Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 0006

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г-гийн нэхэмжлэлтэй хариуцагч

О аймгийн Засаг даргад холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдсан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/01197 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О аймгийн Засаг даргад холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г- би О аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 5 жил ажиллаж байна. 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр энэ оны ээлжийн амралтаа аваад амарч байтал 3-нд аймгийн Засаг даргын А/431 дугаар захирамжаар томилогдсон ажил хүлээлцэх комисс ирж миний ажлыг авч намайг үндэслэлгүйгээр ажлаас халж хохироосонд гомдолтой байна. Уг захирамжинд нилээд олон зөрчил дурдаж түүнийгээ үндэс болгон намайг ажлаас халлаа. Намайг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж ажилтан албан хаагчдаар цалингийн зээл авахуулж хувьдаа ашигладаг гэжээ. Би тийм сүрхий өндөр мэдэлтэй албан тушаалтан биш. Би нэг ч ажилтнаараа цалингийн зээл авахуулж мөнгийг нь авч байгаагүй. Хэрэв тийм бол би авилгын хэргээр шийтгүүлэхэд бэлэн байна. 2018 оны 03 дугаар сард ажилтан Г-эс 500.000 төгрөгийн зээлж аваад 5 дугаар сард төлчихсөн. Өөр ажилтнаас зээл авч байгаагүй. Үүнийг яаж ойлгохдоо цалингийн зээл авахуулж мөнгийг нь авч хувьдаа авч ашигласан гэж үзээд байгааг ойлгохгүй байна. 2013 онд сургуулийн багш Гандиймаагаас 3.000.000 төгрөг зээлж авсан. Гандиймаа багш миний удирдлагад ажилладаг хүн биш. Тэр надад мөнгө өгөхдөө миний охин Х цалингийн зээлтэй юм чи сар бүр цалингийн зээлд 189.700 төгрөг төлж байгаарай гэж хэлсэн. Би Э.Ховор-Эрдэний цалингийн зээлд сар бүр 189.700 төгрөг төлж байсан. Би цэцэрлэгийн багш Э-ээс зээл авахуулж мөнгийг нь авч ашигласан гэж ташаа ойлгоод зөрчил гэж үзэж байгаад харамсаж байна. Би ёс зүйн зөрчил гаргасан бол улирал бүр авдаг урамшууллаа хасуулах байсан. Ажилтан албан хаагчдыг ялгаварлаж харьцдаг хамт олны өмнө хэл амаар доромжилдог гэж буруутгажээ. Ажилтныхаа дутагдлыг хэлсний төлөө буруутгасанд харамсаж байна. Багшийн ёс зүйн зөрчил гаргасан гэж буруутгажээ. Би хичээл заалгасан багш хүн надад багшийн ёс зүйг зөрчдөг дутагдал байхгүй. Намайг ээлжийн амралттай байхад ажлаас халж хуулийг ноцтой зөрчлөө. Би Хөдөлмөрийн гэрээнд заасан хариуцлага хүлээх зөрчил гаргаагүй. Би ажлаас үндэслэлгүй халагдсандаа гомдолтой байна. Иймд намайг ажилд минь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

О аймгийн Засаг даргад холбогдуулан иргэн Г-гоос гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтэст маш нууц /гарт нь/ гэсэн өргөдөл ирсэн. Өргөдөлд О аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г-той холбоотой асуудлыг дурдсан байсан. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасны дагуу тус цэцэрлэгийн багш, ажилчидтай уулзаж өргөдөлд дурдсан асуудлаар хяналт хийж, тэмдэглэл хөтөлсөн. Хяналтаар Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г- нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан ажилтан, алба хаагчдаас цалингийн зээл авахуулж, хувьдаа ашигладаг, ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргаж ажилтан, албан хаагчдыг ялгаварлаж харилцдаг, хамт олны өмнө хэл амаар доромжилдог зэрэг удирдах ажилтан болон багшийн ёс зүйг зөрчсөн тул Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/431 дугаар захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн авилгын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хүргүүлсэн болно. Мөн нэхэмжлэгч Г- нь ээлжийн амралттай байсан хэмээн нэхэмжлэлдээ дурджээ. Аймгийн Засаг дарга төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй үүднээс төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч нарын 2018 оны ээлжийн амралтын хуваарь баталсан нь албан хаагч тэр өдрөөс амарна гэсэн ойлголт биш юм. Учир нь хүндэтгэн үзэх шалтгаанаар эсхүл ажлын зайлшгүй шаардлагаар батлагдсан хуваариас өмнө, хойно амраах зохицуулалтыг эрх бүхий албан тушаалтан хийдэг. Жаргалант сумын түүхт 40 жилийн ойг 2018 оны 07 дугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд тэмдэглэхтэй холбогдуулан сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/86 дугаар захирамж гарч баяр наадмын бэлтгэл хангах, зохион байгуулах комиссыг байгуулсан. Уг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг ойг тэмдэглэж дуусах хүртэл төрийн албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийг хойшлуулж, ажлаа хэвийн явуулж, албан үүргээ гүйцэтгэхийг Засаг даргын шуурхай хурал дээр нийтэд мэдээлэлж үүрэг болгосон байдаг. Нэхэмжлэгч Г-гийн нэхэмжлэлд дурдсан зүйлс нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/01197 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г-г О аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2.230.767 төгрөгийг О аймгийн ЗДТГ-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, олговроос зохих суутгал хийж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 2.092.198 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, О аймгийн ЗДТГ-аас 120.842 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Г-гийн нэхэмжлэлтэй О аймгийн Засаг даргад холбогдох Иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн О аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/01197 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Г- нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан ажилтан, алба хаагчдаас цалингийн зээл авахуулж хувьдаа ашигладаг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тул сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ үйлдэлтэй нь холбогдуулан мэдээллийг Авилгын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу холбогдох баримтын хамт Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хүргүүлсэн байсан. Г- нь сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүссэн. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Авлигатай тэмцэх газраас холбогдох нотлох баримтуудыг гаргуулахаар шүүхэд гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн Г-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хурал 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09:00 цагт товлогдсон бөгөөд тухайн үед зохигчдын гаргасан хүсэлтийн дагуу Авлигатай тэмцэх газраас холбогдох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаж ирээгүй байсан. Анхан шатны шүүх Авлигатай тэмцэх газраас шуудангаар явуулсан нотлох баримтууд ирж амжаагүй байна хэмээн тайлбарлаж, хаанаас, хэнээс ирсэн, нийт хэдэн хуудас баримт ирэх байсан, тэдгээр нь бүрэн гүйцэд ирсэн эсэх нь мэдэгдэхгүй Авлигатай тэмцэх газраас шүүгчийн туслахад мэйлээр ирсэн гэх Авлигатай тэмцэх газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажаагүй зүгээр л хувилсан мэт баримтыг хэрэгт хавсаргаж түүнийгээ үнэлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хуульд заасан үндэслэлийн дагуу Авлигатай тэмцэх газраас зохигчдын хүсэлтэнд дурдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаж ирсэний дараа хурлаа хийх талаар хүсэлт гаргахад шүүх хүсэлтийг хүлээж авалгүй хуралдааныг үргэлжлүүлэн хийж 142/ШШ2018/01197 дугаартай шийдвэр гаргасан. Ийнхүү шийдвэр гаргахдаа анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г- нь хариуцагч О аймгийн Засаг даргад холбогдуулан цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Г- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ О аймгийн засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/431 дугаартай захирамжинд үндэслэн тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Г- нь О аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр томилогдон ажиллаж байгаад 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/431 дугаар захирамжаар эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Г- нь О аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/431 дугаар захирамжаар албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан ажилтан албан хаагчдаар цалингийн зээл авахуулж хувьдаа ашигласан ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргаж ажилтныг ялгаварлан харьцдаг, хамт олны өмнө хэл амаар доромжилдог зэрэг удирдах ажилтны болон багшийн ёс зүйг зөрчсөн нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөгджээ.

Анхан шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэгч Г-гийн гаргасан удирдах ажилтан болон багшийн ёс зүйг зөрчсөн зөрчил нь тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, ёс зүйн зөрчлийг шалгасан дүгнэлтийг танилцуулаагүй тул ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2.-т заасан ээлжийн амралттай байхад нь ажлаас чөлөөлсөн гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэгч Г-г цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан зохицуулалтанд нийцсэн байна.

Нэхэмжлэгч Г- цэцэрлэгийн ажилтнуудаар цалингийн зээл авахуулж хувьдаа ашигладаг, ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргаж ажилтан албан хаагчдыг ялгаварлан харьцдаг, хамт олны өмнө хэл амаар доромжилдог зэрэг удирдах ажилтан болон багшийн ёс зүйг зөрчсөн зөрчил гаргасан болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1.-д заасныг зөрчиж ээлжийн амралттай байх хугацаанд нь ажлаас чөлөөлсөн нь буруу тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн нотлох баримтуудыг шаардлага хангаагүй хуулбар хувь баримт гэж үзэх боломжгүй ба уг нотлох баримтуудад авлигатай тэмцэх газрын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсан нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасан шаардлага хангасан нотлох баримт байна.

Иймд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/01197 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдсан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                      Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                         Б.БАТТӨР

ШҮҮГЧ                                                                              С.УРАНЧИМЭГ