Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 223/МА2021/00021

 

                                                          

 

 

 

      2022         05              11                                             223/МА2022/00021

 

 

.........

албаны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2022/00184 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч .........албаны нэхэмжлэлтэй,

Хариуцагч .........ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 37,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .........ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оргил /онлайн/, прокурор Д.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

Нэхэмжлэгч .........алба нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Мал хамгаалах сан болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгө, өглөг авлагыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор .........алба болгон өөрчлөн байгуулж шилжүүлсэн.

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сан нь 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Эрчимжсэн аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр-ийн хүрээнд ЭМААХДХ-2013/ҮАА/08 тоот Цэвэр сүү төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон зээлдэгчид 25,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, зээлийн хүү жилд 2,4 хувь, сард 0,2 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн.

 

ЭМААХДХ-2013/ҮАА/08 тоот зээлийн барьцааны гэрээг мөн өдөр байгуулж, Чацаргана болон тариалангийн зориулалттай газар, Төв аймгийн Эрдэнэ сумын 5-р баг, Нуурын хөндийд байрлах 100 га талбайтай Г-1423002947 улсын бүртгэлийн дугаартай эзэмшлийн газрыг барьцаалсан.

 

...Хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ төлж барагдуулахгүй байх тул үндсэн төлбөр 25,900,000 төгрөг, алданги 12,950,000 төгрөг, нийт 38,850,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж: ...Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сан нь 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Эрчимжсэн аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр-ийн хүрээнд ЭМААХДХ-2013/ҮАА/08 тоот Цэвэр сүү төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон зээлдэгч .........ХХК-д 25,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, зээлийн хүүд жилд 2,4 хувь, сард 0,2 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Барьцаанд эзэмшлийн газар барьцаалагдсан байгаа учир барьцаа хөрөнгөд шаардлага гаргаагүй. Иймд зээлийн гэрээний үндсэн үүрэгт 25,000,000 төгрөг, алдангид 12,500,000 төгрөг, нийт 37,500,000 төгрөгийг хариуцагч .........ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .........шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлээ: .........ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ЭМААХДХ-2013/ҮAA/08 тоот зээлийн гэрээгээр Мал хамгаалах сангаас Цэвэр сүү төслийг хэрэгжүүлэх зорилгоор 25,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 2,4 хувийн хүүтэйгээр авч, зээлийн барьцаанд .........ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг, Нуурын хөндий нэртэй газарт байрлах 100 га талбайг барьцаалж,  барьцааны гэрээг байгуулсан.

 

Зээлийн гэрээний 3.1, 5.1.5 дахь заалт болон гэрээний хавсралтад заасны дагуу "Цант Өргөө" ХХК нь авсан зээлээ 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс ...2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 5,130,000 төгрөг тус тус төлөх замаар бүрэн барагдуулах үүргийг хүлээсэн байдаг.

 

Гэвч зээлийг буцаан төлөх хугацаанд орон нутагт малын гоц халдварт өвчин гарах, зун ган, өвөл зуд болох зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас үхэр мал өвчин тусах, өвс ногоо, идэш тэжээл олдохгүй болох, малаа тэжээхэд шаардагдах өвс, тэжээл авах мөнгөгүй болсноос мал хорогдох, гарсан сүү шим тэжээлгүй, чанарын шаардлага хангахгүй байх зэргээр санхүүгийн хувьд маш хүнд байдалд орж, авсан зээлээсээ буцаан төлөх нь бүү хэл мал аж ахуйгаа цаашид авч явах боломжгүй хүнд нөхцөлд орсон.

 

Тухайн зээлээр авсан санхүүжилтийн үр дүнд .........ХХК-ийн хэрэгжүүлсэн төсөл амжилтгүй болсон, зээлээс нэг ч төгрөг эргүүлэн төлж чадаагүй. Мал хамгаалах сангаас зээл төлөлтийн талаар огт холбогдож байгаагүй тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулсан гэж тухайн үедээ ойлгосон ч ийнхүү барагдаагүй болохыг сая нэхэмжлэлийг хүлээн авснаар мэдлээ.

 

Зээлийн гэрээнд заасан хуваарь ёсоор Мал хамгаалах сан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.3-т тус тус зааснаар ...2021 оны 7 дугаар сарын 01-ний дотор шаардах эрхтэй байсан ч, ийнхүү шаардаагүй, хуулиар тогтоосон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт өнгөрсөн байна.

 

Зээлдүүлэгчийн эрх, үүргийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.9-д заасны дагуу шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байгаа боловч энэ нь хуулиар тогтоосон гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг түр зогсоох, тасалдуулах үндэслэл болохгүй.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.5-д үүрэг гүйцэтгэгч нь шаардах эрх шилжих тухай мэдэгдэл хүлээн авах үеийн бүх татгалзал, хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй гэж заасан тул хариуцагчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

 

Иймд .........албаны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд прокурор Д.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан эрх үүргийн дагуу .........ХХК-д холбогдох иргэний хэрэгт оролцож байна. Өнөөдөр шүүхэд гэрчээр .........гийн мэдүүлгээс дүгнэлт хийхэд 2012, 2013 онуудад .........ХХК-ийн захирал ......... гэдэг хүн дараалан зээл авсан. Зээл авсан нь тогтоогдож байна. 2017, 2019 онд 2012 оны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр гарсан. 2013 оны зээлийн нөхөн төлүүлэхээр шаардаж байсан талаар гэрч .........нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн. Энэ гэрчийн мэдүүлгийг миний хувьд үнэлж байна. Гэрчийн мэдүүлгээс дүгнэлт хийхэд 2013 оны зээлийг гэрээний үүргийг шаардаж байсан. Хариуцагч ......... нь зээлийг төлөхөө илэрхийлж хугацаа авах хүсэлт гаргаж байсныг гэрч тодорхой хэлсэн. Иймд гэрчийн мэдүүлгийг үндэслээд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэсэн заалтыг үндэслэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна гэж үзэж байна. Иймд мөн хуулийн 82 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байна гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага 37,500,000 төгрөгийг .........ХХК-аас гаргуулах саналыг гаргаж байна гэв.

 

Анхан шатны шүүх: 1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан .........ХХК-д холбогдох нэхэмжлэгч .........албаны зээлийн гэрээний үүрэгт 37,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч .........алба нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч .........албаны нэхэмжлэлтэй, хариуцагч .........ХХК-д холбогдох иргэний хэргийг Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хянан шийдвэрлэж, 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр 151/ШШ2022/00184 дугаар шүүхийн шийдвэр гарсан.

 

Анхан шатны шүүх нь нэхэмжпэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох хариуцагчаас 37,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн зүгээс доорх үндэслэлийн дагуу гомдол гаргаж байна.

 

Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт "нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хариуцагч нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзсан татгалзал үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэгч Хөдөө ажахуйг дэмжих сангийн ажлын албаны хариуцагч .........ХХК-иас 37,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ" гэжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан, хавтаст хэрэгт авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

 

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сан нь .........ХХК-д 2012 онд 10 сая төгрөгийн зээл, 2013 онд 25,000.000 төгрөгийн зээлийг тус тус олгосон байдаг.

Мал хамгаалах сангаас 2012 онд авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжпэл гаргасны дагуу зохигчид эвлэрэн хэлэлцэж 2017 онд шүүхийн шийдвэр гарч .........ХХК нь Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр төлбөрөө төлж барагдуулсан байдаг.

2019 онд Мал хамгаалах сангийн мэргэжилтнүүд .........ХХК-ийн захирал .........ыг дуудан уулзаж, утсаар холбогдож удаа дараа 2013 оны зээлийн гэрээний үүргээ биелүүлэх таалаар шаардаж байсан талаар өмнө нь Мал хамгаалах сан, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих газарт ажиллаж байсан гэрч болох .........мэдүүлсээр байхад шүүх гэрчийн мэдүүлгийг огт үнэлэлгүй, хариуцагчийн нэг ч удаа зээлээ төлөхийг шаардаагүй гэх тайлбарийг үнэлсэнд гомдолтой байна.

 

Гэрчээр .........-г асуулгасан боловч гэрчийн мэдүүлгийг нотлох буюу зээл олгогч Мал хамгаалах сан, шаардах эрхийг шилжүүлэн авсан .........албанаас хариуцагчийг дуудсан, мэдэгдэл хүргүүлсэн, үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардсан, төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргасан болохыг нотлох уулзалтын тэмдэглэл, хүсэлт болон бусад бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, нотдлогдон тогтоогдохгүй байна гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж заасан. Мөн гэрчид хууль сануулж мэдүүлэг авдаг бөгөөд гэрч нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй байдаг байдлыг шүүх харгалзан үзэж үнэлсэнгүй, бичгийн нотлох баримтууд авагдаагүй гэх үндэслэлээр үнэлээгүйд гайхан харамсаж байна.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зүгээс тооцоо нийлсэн акт болон бусад бичгийн баримтууд төв архивт шилжсэн олоход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн учраас гэрч асуулгасан болно.

Гэрч нь үзсэн, харсан, сонссон, мэдсэн зүйлээ үнэн зөвөөр гэрчлэх үүрэгтэй болохоос, мэдүүлгээ бичгийн нотлох баримтуудаар батлах үүрэггүй, шүүх гэрчийг бичгийн баримт гаргаагүй гэх үндэслэлээр мэдүүлгийг нь үнэлэхгүй байгаа байдал нь хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна.

 

.........ХХК нь 2012 оны гэрээний үүргийн гүйцэтгэл хангахаар Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэлд 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төлбөрөө төлсөөр байсан баримт нь хэрэгт авагдсан байгаа. Хариуцагч нь 2013 оны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүргээ мэдэж байсан, Мал хамгаалах сангаас удаа дараа нэхэмжилж байсныг шүүхэд үнэн зөвөөр мэдүүлэх үүргээ биелүүлэхгүй нуун дарагдуулж байгааг шүүх харгалзан үзээгүй байна.

Уг зээл нь татвар төлөгчдийн мөнгө, Төрийн мөнгө бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа нь шүүхээс хариуцагчид Улсын мөнгийг завшиж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг олгосон явдал гэж үзэж байна.

 

Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 151/Ш32022/00187 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .........ын давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны .........алба /хуучнаар  Мал хамгаалах сан/ нь хариуцагч .........ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үндсэн үүрэгт 25,900,000 төгрөг, алданги 12,950,000 төгрөг, нийт 38,850,000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг зээлийн гэрээний үндсэн үүрэгт 25,000,000 төгрөг, алданги  12,500,000 төгрөг нийт 37,500,000 төгрөг хэмээн багасгаж, хариуцагч .........ХХК нь “... Мал хамгаалах сангаас “Цэвэр сүү” төслийг хэрэгжүүлэх зорилгоор 25,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 2,4 хувийн хүүтэйгээр авч... зээлийг буцаан төлөх хугацаанд орон нутагт малын гоц халдварт өвчин гарах, зун ган, өвөл зуд болох зэргээр байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үхэр мал өвчин тусах, өвс ногоо, идэш тэжээл олдохгүй болох, малаа тэжээхэд шаардагдах өвс, тэжээл авах мөнгөгүй болсноос мал хорогдох, гарсан сүү шим тэжээлгүй, чанарын шаардлага хангахгүй байх зэргээс санхүүгийн маш хүнд байдалд орж, авсан зээлээ буцаан төлөх бүү хэл мал аж ахуйгаа цаашид авч явах боломжгүй хүнд нөхцөлд орсон, ...хэрэгжүүлсэн төсөл амжилтгүй болж, зээлээс нэг ч төгрөг төлж чадаагүй, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулсан гэж ойлгосон...” гэж нэхэмжлэлд хариу тайлбар гаргажээ.

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа .........алба /хуучнаар  Мал хамгаалах сан/ нь Монгол улсын Засгийн газрын 2003 оны 160 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд хариуцагч .........ХХК-тай тохиролцон “Цэвэр сүү” төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон хөнгөлөлттэй нөхцөлөөр 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ......... дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж 25,000,000 төгрөгийг 60 сар буюу 5 жилийн хугацаатай, жилийн 2,4 хувийн, сарын 0,2 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгч нь зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 01-ний хүртэл хугацаанд бүрэн төлж дууссан байх үүрэг хүлээжээ. /хх-н 5-7/   

 

Дээрх гэрээнд зээлдэгч зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан зохицуулалтад нийцжээ.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж, эрсдэлийг багасгах зорилгоор 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ......... тоот зээлийн гэрээний барьцааны гэрээг байгуулж, зээлдэгч талын Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг Нуурын хөндийд байрлах 100 га талбайтай эзэмшлийн газрыг барьцаалжээ.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлдүүлэгч тал нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал хамгаалах сан, зээлдэгч тал нь .........ХХК оролцож эрх бүхий этгээдүүд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурсан, мөн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны эрх бүхий албан тушаалтан Төрийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, тамга дарж гэрээг баталгаажуулсан нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасан шаардлагуудад нийцсэн, “Мал хамгаалах сан” болон хариуцагч .........ХХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлагыг хангасан байгаа нь хуульд үндэслэж хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн “Цэмбэл” ХХК-ийн тодорхойлолт, Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, Мал, тэжээвэр амьтад, худгийн 2014-2017 оны тооллогын зэрэг баримтууд /хх-33-38/ нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбарыг нотлохгүй, хариуцагчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин давж заалдах шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулан хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .........ын гаргасан хүсэлтээр /хх-н 54/ анхан шатны шүүх хуралдаанд .........гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан байна. 

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар гэрч С.Бат-Өлзийн мэдүүлгийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулсны үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болдог. Мөн зүйлийн 43.2, 43.3-т зааснаар гэрч нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирж үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Гэрч С.Бат-Өлзийн мэдүүлэг нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримтат мэдээллийг агуулж байх тул нотлох баримт болох юм.

 

Гэрч .........нь нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны .........алба /хуучнаар  Мал хамгаалах сан/-аас  хариуцагч .........ХХК-ийн захирал С..........ыг 2019 оны 6 дугаар сард дуудаж уулзахад зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч, зээл төлөх хугацааг хойшлуулах талаар хүсэлт гаргаж байсан” гэж мэдүүлснээс үзэхэд үүрэг хүлээсэн этгээд үүргээ хүлээн зөвшөөрч Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, мөн зүйлийн 79.7-д  заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тоолох нөхцөл байдал үүссэн байна.  

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасны дагуу хүчин төгөлдөр зээлийн гэрээгээр зээлдэгчээс зээлийн гэрээний үндсэн үүргийн биелэлт болох зээл, хүү, гэрээгээр тохирсон нэмэгдэл үүрэг буюу хариуцлага болох алдангийг мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар тус тус шаардах эрхтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар өөрчлөлт оруулсантай холбоотойгоор шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч .........алба нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдан,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч .........ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 345,450 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар өөрчилж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2022/00184 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн - 1 дүгээр заалтын “1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан Цант-Өргөө ХХК-д холбогдох нэхэмжлэгч .........албаны зээлийн үүрэгт 37,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч .........ХХК-аас 37,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны .........албанд олгосугай” гэж,

- 2 дугаар заалтын “2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч .........алба нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.” гэснийг “2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч .........алба нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдан,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч .........ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 345,450 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХДАВАА

                          ШҮҮГЧИД                                                Н.ЭНХМАА

                                                                                                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ