Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2018/01197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  А_Г 

Хариуцагч:  ОАЗД

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Га , О.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , гэрч Э.О, Э.Х , Д.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Орхон аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 5 жил ажиллаж байна. 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр энэ оны ээлжийн амралтаа аваад амарч байтал 3-нд аймгийн засаг даргын А/1 -р захирамжаар томилогдсон ажил хүлээлцэх комисс ирж миний ажлыг авч намайг үндэслэлгүйгээр ажлаас халж хохироосонд гомдолтой байна. Уг захирамжинд нилээд олон зөрчил дурдаж түүнийгээ үндэс болгон намайг ажлаас халлаа. Намайг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж ажилтан албан хаагчдаар цалингийн зээл авахуулж хувьдаа ашигладаг гэжээ. Би тийм сүрхий өндөр мэдэлтэй албан тушаалтан биш. Би нэг ч ажилтанаараа цалингийн зээл авахуулж мөнгийг нь авч байгаагүй. Хэрэв тийм бол би авлигын хэргээр шийтгүүлэхэд бэлэн байна. 2018 оны 03 дугаар сард ажилтан Д.Г аас 500 000 төгрөгийн зээлж аваад 5 дугаар сард төлчихсөн. Өөр ажилтанаас зээл авч байгаагүй. Үүнийг яаж ойлгохдоо цалингийн зээл авахуулж мөнгийг нь авч хувьдаа авч ашигласан гэж үзээд байгааг ойлгохгүй байна. 2013 онд сургуулийн багш Г гаас 3 000 000 төгрөг зээлж авсан. Г багш миний удирдлаганд ажилладаг хүн биш. Тэр надад мөнгө өгөхдөө миний охин Э.Х цалингийн зээлтэй юм чи сар бүр цалингийн зээлд 189 700 төгрөг төлж байгаарай гэж хэлсэн. Би Э.Х ий цалингийн зээлд сар бүр 189 700 төгрөг төлж байсан. Би цэцэрлэгийн багш Э.Х эс зээл авахуулж мөнгийг нь авч ашигласан гэж ташаа ойлгоод зөрчил гэж үзэж байгаад харамсаж байна. Би ёс зүйн зөрчил гаргасан бол улирал бүр авдаг урамшуулалаа хасуулах байсан. Ажилтан албан хаагчдыг ялгаварлаж харьцдаг хамт олны өмнө хэл амаар доромжилдог гэж бруутгажээ. Ажилтаныхаа дутагдалыг хэлсэний төлөө буруутгасанд харамсаж байна. Багшийн ёс зүйн зөрчил гаргасан гэж буруутгажээ. Би сурганы хичээл заалгасан багш хүн надад багшийн ёс зүйг зөрчдөг дутагдал байхгүй. Намайг ээлжийн амралттай байхад ажлаас халж хуулийг ноцтой зөрчлөө. Би хөдөлмөрийн гэрээнд заасан хариуцлага хүлээх зөрчил гаргаагүй. Би ажлаас үндэслэлгүй халагдсандаа гомдолтой байна. Иймд намайг ажилд минь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ОЗД д холбогдуулан иргэн А.Г гоос гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст маш нууц /гарт нь/ гэсэн өргөдөл ирсэн. Өргөдөлд Орхон аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Г той холбоотой асуудлыг дурдсан байсан. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасны дагуу тус цэцэрлэгийн багш, ажилчидтай уулзаж өргөдөлд дурдсан асуудлаар хяналт хийж, тэмдэглэл хөтөлсөн. Хяналтаар Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Г нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан ажилтан, алба хаагчдаас цалингийн зээл авахуулж, хувьдаа ашигладаг, ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргаж ажилтан, албан хаагчдыг ялгаварлаж харилцдаг, хамт олны өмнө хэл амаар доромжилдог зэрэг удирдах ажилтан болон багшийн ёс зүйг зөрчсөн тул Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/1 дугаар захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хүргүүлсэн болно. Мөн нэхэмжлэгч А.Г нь ээлжийн амралттай байсан хэмээн нэхэмжлэлдээ дурджээ. Аймгийн Засаг дарга төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй үүднээс төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч нарын 2018 оны ээлжийн амралтын хуваарь баталсан нь албан хаагч тэр өдрөөс амарна гэсэн ойлголт биш юм. Учир нь хүндэтгэн үзэх шалтгаанаар эсхүл ажлын зайлшгүй шаардлагаар батлагдсан хуваариас өмнө, хойно амраах зохицуулалтыг эрх бүхий албан тушаалтан хийдэг. Жаргалант сумын түүхт 40 жилийн ойг 2018 оны 07 дугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд тэмдэглэхтэй холбогдуулан сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/86 дугаар захирамж гарч баяр наадмын бэлтгэл хангах, зохион байгуулах комиссыг байгуулсан. Уг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг ойг тэмдэглэж дуусах хүртэл төрийн албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийг хойшлуулж, ажлаа хэвийн явуулж, албан үүргээ гүйцэтгэхийг Засаг даргын шуурхай хурал дээр нийтэд мэдээллэж үүрэг болгосон байдаг. Нэхэмжлэгч А.Г гийн нэхэмжлэлд дурдсан зүйлс нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Г хариуцагч ОЗД д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасан.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч А.Г Орхон аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр томилогдон 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Засаг даргын А/1 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Орхон аймгийн Засаг даргын захирамж, Хөдөлмөрийн гэрээ, А.Г гийн *** дугаарын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тус тус нотлогдож байна. /хх 4, 9-10, 135/

Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/1 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжаар Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Г нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан ажилтан, албан хаагчдаас цалингийн зээл авахуулж, хувьдаа ашигладаг, ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргаж ажилтан, албан хаагчдыг ялгаварлаж харилцдаг, хамт олны өмнө хэл амаар доромжилдог зэрэг удирдах ажилтан болон багшийн ёс зүйг зөрчсөн нь тогтоогдсон тул 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Уг захирамжийн үндэслэлд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 3.1, 4.2 /д/ хэсэгт заасан заалтыг удирдлага болгосон байна.

Нэхэмжлэгч А.Г захирамжийг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ: Би албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан ажилтан, албан хаагчдаас цалингийн зээл авахуулж, хувьдаа ашигласан зүйл байхгүй. Энэ бол иргэд хоорондын зээлийн харилцаа байсан. Э.Х багшаас зээл аваагүй түүний ээжээс зээл авч, охиных нь зээлийн төлөлтөөр зээлээ хааж дуусгасан. Д.Г аас мөн адил зээл авч 6 сард төлж дуусгасан. Ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргаж ажилтан, албан хаагчдыг ялгаварлаж харилцдаг, хамт олны өмнө хэл амаар доромжилдог үйлдэл гаргаж байгаагүй, удирдах албан тушаалтны хувьд зохих шаардлага тавьсан минь дарамт шахалт мэт зарим хүнд хүрсэн байна. Удирдах ажилтан болон багшийн ёс зүйг зөрчсөн нь тогтоогдсон гэсэн байна. Энэ талаар ямар нэгэн баримтгүй, комиссын дүгнэлттэй танилцаагүй болно. Ээлжийн амралттай байхад ажлаас халсан нь буруу байх тул шүүхэд хандсан, ажилгүй байсан хугацааны олговор 4 322 965 төгрөг гэж тодруулан тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч А.Г нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн амрах хуваарьтай байсан болох нь Орхон аймгийн Засаг даргын төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгчдийн 2018 оны ээлжийн амралтын хуваариар, мөн гэрч Э.О ы ...ээлжийн амралтыг нэгдсэн журмаар аймгийн Засаг даргын баталсан хуваарийн дагуу боддог. 30 хоног амрах ёстой бөгөөд 7 сарын 02-ны өдрөөс байсан гэх мэдүүлэгээр нотлогдож байна.

Хариуцагчийн төлөөлөгчөөс Жаргалант сумын 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/86 дугаар захирамж гарсан. Зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг ойн арга хэмжээг дуусах хүртэл ээлжийн амралтын хуваарийг хойшлуулж, ажлаа хэвийн явуулж, албан үүргээ гүйцэтгэхийг шуурхай хурал дээр нийтэд мэдээллэж үүрэг болгосон гэж тайлбарлаж байх боловч хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн захирамжинд сумын түүхт 40 жилийн ойг 2018 оны 07 дугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ, баяр наадмын бэлтгэл хангах зохион байгуулах комиссыг бүрэлдэхүүнээр томилж, зарцуулах хөрөнгө, өндөр түвшинд зохион байгуулж явуулахыг комиссын даргад даалгаж, тайланг 2018 оны 08 дугаар сарын 01-ний дотор ирүүлэхийг даалгажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар зохицуулсан байх бөгөөд мөн хуулийн 35.1.2-т ээлжийн амралттай байгаа хугацаа үүнд хамааралтай байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

Хариуцагч нь А.Г гийн гаргасан удирдах ажилтан болон багшийн ёс зүйг зөрчсөн зөрчил нь тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа энэ талаар холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, ёс зүйн зөрчлийг шалгасан комиссын дүгнэлтийг А.Г д танилцуулаагүй байх тул тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч А.Г г Орхон аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2 230 767 төгрөг олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Ажилгүй байсан хугацаа 77 хоног /амралт, баярын өдрүүдийг хасч тооцов/, үндсэн цалин 622 878 төгрөг /хөдөлмөрийн гэрээ болон, цалингийн тодорхойлолтоор/, 1 өдөрт 28 971 төгрөг /622 878/21.5 хоног/ нийт 2 230 767 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2 092 198 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас 120 842 төгрөг /70 200+50 642/ гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Г г Орхон аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгийн *** ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2 230 767 төгрөгийг Орхон аймгийн ЗДТГ-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, олговороос зохих суутгал хийж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 2 092 198 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Орхон аймгийн ЗДТГ-аас 120 842 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Л.АРИУНЦЭЦЭГ