Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 202/МА2018/00034

 

 

Ж.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.БатЧ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

           Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 136/ШШ2018/00341 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Нарлаг шанд хороолол, .........байр ........ тоотод оршин суух, 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, Б балган овогт Ж-ийн Ч /РД:ЗЮ6........../-ийн нэхэмжлэлтэй,

            Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргад холбогдох,

           Өмгөөллийн хөлс 2 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

         Нэхэмжлэгч Ж.Ч-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.БатЧийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Ж.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 03 дугаар сараас Сантрас ХХК-ийн нэхэмжлэлтэй Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт 2016.05.16-ны өдрийг хүртэл уг хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр ажилласан. Тухайн үед Засаг даргаар ажиллаж  байсан М.Мтай эрх зүйн туслалцааны гэрээ байгуулан өмгөөллийн хөлсийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн 10-20 хувиар төлдөг юм шүү гэж хэлж байсан. Төрийн байгууллагад тийм их мөнгө байхгүй, гэхдээ тодорхой хэмжээний мөнгийг аймгийн Засаг даргатай ярилцаад өгнө гэсэн боловч давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцохоор явсан замын зардлыг ч өгөөгүй, өмгөөлөгч миний бие өөрийн зардлаар шүүх хуралдаанд явж оролцсон. Хатанбулаг сумын Засаг даргад 2016.06 сард эрх зүйн туслалцааны гэрээгээр нэг сая төгрөг өгнө үү гэсэн боловч өнөөдрийг хүртэл надад нэг ч төгрөг өгөөгүй байна. Одоо би өмгөөллийн хөлсөө 2500000 төгрөгөөр нэхэмжилж байна. Өмгөөлөгч миний бие уг хэрэг дээр жил гаруй хугацаанд ажиллаж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг өөрийн үйлчлүүлэгчийн талд шийдвэрлүүлж байсан. Иймээс Хатанбулаг сумын Засаг даргаас өмгөөллийн хөлс 2500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч Хатанбулаг сумын Засаг дарга С.Э шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 03 дугаар сараас Сантранс ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгчөөр Ж.Чтэй тухайн үед ажиллаж байсан сумын засаг дарга М.М нь гэрээ хийж өмгөөллийн хөлсийг хаанаас төлөх эх үүсвэрийг тодорхой заагаагүй байгаа болно. Мөн тухайн үед ажиллаж байсан сумын засаг дарга М.Маас тодруулга асуулга авч үзэхэд М.М нь уг хэрэгтэй холбоотой газрын төлбөрийг тухайн үед орон нутгийн дансанд төвлөрч тэр үеийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан аймгийн Засаг дарга П.Ганхуяг нь захиран зарцуулсан, мөн өмгөөллийн хөлсийг төлөх тухай ярьж байсан тухай хэлсэн болно. Иймд дээрх орон нутгийн төсөвт дуудлага худалдааны төлбөр бүрэн орсон байгаа тул тухайн үедээ өмгөөлөл хийж байх үедээ орон нутгийн төсвөөс гаргуулах нь зүйтэй байсан гэж үзэж байна. Хэдийгээр төрийн алба залгамж халаатай байдаг ч Хатанбулаг сумын засаг дарга С.Э миний бие сумын болоод орон нутгийн төсвөөс нэхэмжлэгчийн өмгөөллийн хөлс болох 2500000 төгрөгийг гаргаж өгөх боломжгүй бөгөөд төсөвт ч ийм хэмжээний зардал гаргах чадамж байхгүй болохыг мэдэгдэж байна гэжээ.

            Анхан шатны шүүх:  Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1, 358 дугаар зүйлийн 358.1, 344 дүгээр зүйлийн 344.2-т зааснаар хариуцагч Хатанбулаг сумын Засаг даргаас 1000000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Жамъянсангийн Чт олгож, үлдэх 1500000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргаас 28550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Чт олгож, 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэж,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулж, гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

        Нэхэмжлэгч Ж.Ч давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх шийдвэртээ...аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт ...гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбартай нийцэхгүй байна. Учир нь миний бие Хатанбулаг сумын Засаг даргаар ажиллаж байсан Мтай 2015.03.23-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан жил гаруй ажилласан болно. Ингэхдээ өмгөөллийн хөлсний үнийн дүнг тавина гэсэн чинь тухайн үед аймгийн Засаг даргатай ярьж байгаад энэ хөлсийг төлнө гэж хэлж байсан. Ямар ханштай байдаг юм бэ гэхэд нь би ханш гэж байхгүй, ер нь бол үнийн дүнгийн 10-20% гэдэг гэхэд 10% гэдэг нь манай төсөвт хэцүү юм байна. Гэхдээ танд тодорхой хэмжээний хувийн өмгөөллийн хөлсийг төлнө гэж М хэлж байсан. Энэ талаараа анхан шатны шүүх хуралдаан дээр ч хэлсэн. М гэрээ байгуулсанаас хойш нэг удаа надтай уулзсан. Анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулна, манай дүү өвчтэй байгаа гэж уулзаад түүнээс хойш уулзаагүй. Тэгээд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь Н томилогдсон. Энэ хугацаанд би Ноос өмгөөллийн хөлсөө байнга нэхэж байхад Н бид 3 таны өмгөөллийн хөлсний талаар ярьж байгаа. Ямар ч байсан Маар төлүүлнэ гэж ярьдаг байсан. Сүүлд 2016 онд өмгөөллийн хөлсөө төлсөнгүй гээд би Ганхуяг даргатай уулзахад Ганхуяг дарга аймгийн Засаг дарга хариуцагч биш учраас төлөхгүй гэж хэлж байсан. Н дараа нь Мтай ярилаа, таны зардлыг чинь өгнө гэж байна, зардлынхаа баримтыг өгч явуулаарай гэсэн гэж хэлсэн. Тухайн үед би давж заалдах шатны шүүх хуралд 2 удаа, хяналтын шатны шүүх хуралдаанд 1 удаа нийт 6 удаагийн наашаа, цаашаа явахад 180000 төгрөг гарч байсан. Хоол нь 60000 төгрөг, Дээд шүүхийн дэргэд буудалд байрлаж байсан. Ингээд бодоход 160000 төгрөг надаас гарсан байдаг. Утасны төлбөр гэхэд тухайн жилд 500000 төгрөгийг төлсөн байдаг. Хатанбулаг сумын Засаг даргатай уулзахад манайд өр, авлага үүсээгүй байсан гэж ярьж байгаа боловч Мтай гэрээ байгуулсан байсан. Хэдэн төгрөгийг хаанаас өгөхөө заагаагүй байсан харин өмгөөллийн хөлсийг төлөхөө ярьж байсан гэдэг. Тэгэхээр 2 Засаг дарга хоорондоо ажлаа хүлээлцэхдээ ийм мөнгө төлнө шүү гэдгийг хэлж байсан байна гэж би бодож байгаа. Хэдийгээр төрийн алба залгамж халаатай ч гэсэн би энэ мөнгийг төлөх боломжгүй гэж Засаг дарга хэлж байгаа. Төсөвт ийм их хэмжээний мөнгө байхгүй, чадамж байхгүй гэж хариуцагч талж хэлж байгаа боловч Засаг дарга нарт ангилагдаагүй зардал гэж байдаг. Түүнээсээ өмгөөллийн хөлсийг төлөх боломжтой байсан гэж миний бие үзэж байгаа. Анхан шатны шүүхээс гэрээнд үнийн дүн тавиагүй учраас үүнийг тодорхойлох боломжгүй гэж хэлдэг. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240000 төгрөгөөр бодоход жил гаруй ажиллахад 2800000 төгрөгийн ажлыг хийсэн байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх 1 сая төгрөг өгөөч гэсэн гэх тайлбараас харахад өмгөөлөгч өөрийн гүйцэтгэсэн ажлын шинж, нөхцөл байдлаар 1 сая төгрөгөөр хэмжигдэнэ, үлдэх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох баримтгүй, гэрээгээр хөлсний талаар хэмжээг тодорхойлоогүй байх тул шүүх эрх зүйн дүгнэлт хийх, нотлох баримт үнэлэх боломжгүй гэж дүгнэн Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ гэж хуулийг буруу хэрэглэж, 1000000 төгрөгийг гаргуулж, үлдэх 1500000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иргэний хуулийн 32 дугаар бүлэгт хөлсөөр ажиллах гэрээ гэж заасан байгаа. Өмгөөллийн хөлс бол хөлсөөр ажиллах гэрээний дагуу байдаг. Гэтэл Иргэний хуулийн 31 дүгээр бүлэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний заалтыг авч миний нэхэмжилсэн өмгөөллийн хөлсний дүнг үндэслэлгүйгээр хууль буруу хэрэглэж багасгасан гэж үзэж байгаа. Гэрч М.М нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:...өмгөөллийн хөлсийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн 10-20 хувиар тохирдог гэж байсан...гэж мэдүүлсэн ба миний бие 2,8 тэрбумын 10 хувийг нэхэмжлээгүй, түүний 01 хувь ч хүрэхгүй үнийн дүнгээр хөлсөө нэхэмжлсэн байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Иймээс ИХШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар нэмэлт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Ж.Ч нь хариуцагч Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргад холбогдуулан өмгөөллийн хөлс 2500000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлээ 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд үндэслэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч С.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... гэрээндээ өмгөөллийн хөлсийг хаанаас хэдэн төгрөг төлөх эх үүсвэрийг заагаагүй, ... орон нутгийн төсвөөс өмгөөллийн хөлс гаргаж өгөх боломжгүй “ гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1, 358 дугаар зүйлийн 358.1, 344 дүгээр зүйлийн 344.2-т заасныг тус тус хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж 1000000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг нэхэмжлэгч Ж.Ч эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргажээ.

            Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ гэж зөв тодорхойлсон байх боловч маргааны үйл баримтанд холбогдох хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргасаныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулж залруулах нь зүйтэй гэж дүгнэв.

            Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, /хх-5/, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар шийдвэр /хх6-17/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 146 дугаар шийдвэр /хх18-23/, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 176 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол /хх24-26/, гэрч Д.Н /хх49-50/, П.Г /хх57-58/, М.М /хх75-76/ нарын мэдүүлэг  зэргээс үзэхэд Сантранс монгол ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг дарга хариуцагчаар оролцож, улмаар түүний өмгөөлөгчөөр Ж.Ч эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу ажиллаж, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, 3 шатны шүүх хуралдаанд биечлэн оролцсон, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг дарга нь өмгөөллийн хөлс төлөөгүй тухай үйл баримт тогтоогдож, талууд энэ талаар маргаагүй байна.

        Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэжээ.

            Энэхүү хуульд зааснаас үзвэл талууд өмгөөллийн хөлсний хэмжээг харилцан тохиролцож тогтоох бөгөөд талуудын хооронд бичгээр байгуулагдсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд өмгөөллийн хөлсний хэмжээний талаар заагаагүй, энэ талаар талууд хэрхэн яаж тохиролцсон нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн 1 сая төгрөгийг өмгөөллийн хөлсөнд гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

           Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ... түүнтэй холбоотой нотлох баримтыг нэхэмжлэгч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэйн гадна хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэг нь нэхэмжлэгчид байх бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу мэдүүлэг өгсөн гэрч Д.Н /хх49-50/, П.Ганхуяг /хх57-58/, М.М /хх75-76/ нар нь  өмгөөллийн хөлсний хэмжээний талаар зохигчид 2500000 төгрөгөөр тохиролцсон болохыг нотлоогүй, энэ талаар өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

            Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг зохицуулсан хуулийг зөв хэрэглэсэн буюу талуудыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан ба ажиллуулагч буюу үйлчлүүлэгч нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлсний хөлс төлөх, ажиллагч буюу өмгөөлөгч нь хөлс шаардах эрхтэй гэж үзсэн нь үндэслэлтэй боловч маргаанд хамааралгүй зохицуулалт буюу Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 358 дугаар зүйлийн 358.1-д заасныг үндэслэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

            Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ нь ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон үүрэгт хамааралтай боловч хөлсөөр ажиллах гэрээг тусдаа өөр бүлэгт зохицуулсан ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д заасан жишиг үнийг болон зах зээлийн дундаж үнийг үндэслэх боломжгүй гэж дүгнэсэн атлаа дээрх хуулийг хэрэглэсэн нь ойлгомжгүй болжээ.

            Иймд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдолтой холбогдуулан гаргасан тайлбарт дурдсан анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн тухай гомдол үндэслэлтэй тул гомдлын энэ хэсгийг хангаж, харин өмгөөллийн хөлсөнд 2500000 төгрөг гаргуулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлгүй тул гомдлын энэхүү хэсгийг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.  

       Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.  Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 136/ШШ2018/00341 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаас “...358 дугаар зүйлийн 358.1, 344 дүгээр зүйлийн 344.2 ...” гэснийг хасч өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Чийн давж заалдсан гомдлын “хууль буруу хэрэглэсэн” тухай хэсгийг хангаж, “өмгөөллийн хөлсөнд 2500000 төгрөг гаргуулах” тухай хэсгийг хангахгүй орхисугай.

          2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Чийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

           3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

          4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                           ШҮҮГЧИД                                    А.САЙНТӨГС

                                                                                                Н.БАТЧИМЭГ