Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 151/ШЗ2022/00184

 

 

 

 

 

  2022         02             14                                       151/ШЗ2022/00184

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ажилчны, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн төв байр хаягт бүртгэлтэй Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба /ТБАГ/, төлөөлөх эрхтэй этгээд: О.Сумъяасүрэн

Хариуцагч: .....  хаягт бүртгэлтэй “Ц-Ө” ХХК, төлөөлөх эрхтэй этгээд: С.Б  

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 37,500,000 төгрөгийг гаргуулах тухай,

Нэхэмжлэлд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Нарантуул,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Дэлгэрсайхан, Ө.Оргил,

Төрийг төлөөлж прокурор: Д.Нэргүй,

Гэрч: С.Бат-Өлзий,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батмандал.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг: “Мал хамгаалах сан болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгө, өглөг авлагыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба болгон өөрчлөн байгуулж шилжүүлсэн.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сан нь 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Эрчимжсэн аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “ЭМААХДХ”-2013/ҮАА/08 тоот “Цэвэр сүү” төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон зээлдэгчид 25,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, зээлийн хүү жилд 2,4 хувь, сард 0,2 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн.

“ЭМААХДХ”-2013/ҮАА/08 тоот зээлийн барьцааны гэрээг мөн өдөр байгуулж, “Чацаргана болон тариалангийн зориулалттай газар, Төв аймгийн Эрдэнэ сумын 5-р баг, Нуурын хөндий байрлах 100 га талбайтай Г-1423002947 улсын бүртгэлийн дугаартай эзэмшлийн газрыг барьцаалсан.

...Хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ төлж барагдуулахгүй байх тул үндсэн төлбөр 25,900,000 төгрөг, алданги 12,950,000 төгрөг, нийт 38,850,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж: “...Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сан нь 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Эрчимжсэн аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “ЭМААХДХ”-2013/ҮАА/08 тоот “Цэвэр сүү” төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон зээлдэгч “Ц-Ө” ХХК-д 25,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, зээлийн хүүд жилд 2,4 хувь, сард 0,2 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Барьцаанд эзэмшлийн газар бариулсан учир барьцаа хөрөнгөд шаардлага гаргаагүй. Иймд зээлийн гэрээний үндсэн үүрэгт 25,000,000 төгрөг, алдангид 12,500,000 төгрөг, нийт 37,500,000 төгрөгийг хариуцагч “Ц-Ө” ХХК-аас гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайхан шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан татгалзлын үндэслэлээ: “Ц-Ө ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ЭМААХДХ-2013/ҮAA/08 тоот зээлийн гэрээгээр Мал хамгаалах сангаас “Цэвэр сүү төслийг хэрэгжүүлэх зорилгоор 25,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 2,4 хувийн хүүтэйгээр авч, зээлийн барьцаанд “Ц-Ө ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг, Нуурийн хөндий нэртэй газарт байрлах 100 га талбайг бариулсан барьцааны гэрээг байгуулсан.

Зээлийн гэрээний 3.1, 5.1.5 дахь заалт болон гэрээний хавсралтад заасны дагуу "Ц-Ө" ХХК нь авсан зээлээ 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс ... 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 5,130,000 төгрөг тус тус төлөх замаар бүрэн барагдуулах үүргийг хүлээсэн байдаг.

Гэвч зээлийг буцаан төлөх хугацаанд орон нутагт малын гоц халдварт өвчин гарах, зун ган, өвөл зуд болох зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас үхэр мал өвчин тусах, өвс ногоо, идэш тэжээл олдохгүй болох, малаа тэжээхэд шаардагдах өвс, тэжээл авах мөнгөгүй болсноос мал хорогдох, гарсан сүү шим тэжээлгүй, чанарын шаардлага хангахгүй байх зэргээр санхүүгийн хувьд маш хүнд байдалд орж, авсан зээлээсээ буцаан төлөх бүү хэл мал аж ахуйгаа цаашид авч явах боломжгүй хүнд нөхцөлд орсон.

Тухайн зээлээр авсан санхүүжилтийн үр дүнд Ц-Ө ХХК-ийн хэрэгжүүлсэн төсөл амжилтгүй болсон, зээлээс нэг ч төгрөг эргүүлэн төлж чадаагүй, Мал хамгаалах сангаас зээл төлөлтийн талаар огт холбогдож байгаагүй тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулсан гэж тухайн үедээ ойлгосон ч ийнхүү барагдаагүй болохыг сая нэхэмжлэлийг хүлээн авснаар мэдлээ.

Зээлийн гэрээнд заасан хуваарь ёсоор Мал хамгаалах сан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.3-т тус тус зааснаар ...2021 оны 7 дугаар сарын 01-ний дотор шаардах эрхтэй байсан ч, ийнхүү шаардаагүй, хуулиар тогтоосон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт өнгөрсөн байна.

Зээлдүүлэгчийн эрх, үүргийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.9-д заасны дагуу шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байгаа боловч энэ нь

хуулиар тогтоосон гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг түр зогсоох, тасалдуулах үндэслэл болохгүй.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.5-д үүрэг гүйцэтгэгч нь шаардах эрх шилжих тухай мэдэгдэл хүлээн авах үеийн бүх татгалзал, хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй гэж заасан тул хариуцагчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

Иймд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд прокурор Д.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан эрх үүргийн дагуу “Ц-Ө” ХХК-д холбогдох иргэний хэрэгт оролцож байна. Өнөөдөр шүүхэд гэрчээр оролцсон С.Бат-Өлзийгийн мэдүүлгээс дүгнэлт хийхэд 2012, 2013 онуудад “Ц-Ө” ХХК-ийн захирал Батжаргал гэдэг хүн дараалан зээл авсан. Зээл авсан нь тогтоогдож байна. 2017, 2019 онд 2012 оны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр гарсан. 2013 оны зээлийг нөхөн төлүүлэхээр шаардаж байсан талаар гэрч С.Бат-Өлзий нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн. Энэ гэрчийн  мэдүүлгийг миний хувьд үнэлж байна. Гэрчийн мэдүүлгээс дүгнэлт хийхэд 2013 оны зээлийг гэрээний үүргийг шаардаж байсан. Хариуцагч Б нь зээлийг төлөхөө илэрхийлж хугацаа авах хүсэлт гаргаж байсныг гэрч тодорхой хэлсэн. Иймд гэрчийн мэдүүлгийг үндэслээд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэсэн заалтыг үндэслэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна гэж үзэж байна. Иймд мөн хуулийн 82 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байна гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага 37,500,000 төгрөгийг “Ц-Ө” ХХК-аас гаргуулах саналыг гаргаж байна” гэв.

4.Нотлох баримт:

Нэхэмжлэгч талаас: “Ц-Ө” ХХК-ийн тооцоо нийлсэн акт /хх-4/, зээлийн гэрээ /хх-5-7/, барьцааны гэрээ /хх-8-12/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-13/, Монгол улсын Засгийн газрын тогтоол /хх-14/, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал /хх-15/, өглөг авлагын дэлгэрэнгүй журнал /хх-56-58/, ЭМААХДХ-2012/3/08 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, түүний шийдвэр гүйцэтгэлтэй холбогдох баримтууд /хх-70-98/

Хариуцагч талаас: “Ц-Ө” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-19/, “Ц-Ө” ХХК-ийн дүрэм /хх-20-21/, итгэмжлэл /хх-25/, хариу тайлбар /хх-26-27/, мал хорогдсон тухай тодорхойлолтууд /хх-33-34/, мал...тооллогын баримтууд /хх-38/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

“Ц-Ө” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг нотлох хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагааг улсын бүртгэлийн байгууллагаас шүүх бүрдүүлсэн байна. /хх-61-62/

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Мал хамгаалах сан болон Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөрөнгө, өглөг, авлагыг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд шилжүүлсэн учир нэхэмжлэл гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагч “Ц-Ө” ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “ЭМААХДХ”-2013/ҮАА/08 тоот “Цэвэр сүү” төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон зээлдэгчид 25,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, зээлийн хүү жилд 2,4 хувь, сард 0,2 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 38,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг, алдангид 12,500,000 төгрөг, нийт 37,500,000 төгрөгийг шаардаж, нэхэмжлэлээ 1,350,000 төгрөгөөр багасган шаардаж байна. /хх-1-2/

3.Хариуцагч “Ц-Ө” ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: ...“төслөөр 22 үхэр худалдан авсан нь бүгд үхсэн, төсөл амжилтгүй болсноос талуудын хооронд 2013 оны 7 дугаар сард байгуулагдсан гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх хуваарийн дагуу нэг ч удаа төлбөр төлөөгүй, хариуцагч гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулсан гэж бодсон, нэхэмжлэгчээс шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж маргаж байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө.

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлаар О.Сумъяасүрэнг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба хуулийн этгээдийг шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр Э.Нарантуулд /хх-13, 3/,

Хариуцагч “Ц-Ө” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар С.Батжаргалыг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба хуулийн этгээдийг шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр Ө.Оргил, Г.Дэлгэрсайхан нарт /хх-62, 25/ олгосон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч “Ц-Ө” ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сангаас “Цэвэр сүү” төслийг хэрэгжүүлэх зорилгоор 25,000,000 /хорин тавин сая/ төгрөгийг 60 сар /5 жил/-ын хугацаатай, жилийн 2.4 хувь, сард 0,2 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн барьцаанд Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг, Нуурын хөндий гэх газар байрлах 100 га талбайтай, “Ц-Ө” ХХК-ийн эзэмшлийн улсын бүртгэлийн Г-1423002947 дугаартай газрыг барьцаалуулсан болох нь хэрэгт авагдсан “ЭМААХДА”-2013/ҮАА/08 дугаартай зээлийн болон барьцааны гэрээний хуулбараар нотлогдон тогтоогдож байна. /хх-ийн 5-12 хуудас/

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний хуульд заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Мал хамгаалах сан нь зээлдэгч “Ц-Ө” ХХК 25,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, зээлдэгч “Цант-Өргөө” ХХК нь зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг талуудын гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу хийгээгүй нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

“Ц-Ө” ХХК нь 2012 онд болон 2013 онд Мал хамгаалах сантай зээлийн гэрээг тус тус байгуулсан байх ба нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тооцоо нийлсэн актад тусгагдсан 3,850,000 төгрөгийн төлөлт нь 2012 оны гэрээний үүргийн гүйцэтгэлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмын дагуу төлөгдсөн болохыг талууд хүлээн зөвшөөрч, энэ талаар мөн маргахгүй байна. /хх-4/

Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь 2013 онд Мал хамгаалах сангаас авсан зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгийг хүүгийн хамт гэрээний хавсралтад заасан хугацаанд буюу 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор хуваарийн дагуу буцаан өгөх үүргээ биелүүлээгүй буюу гэрээний үүргээ цаг хугацаанд нь, зохих ёсоор биелүүлэх үүргээ зөрчжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээ “сүүний чиглэлийн 22 үнээ худалдаж авсан нь ган, зуд, өвс тэжээлийн дутагдал, халдварт өвчний улмаас үхсэн гэж тайлбарлан, тухайн тайлбарыг нотлохоор “Цэмбэл” ХХК-ийн “...манай мал эмнэлэгтэй гэрээ байгуулан ажиллаж байсан. ... хавар тугалд булчин цайх, зун нь цусан халдвар өвчнөөр тугал хорогдох, ... зэргээр үнээ хорогдож байсан” гэх тодорхойлолт, Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн Засаг даргын “2015, 2016 онд зуд болж, мал хорогдсон” гэх тодорхойлолт, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2014-2017 оны тооллогын баримтуудыг ирүүлсэн нь ямар зүстэй, хэдэн настай, ямар үүлдэрийн үнээг хэдэн төгрөгөөр худалдан авсан, ямар өвчний улмаас хорогдсон, байгалийн давагдашгүй хүчин зүйл хэзээ үүсч, хэрхэн үргэлжилсэн, түүнд хэрхэн нэрвэгдсэн, хариуцагчид ямар бодит хохирол учирсныг нотлохгүй, хариуцагчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй байна. /хх-33-38/

 7.2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр батлагдаж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөгдсөн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-аар Мал хамгаалах санг татан буулгаж, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд: ... Мал хамгаалах сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг, авлагыг Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлнэ, гэж заасан байх ба Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын

08-ны өдрийн 16 дугаар тогтоол, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 02 сарын 07-ны өдрийн А-49 дүгээр тушаалаар Мал хамгаалах сангаас Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлсэн хөрөнгө, өглөг, авлагыг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд шилжүүлсэн байна. /хх-ийн 14-15/

Иймд Иргэний хуулийн 123-р зүйлийн 123.9-д “Хуульд зааснаар буюу төрийн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шаардах эрхээ шилжүүлэхэд энэ зүйлд заасан журам нэгэн адил хамаарна” гэж, мөн зүйлийн 123.6-д “Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчил шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ” гэж зааснаар Мал хамгаалах сангаас олгосон зээлийн хөрөнгийг нэхэмжлэх, шаардах эрх Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд шилжсэн байна.

8.Ийнхүү шаардах эрх шилжсэнээр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанаас “Ц-Ө” ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “ЭМААХДА”-2013/ҮАА/08 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч “Ц-Ө” ХХК-д холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.    

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан.

Зээлдүүлэгч буюу Мал хамгаалах сан, хожим үүргийг шилжүүлэн авсан нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 60 сарын хугацаатай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс шаардах эрх үүссэн байх ба түүнээс хойш 3 жилийн хугацаанд 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр шаардах эрхтэй байжээ.

9.Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих ажлын алба нь хариуцагч “Ц-Ө” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй захирал С.Батжаргалыг 2013 оны талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу үүссэн төлбөрөө төлөхийг шаардаж байсан, төлөлтийг хойшлуулж байсан гэх тайлбараа нотлох, “хариуцагчийн нэг ч удаа зээлээ төлөх”-ийг шаардаагүй гэх хариу тайлбарыг няцаах үүргийн хүрээнд гэрчээр С.Бат-Өлзийг асуулгасан боловч гэрчийн мэдүүлгийг нотлох буюу зээл олгогч Мал хамгаалах сан, шаардах эрхийг шилжүүлэн авсан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанаас хариуцагчийг дуудсан, мэдэгдэл хүргүүлсэн, үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардсан, төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргасан болохыг нотлох уулзалтын тэмдэглэл, хүсэлт болон бусад бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, нотлогдон тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, төрийг төлөөлөн гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурор нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох үндэслэлд хамаарах үүргийн гүйцэтгэлийн хойшлуулсан, эсвэл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэж заасан.

Нэхэмжлэгч тал, хариуцагчаас үүргээ биелүүлэх шаардлага гаргахад нэхэмжлэгчид ямар нэгэн саад бэрхшээлтэй, хүсэл зоригоос гадуур даван туулж чадахааргүй нөхцөл байдал үүссэн нь шүүхийн хэлэлцүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх хөөн хэлэлцэх хугацаа, түүний тоолох журмыг өөрчлөх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хариуцагч нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзсан татгалзал үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны хариуцагч “Ц-Ө” ХХК-аас 37,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан “Ц-Ө” ХХК-д холбогдох нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны зээлийн гэрээний үүрэгт 37,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.МӨНХБҮРЭН