Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 370

 

        2018 оны 10 сарын 09 өдөр                    136/ШШ2018/00370                       Дорноговь аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг Сайншанд сум 1 дүгээр баг Гурван баян худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах Төрийн банкны Дорноговь салбар /РД:5341469/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сум, 5 дугаар баг, Зэвсэгт хүчний 1-58-32 тоотод оршин суух Боржигон овогт Нэрэндогойн Эрдэнэбаяр /РД:ЕП78092419/-т холбогдох

 Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 3,744,286.56 төгрөг, зээлийн хүү 517,019.29 төгрөг, нотариатын зардалд 8,000 төгрөг нийт 4,269,305.85 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сансарбаяр, хариуцагч Н.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

                                                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Дорноговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ж.Доржцэеэ, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Эрдэнэбаяр нарт 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 6,184,535 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 22 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлдэгч Ж.Доржцэеэ нь 80 орчим настай, өндөр настан байсан. 2017 оны 07 дугаар сард нас барсан. Хамтран зээлдэгч Н.Эрдэнэбаяр нь ямар нэгэн байдлаар эрсдэл тохиолдсон үед батлан даана гэж гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсвэл банк гэрээг цуцалсан тохиолдолд зээлдэгч болох хамтран зээлдэгчийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн байдаг. Иймд зээлийн гэрээнд заасны дагуу хамтран зээлдэгчээс уг төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна. Хамтран зээлдэгчид зээлийг төлөх эрмэлзлэл байдаг. Өөрөө одоогоор төлөх боломжгүй байгаа учраас зээлийг төлөх хугацааг хойшлуулж өгнө үү гэсэн тайлбарыг надад өгч байсан. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд шүүгчийн захирамж гарвал энэ оныг дуустал зээлийг төлж дуусгах боломжийг олгож байгаа. Хариуцагч өөрийнхөө Хаан банкны зээлийг Төрийн банк руу шилжүүлье гэсэн боловч манай банк авах боломжгүй учраас танд зээл гарах боломжгүй, харин энэ зээлээ төлөө гэсэн шаардлагыг тавьсан юм. Иймд Н.Эрдэнэбаяраас нийт 4,269,305.85 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

          Хариуцагч Н.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж Жамц овогт Доржцэеэ нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төрийн банкнаас 6,184,535 төгрөгийн зээл авсан. Зээл авах үед нь би хамтран зээлдэгчээр орж гарын үсэг зурсан. Би нэг ч төгрөг авч хэрэглээгүй. Миний ээж Ж.Доржцэеэ нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр нас барсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ удаа төлж чадахгүй болоод байна. Эхнэр бид хоёр хоёулаа зээлтэй. Би өөрийнхөө зээлийг судлах талаас нь ярилцаад тохиролцох гэсэн боловч Төрийн банк миний зээлийг судлаад, авах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Би зээлийг цаг хугацаанд нь төлж байгаад 2018 он гараад төлж чадаагүй. Би зээлээ төлөхгүй гэх биш төлнө гэсэн сэтгэлээр хандаж байсан. Тэгээд миний зээлийг Хаан банкнаас авахаар судлаад үзэхэд боломжгүй гэсэн хариуг 2018 оны 09 дүгээр сард өгсөн. Тийм учраас би үнэндээ зээлийг төлөх боломжгүй байна.Төрийн банкны нэхэмжилсэн 4,269,305.85 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Дорноговь салбар нь хариуцагч Н.Эрдэнэбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 3,744,286.56 төгрөг, зээлийн хүү 517,019.29 төгрөг, нотариатын хөлс 8,000 төгрөг, нийт 4,269,305.85 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлээ 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээнд үндэслэжээ.  

Хариуцагч Н.Эрдэнэбаяр нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч гэж гарын үсэг зурсан, энэ удаа зээлийг төлөх боломжгүй гэж тайлбарлажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Төрийн банк нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ж.Доржцэеэ, Н.Эрдэнэбаяр нартай тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж, 6,184,535 төгрөгийг 22 сарын хугацаатай, 1 жилийн 18 хувийн хүүтэй зээл олгожээ. /хх-3-4 дүгээр тал/,

Харин уг гэрээнд зээлдэгч Ж.Доржцэеэгийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр  Н.Эрдэнэбаяр  тусгагдсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасантай бүрэн нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй” бөгөөд хуульд заасан нөхцөл шаардлага хангаж тэтгэвэр авах эрх нь тухайн хүнд үүсдэг төдийгүй энэхүү тэтгэврийн орлогоо барьцаалан зээл авах нь хүний салшгүй байдалтай холбоотой үүргийг үүсгэдэг болно.

Улмаар гэрээний 1.2.1-д банк зээл эргэн төлөх хуваарьт хугацаанд зээлдэгчийн 281600039522 тоот төгрөгийн тэтгэврийн харилцах дансанд орж ирэх мөнгөн хөрөнгөөс зээлийн төлбөрийг үл маргах журмаар шууд бэлэн бусаар төлүүлнэ. 2.1.5-д зээлийг зээлдэгчийн тэтгэвэр, тэтгэмжийн данснаас үл маргах журмаар суутган төлүүлнэ гэж зааснаас тус тус үзэхэд гэрээний энэхүү тохиролцоо нь ирээдүйд авах тэтгэвэрээ барьцаалж зээл авч байгаа Ж.Доржцэеэд хамааралтай болохоос бус гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч гэж заагдсан боловч өөрийн орлого, эд хөрөнгөө барьцаалаагүй Н.Эрдэнэбаярт хамааруулах боломжгүй юм.  

Зээлдэгч Ж.Доржцэеэ нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-4 дүгээр тал/

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болдог байна.

Зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тэтгэврийн зээлийн үүрэг зээлдэгч нь нас барснаар дуусгавар болох нь зээлийн гэрээнд тодорхой тусгагдаагүй боловч Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад тодорхой тусгагдсан байх тул нэхэмжлэгч Төрийн банкны хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Эрдэнэбаярт холбогдуулан гаргасан тэтгэврийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч Н.Эрдэнэбаяр нь хуулийн дээрх зохицуулалтыг ойлгож, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн бол хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр нь нэхэмжлэлийг хангах боломжтой байсан боловч тэрээр шүүхэд “...хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... зээлийг төлөх боломжгүй...” гэж тайлбарласан нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэл болно. Хариуцагч Н.Эрдэнэбаяр талийгаач Ж.Доржцэеэгийн тэтгэврийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр тусгагдсанаа мэдэж, ойлгосон, Ж.Доржцэеэг нас барснаас хойш зээлийн зарим хэсгийг төлж байсан байдал нь Иргэний хуулийн тухайн харилцаанд хамааралтай зохицуулалтыг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан ба үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нотариатийн хөлс 8,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангах үндэслэлгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Дорноговь салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,259 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                                                        ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар Н.Эрдэнэбаярт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 3,744,286.56 төгрөг, зээлийн хүү 517,019.29 төгрөг, нотариатын зардалд 8,000 төгрөг нийт 4,269,305.85 төгрөгийг гаргуулах тухай Төрийн банкны Дорноговь салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Дорноговь салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,259 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АЛГИРМАА