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байсан тул төлбөр төлөгч Н.Н-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, 361-н гарам, рашаант хотхон 3 гудамж, 110 болон 00 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201057953 дугаарт бүртгэлтэй хүлэмжийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 20270587/11 тогтоолоор битүүмжилж, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20270587/13 дугаар тогтоолоор хураасан. Талуудад үнийн санал ирүүлэх 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4-134/22737 тоот мэдэгдлийг баталгаат шууданд хийж утсаар ярьж мэдэгдсэн. Талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй, өөрөөр хэлбэл тогтоосон хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/370 тогтоолоор Б ХХК-ийг томилж үнэлгээг тогтооход хүлэмжийг 171,000,000 төгрөг, газрын 6,633,200 төгрөг нийт 177,633,200 төгрөгөөр үнэлсэн. Хүлэмжийн үнэлгээг тогтоохдоо усалгааны системтэй гэдгийг харгалзан үзсэн гэж шинжээч хэлдэг. Зах зээлийн үнэлгээг интернетээр хайлт хийн ижил төстэй газрыг харьцуулж гаргасан. Түүнээс биш зарын сайтаас шууд аваагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний талаар талуудад 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4/134/24674 тоот мэдэгдлээр мэдэгдсэн боловч бичгээр хариу ирүүлээгүй. Албадан дуудлага худалдааг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулах тухай 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/38 тоот албадан дуудлага худалдааны тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн мэдэгдлийг төлбөр авагч нарт баталгаат шуудангаар хүргүүлж, давхар фэйсбүүк чатаар хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй. Одоо бол ажиллагааг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгчийн зүгээс 12,770,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Тус хүлэмж, газрын оронд өөр хөрөнгөөр төлбөр барагдуулах санал тавьсан хэдий ч тухайн хөрөнгө нь өвийн маргаантай байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй тул НШШГГ-т холбогдох, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-н гарам, Рашаант хотхон-3 гудамж, 110, 00 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201057963 дугаарт бүртгэгдсэн, 450 м.кв талбайтай хүлэмжийг үнэлсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай Н.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Н.Н-аас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүх 2022 оны 01 дугаар сарын 04-ний өдөр 184/Ш32022/00594 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Иргэний хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног.... дотор шийдвэрлэнэ, 71 дүгээр зүйлийн 71.2-т зааснаар Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж заасан. 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 184/Ш32022/02157 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэргийг шүүх хуралдаанаар 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцүүлэхээр болсон. Тус өдөр хариуцагч талаас шинээр нотлох баримт гаргаж өгсөн тул нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг хойшлуулан 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр болгосон. Шүүх хуралдаанаар хариуцагчийн шүүхэд гаргасан нотлох баримтаас хэрэгт авагдсан зарим баримтын хуудас дутуу, хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хариуцагчаас гаргуулахаар хойшилсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 30 хоногийн хугацаатай сунгагдсан байх ба 04 дүгээр сарын 05-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуусахаар байсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хугацааны аль ч үед зохигч талууд хүсэлт гаргах, өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангагдсан байх ёстой атал шүүгч 03 дугаар сарын 22-ны өдөр буюу хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуусахад 14 хоногийн хугацаа байхад өмгөөлөгч авах эрхээр хангаагүй. Үнсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэхийг шүүх зөрчсөн. Мөн Өмгөөллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт Хүн, хуулийн этгээдийн хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийг хангахын тулд эрх бүхий албан тушаалтан, мөрдөгч, прокурор, шүүгч нь өмгөөлөгч болон өмгөөллийн хуулийн этгээдийн нэр, хаягийн мэдээлэл авах боломжоор хангах үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан зохих ажиллагаануудыг бүрэн явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс хэргийн оролцогчид буюу нэхэмжлэгч тал нь хууль зүйн туслалцаа авч чадаагүй талуудын мэтгэлцэх эрх хангагдаагүй алдаа зөрчлүүд гарсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд хэргийн оролцогч талууд эрхээ хэрэгжүүлэх хүсэлт гаргах эрхээр хангагдсан байхаар заасан, өмгөөлөгч авах эрхийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусахаас 14 хоногийн өмнө гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн нь хууль бус юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

3. Нэхэмжлэгч Н.Н- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх1, 27-28/

 

4. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2020/01578 дугаар шийдвэрээр хариуцагч Н ХХК, Ц.Д-, Н.Н- нараас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14,770,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож, үлдэх 1,120,200 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх 31-35/

 

4.а. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан бөгөөд уг ажиллагааны явцад төлбөр төлөгч Н.Н-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-н гарам, Рашаант хотхон-3 гудамж, 110,00 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201057963 дугаарт бүртгэгдсэн, 450 м.кв талбайтай хүлэмжийг үнэлүүлсэн ажиллагааг эс зөвшөөрч нэхэмжлэгч Н.Н- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргажээ. /хх1/

 

5. Шийдвэр гүйцэтгэх байгууллага 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн /хх36/, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн /хх51-53/, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эд хөрөнгийг хураасан ажиллагаа /хх54-56/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 

5.а. Улмаар битүүмжлэн, хураагдсан эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналыг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор ирүүлэх тухай мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төлбөр төлөгч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч үнийн саналаа ирүүлээгүй байна. /хх86-87/

 

Иймд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Б ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцнэ. /хх60/

 

6. Шинжээч Б ХХК нь тогтоолд заагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа зах зээлийн болон орлогын, өртгийн хандлагын аргыг ашиглаж, зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар хөрөнгийн эцсийн үнэлгээг хийсэн, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дурдсан үл хөдлөх эд хөрөнгө нь 177,633,200 төгрөгийн зах зээлийн үнэ цэнэтэй гэсэн үнэлгээний дүгнэлт үйлдэн, үнэлгээний тайлангаа мөн өдөр хариуцагч байгууллагад хүлээлгэн өгчээ. /хх 62-81/

 

Түүнчлэн, хариуцагч байгууллага нь шинжээчийн үнэлгээний талаарх 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4-134/24674, 4-134/24675 тоот мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт төлбөр төлөгч нарын цахим шуудангаар илгээжээ. /хх82-83/

 

7. Мөн анхны албадан дуудлага худалдаа явуулах хугацаа, байршил зэрэг мэдээллийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4-134/398, 4-134/400 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Н ХХК, Ц.Д-, Н.Н- нарт Монгол шуудан ХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлсэн нь хэргийн 84-85 дахь талд авагдсан баримтаар авагдсан байна.

 

Анхан шатны шүүх үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Н.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журмын дагуу үнэлжээ.

 

8. Мөн анхан шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан шүүх хуралдаанд өмгөөлөгч авч оролцох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй. Учир нь, анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 184/ШЗ2022/00594 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарласан байна. Шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх хугацаа буюу 1 сар гаруй хугацаанд нэхэмжлэгч талын хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2022/00924 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД