Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0192

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Д.Баттулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баярхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбат нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1070 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Баттулгын  нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1070 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Баттулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Д.Баттулгыг томилох тухай” дугаар Б/473 тоот тушаалыг хүчингүй болгож, Д.Баттулгыг урьд эрхэлж байсан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал унтраах, аврах 61 дүгээр ангийн захирагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал давж заалдах гомдолдоо: “...Д.Баттулга нь Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйл /Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх/-ийн 12.1.11-д заасан “банкинд данс нээх зөвшөөрлийг төсвийн байгууллагад олгох” гэсэн заалтыг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, арилжааны банкинд данс нээлгэн бэлэн мөнгө бусдад шилжүүлсэн, уг данснаас бэлэн мөнгө гаргуулан авдаг байсан, тухайлбал, байцаагч Г.Энхтүвшинд 2,8 сая төгрөг бэлнээр гаргуулан өгсөн /энэ талаар өөрөө хүлээн зөвшөөрч гараар тайлбар гаргасан/, ажлын байрны галын аюулгүй байдлын зөвшөөрлийг хуурамчаар үйлдэн аж ахуйн нэгж, байгууллагад 30-300 мянган төгрөгөөр олгосон зэрэг хууль бус үйлдлийг Онцгой байдлын ерөнхий газрын даргаар батлуулсан удирдамжийн дагуу албаны дотоод шалгалтаар илрүүлсэн.

Уг асуудлыг тус газрын Ёс зүйн хороо, Даргын зөвлөлийн хуралдаан, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар тус тус өөрийг нь байлцуулан хэлэлцэж, Д.Баттулгыг шилжүүлэн томилох талаар өөрт нь мэдэгдсэн зэрэг материалыг анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал шүүх хуралдаанд Д.Баттулгыг шилжүүлэн томилох болсон шалтгаан, уг арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлсэн талаар тайлбарласан.

Онцгой байдлын ерөнхий газраас Д.Баттулгад, өөрийг нь байлцуулан авсан дээрх арга хэмжээнүүд нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны б/473 дугаар тушаал гарахыг мэдэж байсныг баталгаажуулж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.2-т “хаяглагдсан этгээдэд захиргааны актын үндэслэл тодорхой, ойлгомжтой байгаа, эсхүл бодит нөхцөл байдал болон хууль зүйн үндэслэлийг өмнө нь мэдэж байсан бол захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заах шаардлага хамаарахгүй” гэж заасны дагуу уг захиргааны актыг гаргасан.

Гэтэл шүүхийн шийдвэрт “...захиргааны актыг гаргах болсон шалтгаан, үндэслэлээ ойлгомжтой, тодорхой заах гэсэн захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй” гэсэн нь дээрх нотлох баримтууд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.2-т нийцэж байгааг харгалзан үзээгүй шийдвэр гаргасан.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйл нь Төрийн нэг байгууллагаас нөгөө төрийн байгууллагад төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах талаарх заалт бөгөөд уг зохицуулалтыг тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 253 дугаар тогтоолын хавсралтаар журамласан.

Гэтэл шүүхийн шийдвэрт Д.Баттулгыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дотооддоо шилжүүлэн томилсныг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар тайлбарлаж, хуулийн буруу заалтыг хэрэглэсэн.

Хуурамч бичиг баримт үйлдсэн, албан тушаалаа хэтрүүлэн ашиглан, өөрт олгогдоогүй эрх эдлэн албаны бүрэн эрхээ хэтрүүлсэн, залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан нь Д.Баттулгыг шилжүүлэн томилох үндэслэл болсныг үл харгалзаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасныг үл хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1070 дугаар шийдвэрийг эргэн хянан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Д.Баттулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал унтраах, аврах 61 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байсан Д.Баттулгыг Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Ажилд томилох тухай” б/473 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст гал түймрийн улсын хяналтын байцаагчаар томилжээ.

Хариуцагч захиргааны албан тушаалтны дээрх шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй, нэхэмжлэгчийг өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилох болсон зайлшгүй шаардлагаа үндэслээгүй, Д.Баттулгын өөрийнх нь зөвшөөрлийг авалгүй ажил, албан тушаалыг өөрчлөн, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон байна.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлага үүссэн нөхцөлд түүнтэй тохиролцсоны үндсэн дээр өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно. Гэтэл хариуцагч нь Д.Баттулгыг өөр албан тушаалд шилжүүлэх талаар урьдчилан тохиролцоогүй байхаас гадна өөр ажилд шилжүүлэх зайлшгүй шаардлага байсан нь баримтаар тогтоогдоогүй, хуулийн дээрх шаардлага хангагдаагүй байна.

Хариуцагчийн “Д.Баттулгыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дотооддоо шилжүүлэн томилсон байхад Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг тайлбарлан үндэслэл болгосон нь буруу, хуулийн буруу заалтыг хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй юм. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт нь бүхэлдээ төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх харилцаанд үйлчлэх бөгөөд хариуцагчийн тайлбарлаж байгаачлан явцууруулж хэрэглэх үндэсгүй төдийгүй хуулийн дээрх үндэслэл, зохицуулалтаас гадуур төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах боломжгүй юм.

Түүнчлэн хариуцагчаас “Д.Баттулга нь хуурамч бичиг баримт үйлдсэн, албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан учир түүнийг шилжүүлэн томилсон” гэж марган гомдол гаргах боловч энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах үндэслэлд хамаарахгүй байна.

Иймээс төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах хуульд заасан үндэслэлээс гадуур нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхэд нь халдсан хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1070 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                 ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

                 ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

                 ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН