Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 02051

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: П.Б/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “С” ХХК/РД: /-д холбогдох

 

19 280 503 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч П.Бгийн гэр бүлийн хүн Нэргүйн Уранчимэг нь Голомт банкны Сэлэнгэ аймаг дахь салбараас 2013 оны 12-р сарын 17-ны өдөр ЗГ432000617 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-ээр 35 000 000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатайгаар зээлсэн бөгөөд Голомт банкны зүгээс “С” ХХК-тай 28С1160004 тоот “Орон сууцны эрсдэлийн даатгалын талаарх хамтран ажиллах гэрээ”-г байгуулан зээлдэгч Н.Уранчимэгийг амь насны даатгалд хамруулсан байна. Н.Уранчимэг нь 2017 оны 01-р сарын 21-ний өдөр хүнд өвчины улмаас нас барсан билээ.

“С” ХХК нь 28С1160004 тоот гэрээний 8-р зүйлийн 8.3  дахь хэсэгт заасны дагуу зээлийн үлдэгдэл болох 32.295.650 төгрөгийг 100% олгох байтал даатгуулагч Н.Уранчимэгийн зээл авах үеийн өрхийн орлогод эзлэх хувь нь 40.3 хувь буюу 13 015 147 төгрөгөөр тооцоолж нөхөн олговор олгосон байна.

Үүнийг эс зөвшөөрч Санхүүгийн хороонд гомдол гаргасанаар Санхүүгийн Зохицуулах хорооноос даатгуулагч Н.Уранчимэгийн нөхөн олговорыг 100 хувь олгох үндэслэлтэй байна гэсэн шийдвэр гаргасаныг “С” ХХК нь өдийг хүртэл биелүүлэхгүй байх тул 19.280.503 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.” гэв.

 

Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Бгийн “С” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Н.Уранчимэг болон хамтран зээлдэгч П.Б нар нь 2013.12.17-ны өдөр ЗГ4320006174 тоот зээлийн гэрээг Голомт банктай байгуулсан ба Н.Уранчимэг нь 2017.01.21-ний өдөр нас барж даатгалын тохиолдол үүссэний дагуу даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжилсэн. Голомт банкнаас ирүүлсэн зээлийн материалд авагдсан "Орон сууцны зээлийн анкет"-ний 4 дүгээр хэсэгт бичигдсэн сарын орлого ба орон сууцны зардлын талаар мэдээлэл хэсэгт хамтран зээлдэгчийн бусад орлогыг 2,000,000 төгрөг, үндсэн зээлдэгчийн орлого 1,350,000 төгрөг гэж тодорхойлсоныг үндэслэн Н.Уранчимэгийн зээл авах үеийн өрхийн орлогод эзлэх хувийг 40,3 хувь гэж тооцон 13,015,147 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон.

Н.Уранчимэгийн хамтран зээлдэгч П.Бгын Ж.Бадамхандын зүгээс нөхөн төлбөрийг зээлийн үлдэгдэл төлбөрийн 100 хувиар олгох ёстой гэж маргаж байгаа нь даатгуулагчид олгосон даатгалын гэрээт баталгаа буюу даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т “Даатгуулагч амь насаа алдсан тохиолдолд хамтран зээлдэгч нь эрх зүйн чадамжгай бөгөөд төлбөрийн чадвартай бол зээлийн байгууллагаас тогтоосон даатгуулагчийн зээл авах үеийн орлого, өрхийн орлогод эзэлж байсан хувиар нөхөн төлбөрийг олгоно. Харин хамтран зээлдэгч нь төлбөрийн чадваргүй бол зээлийн үлдэгдлийг 100 хувиар төлнө” гэсэн заалттай нийцэхгүй байна.

Учир нь Монгол банкны Ерөнхийлөгчийн баталсан 2008.10.17-ны өдрийн 446 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.1.21-т “Хамтран зээлдэгч гэж үндсэн зээлдэгчийн хамтаар зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээсэн этгээдийг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг бөгөөд Монгол улсын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж тус тус заасан байна. Түүнчлэн даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.8-д “Хамтран зээлдэгч төлбөрийн чадвартай байх хамтран зээлдэгчийн орлогын 40 хувиар зээлийн сарын төлбөрийг төлөх боломжтой байх” гэж заасан байна.

Гэтэл Голомт банкны зүгээс хамтран зээлдэгч П.Бгийн зээл авах үед эзлэх хувь “0” хувь гэж тогтоосон байгаа нь холбогдох журам болон гэрээний заалттай нийцэхгүй байна.

Иймд П.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                       

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.Б хариуцагч “С” ХХК-д холбогдуулан нөхөн төлбөр 19 280 503/арван есөн сая хоёр зуун наян мянга таван зуун гурав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч “С” ХХК нь Н.Уранчимэг агсны зээл авах үеийн өрхийн орлогод эзлэх хувийг 40.3 хувь гэж тооцон нөхөн төлбөрийг олгосон гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Н.Уранчимэг агсан нь хариуцагчтай 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Орон сууц, амь насны даатгалын гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/-г байгуулж, даатгалын хураамжийг төлсөн болох нь Даатгалын баталгааны хуулбараар/хх-14/ нотлогдож байх ба хариуцагч нь энэ үйл баримтын талаар маргахгүй байна.

 

Тус Гэрээгээр Н.Уранчимэг агсан нь “Голомт банк” ХХК-иас олгосон зээлийн үндсэн дээр худалдан авсан орон сууц, мөн амь насаа даатгуулсан болох нь зохигчийн тайлбар, Даатгалын баталгааны хуулбараар нотлогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход ... даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 432 дугаар зүйлийн 432.1-т “Даатгал нь сайн дурын ... гэсэн төрөлтэй байна.”, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байна.” гэж заасан.

 

Гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 432 дугаар зүйлийн 432.1, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Зохигчид Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий Гэрээ байгуулсан талаар маргахгүй байх ба Гэрээний хувийг зохигчид хадгалаагүй гэх тайлбар гаргаж байх ба хариуцагчийн нотлох баримтаар гаргасан стандарт нөхцөл бүхий даатгалын гэрээг Н.Уранчимэг агсан, хариуцагч нар нь байгуулсан талаар маргахгүй байна.

 

Даатгалын гэрээний 5-ын 5.8, 5.8.1, 8-ын 8.1, 8.2-т зааснаар даатгуулагч нас барсан тохиолдолд даатгагч нь зээлийн үлдэгдэл дүнг хууль ёсны өв залгамжлагчид 100/нэг зуу/ хувь төлөх үүрэг хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, Даатгалын гэрээгээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл болох 32 295 650/гучин хоёр сая хоёр зуун ерэн таван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг 100/нэг зуу/ хувь олгох байтал 40.3/дөч аравны гурав/ хувь буюу 13 015 147/арван гурван сая арван таван мянга нэг зуун дөчин долоо/ төгрөгөөр тооцож нөхөн төлбөр олгосон гэж маргаж байна.

 

Хариуцагч нь “Голомт банк” ХХК-иас олгосон зээлийн үлдэгдлийн 40.3/дөч аравны гурав/ хувьтай тэнцэх 13 015 147/арван гурван сая арван таван мянга нэг зуун дөчин долоо/ төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт нэхэмжлэгчид олгосон болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өрхийн орлогод эзлэх хувийг 59.7/тавин ес аравны долоо/ хувь гэж тооцсон байх боловч нэхэмжлэгч нь байнгын ажил эрхэлдэггүй, тогтмол орлоггүй болох нь “Голомт банк” ХХК-ийн гаргасан өрхийн орлогын мэдээллийн хуулбараар/хх-9/ нотлогдож байна.

 

Нэхэмжлэгчийн өрхийн орлогод эзлэх хувь 0/тэг/ хувь болох нь “Голомт банк” ХХК-ийн гаргасан өрхийн орлогын мэдээллийн хуулбараар/хх-9/ нотлогдож байна.

 

          Даатгалын Гэрээний 8-ын 8.3-т даатгуулагч амь насаа алдсан тохиолдолд даатгуулагчийн зээл авах үеийн сарын орлого, өрхийн орлогод эзэлж байсан хувиар нөхөн төлбөрийг олгохоор заасан болох нь Даатгалын гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

          “Голомт банк” ХХК-иас зээл авах үед Н.Уранчимэг агсны өрхийн орлогод эзлэх хувь 100/нэг зуу/ хувь байсан болох нь “Голомт банк” ХХК-ийн гаргасан өрхийн орлогын мэдээллийн хуулбараар/хх-9/ нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 19 280 503/32295650-1301147=19280503/ /арван есөн сая хоёр зуун наян мянга таван зуун гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Н.Уранчимэг агсны “Голомт банк” ХХК-иас авсан зээлийн үлдэгдэл төлбөр 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 55 772 000/тавин таван сая долоон зуун далан хоёр мянга/ төгрөг байхаар байх тул нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл төлбөр 32 295 650/гучин хоёр сая хоёр зуун ерэн таван мянга зургаан зуун тавь/ төгрөг гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

 

          Шүүх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас нийт 19 280 503/арван есөн сая хоёр зуун наян мянга таван зуун гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Бд олгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас нийт 19 280 503/арван есөн сая хоёр зуун наян мянга таван зуун гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Бд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254 353 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 254 353 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Бд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ