| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 185/2019/0990/Э |
| Дугаар | 1301 |
| Огноо | 2020-10-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 1301
2020 10 6 2020/ДШМ/1301
Д.Г д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнгөншагай,
шүүгдэгч Д.Г- өмгөөлөгч П.Учралгэрэл,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/751 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г болон түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Г-д холбогдох эрүүгийн 1909 03000 0938 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Д.Г, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;
Д.Г нь 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Интерном” номын дэлгүүрийн орчимд урьд нэг байгууллагад хамт ажиллаж байсан танил Б.Х ын эзэмшлийн “Самсунг Галакси Жи-6 Плас” загварын гар утсыг “найзтайгаа утсаар ярьчихаад өгье” гэж хуурч шилжүүлэн авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Г ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-г 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-н нийт 23 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч П.Учралгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Д.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс Д.Г-д оногдуулсан хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү. Д.Г нь “Батвайнд” ХХК-д туслах ажилчнаар ажилладаг. Өнгөрсөн хугацаанд коронавирусийн улмаас уг байгууллага ажиллагаа явуулаагүй тул ажилгүй байсан. Гэхдээ энэ компаниас гараагүй. Мөн Д.Г нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд оршин суудаг бөгөөд үүнтэй холбоотой болон ажил эрхэлдэг талаарх тодорхойлолт бүхий хувийн байдалтай нь холбоотой 2 хуудас баримтыг гарган өгч байна. ...” гэв.
Шүүгдэгч Д.Г давж заалдах гомдолдоо “... миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэнэн болчимгүй зангаасаа болж гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ эрхэм шүүгч та бүхэнд амлаж байна. Би бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэмт хэрэг үйлдэхэд ямар их хор уршигтай гэдгийг энэ хугацаанд ойлгож ухамсарлаж сууна. Цаашид би зөв амьдарч ар гэрийнхэндээ тустай, нийгэмд зөв хүн болж хүмүүжнэ. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Б.Мөнгөншагай шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэгт тохирч байна. Мөн шүүгдэгч нь шүүхийн шатнаас удаан хугацаагаар оргон зайлсан, хохирол төлбөрийг ар гэрийнхэн нь нөхөн төлсөн зэргийг харгалзан Д.Г д 6 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Д.Г нь 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Интерном” номын дэлгүүрийн орчимд урьд нэг байгууллагад хамт ажиллаж байсан танил Б.Х ын эзэмшлийн “Самсунг Галакси Жи-6 Плас” загварын гар утсыг “найзтайгаа утсаар ярьчихаад өгье” гэж хуурч шилжүүлэн авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Х ын “...өмнө нь нэг байгууллагад хамт ажиллаж байсан Д.Г тэй таарсан. Д.Г “найз руугаа утсаар ярьмаар байна, утсаа өгч бай” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд өөрийн “Самсунг Галакси Жи-6 Плас” загварын гар утсыг өгөхөд нэг хүнтэй утсаар ярьж байх шиг харагдсан. ...нэг мэдэхэд Д.Г алга болсон байсан. ...” /хх-15/,
гэрч Г.У-н “...2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим явж байх үед нэг танихгүй залуу ирээд “би гар утсаа барьцаанд тавих гэсэн юм, би өөрөө бичиг баримтгүй болоод болохгүй байна, чи бичиг баримтаараа тавиад өгчих” гэж хэлсэн. Тэр үед анх удаа уулзсан. ...барьцаанд тавиад өгөөч гэж гуйсан юм. ...тэгээд би хамт ороод барьцаанд тавьсан. Тэгтэл тэр залуу “баярлалаа” гээд надад 10.000 төгрөг өгсөн. ...” /хх-18/,
иргэний нэхэмжлэгч Ө.Б-н “...2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр гаднаас хоёр залуу орж ирсэн. Хар өнгийн саравчтай малгайтай залуу нь “гар утсаа барьцаалах гэсэн юм, мөнгөний хэрэг гараад” гэж хэлсэн. “Самсунг Жи-6” маркийн гар утас байсан. Ууганбаяр гэх бичиг баримтаар 250.000 төгрөгт барьцаанд авсан. ...” /хх-17/,
мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Д.Г ийн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Б.Х бид хоёр нэг газар ажиллаж байсан. ...уулзаад зогсож байх үедээ би “найзтайгаа утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлээд авсан. ...Б.Х найзтайгаа уулзах гээд цааш явахаар нь би эргээд хойш талбай руу гүйгээд явсан. ...Хүнсний 4 дэлгүүрийн орчим явж байгаад бичиг баримтгүй байсан учраас нэг залууг гуйж байгаад ломбарданд 250.000 төгрөгөөр барьцаалсан. ...” /хх-31-32/ гэх мэдүүлгүүд,
- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-11/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-23-24/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г ийн “найзтайгаа утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Түүнчлэн, шүүхээс шүүгдэгч Д.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 6 сарын хугацаагаар хорих оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэгт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Учралгэрэлээс “...Д.Г д оногдуулсан хорих ялыг тэнсэх эсхүл хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г д холбогдох эрүүгийн хэрэг прокуророос 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр шилжиж ирсэн бөгөөд тухайн өдрөөс шүүхийн шатанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.
Гэтэл Д.Г нь шүүхээс авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, түүнийг эрэн сурвалжилсан бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр олж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн үргэлжлүүлэх нөхцөл бүрдсэн бөгөөд анхан шатны шүүхээс Д.Г ийн үйлдсэн гэмт хэрэг болон хянан шийдвэрлэх ажиллагаанд нийт 9 сарын хугацаанд зориуд саад учруулсан түүний хувийн байдалд нийцүүлэн тохирсон шийтгэл оногдуулсан гэж үзнэ.
Хавтаст хэрэгт хохирогч Б.Х ын гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэгт энэ гэмт хэргийн халдлагын зүйл болох “Самсунг Галакси Жи-6” Плас загварын гар утсыг яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Самсунг Галакси Жи-7 Плас” гэж техникийн шинжтэй алдаа гаргаж бичсэнийг цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/751 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г болон түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.АЛДАР