Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 250

 

А.Б, Э.Э, З.С, Ц.Т

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч З.С-ын өмгөөлөгч Д.Тунгалаг, цагаатгагдсан этгээд Ц.Т-ийн өмгөөлөгч Ш.Цэдэн, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар магадлалтай, А.Б, Э.Э, З.С, Ц.Т нарт холбогдох 201724000035 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч З.С, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан гомдол, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Галбадрахын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, Улаанбаатар төмөр замын Ч өртөөний даргаар ажиллаж байсан, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Ц-гийн Т,

2. Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн харьяа Ч солилцох тасгийн машинчаар ажиллаж байсан, ял шийтгүүлж байгаагүй, М овогт А-гийн Б,

3. Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн харьяа Ч солилцох тасгийн туслах машинчаар ажиллаж байсан, ял шийтгүүлж байгаагүй, У овогт Э-гийн Э,

4. Монгол Улсын иргэн, 1969 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар төмөр замын Ч хэсэглэлийн Шивээ-Овоо өртөөнд галт тэрэгний найруулагчаар ажиллаж байсан, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт З-гийн С нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төмөр замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Т, А.Б, Э.Э, З.С нарыг төмөр замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т, А.Б, Э.Э, З.С нарыг тус бүр 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ц.Т, А.Б, Э.Э, З.С нараас шинжээчийн зардал болох 740,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж шинжээч нарт олгохоор шийдвэрлэсэн байна.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3, 7 дахь заалтыг “Тээврийн прокурорын газраас Ц.Т, А.Б, Э.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж,

шүүгдэгч З.С-ыг төмөр замын тээврийн ба хөдөлгөөний ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч З.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч З.С-ээс шинжээчийн зардал болох 740,000 төгрөгийг хувь тэнцүүлэн хуваахад оногдох 185,000 төгрөгийг гаргуулж шинжээч нарт олгож, Ц.Т, А.Б, Э.Э нарт оногдох зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч З.С гаргасан гомдолдоо “...Миний бие өөрийн буруутай үйлдлээс хүний амь нас хохироосондоо маш их харамсаж гэмшиж байгаа ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс намайг бусдад төлөх төлбөргүй гэсэн боловч хохирогчоос нэхэмжилсэн төлбөрийн баримтын хэмжээнд нөхөн төлөхөө илэрхийлж байна. Иймд миний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон бусдад төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүх зөвхөн хор уршиг, хохиролд ач холбогдол өгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.6-д заасныг нотолж чадаагүй байхаас гадна гэмт үйлдэл, хохирол, хор уршиг хоорондох шалтгаант холбоог зөв тогтоож чадаагүй.

2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр найруулагчаар З.С, туслах найруулагчаар Б.Б, машинчаар А.Б, туслах машинчаар Э.Э нар ажиллаж байсан. Осол гарсан сэлгээний ажил нь найруулагчийн бригадын 2 дахь ажил байсан бөгөөд сэлгэх гэж байсан 5 вагоныг өмнөх сэлгээний ажлаар өөр зүтгүүрийн бригадтай хамт сэлгэж 1 дүгээр замд орж ирсэн вагоны сүүлээс нь салган авч 2 дугаар зам дээр тавьсан байсан.

Сэлгээ хийх зүтгүүрийн бригад солигдсон тул найруулагч З.С нь зүтгүүрийн бригад өөрсдийн ажлын байранд байгаа эсэхийг магадлах зорилгоор холбогч Б.Б-гийн хамтаар сэлгээний М62УМ-001 дугаартай илчит тэргэнд очиход машинч А.Б, туслах машинч Э.Э нар байсан тул тэдгээрт болон холбогчид сэлгээний ажлын төлөвлөгөө, түүнийг биелүүлэх ажиллагааг танилцуулан, ажил үүргийг хуваарилсан. Үүний дагуу машинч А.Б илчит тэргээ жолоодон уурхай хүртэл 28 км/ц хурдтай яваад сэлгээний ажил гүйцэтгэхээр кабинаа солин тухайн холбогдох 5 вагоноос 5 метрийн зайтай зогсоход найруулагч З.С туслах найруулагчид “дохио өгөөд холбо” гэсэн захирамж өгсөн.

Үүний дагуу Б.Б кабинаас бууж дэлгэсэн шар дарцгаар урагшаа дохио өгсөн бөгөөд түүний өгсөн дохиог туслах машинч Э.Э хүлээн авч машинч А.Б-т дамжуулсны дагуу машинч аман ярилцлага хийж, дуут дохиогоор давхцал өгч вагоныг холбосон.

Ингээд зүтгүүрийн бригад кабин солихоор бууж, найруулагч З.С бүрэлдэхүүнийг хөдөлгөөнд оролцуулахын өмнө туслах найруулагчийг зөв холбосон эсэхийг буюу вагоны өөр хоорондоо болон зүтгүүртэй холбогдсоныг магадлах, хянах зорилгоор кабинаас буугаад туслах найруулагчийг авто угсраанд хавчуулагдсан байгааг мэдсэн.

“УМ” дугаартай илчит тэргээр сэлгээ хийх тохиолдолд холбогч машинч талд байрлаж дохио өгөхөөр заасан байдаг бөгөөд сэлгээний ажлын үед зүтгүүрийн бригад кабин солих учир холбогч Б.Б хөдөлгөөн хийж байсан илчит тэрэгний өмнүүр хөндлөн гарах эрсдэлтэй үйлдэл хийх явцдаа авто угсраанд хавчуулагдсан байдалтай гарт нь дэлгэсэн шар дарцаг нь бариастай байсан байдаг. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад З.С-ын ямар болгоомжгүй үйлдлээс энэхүү осол гарсан талаар нотлогдож тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл, З.С туслах найруулагчийг хөдөлгөөн хийж буй илчит тэрэгний өмнүүр гэнэт гүйх эрсдэлтэй үйлдэл хийхийг мэдээгүй, мэдэх боломжгүй байснаас гадна Б.Б-ыг мэргэжлийн бус ажилтан гэдгийг ч мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бодит байдлыг шүүх анхаарч үзсэнгүй.

2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1 дугаартай шинжээчийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, төмөр замын тээврийн ба хөдөлгөөний ашиглалтын аюулгүй байдлын журмын заалтуудыг зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж авагдсан байхад шүүхээс түүнийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.

Шинжээчийн дүгнэлтэд Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам, Төмөр замын техник ашиглалтын дүрмийн тодорхой заалтуудыг барьсан байдаг. Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын “сэлгээний ажлын удирдлага ба бүрэлдэхүүн” гэсэн хэсгийн 10.21, Төмөр замын техник ашиглалтын дүрмийн “сэлгээний ажил” гэсэн хэсгийн 16.17-д сэлгээ хийж байгаа зүтгүүрийн хөдөлгөөнийг зөвхөн нэг ажилтан, тухайлбал сэлгээний удирдагч удирдана гэж заасан.

Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын “сэлгээний ажлын удирдлага ба бүрэлдэхүүн” гэсэн хэсгийн 10.22-т сэлгээний ажлыг найруулагч буюу туслах найруулагч удирдана гэж заасан. Энэ журмаар сэлгээний ажлыг найруулагч ч удирдана, туслах найруулагч ч удирдаж болохоор байна. Иймээс З.С ажил үүргийн хуваарийн дагуу туслах найруулагчид “холбо” гэсэн захирамж өгсөн. Ингээд сэлгээний ажлыг зөвхөн нэг ажилтан удирдана гэсэн энэхүү журмаараа туслах найруулагчийн удирдлага дор түүний дэлгэсэн шар дарцгаар өгсөн дохиогоор машинч, туслах машинч нар хөдөлгөөнөө эхэлсэн байдаг.

З.С-ыг Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 16.17-н “г”, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.26 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн гэж үзсэн нь ямар ч үндэслэлгүй юм. Сэлгээний ажлын бүрэлдэхүүн болон зүтгүүрийн бригад Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам, Төмөр замын техник ашиглалтын дүрмийг баримталж ажилласан болох нь нотлох баримтаар тогтоогдсон.

Дээрх журмаар сэлгээ хийж байгаа үед найруулагч, туслах найруулагчийн хийх ажил үүргийг зааж өгснөөс бус хэрэг гарсан энэ тохиолдлын буюу сэлгээ хийхийн тулд вагон зүтгүүрийг өөр хооронд нь холбох үед тэдгээрийн хэн ямар үүрэгтэй, хэрхэн яаж оролцох талаар тусгайлан зааж өгөөгүй, холбох үүрэг нь туслах найруулагчид түүний ажлын байрны тодорхойлолтод заагдсан байдаг.

З.С-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шинжтэй байна. Гэтэл шүүх З.С-ын буруутай үйлдлийг тогтоогдсон мэт дүгнэн, түүнд хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, З.С-ыг цагаатгаж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Галбадрах гаргасан эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнэхгүйгээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, шүүгдэгч нарт ял завшуулж, шүүгдэгч нарын хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан байх тул магадлалыг эс зөвшөөрч байна. Ц.Т, А.Б, Э.Э нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төмөр замын тээврийн ба хөдөлгөөний ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон нь дараах баримтаар нотлогддог.

Ц.Т нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 164 дүгээр тушаалаар төмөр замын мэргэжлийн бус хүн болох амь хохирогч Б.Б-ыг туслах найруулагчийн ажилд авсан. Төмөр замын тээврийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний шууд холбоотой ажилд зохих сургалтад хамрагдаж, тухайн ажлыг гүйцэтгэх эрх авсан, эрүүл мэндийн хувьд тэнцсэн 18 насанд хүрсэн иргэнийг ажиллуулахаар заасан.

Мөн үүнийг Зам, тээврийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 271 дүгээр тушаалаар зохицуулсан. Шүүгдэгч Ц.Т, А.Б, Э.Э, З.С нар нь тэдний ажлын байрны тодорхойлолт, Төмөр замын тээврийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмаар тодорхойлсон төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн мөн юм. Шүүгдэгч А.Б, Э.Э нар төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүй, зөвхөн найруулагчийн өгч байгаа дохиог биелүүлэх үүрэгтэй байтал туслах найруулагчийн дохиогоор зүтгүүрийг хөдөлгөөнд оруулж Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34б, 10.34в, 10.35 дахь хэсэгт заасныг зөрчиж Б.Б-ын амь насыг хохироосон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. З.С нь Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 16.17, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.26-д заасан үүргээ гүйцэтгээгүй болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 01 дүгээр дүгнэлтээр нотлогдсон.

Шүүгдэгч Ц.Т, А.Б, Э.Э, З.С нар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй хэдий боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, илчит тэргэнд хийсэн үзлэгийн тэмдэглэл, цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, Улаанбаатар төмөр замаас ослыг шинжлэн судалсан баримтууд зэрэг хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ш.Цэдэн хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхийн магадлалын Ц.Т-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мэргэжлийн бус хүн ажилд авснаараа Ц.Т нь сахилгын арга хэмжээ авахуулж, ажил албан тушаал нь өөрчлөгдсөн байдаг. Харин А.Б, Э.Э нарт холбогдох хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Иймд А.Б, Э.Э нарт ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хэвээр үлдээх, мөн Ц.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.Т, А.Б, Э.Э, З.С нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ.

Анхан шатны шүүх Улаанбаатар төмөр замын Ч өртөөний дарга Ц.Т, машинч А.Б, туслах машинч Э.Э, найруулагч З.С нар нь “төмөр замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын байдлыг тогтоосон журам”-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тус өртөөнд туслах найруулагчаар ажиллаж байсан Б.Б нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 08 цаг 30 минутын орчим вагон залгах үед авто угсраанд хавчуулагдаж амь насаа алдсан гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэн дээрх нэр бүхий шүүгдэгч нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт 1 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд туслах найруулагчаар ажиллаж байсан Б.Б вагоны авто угсраанд хавчуулагдаж нас барахад түүний найруулагчаар ажиллаж байсан З.С нь хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолын З.С-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж, өртөөний дарга мэргэжлийн бус Б.Б-ыг ажилд авсан нь амь хохирогчийн нас барсантай шалтгаант холбоогүйн дээр машинч, туслах машинч нар нь холбогдох заавар, журмын дагуу буюу найруулагч З.С-ын заавраар ажиллахдаа туслах найруулагч Б.Б-ын дэлгэсэн шар дарцгаар өгсөн “урагшаа хөдөл” гэсэн дохиогоор вагон холбох үйлдэл хийсэн нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр Ц.Т, А.Б, Э.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон нийгэмд аюултай хор уршиг хооронд тогтсон, обьектив дотоод зайлшгүй харилцан хамаарлыг гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг. Шалтгаант холбоог “...хэрвээ тэгээгүй бол ...хор уршиг учрахгүй” гэж ерөнхийд нь тайлбарлах /sine qua nоn/ нь шалтгаант холбооны “шалтгаант холбоо бодитойгоор буюу гэмт хэргийн субьектын хүсэл зоригоос ангид байх”, “энэхүү холбоо нь дурын үзэгдлийн хооронд бус Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон хор уршгийн хоорондын холбоо байх”, “гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх” гэсэн шинжүүдийг үгүйсгэдэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хор уршиг бодитой учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул хориглосон үйлдэл, эс үйлдэхүй болон учирсан хор уршиг хоёрын шалтгаант холбоо хамаарал зайлшгүй тогтоогдсон байх ёстой.

Ц.Т нь Улаанбаатар төмөр замын Ч өртөөний даргаар ажиллаж байхдаа төмөр замын хөдөлгөөний болон ашиглалтын мэргэжилгүй, мэргэжлийн бус Б.Б-ыг өртөөний туслах найруулагчийн ажилд авч ажиллуулсан нь амь насаа алдах бодитой, зайлшгүй тохиолдлыг бий болгосон гэж үзэх үндэслэлгүй тул Ц.Т-гийн үйлдэл болон хүн нас барсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй байна.

Мөн вагоныг хөдөлгөсөн машинч А.Б, туслах машинч Э.Э нар нь найруулагч З.С-ын туслах найруулагч Б.Б-д өгсөн зааврын дагуу, Б.Б-ын дохиогоор вагоныг хөдөлгөснөөр хор уршиг бодитой учрах ёстой байсан, энэ нь зайлшгүй гэсэн нөхцөлийг бүрдүүлэхгүй юм.

Дээрх дүгнэлтээс үзэхэд, давж заалдах шатны шүүх Ц.Т, А.Б, Э.Э нарт холбогдох хэргийг үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Харин туслах найруулагчийнхаа ажилд хяналт тавьж, зааварчилгаа өгч байх ёстой З.С нь үүргээ хангалттай, зохих ёсоор биелүүлээгүй, туслах найруулагч Б.Б-ыг ганцааранг нь явуулж үүрэг гүйцэтгүүлсний улмаас Б.Б вагоны авто угсраанд хавчуулагдаж нас барсан нь анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд З.С-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч З.С-ын дээрх үйлдэл нь тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Төмөр замын байгууллагын ажилтан тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” буюу 217 дугаар зүйлийн 217.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед урьд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиас хөнгөн ялтай шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагдсан болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх зарчим, хэм хэмжээг баримтлан шүүгдэгч З.С-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа хууль буцаан хэрэглэх зарчмыг зөрчөөгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч З.С, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан гомдол, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Галбадрахын бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.С, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан гомдол болон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Галбадрахын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН