Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 86

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2019/00086

 

*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх

437 дугаар нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч

Л.Ганбат нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2019/00566 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч Л.Ганбат нарт холбогдох,

2017 оны 04 сарын 29-ний өдрийн 0175303 дугаартай эд хөрөнгө хураасан актыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбат, Б.Эрдэнэболд, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* нь 1995 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Б.Эрдэнэсоёлтой гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд өдийг хүртэл 24 жил хамт амьдарч байна. Би 1993 онд Орхон аймгийн Онцгой байдлын газарт Гал сөнөөгчөөр ажилд орсон бөгөөд 2003 он хүртэл нийт 10 жил гал сөнөөгчөөр, 2003 оноос 2010 он хүртэл 7 жил Солонгос улсад ажилласан. Ийнхүү 1993 оноос 2010 он хүртэл 17 жилийн хугацаанд хөдөлмөрлөсний үр дүнд эхнэр Б.Эрдэнэсоёлын хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг 17 гудамжны 09 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 777 м.кв газар, уг газар дээр байрлах Үйлчилгээний зориулалттай 90 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Оюут баг Чимэг төвийн хажууд байрлах дутуу баригдсан үйлчилгээний зориулалттай барилга гэх мэт хөрөнгүүдийг бий болгосон. Дээрх хөрөнгүүдээс зарим хөрөнгүүд болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг 17 гудамжны 09 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 777 м.кв газар, уг газар дээр байрлах Үйлчилгээний зориулалттай 90 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгүүд нь эхнэр Б.Эрдэнэсоёлын нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарахаар заасан бөгөөд миний хөрөнгүүдийг бий болгоход оруулсан хувь нэмэр, оролцоо зэргээс үзвэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг 17 гудамжны 09 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 777 м.кв газар, уг газар дээр байрлах Үйлчилгээний зориулалттай 90 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгүүд нь манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юм. Гэтэл Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Л.Ганбатын 017.53.03 дугаартай Эд хөрөнгө хураасан акт-аар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг 17 гудамжны 09 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 777 м.кв газар, уг газар дээр байрлах Үйлчилгээний зориулалттай 90 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг хураасан байна. Ийнхүү хураан авах ажиллагааг хийхдээ тухайн хөрөнгийг бий болгосон бөгөөд хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүний хувьд надад огт мэдэгдээгүй ба эхнэр Б.Эрдэнэсоёл нь тухайн хөрөнгийг хураан авсан акт гарсан болохыг надаас нууж байсныг миний бие 2019 оны 01 сарын 02-ны өдөр олж мэдлээ. Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Л.Ганбатын 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 017.53.03 дугаартай эд хөрөнгө хураасан актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2016/1377 дугаар шийдвэрээр Гүн арвижих эрдэнэс ХХК-аас 78.665.180 төгрөг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус газрын 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Л.Ганбат харьяаллын дагуу хариуцан гүйцэтгэж байна. Тус газрын 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Л.Ганбат нь төлбөр төлөгч Гүн арвижих эрдэнэс ХХК-аас төлбөрт битүүмжлэн хураасан эд хөрөнгө нь Хаан банкны үүргийн гүйцэтгэлийн барьцаанд хуулийн хүрээнд гэрээний дагуу нотариатаар батлуулан Улсын бүртгэлийн хэлтэст барьцааны гэрээг бүртгүүлж баталгаажуулсан эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар барьцааны зүйл болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 17-09 тоотод байрлах Ү-2101009347, Г-2101000252 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, газар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй Ү-2101016209 дугаартай дутуу барилга, №0391426 эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг тус тус битүүмжлэн хураан авч үнэлгээ тогтоолгон албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үнээс төлбөрийг барагдуулахаар хуулийн хүрээнд ажиллаж байгаа тул иргэн *******ийн үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Ганбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2016/1377 дугаар шийдвэрээр Гүн арвижих эрдэнэс ХХК-аас 78.665.180 төгрөг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эхэлснээс хойш төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж боломжит хугацааг олгож ажилласан. Битүүмжилсэн хөрөнгийг хураах ажиллагааг төлбөр төлөгчийн гаргасан хүсэлтээр 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 17-53-02, 17-53-03 эд хөрөнгө хураах актаар хураасан. Мөн төлбөр төлөгч Гүн арвижих эрдэнэс ХХК-ний захирал Б.Эрдэнзсоёл нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор аудитын байгууллагад барилгын зураг төсвийг гаран өгөхөөс зайлсхийж, барилгын зураг төсвийг албадан гаргуулж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд аудитын үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар удаа дараа шүүх байгууллагад хандаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 04 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарын 10-ныг хүртэл хойшлуулж Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/01688 тогтоолоор аудитын байгууллагын үнэлгээг хэвээр үлдээж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээсэн. Төлбөр төлөгч нь төлбөр төлөхөөс удаа дараа санаатайгаар зайлс хийж байсан тул шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Л.Ганбат Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2016/1377 дугаар шийдвэрийн 3 дугаар заалтад заасанчлан хариуцагч Гүн арвижих эрдэнэс ХХК нь нэхэмжлэгчид төлөх 78.116.674 төгрөг, тэмдэгтийн хураамж 548.505 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйлийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах арга хэмжээг авч ажилласан билээ. Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 437 дугаар нээлттэй хорих ангийн 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Л.Ганбат би хууль бус үйл ажиллагаа явуулаагүй хуулийн хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан тул нэхэмжлэгч *******ийн үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2019/00566 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54,1, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар нээлттэй хорих анги, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар нээлттэй хорих ангийн шийдвэр гүйцэтгэгч Л.Ганбат нарт холбогдуулан гаргасан эд хөрөнгө хураасан актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Л.Ганбат нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа Битүүмжилсэн хөрөнгийг хураах ажиллагааг төлбөр төлөгчийн гаргасан хүсэлтээр 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 17-53-02, 1753-03 дугаартай эд хөрөнгө хураах актаар хураасан, эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс мэдэж байсан... гэжээ. Миний бие энэ талаар огт мэдээгүй бөгөөд эхнэр Н.Эрдэнэсоёл надаас дээрх үйл ажиллагааны талаар нууж байсан бөгөөд миний бие 2019 оны 01 дүгээр сард эхнэрийн бичиг баримт дотроос уг хураан авсан актыг олж мэдсэн болно. Мөн нөгөө талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь энэ талаар надад огт мэдэгдээгүй юм. Би Б.Эрдэнэсоёлтой 24 жил хамт амьдарч өөрийн хүч хөдөлмөрийг хураан авсан хөрөнгийг бий болгоход илүү их хувь нэмэр оруулсны хувьд шийдвэр гүйцэтгэх байгууллагад хөрөнгөө хураалгасандаа гомдолтой байна. Биднийг гэр бүл болохыг нотлох баримт болох гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан байтал шүүх дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* нь тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч Л.Ганбат нарт холбогдуулан эд хөрөнгө хураасан актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар ...аудитын байгууллагад барилгын зураг төсвийг гарган өгөхөөс зайлсхийж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд аудитын үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар удаа дараа шүүх байгууллагад хандаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг санаатайгаар удаашруулж байгаа, нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг мэдэж байсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар гаргаж, мэтгэлцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд тус аймаг дахь анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1377 дугаар шийдвэрээр Гүн арвижах эрдэнэс ХХК нь 78.665.180 төгрөгийг Хаан банканд төлөх, уг үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар болсон ба хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба барьцааны зүйл болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг 17 дугаар гудамжны 09 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 777 м/кв газар, үйлчилгээний зориулалттай 90 м/кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар 017-53-03 Эд хөрөнгө хураасан акт-аар хурааж хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байна.

Нэхэмжлэгч ******* нь шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Эд хөрөнгө хураасан акт-аар дээрх барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг хураасан талаар 2019 оны 1 дүгээр сарын 2 ны өдөр олж мэдсэн гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч *******ийн гаргасан Эд хөрөнгө хураасан акт-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2019/00566 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ