Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2492

 

П.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/02051 дугаар шийдвэртэй, П.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “С Д” ХХК-д холбогдох 19 280 503 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.Б-гийн гэр бүлийн хүн Нэргүйн Уранчимэг нь Голомт банк ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбараас 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ЗГ432000617 тоот Орон сууцны зээлийн гэрээгээр 35 000 000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлсэн. Голомт банк ХХК нь “С Д” ХХК-тай 28С1160004 тоот Орон сууцны эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ байгуулж зээлдэгч Н.Уранчимэгийг амь насны даатгалд хамруулсан байдаг. Н.Уранчимэг нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүнд өвчний улмаас нас барсан.

“С Д” ХХК нь 28С1160004 тоот гэрээний 8-р зүйлийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн үлдэгдэл 32 295 650 төгрөгийг 100 хувь олгох байтал даатгуулагч Н.Уранчимэгийн зээл авах үеийн өрхийн орлогод эзлэх хувь 40.3 хувь буюу 13 015 147 төгрөгөөр тооцоолж нөхөн олговор олгосон. Үүнийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаснаар тус хорооноос даатгуулагч Н.Уранчимэгийн нөхөн олговрыг 100 хувь олгох үндэслэлтэй гэсэн шийдвэр гаргасан ч “С Д” ХХК биелүүлээгүй тул үлдэгдэл 19 280 503 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Уранчимэг болон хамтран зээлдэгч П.Б- нар 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ЗГ4320006174 тоот зээлийн гэрээг Голомт банк ХХК-тай байгуулсан. Н.Уранчимэг нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нас барсан учир даатгалын тохиолдол үүсч, үүний дагуу даатгалын нөхөн төлбөр нэхэмжилсэн. Голомт банк ХХК-иас ирүүлсэн зээлийн материалд авагдсан "Орон сууцны зээлийн анкет"-ийн 4 дэх хэсэгт бичигдсэн сарын орлого ба орон сууцны зардлын талаарх мэдээлэл хэсэгт хамтран зээлдэгчийн бусад орлогыг 2 000 000 төгрөг, үндсэн зээлдэгчийн орлого 1 350 000 төгрөг гэж тодорхойлсон байсныг үндэслэн Н.Уранчимэгийн зээл авах үеийн өрхийн орлогод эзлэх хувийг 40.3 хувь гэж тооцон 13 015 147 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон.

Н.Уранчимэгийн хамтран зээлдэгч П.Б-гийн төлөөлөгч Ж.Бадамхандын зүгээс нөхөн төлбөрийг зээлийн үлдэгдэл төлбөрийн 100 хувиар олгох ёстой гэж маргаж байгаа нь даатгуулагчид олгосон даатгалын гэрээт баталгаа буюу даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т Даатгуулагч амь насаа алдсан тохиолдолд хамтран зээлдэгч нь эрх зүйн чадамжтай бөгөөд төлбөрийн чадвартай бол зээлийн байгууллагаас тогтоосон даатгуулагчийн зээл авах үеийн орлого, өрхийн орлогод эзэлж байсан хувиар нөхөн төлбөрийг олгоно. Харин хамтран зээлдэгч нь төлбөрийн чадваргүй бол зээлийн үлдэгдлийг 100 хувиар төлнө гэсэн заалттай нийцэхгүй байна.

Учир нь Монгол банкны Ерөнхийлөгчийн баталсан 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.1.21-т Хамтран зээлдэгч гэж үндсэн зээлдэгчийн хамтаар зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээсэн этгээдийг хэлнэ гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж тус тус заасан. Түүнчлэн даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.8-д Хамтран зээлдэгч төлбөрийн чадвартай байх хамтран зээлдэгчийн орлогын 40 хувиар зээлийн сарын төлбөрийг төлөх боломжтой байх гэж заасан байна.

Гэтэл Голомт банк ХХК-ийн зүгээс хамтран зээлдэгч П.Б-гийн зээл авах үед эзлэх хувь 0 хувь гэж тогтоосон байгаа нь холбогдох журам болон гэрээний заалттай нийцэхгүй байна.Иймд П.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С Д” ХХК-иас нийт 19 280 503 /арван есөн сая хоёр зуун наян мянга таван зуун гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254 353 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 254 353 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Н.Уранчимэг болон хамтран зээлдэгч П.Б- нар 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ЗГ4320006174 тоот зээлийн гэрээг “Голомт банк” ХХК-тай байгуулсан ба Н.Уранчимэг нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нас барж даатгалын тохиолдол үүссэний дагуу даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжилсэн. “Голомт банк” ХХК-иас ирүүлсэн “Орон сууцны зээлийн анкет”-н 4 дүгээр хэсэгт бичигдсэн сарын орлого ба орон сууцны зардлын талаар мэдээлэл хэсэгт хамтран зээлдэгчийн бусад орлогыг 2 000 000 төгрөг, үндсэн зээлдэгчийн орлого 1 350 000 төгрөг гэж тодорхойлсныг үндэслэн Н.Уранчимэгийн зээл авах үеийн өрхийн орлогод эзлэх хувийг 40.3 хувь гэж тооцон 13 015 147 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон.

Нэхэмжлэгч нөхөн төлбөрийг, зээлийн үлдэгдлийн 100 хувиар олгох ёстой гэснийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь даатгуулагчид олгосон даатгалын гэрээт баталгаа буюу даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.“Даатгуулагч амь насаа алдсан тохиолдолд хамтран зээлдэгч нь эрх зүйн чадамжтай бөгөөд төлбөрийн чадвартай бол зээлийн байгууллагаас тогтоосон даатгуулагчийн зээл авах үеийн орлого, өрхийн орлогод эзэлж байсан хувиар нөхөн төлбөрийг олгоно. Харин хамтран зээлдэгч төлбөрийн чадваргүй бол зээлийн үлдэгдлийг 100 хувиар төлнө” гэсэнтэй нийцээгүй.

Монгол банкны 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 4.1.2-т хамтран зээлдэгч гэж үндсэн зээлдэгчийн хамтаар зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээсэн этгээдийг хэлнэ гэж, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж. даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.8-д хамтран зээлдэгч төлбөрийн чадвартай байх, хамтран зээлдэгчийн орлогын 40 хувиар зээлийн сарын төлбөрийг төлөх боломжтой байх гэж тус тус заасан байна.

Гэтэл “Голомт банк” ХХК-ийн зүгээс хамтран зээлдэгч П.Б-гийн зээл авах үед эзлэх хувь 0 гэж тогтоосон нь холбогдох журам болон гэрээний заалттай нийцэхгүй байгааг шүүхээс анхаарч үзээгүй. Түүнчлэн шийдвэрт “Даатгалын гэрээний 5-ын 5.8, 5.8.1, 8-ын 8.1, 8.2-т зааснаар даатгуулагч нас барсан тохиолдолд даатгагч нь зээлийн үлдэгдэл дүнг хууль ёсны өв залгамжлагчид 100 хувь төлөх үүрэг хүлээсэн нь зохигчийн тайлбар, Даатгалын гэрээгээр нотлогдож байна” гэж дурдсан атлаа нэхэмжлэгч нь даатгуулагч Н.Уранчимэгийн хууль ёсны өв залгамжлагч мөн эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй юм.

Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчаас нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах этгээд мөн эсэх, өөрөөр хэлбэл, даатгуулагч Н.Уранчимэгийн хууль ёсны өв залгамжлагч гэдгээ нотолсон баримт шүүхэд гаргаж өгөөгүй талаар маргасан боловч шүүх үүнийг анхаарч үзэхгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч П.Б- нь хариуцагч “С Д” ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт 19 280 503 төгрөгийг шаардаж, нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хх1,36/

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус байхад уг шаардлагыг хангаж, хэргийг шийдвэрлэснийг буруу гэж үзлээ. Нэхэмжлэлийг хэн, ямар агуулгаар гаргаснаас шалтгаалж нэхэмжлэх эрхтэй этгээд мөн эсэх, түүний ямар эрх ашиг зөрчигдсөн нь тодорхой болох юм. Нэхэмжлэгч П.Б-гийн хувьд өөрийн гэр бүл /хамтран амьдрагч/ гэх нас барагч Н.Уранчимэгийн “Голомт банк” ХХК-иас авсан зээлийн төлбөртэй холбогдуулан “С Д” ХХК-иас нөхөн төлбөр шаардаж, үүнийгээ тухайн даатгагчтай байгуулсан даатгалын гэрээнд үндэслэжээ.

 

Дээрх тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг нас барагчийн өв залгамжлагчид шилжүүлэх эсхүл нас барагчийн зээлийн үүргийн үлдэгдэлд банкинд шилжүүлэх эсэхтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нь тодорхой болох юм. Хэрэв зээлийн үлдэгдэл төлбөрт тооцон өрийг барагдуулахыг хариуцагч байгууллагад даалгуулах тухай шаардлага гэж үзвэл зээлийн гэрээний дагуу хэдий хэмжээний төлбөр үлдсэн талаар нотлох баримт хэрэгт байхгүй байхад энэ талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх боломжгүй. Хэрэгт зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооноос “С Д” ХХК-д хаягласан “Нөхөн төлбөр олгуулах тухай” албан бичиг авагдсаныг үндэслэн шүүх 19 280 503 төгрөгийг нэхэмжлэгч П.Б-д олгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

 

Түүнчлэн, талуудын хооронд байгуулсан гэх даатгалын гэрээ хэрэгт авагдаагүй ба даатгагч байгууллагын стандарт буюу загвар гэрээ авагдаж, шүүх уг гэрээний тодорхой заалтыг үндэслэлээ болгосон дүгнэлт хийсэн байна. Талуудын хувьд тухайн гэрээний заалтын талаар маргаагүй тохиолдолд ийнхүү стандарт нөхцөл бүхий гэрээний загварыг даатгалын нөхцлийг тодорхойлоход ашигласныг буруутгахгүй. Уг гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн, улмаар зээлийн эрсдэл бий болсон бол нас барагч Н.Уранчимэгийн авсан зээлийн үлдэгдэл төлбөртэй холбоотой маргаан гэж үзнэ.

 

Дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, талууд харилцан мэтгэлцээгүй байгаа тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/02051 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгальмаа давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 353 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                          ШҮҮГЧИД                                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                    Т.ТУЯА