Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2022/00335

 

 

 

                

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт байрлах Ц ХХК /регистрийн дугаар /,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт байрлах ф ХХК /регистрийн дугаар /

Нэхэмжлэлийн шаардлага: “Салаа төмөр замаа хязгаартай ашиглах гэрээг байгуулахыг хугацаатай даалгах, 250 000 000 төгрөг гаргуулах, өмчлөлөө хязгаартай ашиглах зөрчигдсөн эрхийг сэргээж, өмнөх байдалд оруулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: 2018 оны 08-р сарын 09 ны 796 тоот шийдвэрээр "Ц" XXК -ийг "ф" ХХК -тай төмөр зам ашиглах талаар гэрээ байгуулж ажиллахыг даалгасугай гэсний дагуу "Ц" ХХК нь гэрээ байгуулах санал, хүсэлтийг удаа дараа "ф" ХХК -д гаргасан ч хүлээж аваагүй. "ф" ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 7-р зүйл 7.1.2-т заасан хориглосон үйл ажиллагаа явуулж буй тул "ф" ХХК -ийг Өрсөлдөөний тухай хуулийн дагуу хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгаж өгнө үү гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “Ц ХХК-аас салбар зам ашигласны төлбөр 4,040,000 төгрөг гаргуулах

  Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч фэ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч фс,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Наранхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Оюумаа,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ц” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц” ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт 1996 оноос өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд өөрийн эзэмшлийн 250 мкв талбайтай, ф1 тоот улсын бүртгэлийн дугаартай салаа төмөр замын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг. Уг салаа зам нь УБТЗ-ын Эрдэнэт өртөөний Говил чиглэлийн салбар салаа зам, мөн “ф” ХХК-ийн салаа төмөр замаар дайрч гардаг, үндсэн үйл ажиллагаа явуулах болон өмчлөх эрхээ хэрэгжүүлэх чухал хэсэг болно. Түүнчлэн салбар замын дагуу бусад хэд хэдэн аж ахуйн нэгжүүд салбарлан салаалж, үйл ажиллагаагаа явуулж, ажил хэргийн удаан хугацааны туршид хэвшил болон тогтсоор ирсэн билээ. Энэ үйл ажиллагааг тасалдуулахгүй, хууль бус ажиллагаа явуулахыг хориглож, манай “Ц” ХХК-ийн эзэмшлийн замын эхэнд хаалт тавих зэргээр түүний өмчлөх эрхийг хязгаарлах үйл ажиллагаа явуулахгүй байхыг Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1.1, 151.1-ийн 1.2-д заасныг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын -ний өдрийн 6 тоот Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “ф” ХХК-д даалгасан шийдвэр гарсан. Мөн манай “Ц” ХХК-ийг тус компанитай төмөр зам ашиглах тухай гэрээ байгуулахыг даалгасан юм. Манай компани дээрх шийдвэрийн дагуу удаа дараа гэрээ байгуулах санал хүргүүлсэн боловч зөвшөөрөхгүй, хамгийн сүүлийн 2020 оны албан бичигт хариу ирүүлээгүй байх тул Иргэний хуульд заасны дагуу гэрээ байгуулсанд тооцож байгаа бөгөөд, Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн дагуу “ф” ХХК нь салаа замаар дайран өнгөрөх тарифыг өөрөө гаргаж ШӨХТГ-р хянуулан гэрээндээ тусган хэрэгжүүлэх үүргээ Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-д заасан шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас Ц ХХК нь 2019 онд “Вэйлун Монгол” ХХК-тай байгуулсан ачаа тээвэрлэлтийн гэрээ тасалдаж, биелэгдээгүйгээс их хэмжээний гэм хорын хохирол учраад байх тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1д заасны дагуу “...нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол ... гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэснийг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. Иймд “ф” ХХК нь салаа төмөр замаар дайран өнгөрөх тарифаа албан ёсоор бодит байдалд нийцүүлэн гаргаж ШӨХТГ-р хянуулан салаа төмөр замаа хязгаартай ашиглах гэрээгээ “Ц” ХХК-тай байгуулахыг хугацаатай даалгах, Орхон аймгийн Сум дундын Шүүхээс “Ц” ХХК-ийн өмчлөх эрхийг хязгаарлах, үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан шийдвэрийг биелүүлээгүйн улмаас “Ц” ХХК-ийн “Вэйлун Монгол” ХХК-тай байгуулсан гэрээ зөрчигдсөнөөс учруулсан хохирол болох 250,000,000 төгрөгийг гаргуулах, “Ц” ХХК-ийн өмчлөлөө хязгаартай ашиглах зөрчигдсөн эрхийг өмнөх байдалд оруулж сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ф” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ц” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. “ф” ХХК-ийн зүгээс шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд салбар замд ямар нэгэн хаалт тавьсан, “Ц” ХХК-ийн өмчлөх эрхийг хязгаарласан үйл ажиллагаа явуулаагүй. Харин “Ц” ХХК-ийн захирал фэ нь МУ-ын шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 0-ний өдрийн 96 тоот шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж 2 жил шахам явсны эцэст одоо нэг шүүгчийн гаргасан шийдвэрийг нөгөө шүүгчээр нь үгүйсгүүлэх зорилготой дахин нэхэмжлэл гаргаад явж байна. Дээрх шүүхийн шийдвэрийг тус компани сайн дураараа биелүүлэхгүй байсан тул шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 05 тоот захирамж гарч асуудлыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа боловч “Ц” ХХК шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийн өнөөдрийг хүртэл явж байна. Иймд “Ц” ХХК-ний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авах боломжгүй юм гэжээ.

Хариуцагч “ф” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Ц” ХХК нь манай компаний салбар замыг гэрээ байгуулж үнэ төлбөр төлөхгүйгээр олон жил ашиглаж "ф" ХХК-ийг хохироож байгаа билээ. 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр "Ц" ХХК-ний нэхэмжлэлтэй "ф" ХХК-д холбогдох иргэний хэргийг Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 6 тоот шийдвэрийг гаргасан билээ. Уг шийдвэрээр хариуцагч "ф" ХХК-тай төмөр зам ашиглах гэрээ байгуулж ажиллахыг “Ц” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл “Ц” ХХК нь шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй бөгөөд ямар гэрээ хэлцэлгүйгээр 2019 оны 1 дүгээр сарын 01-нээс 8-р сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 101 вагоныг манай салбар замаар дамжуулан ачуулсан байна. Иймд нэгж вагоны үнийг одоогийн санал болгож байгаа хамгийн доод үнэ 40 000 төгрөгөөр тооцож 101 ширхэг вагоны салбар зам ашиглалтын төлбөр 4,040,000 төгрөгийг “Ц” ХХК-аас гаргуулж “ф” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Ц” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Манай “Ц ХХК-аас салбар замын гэрээ байгуулахгүй үнэ төлбөргүй ашигласны төлбөр 4,040,000 төгрөгийг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Учир нь 4,040,000 төгрөгийг хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй ойлгомжгүй байна. “ф” ХХК ны зүгээс нэгж вагоны үнийг 40,000 төгрөг гэж тогтоосон үндэслэл нь өөрөө хууль эрх зүйн ямар ч шаардлагыг хангахгүй байна. Энэ нь:

1. “ф” ХХК нь ШӨХТГазрын 2019 оны 10 дугаар сарын 11-ны 07 тоот тогтоолоор зүй ёсны монополи аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон учир Монгол Улсын Өрсөлдөөний түхай хуулийн 7-р зүйл 7.1, 7.1.2, 7.1.5, 7.1.11 7.2 т заасны дагуу ШӨХТГазрын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны 01/1908 тоот албан бичгийн дагуу үнэ тарифаа албан ёсоор хянуулан тогтоолгох ёстой.

2. “Ц” ХХК ны зүгээс Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 796 дугаар шийдвэрийг биелүүлэх үүднээс бодит үнийн саналыг удаа дараа явуулан, гэрээ хийж хамтран ажиллахыг хүссэн боловч өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч “Ц” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: 2018 оны 08 дугаар сарын 09-ний 796 тоот шийдвэрээр “Ц” XXК-ийг “ф” ХХК-тай төмөр зам ашиглах талаар гэрээ байгуулж ажиллахыг даалгасугай гэсний дагуу “Ц” ХХК нь гэрээ байгуулах санал, хүсэлтийг удаа дараа “ф” ХХК-д гаргасан ч хүлээж аваагүй. “ф” ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 7-р зүйл 7.1.2-т заасан хориглосон үйл ажиллагаа явуулж буй тул “ф” ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуулийн дагуу хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгаж өгнө үү гэж өөрчилж байна гэжээ.

Нэхэмжлэгчээс: 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн а/6 дугаартай итгэмжлэл /хх-3/, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-5/, “Ц” ХХК улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх-6-12/, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн а/5 дугаартай албан тоот /хх-13/, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн а/11 дугаартай албан тоот /хх-14/, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн а/44 дугаартай албан тоот /хх-15-16/, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/1798 дугаартай албан тоот /хх-17/, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн а/10 дугаартай албан тоот /хх-18/, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн а/16 дугаартай албан тоот /хх-19-20/, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 03/1136 дугаартай шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай тоот /хх-21/, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргасан өргөдөл /хх-22/, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/1506 дугаартай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Ц” ХХК-д өгсөн албан бичиг /хх-23/, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаартай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын тогтоол /хх-24/, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргасан хүсэлт /хх-25/, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01/1908 дугаартай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хариу хүргүүлсэн албан бичиг /хх-26/, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01/1908 дугаартай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Конкретебетон” ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх-27/, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01/1908 дугаартай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Ранчо” ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх-28/, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хүрмэн чулуу худалдах, худалдан авах гэрээ /хх-29-34/, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны 011 дугаартай төлбөр барагдуулах тухай нэхэмжлэл /хх-35-36/, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 010-19 дугаартай ачаа тээвэрлэлтийн гэрээ /хх-37-39/, хаалтын зураг /хх-40/, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн а/5 дугаартай хүсэлт /хх-67/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-68-72/, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 1 дугаартай хамтран ажиллах гэрээ /хх-77-78/, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн а/7 дугаартай итгэмжлэл /хх-100/, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1761 дугаартай итгэмжлэл /хх-133/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч “ф” ХХК-аас: 2021 оны 02 дугаар сарын 18-ны 03/2021 дугаар хариу тайлбар /хх-51/, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 796 дугаартай шүүхийн шийдвэр /хх52-57/, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШЗ2018/03905 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас /хх-58-59/, ф ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-61/, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 06/2021 дугаартай шүүхэд гаргасан хүсэлт /хх-81-82/, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 05/2021 дугаартай шүүхэд гаргасан хүсэлт /хх-97/, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаартай шүүхэд гаргасан хүсэлт /хх-98/, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 08/22 дугаартай шүүхэд гаргасан хүсэлт /2хх-97/, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар /2хх-110/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн хүсэлтээр: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/01 дугаартай лавлагаа /2хх-2-4/, Орхон аймгийн Татварын хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/11 дугаартай лавлагаа /2хх-5/, Улаанбаатар төмөр замын Эрдэнэт өртөөны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 83/07 дугаартай лавлагаа /2хх-6-43/, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаартай лавлагаа /2хх-44-73/, Булган аймгийн Татварын хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1/49 дугаартай лавлагаа /2хх-79-89/, Улаанбаатар төмөр замын Эрдэнэт өртөөнөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 83/48 дугаартай лавлагаа /2хх-178-184/, Улаанбаатар төмөр замын замын 6 дугаар ангийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 84/67 дугаартай лавлагаа /2хх-190-197/, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 334 дугаартай лавлагаа /2хх-198-201/-г шүүх бүрдүүлсэн байна.

Хариуцагч “Ц” ХХК-ийн хүсэлтээр: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/367 дугаартай лавлагаа /хх-101-121/, Улаанбаатар төмөр замын Эрдэнэт өртөөны 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 83/94 дугаартай лавлагаа /хх-129-131/, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03/2139 дугаартай лавлагаа /хх-236-237/, Улаанбаатар төмөр замын Эрдэнэт өргөөны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 83/396 дугаартай лавлагаа /хх-238-240/, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/2378 дугаартай лавлагаа /хх-241-243/, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаартай лавлагаа /2хх-111-157/-г шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь шүүхэд хандаж “ф” ХХК-нд холбогдуулан салаа төмөр замаа хязгаартай ашиглах гэрээгээ “Ц” ХХК-тай байгуулахыг хугацаатай даалгах, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас “Ц” ХХК-ийн “Вэйлун Монгол” ХХК-тай байгуулсан гэрээ зөрчигдсөнөөс учруулсан хохирол 250,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба “Ц” ХХК-ийн өмчлөлөө хязгаартай ашиглах зөрчигдсөн эрхийг өмнөх байдалд оруулж сэргээх шаардлагаа өөрчилж, “ф” ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуулийн дагуу хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгахыг шаардаж байна.

Харин хариуцагч “ф” ХХК нь сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжлэгч “Ц” ХХК-наас ямар ч гэрээ хэлцэлгүйгээр 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 101 вагоныг салбар төмөр замаар дамжуулан ачуулсны зам ашиглалтын төлбөр нэгж вагоны үнийг 40,000 төгрөгөөр тооцож нийт 4,040,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн ф1 дугаарт бүртгүүлэн Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Хуучин Мод боловсруулах үйлдвэрийн хашаанд байршилтай 250 м.кв талбайтай салаа төмөр замын өмчлөгч болсон, уг төмөр замыг 2012 оноос ашиглаж, үйл ажиллагаа явуулж ирсэн байна.

Нэхэмжлэгч нь 250 мкв зам ашигладаг ба энэхүү зам нь “ф” ХХК-ийн эзэмшлийн 1000 метр замаар дайрч өнгөрдөг байна. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нар зам ашиглалтын гэрээ байгуулж, зам ашиглсны төлбөрийг нэхэмжлэгч, хариуцагчид төлөх ёстой боловч үнэ хөрөнгийн талаар тохиролцоонд хүрдэггүй тул одоо хүртэл гэрээ байгуулагдаагүй, энэ маргааны гол үндэс болж байна.

Хариуцагчийн өмчлөлийн төмөр зам дээгүүр “Ц” ХХК-наас гадна “Ранчо” ХХК, Металл индустралл, Конкрете бетон хийц ХХК, Долоон бар ХХК-нууд дайран өнгөрч өөрсдийн эзэмшлийн салбар замууд руу орж ачаа тээврийн үйлчилгээ авдаг байх бөгөөд нэхэмжлэгчээс бусад компаниуд зам ашиглалтын гэрээ байгуулан ажилладаг байна.

Хариуцагч “ф” ХХК нь Улаанбаатар төмөр замтай “Эзэмшигчийн эзэмшлийн дагнасан хэрэглээний салбар замд вагон тавьж өгөх, татаж авах” талаар мөн Улаанбаатар төмөр замын 6-р ангитай “Зам арчлах, засвар үйлчилгээ хийх талаар хамтран ажиллаж замын арчилгаа үйлчилгээгээ хийлгэдэг байх бөгөөд зам арчилгааны төлбөрт жилд 18 сая гаруй төгрөгийн төлбөр төлдөг гэж хариуцагч тайлбарлаж байна.  

Зам тээврийн хөгжлийн яамнаас “Ц” ХХК нд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил Модны үйлдвэрийн хашаанд байршилтай дагнасан хэрэглээний зам талбай ашиглах Төмөр замын аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээг 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 3 жилийн хугацаатай олгожээ. Түүнчлэн Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/140 тоот шийдвэрийг үндэслэн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил Модны үйлдвэрийн хашаанд байршилтай нэгж талбарын 6102344127 дугаар бүхий 14934 м.кв газрыг үйлдвэрлэл, төмөр замын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-2101001593 дугаарт бүртгэж гэрчилгээ олгожээ./ х.11/

Талуудын хооронд хариуцагчийн өмчлөх эрхийг хязгаарлаж түүний төмөр замыг хязгаартайгаар ашиглах тухай бичгийн гэрээ байгуулагдаагүй байна. Зохигчид гэрээ байгуулах үнийн талаар санал нэгдээгүй тул гэрээ хийгээгүй байх ба нэхэмжлэгч хариуцагчийн төмөр замыг ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр ашиглаж ирсэн байна. Хариуцагч өөрийн тооцсон үнийн дүнг илгээж, нэхэмжлэгч өөрийн саналыг илэрхийлж байсан боловч тохиролцоонд хүрээгүй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь хуульд буюу гэрээнд заасан тохиолдолд бусдын үл хөдлөх эд хөрөнгийг тэргүүн ээлжинд хязгаартай ашиглах эрхтэй. Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд сервитутын гэрээ байгуулагдсан байх ёстой. Ингэсэн нөхцөлд нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч “ф” ХХК-ны төмөр замыг хязгаартайгаар ашиглах эрх үүснэ. Түүнчлэн хариуцагч “ф” ХХК нь Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1.3-д зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийнх нь эрх хууль ёсны ашиг сонирхолд харшилсан үйл ажиллагаа явуулахгүй байхыг бусад өмчлөгчдөд даалгах эрхтэй.

Тухайлбал нэхэмжлэгч “Ц” ХХК 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “ф” ХХК-нд хандан хамтран ажиллах тухай а/5 дугаатай албан бичиг илгээж ачилтанд тавьж байгаа 1 вагон тутамд 20,000 төгрөг, эсвэл Зам арчлалтын тодорхой хувиар төлөхөөр тохиролцож гэрээ хийхэд бэлэн байгаа тухайгаа илэрхийлсэн байна. / х.13 /

Талууд улмаар үнэ тариф тогтоолгох талаар Зам тээврийн хөгжлийн яаманд удаа дараа хандаж байсан байх ба тус яамны төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01-р сарын 08-ны өдрийн 8 дугаар тушаалаар “Тариф бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ, гэрээний өөрчлөлтийг хянаж, санал дүгнэлт гаргах тухай” ажлын хэсэг байгуулагдаж, уг ажлын хэсгээс гаргасан дүгнэлт зөвлөмжид “Салбар зам эзэмшигч, түүнээс салаалсан салбар зам эзэмшигч, дайвар үйлчлүүлэгчид хооронд зам ашиглалтын гэрээ байгуулна. Гэрээнд салбар замаар ачаа дамжин өнгөрүүлэх тарифыг тусгана” гэсэн байх ба салбар замаар ачаа тээвэрлэх дамжин өнгөрүүлэх тарифыг тооцох аргачлалыг тусгажэээ.       

Хариуцагч “ф” ХХК нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг Модны үйлдвэрийн хашаанд байршилтай УБТЗ ХНН-ийн Эрдэнэт өртөө дэх гол замаас салаалсан 1.5 км төмөр замын суурь бүтцийг дангаараа эзэмшдэг байх ба Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.1.6, 16 дугаар зүйлийн 16.8, Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”, Засгийн газрын 2012 оны 06 дугаар тогтоолоор баталсан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрэм”-ийн 3.5, 4.1-д заасныг тус тус үндэслэн Төмөр замын Эрдэнэт өртөөний “25-р замын 43 дугаар сум”-аас салбарласан дагнасан хэрэглээний салбар зам эзэмшигчийн зах зээлд “ф” ХХК-ийг зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчээр тогтоож, тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газарт даалгаж шийдвэрлэжээ./х.24/

Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт хийж байгаа нэг этгээд байхад л нийгмийн дундаж зардал хамгийн бага байх боломжтой зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчийг зүй ёсны монополь байдалтай гэж үзнэ” гэж зохицуулжээ.

Хариуцагч “ф” ХХК нь дагнасан хэрэглээний салбар зам эзэмшигчийн зах зээлд зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчээр тогтоосон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэхгүй төмөр замтай холбоогүй ямар ч үндэслэлгүй зардлуудыг гарган өөрийн дураар өндөр үнэ тариф зохион өөрсдөд нь санал болгож, хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гол замын орох гарах хэсэг дээр хаалт тавин түгжиж байгаагын улмаас үйл ажиллагаа явуулж, эзэмшлийн салаа замаа ашиглаж чадахгүй байгаа талаар нэхэмжлэгч “Ц” ХХК болон “Конкретобетон хийц” ХХК, “Рэнчо” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хүсэлт гаргасан байна. / х.25/.

Дээрх хүсэлтийн дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн № 01/1908 тоот албан бичгээр хариу хүргүүлжээ. Уг хариу өгсөн албан бичигт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох” гэж заасны дагуу зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчдийн үнэ, тарифт хяналт тавин ажилладаг тухай дурьдаад тус газраас “ф” ХХК-ийн суурь бүтэц, ашиглалтын үнэ тарифыг хянан зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэх болсон талаар мэдэгдсэн боловч үнэ тарифыг хянаж зөвшөөрөл олгоогүй. Хариуцагч “ф” ХХК нь шаардлагатай баримт материалыг явуулсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. / х.26/

“Ц” ХХК нь Цемент шохой ХК-тай 2019 оны 5 сарын 13-ны өдөр Хүрмэн чулуу худалдах худалдан авах гэрээ байгуулжээ. /х.29-34/

Түүнчлэн “Вэйлун” ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр № 010/19 тоот ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулсан байх ба тус компаниас “Ц” ХХК-д 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн № 011 дугаартай албан бичигт “дээрх гэрээний дагуу өнөөдрийн байдлаар 10,000 тн ачаа тээвэрлэлт гүйцэтгэсэн байна. Иймд тээврийн төлбөр болох 250,000,000 төгрөгийг яаралтай барагдуулж өгнө үү. Хэрэв барагдуулахгүй тохиолдолд гэрээний дагуу төлбөр төлөгдөөгүй хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх болно” гэжээ./х.35-39/

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 796 дугаар шийдвэрээр “Ц” ХХК-ийг төмөр зам ашиглах талаар “ф” ХХК-тай гэрээ байгуулж ажиллахыг даалгаж шийдвэрлэсэн байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангиас төлбөр төлөгч “Ц” ХХК-д 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 03/1280, мөн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/1316 дугаартай албан бичгээр шүүхийн шийдвэрийг биелүүлж, гэрээ байгуулахыг тус тус мэдэгдсэн боловч талуудаас зөрүүтэй үнийн санал гаргаж, гэрээний нөхцөлийн талаар тохиролцоонд хүрээгүй байна.

Хариуцагч “ф” ХХК нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр № 10/2019 тоот Салбар замын гэрээний тухай албан бичгээр Зам тээврийн хөгжлийн яамнаас томилогдсон ажлын хэсгийн ирүүлсэн дүгнэлт, зөвлөмжийн дагуу хийсэн тооцооллоор “Ц” ХХК нь “ф” ХХК-ний салбар замаар дамжин өнгөрөхдөө вагон тутамд 36071 төгрөг төлөх дүн гарч байна. Иймд “Ц” ХХК-тай салбар төмөр зам ашигласны төлбөрийг вагон тутамд 40,000 төгрөгөөр тооцож гэрээ хийх тус компанийн өмнө гаргаж байсан саналыг зөвшөөрч байна гэсэн саналаа илэрхийлжээ. /х.108/ Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангиас нэхэмжлэгч “Ц” ХХК-нд хандаж 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн № 03/656 тоот албан бичгээр “ф” ХХК зардлаа тооцож гэрээг 40,000 төгрөгөөр байгуулах үнийн саналаа гаргаж ирүүлсэн тул төмөр зам ашиглах гэрээг 2019 оны 05 дугаар сарын 14-ний дотор байгуулж ирүүлэхийг мэдэгдсэн байна./ х.110/ Гэвч “Ц” ХХК нь мэдэгдлийн хариуд 2019 оны 05 дугар сарын 20-ны өдрийн № а/17 тоот албан бичгээр “ф” ХХК-ийн гаргасан зардлуудаас хамааралгүй гэсэн зардлуудыг хасаж нэг вагон тутамд 15,000 төгрөг байхаар тооцоо гарч байна гэсэн хариу саналаа хүргүүлжээ.

Түүнээс гадна шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч “ф” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн № 61/2018 тоот албан бичгээр “Ц” ХХК-ийг гэрээ байгуулж холбогдох зам ашигласны төлбөрөө барагдуулах хүртэлх хугацаанд вагон тавьж өгөхгүй байх үүргийг УБТЗ-ын Эрдэнэт өртөөнд даалгаж өгөх хүсэлт гаргасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар УБТЗ-ийн Эрдэнэт өртөөнд 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр №03/849 тоот мэдэгдэл хүргүүлж талууд төмөр зам ашиглах гэрээ байгуулах хүртэлх хугацаанд “Ц” ХХК-ийн вагон татах, тавих үйлчилгээг түр хугацаагаар зогсоохыг мэдэгдсэн байна./ х.117/

Энэ талаар УБТЗ-ын Эрдэнэт өртөөнөөс Шүүхэд хандан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай № 83/94 тоот албан тоот ирүүлсэн байна. Дээрх хариунд 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн № 03/819 тоот мэдэгдэл ирээгүй, харин 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн № 03/1096 тоот мэдэгдэл ирүүлсэн, тус мэдэгдэлд “Ц” ХХК-ийн салбар замд вагон татах, тавих үйлчилгээг мэдэгдэх хүртэл вагон тавьж өгөхгүй байхыг мэдэгдсэний дагуу одоог хүртэл вагон тавьж өгөх, татаж авах үйлчилгээ үзүүлээгүй, уг зам нь сэлгээний хөдөлгөөнд хаалттай байгаа болохыг дурьджээ.

Мөн шүүгчийн захирамжийн дагуу УБТЗ-ын Эрдэнэт өртөөнөөс ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн № 83/396 тоот албан бичигт “Ц” ХХК-ийн салбар замаас 2019 онд захиалгын дагуу 01 сараас 08 сарын 08-ныг хүртэл нийт 101 вагон ачсан. УБТЗ-ын Хууль зүйн албаны 2020 оны 03 дугаар сарын 20-ны 10/234 дугаартай албан тоотын дагуу одоог хүртэл вагон тавиагүй хаалттай байгаа болно гэсэн байна.

Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 08 дугаар сарын 12-ны № 03/1096 тоот мэдэгдлийн дагуу “Ц” ХХК-ийн салбар замд вагон тавьж өгөх,татаж авах үйлчилгээ үзүүлээгүй, уг зам нь сэлгээний хөдөлгөөнд хаалттай байгаа харин 2019 оны 1 сараас 2019 оны 08 сарын 08-н хүртэл 101 вагон ачсан болох нь батлагдаж байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор Төмөр замын Эрдэнэт өртөөний “25-р замын43 дугаар сум”-аас салбарласан дагнасан хэрэглээний салбар зам эзэмшигчийн зах зээлд “ф” ХХК-ийг зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчээр тогтоосон боловч хариуцагч нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг зөрчсөн. Түүнчлэн Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар холбогдох баримтын хамт бодит зардлынхаа тооцоог гарган Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагаар тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтөө хянуулан, тус газраас зөвшөөрсөн үнэ тарифын дагуу гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй байна. Харин 250,000,000 төгрөгний хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч хариуцагч нар салаа төмөр зам ашиглалтын талаар гэрээ байгуулаагүй, үнэ тарифын талаар тохиролцоогүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1.1, 151.1.2, 189 дүгээр зүйлийн 189.4-д заасныг баримтлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт шаардлагатай баримт, тооцоогоо хүргүүлэн үнэ тарифыг хянуулсаны үндсэн дээр “Ц” ХХК-тай төмөр зам ашиглах талаар гэрээ байгуулахыг “ф” ХХК-д даалгаж, 250,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон зам ашигласны төлбөр 4,040,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1.1, 151.1.2, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан “Ц” ХХК-ны өмчлөх эрхийг хязгаарлах, хориглох, саад учруулах үйл ажиллагаа явуулахгүй байхыг “ф” ХХК-нд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,478,150 төгрөг, “ф” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 79,590 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “ф” ХХК-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЯМБАСҮРЭН