Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 202/МА2018/00035

 

Т банкны Дорноговь салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

          Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 136/ШШ2018/00370 дугаар шийдвэртэй, 

         Нэхэмжлэгч:  Т  банкны Дорноговь салбар -ын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Н-н Э /РД:/-т холбогдох,

        Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 3744286,56 төгрөг, зээлийн хүү 517019,29 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөг, нийт 4269305,85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Т банкны Дорноговь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.Д, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Э нар нь Т банкны Зүүнбаян тооцооны төвөөс 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 20170210 зээлийн гэрээ байгуулан

 6184535 төгрөгийн тэтгэврийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 22 сарын хугацаатай, сар бүр тэнцүү 332895 төгрөг төлөх нөхцөлтэйгээр авсан болно. Зээлдэгч Ж.Д нь 2017 оны 07 дугаар сард нас барсан бөгөөд 2017 оны 08 дугаар сараас тэтгэвэр нь орж ирэхгүй, зээл төлөгдөхгүй, зээлийн гэрээний 2.2.3, 2.3.1 дэх заалтуудыг тус тус удаа дараа зөрчсөн болно. Хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Эт зээл төлөх талаар удаа дараа мэдэгдэж, очиж уулзаж байсан боловч зээлийг төлж  барагдуулна гэсэн боловч одоогоор нэг ч төлбөр хийхгүй, үндсэн зээлээс 285 хоног хугацаа хэтрээд байна. Хамтран зээлдэгч Н.Э нь банкинд гаргасан өргөдөлдөө шүүхээс тус зээлийн хүүг зогсоолгож зээлийг төлж барагдуулна гэсэн утгатай өргөдөл бичиж өгч байсан. Иймд хамтран зээлдэгч Н.Эаас нийт 4269305,85 төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

              Хариуцагч Н.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний ээж Ж.Д нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Т банкнаас 6184535 төгрөгийн зээл авсан. Зээл авах үед нь би хамтран эзэмшигчээр орж гарын үсэг зурсан. Зээлийг цаг хугацаанд нь төлж байгаад 2018 он гараад төлж чадаагүй юм. Тэгээд 2018 оны 04 сард Оргилсайхантай уулзаад зээлээ яаж барагдуулж дуусгах талаар ярилцсан боловч тодорхой шийдэлд хүрч чадаагүй өдий хүрсэн. Би болон манай гэр бүлийн хүн зээлтэй учраас энэ удаа төлөх боломжгүй байна.  Би зээлээ төлөхгүй гээгүй, төлнө гэсэн сэтгэлээр хандаж байсан. Тэгээд Хаан банкнаас зээл авахаар судлаад үзэхэд зээл авах боломжгүй гэсэн хариуг 2018 оны 09 сард өгсөн. Би Хаан банкинд өндөр зээлтэй, танай банк руу шилжүүлэх боломжтой юу гэсэн боловч Т банк бас боломжгүй гэсэн. Би ам бүл 5-уул амьдардаг, 3 хүүхэд маань сургууль, цэцэрлэгт суралцдаг, цалинг Хаан банкны зээлэнд авчихдаг, тийм учраас би үнэндээ зээлийг төлөх боломжгүй байна гэжээ.

            Анхан шатны шүүх:  Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар Н.Эт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 3744286,56 төгрөг, зээлийн хүү 517019,29 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөг, нийт 4269305,85 төгрөгийг гаргуулах тухай Т банкны Дорноговь салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т банкны Дорноговь салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83259 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийн үндэслэлд “ ...уг зээлийн гэрээнд Дгийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр Н.Э тусгагдсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай бүрэн нийцсэн гэж үзэх үндэслэлгүй болно” гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд Банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгохтой холбоотой харилцаанд гэрээний гол нөхцлийг тодорхойлсон. Харин гэрээнд хамтран зээлдэгчээр оролцох буюу хамтран үүрэг хүлээхтэй холбоотой харилцааг Иргэний хуулийн 241, 242 дугаар зүйлээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл шүүхээс хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулсан нь зөв эсэх талаар дүгнэлт гаргахдаа Иргэний хуулийн ерөнхий ангийн зохицуулалтыг баримтлах байтал Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг баримтлан дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлд хамтран үүрэг гүйцэтгэгчид тавигдах шаардлага, хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож болохгүй этгээдийн талаар нарийвчлан зохицуулаагүй. Зээлийн гэрээнд эрх зүйн бүрэн чадамжтай ямар ч этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулах боломжтой тул “Н.Эыг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулсан нь үндэслэлгүй” гэх шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

        Мөн шүүхийн шийдвэрт “Н.Эыг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулах үндэслэлгүй юм. Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр тэтгэмж авах эрхтэй бөгөөд хуульд заасан нөхцөл, шаардлага хангаж тэтгэвэр авах эрх нь тухайн хүнд үүсдэг төдийгүй тэтгэврийн орлогоо барьцаалан зээл авах нь хүний салшгүй байдалтай холбоотой үүсдэг” гэжээ. Нийгмийн даатгалын тухай хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь тухайн хүнтэй холбоотой салшгүй эрх мөн боловч үүнийг зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгчтэй шууд холбон дүгнэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь Нийгмийн даатгалын тухай хууль, Тэтгэвэр  тэтгэмжийн тухай хууль зэрэг нь төрөөс иргэдэд тэтгэвэр тэтгэмж олгох нөхцөл журмыг тодорхойлж, холбогдох харилцааг зохицуулсан. Өөрөөр хэлбэл хувийн эрх зүйн харилцаа, гэрээний үүрэгтэй холбоотой харилцаанд шууд хамаатуулан хэрэглэх үндэслэлгүй.

        Мөн тэтгэвэр буюу зээлдэгчийн ирээдүйн орлого нь банкны хувьд зөвхөн барьцааны зүйл болдог. Зээлдэгч авсан зээлээ эргүүлэн төлнө, төлж чадахгүй бол ирээдүйд орж ирэх тэтгэврээр үүргийн гүйцэтгэлийг хангах үүргийг банкны өмнө хүлээдэг. Барьцааны гэрээ хүчин болсон буюу барьцаалах эрхгүй этгээд хөрөнгө барьцаалсан зэрэг нь зөвхөн тухайн барьцааны гэрээнд хамааралтай болохоос үндсэн гэрээ буюу зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Барьцааны гэрээг үндсэн зээлийн гэрээтэй шууд холбон дүгнэх боломжгүй тул шүүхээс барьцааны гэрээ, зээлийн гэрээ тус бүр нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийх ёстой. Иймд Н.Э тэтгэвэр авагч биш байсан эсэх нь үндсэн зээлийн гэрээнд огт хамааралгүй юм.

          Мөн шүүхээс тэтгэврийн орлогоо барьцаалан зээл авах нь хүний салшгүй байдалтай холбоотой гэсэн дүгнэлтийг хийж тэрхүү өөр хүнтэй холбоотой салшгүй эрх болох тэтгэврийн орлогыг барьцаалах нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 154.1-д “хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна”, 154.2-т “хууль болон барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйл нь шаардах эрх байж болно”, 154.3-т “барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно”, 154.4-т “барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно” гэж тус тус заасан байна. Хуулийн энэ заалтаас үзвэл тухайн хөрөнгө нь барьцаалуулагч буюу хөрөнгийн өмчлөгчтэй ямар хамааралтай байхаас үл хамаарч барьцааны зүйл байж болохоор заасан. Иймд Н.Э нь үндсэн зээлдэгчийн тэтгэврийн орлогыг барьцаалсан зээлд хамтран зээлдэгчээр орсныг хуулийн хувьд үндэслэлгүй байна.

         Шүүхийн шийдвэрт “гэрээний 2.1-т банк эргэн төлөх хуваарьт хугацаандаа зээлдэгч 281600039522 тоот төгрөгийн тэтгэврийн харилцанд дансанд орж ирэх мөнгөн хөрөнгөөс зээлийн төлбөрийг үл маргах журмаар шууд бэлэн бусаар төлүүлнэ, 2.1.5-д “зээлдэгчийн тэтгэвэр, тэтгэмжийн данснаас үл маргах журмаар суутган төлүүлнэ” гэж зааснаас үзэхэд гэрээний энэхүү тохиролцоо нь ирээдүйд авах тэтгэврээ барьцаалж зээл авч байгаа Ж.Дд хамааралтай болохоос бус гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч гэж заагдсан боловч өөрийн орлого, эд хөрөнгөө барьцаалаагүй Н.Эт хамаатуулах боломжгүй юм” гэжээ. Шүүхийн энэхүү үндэслэл нь зөвхөн хөрөнгө барьцаалсан этгээд л зээлийн гэрээний үүргийг хүлээх ёстой мэтээр ойлгогдож байна. Гэтэл барьцааны гэрээгээр үүрэг хүлээгээгүй этгээд ч зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч байж болох билээ.
            Зээлийн гэрээний 2.1-т  заасан “банк эргэн төлөх хуваарьт хугацаандаа зээлдэгч 281600039522 тоот төгрөгийн тэтгэврийн харилцах дансанд орж ирэх мөнгөн хөрөнгөөс зээлийн төлбөрийг үл маргах журмаар шууд бэлэн бусаар төлүүлнэ, 2.1.5-д заасан “зээлдэгчийн тэтгэвэр, тэтгэмжийн данснаас үл маргах журмаар суутган төлүүлнэ” гэсэн нь зээлдэгчид /үндсэн болон хамтран зээлдэгч/-д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулах арга журмыг тодорхойлсон зохицуулалт юм.

        Гэрээний 2.3.1-т “хамтран зээлдэгч нь энэ гэрээнд заасан зээлдэгчийн эрхийг эдэлж, үүргийг бүрэн хүлээнэ” гэж заасан. Мөн Иргэний хуулийн 242.1-т “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.4-т “хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нь ч гэрээгээр тогтоосон буюу түүнд эрх олгосон, эсхүл хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хувьд нийтлэг аливаа хариу шаардлагыг үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй” гэж тус тус заасан тул банк зээлийн гэрээний үүргийг хамтран зээлдэгч Н.Эаас зээлийн гэрээний үүргийг шаардах үндэслэлтэй юм. Н.Э нь зээлийн гэрээ байгуулах, үүрэг хүлээх хүсэл зоригтой байсан нь хавтаст хэрэгт авагдсан Н.Эын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн өргөдөл, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээ, батлан даалт гаргах зөвшөөрөл, тэтгэврийн зээлийн өргөдөл зэрэг холбогдох нотлох баримтаар нотлогддог. Иймд 136/ШШ2018/00370 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч Н.Эаас 4269305,85 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Т банкны Дорноговь салбар нь хариуцагч Н.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 3744286,56 төгрөг, зээлийн хүү 517019,29 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөг, нийт 4269305,85 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээ 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээнд үндэслэжээ.

            Хариуцагч Н.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ өөр банкинд зээл төлдөг учир зээлийг төлөх боломжгүй гэж тайбарлаж маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч хуулийг буруу хэрэглэсэн гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан байна.

            Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх боловч маргаанд холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагад нийцээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

         Тодруулбал анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн үндэслэл болж буй гэрээ, хариуцагчийн банкинд гаргасан хүсэлт зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болон гэрээг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар тайлбарлаж чадаагүйгээс Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан “үүргийн гүйцэтгэл нь  үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ... нас барсан бол түүний үүрэг дуусгавар болох” тухай заалтыг тухайн маргаантай харилцаанд буруу тайлбарлан хэрэглэжээ.

         Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Т банкны Дорноговь салбарын Зүүнбаян тооцооны төв нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч Н.Э, түүний ээж Ж.Д нартай тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч Ж.Дгийн тус банкаар дамжуулан авдаг тэтгэврийг барьцаалан, 6184535 төгрөгийн зээлийг 22 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр олгосон, зээлдэгч Ж.Д нь нас барснаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тухай үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.

            Хариуцагч Н.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ уг зээлийг төлөхөд өөрийн өрхийн орлого хүрэхгүй байгаа талаар тайлбар гаргаж мэтгэлцсэн ба  харин гэрээнд заасан хамтран үүрэг хүлээх нөхцлийн талаар болон үүрэг дуусгавар болох үндэслэлийн талаар маргаагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй “зээлдэгч нас барснаар гэрээний үүрэг дуусгавар болсон тул орлого, эд хөрөнгөө барьцаалаагүй, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Эаас үүргийг шаардах эрхгүй, ... үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэв.

            Учир нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ /хх-3/ болон батлан даалт гаргах зөвшөөрөл /хх-8/ зэрэг бичмэл нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Н.Э нь өөрийн төрсөн ээж Ж.Дг тэтгэврийн зээл авахад нь хамтран үүрэг хүлээхээр гэрээнд гарын үсэг зурж, улмаар ээж Ж.Дг зээлээ барагдуулахад хүндрэл гарах, бүрэн төлж чадахгүй болсон тохиолдолд зээлийн төлбөрийг бүрэн хариуцан төлж барагдуулахаар хүсэлт гаргаж, зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцжээ.

            Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчилэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчилэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заажээ.

       Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.4-д “Зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл банк гэрээг цуцалсан тохиолдолд зээлдэгч болон хамтран зээлдэгчийн бусад хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангана.”, 2.3.1-д “хамтран зээлдэгч нь энэ гэрээнд заасан зээлдэгчийн эрхийг эдэлж, үүргийг бүрэн хүлээнэ” гэж зааснаас үзэхэд ийнхүү хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүргийг тодорхойлсон нь дээрх хуульд нийцсэн гэж үзнэ.

         Харин тэтгэвэр авагч нас барснаар түүний нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх дуусгавар болох хэдий ч тэтгэвэр авах эрх дуусгавар болох, зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох тохиролцоо талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд тусгагдаагүй байна.

        Иргэн өндөр насны тэтгэвэр авах эрх нь түүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх хэдий боловч энэхүү тэтгэврийн мөнгөн хөрөнгийг барьцаалан зээл авснаар зээлдэгч Ж.Дүржцэеэ, Н.Э нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаанд оролцсон ба зээлийг төлөх үүрэг нь зөвхөн зээлдэгч Ж.Д нас барж, түүний тэтгэврийн санхүүжилтээр хязгаарлагдаж, үүрэг дуусгавар болно гэж үзэх нь  дээрх хуульд нийцэхгүй юм.

          Мөн нэхэмжлэгч банк зөвхөн зээлдэгч Ж.Дгийн хүсэлтийг үндэслэн зээл олгосон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хариуцагч Н.Эын зээлийн төлбөрийг хариуцан төлөх тухай хүсэлт, түүний ажлын үнэмлэх, ажил эрхлэлтийг тодорхойлсон баримтыг үндэслэж, түүний хамтран үүрэг хүлээх тухай хүсэл зоригийн илэрхийлэл нь гэрээний 2.2.4, 2.3.1-д тодорхойлогдсон байна.

        Иймд зээлдэгч Ж.Д нас барснаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн тул гэрээний үүрэг зөрчсөнөөс гэрээг цуцлах, хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нэхэмжлэгчид Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар үүсэх юм.

         Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө төл гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаас үзэхэд гэрээний үүрэг зөрчсөн нь гэрээнээс татгалзаж гэрээг цуцлах үндэслэл болж байгаа нөхцөлд үүрэг гүйцэтгэгчид үүргийг гүйцэтгэхээр нэмэлт хугацаа тогтоож өгсөн байх, энэ хугацаанд үүрэг гүйцэтгэгч үүргээ биелээгүй нөхцөлд гэрээг цуцална гэж үзнэ.

         Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т ийнхүү нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзэхээр тус тус заасан бөгөөд зохигчдын тайлбар болон хариуцагч Н.Эын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлийг төлөх талаар Т банкинд хүсэлт гаргаж байсан зэргээс үзэхэд энэхүү хуульд заасан нэмэлт хугацаа тогтоож өгөх, урьдчилан сануулах зэрэг гэрээнээс татгалзаж гэрээг цуцлах үндэслэл тогтоогджээ.

         Харин тэтгэврийн санхүүжилт буюу тэтгэвэрт олгож байгаа мөнгөн хөрөнгө нь гэрээний барьцаа болох талаар талууд гэрээндээ тохиролцсон нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1-д заасантай нийцсэн, энэ утгаараа тэтгэвэрт олгож байгаа мөнгөн хөрөнгө нь барьцаа болохынхоо хувьд Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга л болох ба тэтгэврийн санхүүжилт зогссоноор гэрээ дуусгавар болж, энэ нь орлого эд хөрөнгөө барьцаалаагүй гэсэн үндэслэлээр хамтран үүрэг гүйцэтгэгчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

       Иймд хариуцагч Н.Э нь гэрээний үүргийг гүйцэтгэх хууль зүйн үндэслэлтэй тул түүнээс зээл 3744286,56 төгрөг, зээлийн хүү 517019,29 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөг, нийт 4269305,85 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй ба энэ талаарх  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сын гаргасан давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

         Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 136/ШШ2018/00370 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Эаас зээлд 3744286,56 төгрөг, зээлийн хүүд 517019,29 төгрөг, нотариатын зардал 8000 төгрөг, нийт 4269305,85 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т банкны Дорноговь салбарт олгосугай.” гэж,

           2 дугаар заалтын “...57 дугаар зүйлийн 57.1 ...” гэсний дараа “60 дугаар зүйлийн 60.1” гэж нэмж, “...үлдээсүгэй.“ гэснийг “үлдээж” гэж өөрчилж, заалтад “хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 83259 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сын давж заалдсан гомдлыг хангасугай.

           2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Т банкны Дорноговь салбарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 83259 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

          3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

         4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                           ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

                                                                                             Н.БАТЧИМЭГ