Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2019/00566

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч:  С овгийн Н.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  хорих анги,

Хариуцагч: Л.Г нарт холбогдох 2017 оны 04 сарын 29-ний өдрийн 0175303 дугаартай эд хөрөнгө хураасан актыг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Э нь 1995 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Б.Э гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд өдийг хүртэл 24 жил хамт амьдарч байна. Бидний дундаас 1995 онд охин Э.Ц, 1997 онд охин Э.Х, 2011 онд хүү Э.Г нар төрсөн. Би 1993 онд Орхон аймгийн Онцгой байдлын газарт Гал сөнөөгчөөр ажилд орсон бөгөөд 2003 он хүртэл нийт 10 жил гал сөнөөгчөөр, 2003 оноос 2010 он хүртэл 7 жил Солонгос улсад ажилласан. Ийнхүү 1993 оноос 2010 он хүртэл 17 жилийн хугацаанд хөдөлмөрлөсний үр дүнд эхнэр Б.Э хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг 17 гудамжны 09 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 777 м.кв газар, уг газар дээр байрлах Үйлчилгээний зориулалттай 90 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Оюут баг Чимэг төвийн хажууд байрлах дутуу баригдсан үйлчилгээний зориулалттай барилга гэх мэт хөрөнгүүдийг бий болгосон. Дээрх хөрөнгүүдээс зарим хөрөнгүүд болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг 17 гудамжны 09 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 777 м.кв газар, уг газар дээр байрлах Үйлчилгээний зориулалттай 90 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгүүд нь эхнэр Б.Эр нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарахаар заасан бөгөөд миний хөрөнгүүдийг бий болгоход оруулсан хувь нэмэр, оролцоо зэргээс үзвэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг 17 гудамжны 09 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 777 м.кв газар, уг газар дээр байрлах Үйлчилгээний зориулалттай 90 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгүүд нь манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юм.

Гэтэл  хорих ангийн 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Л.Г 017.53.03 дугаартай Эд хөрөнгө хураасан акт-аар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг 17 гудамжны 09 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 777 м.кв газар, уг газар дээр байрлах Үйлчилгээний зориулалттай 90 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг хураасан байна. Ийнхүү хураан авах ажиллагааг хийхдээ тухайн хөрөнгийг бий болгосон бөгөөд хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүний хувьд надад огт мэдэгдээгүй ба эхнэр Б.Э нь тухайн хөрөнгийг хураан авсан акт гарсан болохыг надаас нууж байсаныг миний бие 2019 оны 01 сарын 02-ны өдөр олж мэдлээ. Тухайн хөрөнгүүд нь манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн хувьд би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйл, 122.5-д зааснаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Л.Г 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 017.53.03 дугаартай эд хөрөнгө хураасан акт-ыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2016/1377 дугаар шийдвэрээр Гүн арвижих эрдэнэс ХХК-аас 78 665 180 төгрөг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус газрын 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Л.Г харьяаллын дагуу хариуцан гүйцэтгэж байна. Тус газрын 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Л.Ганбат нь төлбөр төлөгч Гүн арвижих эрдэнэс ХХК-аас төлбөрт битүүмжлэн хураасан эд хөрөнгө нь Хаан банкны үүргийн гүйцэтгэлийн барьцаанд хуулийн хүрээнд гэрээний дагуу нотариатаар батлуулан Улсын бүртгэлийн хэлтэст барьцааны гэрээг бүртгүүлж баталгаажуулсан эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Шийдвэр гүйцэтгэлийн 17140266 хувийн хэргийн дугаартай гүйцэтгэх баримт бичгийг хянаж үзэхэд шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломжит хугацааг олгож ажилласан байна. Мөн төлбөр төлөгч Гүн арвижих эрдэнэс ХХК нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс удаа дараа зайлсхийж тус газраас битүүмжлэн хураан авсан гүйцэтгэх баримт бичигт заагдсан хөрөнгийг аудитын байгууллагаар үнэлгээ тогтоолгоход барилгын зураг төсвийг гарган өгөхөөс санаатайгаар зайлсхийж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж үнэлгээнд гомдол гарган 2018 оны 02 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 06-ныг хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж Улсын дээд шүүхийн эцсийн тогтоолоор аудитын байгууллагын үнэлгээг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Үүнийг нотлох баримтаар хүргүүлсэн болно.

Тус газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар барьцааны зүйл болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 17-09 тоотод байрлах Ү-2101009347, Г-2101000252 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, газар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй Ү-2101016209 дугаартай дутуу барилга, №0391426 эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг тус тус битүүмжлэн хураан авч үнэлгээ тогтоолгон албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үнээс төлбөрийг барагдуулахаар хуулийн хүрээнд ажиллаж байгаа тул иргэн Н.Э үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2016/1377 дугаар шийдвэрээр Гүн арвижих эрдзнэс ХХК-аас 78 665 180 төгрөг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн.  Хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Л.Г надад харьяаллын дагуу хувиарлан өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эхэлснээс хойш төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж боломжит хугацааг олгож ажилласан. Битүүмжилсэн хөрөнгийг хураах ажиллагааг төлбөр төлөгчийн гаргасан хүсэлтээр 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 17-53-02, 17-53-03 эд хөрөнгө хураах актаар хураасан. Мөн төлбөр төлөгч Гүн арвижих эрдэнэс ХХК-ний захирал Б.Э нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор аудитын байгууллагад барилгын зураг төсвийг гаран өгөхөөс зайлсхийж, барилгын зураг төсвийг албадан гаргуулж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд аудитын үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар удаа дараа шүүх байгууллагад хандаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 04 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарын 10-ныг хүртэл хойшлуулж Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/01688 тогтоолоор аудитын байгууллагын үнэлгээг хэвээр үлдээж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээсэн. Шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Л.Г миний зүгээс

1. Нэхэмжлэгч Н.Эр гэх төлбөр төлөгч Гүн арвижих эрдэнэс ХХК-ний захирал Б.Э нөхөр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Хаан банкны үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжпэх, хураах ажиллагааг 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс мэдэж байсан. Мөн Аудитын байгууллагын үнэлгээг танилцуулахаар Гүн арвижих эрдэнэс" ХХК-ний захирал Б.Э хаягаар 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр очиж түүний нөхөр Н.Э хураан авч үнэлгээ тогтоолгосон аудитын байгууллагын үнэлгээг танилцуулж эхнэр Б.Э танилцуулахыг мэдэгдэж байсан. Иймээс Н.Э нь санаатайгаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор нэхэмжлэл гаргасан байна.

2. Төлбөр төлөгч нь төлбөр төлөхөөс удаа дараа санаатайгаар зайлсхийж байсан тул шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Л.Г Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2016/1377 дугаар шийдвэрийн 3 дугаар заалтад заасанчлан хариуцагч Гүн арвижих эрдэнэс ХХК нь нэхэмжлэгчид төлөх 78 116 674 төгрөг, тэмдэгтийн хураамж 548 505 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйлийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах арга хэмжээг авч ажилласан билээ.

Иймд  Хорих ангийн 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Л.Г би хууль бус үйл ажиллагаа явуулаагүй хуулийн хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан тул нэхэмжпэгч Н.Э үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч хорих анги, хорих ангийн шийдвэр гүйцэтгэгч Л.Г нарт холбогдуулан 2017 оны 04 сарын 29-ний өдрийн 0175303 дугаартай эд хөрөнгө хураасан актыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасанХариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нар өөрсдийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-д заасныг баримтлан тэдний эзгүйд хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэв.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2016/1377 дугаар шийдвэрээр Гүн арвижих эрдэнэс ХХК нь зээлийн гэрээний үүрэг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт 78 665 180 төгрөгийг Хаан банкинд төлөх үүрэг хүлээсэн ба Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэх баримт бичгүүдийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Н.Э өмчлөлийн, ХААН банкны барьцаанд байсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 17-09 тоотод байрлах Ү-2101009347, Г-2101000252 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, газар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй Ү-2101016209 дугаартай дутуу барилга, №0391426 эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг тус тус битүүмжлэн хураан авч үнэлгээ тогтоолгон албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үнээс төлбөрийг барагдуулахаар хуулийн хүрээнд ажиллаж байгаа болох нь зохигчдын тайлбар, эд хөрөнгө хураасан акт, 2017 оны 02 сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2017 оны 02 сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 5313 дугаар төлбөр төлөх мэдэгдэл, 2017 оны 03 сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх акт, 2017 оны 03 сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх акт, 2017 оны 04 сарын 29-ний өдрийн эд хөрөнгө хураасан акт, 2018 оны 01 сарын 31-ний өдрийн 17140266/01 дугаар бүхий мэдэгдэх хуудас, 2018 оны 02 сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэх ба талууд мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах эрхтэй.

Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээнд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх арга хэмжээ хамаардаг.

Төлбөр төлөгч Гүн арвижих эрдэнэс ХХК-ний захирал Б.Э өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг 17 гудамжны 09 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 777 м.кв газар, уг газар дээр байрлах Үйлчилгээний зориулалттай 90 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг хураан авах ажиллагаанд төлбөр төлөгч Гүн арвижих эрдэнэс ХХК-ний захирал Б.Э, хөндлөнгийн гэрч Л.Э, Б.И нарыг байлцуулан хийсэн, хураан авсан эд зүйлийн төрөл, шинж, байдал, тоо, ширхэгийг тусгасан жагсаалт үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан хувийг эд хөрөнгийн өмчлөгч хийгээд төлбөр төлөгч Б.Э гардуулан өгөх үүргээ шийдвэр гүйцэтгэгч биелүүлсэн, дээрхи ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд нийцсэн байна.

Нэхэмжлэгч ...гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хураасан талаар хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүний хувьд надад огт мэдэгдээгүй гэж нэхэмжлэлдээ дурьдсан.

Нэхэмжлэгч бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдийн хувиар нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй боловч тэрээр төлбөр төлөгч биш учраас түүнд эд хөрөнгө хураасан актыг гардуулах, мэдэгдэх үүрэг шийдвэр гүйцэтгэгчид байхгүй.

Иймд 2017 оны 04 сарын 29-ний өдрийн 0175303 дугаартай эд хөрөнгө хураасан актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Н.Э нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54,1, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Э  хорих анги,  хорих ангийн шийдвэр гүйцэтгэгч Л.Г нарт холбогдуулан гаргасан эд хөрөнгө хураасан актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэрзүүлсэн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2012 дугаар шүүгчийн захирамжийг энэ хэрэгт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА