Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 1299

 

 

 

 

 

 

 

     2020          10             6                                        2020/ДШМ/1299                                                    

 

 

                                      Ш.Ж д холбогдох эрүүгийн

                                                      хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Оюунтунгалаг,

шүүгдэгч Ш.Ж-н өмгөөлөгч С.Чинзориг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЗ/1614 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Оюунтунгалагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ш.Ж-д холбогдох эрүүгийн 2009 00172 0235 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогт Ш.Ж, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

Ш.Ж  нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын   13-ны хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “У” ХХК-н охин компани болох “С” ХХК-д борлуулалтын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа компанийн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны төлбөрөөс 274.881.000 төгрөг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ш.Ж-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаас харахад “С” ХХК-ийн зүгээс шүүгдэгч Ш.Ж-д өөрсдийн эзэмшлийн аль нэг орон сууцыг захиран зарцуулах итгэмжлэл олгосон асуудал байхгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ш.Ж нь “С” ХХК-д борлуулалт хариуцсан менежерээр ажилладаг болохын хувьд бусдад буюу иргэдэд худалдан борлуулах гэж буй байрыг танилцуулах, холбогдох мэдээлэл өгөх, шаардлага хангасан тохиолдолд удирдлага буюу компанийн эрх бүхий албан тушаалтанд тайлагнах үүрэгтэй болох нь тогтоогдож байх бөгөөд харин өөрийн эрхийн хүрээнд бусдад худалдан борлуулах, шилжүүлэх боломжгүй. Гэтэл прокуророос шүүгдэгч Ш.Ж-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд зааснаар буюу “...Бусдын итгэмжлэн хариуцуулсан...” эд хөрөнгийг завшсан гэж зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй болжээ. Харин шүүгдэгч Ш.Ж  нь “С” ХХК-д борлуулалтын ажилтнаар ажиллаж байхдаа “...Бусдын итгэлийг олох замаар хуурамч баримт, бичиг, тамга тэмдэг ашиглан бусдыг төөрөгдөлд оруулах замаар залилсан...” гэх үйл баримт тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.Ж гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “...бодит байдлыг нуух, хуурамч баримт бичиг ашиглан, бусдыг төөрөгдөлд оруулж, итгэл эвдэх замаар...” гэх мэт залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн шинжүүдийг бүрэн хангасан гэж үзнэ. Мөн Ш.Ж гийн үйлдэл нь 2018 оны 4 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сарын хооронд үргэлжилж, энэ хугацаанд нийт 7 хүнээс 218.881.000 төгрөгийг өөрийн нэрийн дансаар болон бэлнээр авч зөвхөн өөрийн хэрэгцээнд зарцуулсан болох нь тогтоогдож байна. Иймд, дээрх бүхий 7 хүнийг хохирогчоор тогтоон шалгаж, шүүгдэгч Ш.Ж гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон...” гэх шинж байгаа эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай. Түүнчлэн гэмт хэрэг хэзээ, хаана, хэрхэн үйлдэгдсэн эсэх нь тодорхой байх ёстой боловч энэ хэргийн хувьд дээрх нөхцөл байдал тодорхой бус байна. Иймд шүүгдэгч Ш.Ж д холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ш.Ж д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Э.Оюунтунгалаг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ш.Ж  нь 2018 оны 3 дугаар сараас эхлэн Уийн салбар компани болох “С” ХХК-д борлуулалтын менежерээр ажилд орж, тус барилгын компанийн барьсан үл хөдлөх хөрөнгө болох орон сууцыг худалдан борлуулах ажилд томилсон байдаг юм. Компанийн захирлууд нь итгэмжлэн хариуцуулсан ажлыг сайн хийсэн гэж түүний ажлыг үнэлж дүгнээд 2019 онд “ахлах мэргэжилтэн” болгож албан тушаал дэвшүүлж ажиллуулсан нь ажилд авсан болон дэвшүүлэн томилсон удирдлагын тушаал, хөдөлмөрийн гэрээ, компанийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон П.Э-н мэдүүлэг, Ш.Ж гийн өөрийнх нь мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон байдаг юм. Эндээс үзэхэд Ш.Ж  нь энгийн иргэн биш компанийн өмч хөрөнгийг зарж борлуулах эрх авч, үүрэг хүлээсэн итгэмжлэгдсэн ажилтан болох нь тодорхой байна. Иймээс Ш.Ж  нь “залилах” гэмт хэргийн субъект биш бөгөөд түүнийг борлуулалтын менежерийн албан тушаалд томилон компанийн мэдлийн байрыг зарж борлуулах үүрэг хүлээлгэсэн эрх бүхий албан тушаалтны тушаал шийдвэр байсаар байхад “эд хөрөнгийг зарж борлуулах эрх олгосон итгэмжлэл байх ёстой” гэж шүүх дүгнэж байгаа нь ч хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Хэрэв Ш.Ж  нь энэ компанийн орон сууцыг худалдан борлуулах эрх авсан итгэмжилсэн төлөөлөгч /ажилтан/ биш байсан бол жирийн иргэн Ш.Ж гаас компанийн өмчийг хэн ч худалдан авах боломжгүй. Компанийн хөрөнгө учраас л компани-иргэн хоёрын хооронд харьцаа үүссэн байна. Энэ нь байр, граж зэрэг үл хөдлөх хөрөнгө худалдан авсан иргэн Д.Б, Ж.Г, З.Р, Г.А, Э.Г, Т.Б, Т.Б зэрэг гэрчүүдийн мэдүүлэг, тэдэнтэй байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнүүд, улсын бүртгэлийн газраас олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогддог. Ш.Ж гийн зөвхөн нэг удаагийн үйлдлийг нь жишээ болгон дурдахад: Иргэн Л.Б гэгч Ю Би Веста хотхоны 57а байрны 42 тоот 58.34 м2 талбай бүхий 2 өрөө байрыг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 110.262.600 төгрөгөөр худалдан авах гэрээг компанийн менежер Ш.Ж тай хийж 50 хувийг нь компанийн дансанд тухайн үедээ шууд төлөөд үлдэгдлийг нь 2019 оны 5 дугаар сард төлж дуусгах нөхцөлтэйгээр гэрээнд тусгаж 2 сар тутамд компанийн данс руу мөнгийг нь төлж байгаад төлөлтийн төгсгөл рүү 14.881.000 төгрөгийг менежер Ш.Ж гийн өгсөн 50372511.. дугаартай Хаан банкны данс руу хийсэн нь нотлох баримтаар тогтоогдсон. Эндээс харахад л Ж Л.Б-тай бүтэн жил гаруй хугацаанд компани төлөөлөн харьцаж байгаад компанийнхаа дансанд орвол зохих мөнгийг явцын дунд, замаас нь хувийн дансаараа авч завшсан тодорхой байна.

2. Компаниас байр, граж худалдаж авсан ихэнх иргэд борлуулалтын менежерээр дамжуулан гэрээ хийсэн, гэрээний дагуу компанийн дансанд болох компанийн борлуулалтын менежерийн дансанд төлбөрөө хийсэн, түүгээр ч барахгүй байрныхаа улсын бүртгэлийн гэрчилгээг өөрсдийнхөө нэр дээр гаргуулаад авчихсан, зарим нь байраа барьцаалаад банкнаас ипотекийн зээл аваад байрныхаа үнийг төлчихсөн байна. Өөрөөр хэлбэл байр худалдан аваад эзэмшиж, ашиглаад, өмчлөөд байгаа иргэд мөнгөө төлөхдөө бүгд л “С” ХХК-н менежертэй хийсэн гэрээ, хэлцлийн дагуу мөнгөө өгч тухайн үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгч нь болсон байдаг. Ер нь субъектын онцлогоороо “завших” гэмт хэрэг болох нь тодорхой бөгөөд “залилах” гэмт хэргээс илтэд ялгаатай байхад шүүх “бусдын итгэлийг олох замаар хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг ашиглан бусдыг төөрөгдөлд оруулах замаар залилсан” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл Ш.Ж  байр худалдан авагч нарыг залилах гэж хуурамч бичиг баримт үйлдээгүй-хийсэн гэрээнүүд компанийн нэрийн өмнөөс хийгдсэн гэрээнүүд мөн, хуурамч тамга тэмдэг ашиглаагүй – гэрээнд дарагдсан тамга тэмдэг нь “С” ХХК-н тамга мөн, өөрөө борлуулалтын менежер биш атлаа өөрийгөө менежер мөн гэж итгүүлэх үйлдэл хийгээгүй-түүнийг компанийн борлуулалтын ажилтнаар томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ хэрэгт байгаа, ямар нэг зохиомол байдлыг зориудаар бий болгож, үнэн бодит мэт харагдуулах үйлдэл огт хийгээгүй тул хэргийг зүйлчлэл шүүгчийн хүссэнээр өөрчлөгдөх үндэслэлгүй юм. Харин мөнгөө төлөөд байр гражныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг авч чадаагүй зарим иргэдийн эрх ашиг хөндөгдөн хохирч болзошгүй тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасныг үндэслэн компанийг иргэний хариуцагчаар татаж, мөнгө төлөөд үл хөдлөх хөрөнгөө эзэмшиж, ашиглаж байгаа ч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч чадаагүй байгаа иргэдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн. Иймээс мөнгө төлж байр граж авсан хүмүүсийг хохирогчоор тогтоох шаардлагагүй юм.

3. Ш.Ж  7 хүнээс мөнгө авахдаа компанийн өмч болох орон сууц зарсан мөнгийг үргэлжилсэн үйлдлээр, нэг аргаар нэг дансаар хувьдаа авч завшсан. Иймээс хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж өөрчлүүлэн, түүнтэй холбогдуулан хохирогчийг өөрчлөн процесс ажилагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЗ/1614 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Ш.Ж гийн өмгөөлөгч С.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.Ж  ирэх байсан боловч улаан хоолой болон шулуун гэдэсний хагалгаанд орсон тул ирэх боломжгүй болсон. Өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийн тодорхой хэсгийг дэмжиж байна. Жишээлбэл, компанийн зүгээс Ш.Ж д тухайн байрнуудыг зар гэдэг үүргийг өгсөн. Уийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Саруул сайхан” ХХК нь манай охин компани гэдэг. Үүнийг улсын бүртгэлийн лавлагаагаар тодорхой болгох ёстой. Үүний үндсэн дээр Ш.Ж  нь “С” ХХК-ийн барьсан барилгыг зарах эрхтэй болох нь тогтоогдоно. Иймээс зөвхөн Уийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, мэдүүлэгт үндэслэлгүй, улсын бүртгэлийн газраас бичгийн нотлох баримтыг авч, түүнд үндэслэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс “Н” ХХК нь ямар учиртай компани вэ гэхэд “би тэр компанийг худалдаж аваад улсын бүртгэлд бүртгүүлж амжаагүй байсан юм. Мөн захиралтайгаа яриад компанийнхаа борлуулалтыг өөр компаниар хийлгэе гэж тохирч байсан” гэдгээ хэлсэн. Тэгэхээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан зүйл байхгүй, компанийн захирлын зөвшөөрлөөр зоорийн давхарыг худалдсан. Иймд шүүгчийн захирамжид дурдсан байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох шинж байгаа эсэхийг тогтоох заалт үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, тодорхой хэмжээний өрөө дарахын тулд 1-2 удаагийн үйлдлээр борлуулалтын орлогоос авсан болохоо тайлбарласан. Тэгэхээр энэ нь бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэмт хэрэг байх боломжтой” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс Ш.Ж г “С” ХХК-ийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх ба тус компанийн борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа орон сууцны захиалгын гэрээг “С” ХХК-ийн охин компани гэж итгүүлэн “Н трейд” ХХК-ийн тамга тэмдгийг ашиглан хийсэн боловч энэ нь бодит байдлыг нуух замаар үйлдэгдсэн залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдийн шинжийг тодорхойлдог.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн субьект нь “аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд” байхыг хэлдэг.

Уг субьектийг аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ш.Ж  нь “С” ХХК-нд борлуулалт хариуцсан менежерээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан боловч гагцхүү иргэдэд худалдан борлуулах орон сууц, авто зогсоолын талаар танилцуулах, холбогдох мэдээлэл өгөх, шаардлага хангасан тохиолдолд удирдлага буюу компанийн эрх бүхий албан тушаалтанд тайлагнах үүрэгтэй болох нь тогтоогдож байх тул эд хөрөнгийг итгэмжлэн хариуцвал зохих этгээдэд хамаарахгүй гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр, энэ хэрэгт Ш.Ж гийн ажлын байрны тодорхойлолт гэх баримт огт авагдаагүйн гадна тухайн ажлын байрны тодорхойлолтоос хамаарч түүний албаны чиг үүрэг тодорхойлогдох учиртай. Харин түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ бол Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогч, ажилтны хооронд байгуулсан нийтлэг эрх, үүргийг тодорхойлсноос бус Ш.Ж гийн шууд хариуцан ажиллах чиг үүргийг бүрэн тодорхойлоогүй.

Түүнчлэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд зарим гэрээнд “Н” ХХК нь “У” ХХК-ийн охин компани мөн эсэх, улмаар уг компани нь “С” ХХК болон Ш.Ж тай ямар харилцаатай болохыг бүрэн тогтоож чадаагүй байна.

Нэр бүхий хохирогч нарт учирсан хохирлыг хэн хариуцан арилгах, “С” ХХК-г иргэний хариуцагчаар татах эсэх асуудлыг нарийвчлан шалгах шаардлагатай, орон сууц захиалгын гэрээ байгуулан тухайн орон сууцандаа тодорхой хугацаагаар амьдарсан хэдий ч гэрчилгээ гаргаж өгөөгүй тул Ш.Ж д тодорхой хэмжээний мөнгийг төлөөд, байрыг чөлөөлсөн иргэнийг хохирогчоор тогтоох эсэх зэрэг асуудлыг шалгах шаардлагатай байна.

Харин анхан шатны шүүхээс хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “байнга үйлдэж  амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн” гэснийг шалгах гэсэн нь үндэслэл муутай байна. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “завших” эсвэл “залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн тогтоосны дараа хэргийн зүйлчлэл хэрхэн өөрчлөгдөх талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатайг анхаарвал зохино.

Иймд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгчийн захирамжид хэргийг прокурорт буцааж ямар ажиллагаа хийх талаар тодорхойлон заасан байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЗ/1614 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Оюунтунгалагийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 38 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР