Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2019/00755

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, Боржигон овгийн Амгалангийн Амарсайханы /регистрийн дугаар ЧН81122713/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урд эрхэлж байсан хөнгөн тэрэгний хэсгийн суудлын авто машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь *******-ийн Автотээврийн байгууллагад хөнгөн тэрэгний жолоочоор 2016 оны 09 сарын 12-ны өдөр 20/251 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Тус байгууллагад ажиллах хугацаандаа миний бие ямар нэгэн зөрчил гаргаагүй, ажилдаа чин сэтгэлээсээ хандан ажилладаг байсан. Энэ байгууллагад ажиллахын тулд гэр бүлээ хүртэл Орхон аймаг руу нүүлгэн авчирч байр хөлслөн амьдарч байсан. Гэтэл 2019 оны 03 сарын 21-ний өдрийн Б/326 тоот тушаалаар миний хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг минь цуцалсан билээ. Миний энэ хийж байсан ажил байнгын ажил бөгөөд жолоочийн орон тоо нь байнгын ажпын байр гэж үзэж миний хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулагдах ёстой байсан гэж үзэж байгаа. Иймээс хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр миний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, урд эрхэлж байсан Хөнгөн тэрэгний тээврийн хэсэгт суудлын авто машины жолоочийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан нийт хугацааны цалин гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******ы нэхэмжлэлтэй -т холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, урд эрхэлж байсан Хөнгөн тэрэгний тээврийн хэсэгт суудлын авто машины жолоочийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан нийт хугацааны цалин гаргуулах энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1 .Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна. 23.2.1 .байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна, 23.2.2.энэ хуу.пийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай баигуулна гэж заасан байдаг.

Ажил олгогч буюу *******, ажилтан буюу ******* нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 20/251 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан бөгөөд тус хөдөлмөрийн гэрээний 7.4 дэх заалтад Энэхүү гэрээг Хангамжийн хэлтсийн дарга *******-д ажиллаж байх хугацаанд *******ыг Автотээврийн байгууллагын Хөнгөн тэрэгний тээврийн хэсэгт жолоочоор ажиллуулахаар гэрээг хийв гэж харилцан тохиролцож Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.3. "хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог. Мөн хуулийн 27.7-д Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж: заасан байна.

Эндээс үзвэл ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний заалт бүр нь тэдгээрийн хооронд тохиролцсон тохиролцоо мөн бөгөөд ажилтан, ажил олгогч гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон байна.

Иймд ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1-д заагдсан хугацаатай байгуулсан гэрээ гэж үзнэ.

Мөн *******-ийн Ерөнхий захирал 2016 оны 09 дүгээр сарын 16-өдөр ажилд авах тухаи Б/1081 дугаар тушаал гаргасан бөгөөд уг тушаалыг *******тай байгуулсан 20/251 дугаартай хөдөлмөрийн гэрээг үндэслэн гаргасан байдаг. Энэхүү тушаалын 1 дүгээр заалтад *******ыг Авто тээврийн байгууллагын Хөнгөн тэрэгний тээврийн хэсэгт суудлын авто машины жолоочоор 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс Хангамжийн хэлтсийн дарга ажиллаж байх хугацаанд ажиллуулсугай гэж тодорхой заасан байна.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болохыг заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор *******-д онцгой дэглэм тогтоосон. Мөн өдөр *******-ийн Ерөнхий захирлын тушаал гарч Хангамжийн хэлтсийн орлогч дарга үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Энэ нөхцөл байдлаас үүдэн *******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан бөгөөд цаашид сунгагдахгүй болсон. Иймд *******-ийн Ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/326 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, *******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалтыг үндэслэн түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр юм.

3.******* нь нэхэмжлэлдээ ..Миний энэ хийж байсан акт байнгын ажил бөгөөд жолоочийн орон тоо нь байнгын ажлын байр гэж үзэж миний хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулагдах ёстой байсан гэжээ ...Хэрэв ******* нь Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах ёстой гэж узэж байсан юм бол түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажилд авсан тушаалд хөдөлмөрийн гэрээний хугацааг тодорхойлон заасан байгааг мэдсээр байж гэрээний хугацааны талаар Хөдөлмөрийн тухай хууль болон 20/251 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 7.2 дахь заалтыг үндэслэн гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй нь ойлгомжгүй байна.

Дээрх байдлаас үзвэл ажил олгогч, ажилтан нарын хооронд Хөдөлмөрийн тухай зүйлийн 23.2.1-д зааснаар хугацаатай гэрээ байгуулагдсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-д зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, *******тай байгуулсан 20/251 дугаар гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалтыг үндэслэн *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр юм. Иймд *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                        ҮНДЭСЛЭХ нь: 

 

            Нэхэмжлэгч ******* нь *******-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урд эрхэлж байсан хөнгөн тэрэгний хэсгийн суудлын авто машины жолоочийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

******* нь 2016 оны 09 сарын 12-ны өдрөөс эхлэн *******-ийн Автотээврийн байгууллагад хөнгөн тэрэгний жолоочоор ажиллаж байгаад 2019 оны 03 сарын 21-ний өдрийн Б/326 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1081 дүгээр тушаал, 2016 оны 09 сарын 12-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 1238435 дугаартай нийгмийн даатгалын дэврийн хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/326 дугаар тушаал, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, *******тай байгуулсан 20/251 дугаартай хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалт, Авто тээврийн байгууллагын даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 20/158 тоот албан бичгийг үндэслэсэн байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул ажил олгогч *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэсэн тайлбар гаргаж байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байх ба байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй; мөн байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор хуульд заасан.

*******-ийн Хангамжийн хэлтсийн даргаар 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс томилсон байх ба *******д өөрийнх нь жолоочоор ажиллах санал тавьсныг ******* хүлээн зөвшөөрч, тэрээр сонгон шалгаруулалтанд орохгүйгээр 2016 оны 09 дүгээр сарын 12-нд *******-д жолоочоор ажиллах хүсэлт гаргасан, , ******* нар 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс буюу нэг өдөр ажилд томилогдсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, ажилд томилсон Б/981 дүгээр тушаал, *******ыг ажилд томилсон Б/1081 дүгээр тушаал, *******ы хүсэлт зэргээр тогтоогдож байна.

******* ******* нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4-д ...энэхүү гэрээг Хангамжийн хэлтсийн дарга *******-д ажиллаж байх хугацаанд *******ыг Автотээврийн байгууллагын Хөнгөн тэрэгний тээврийн хэсэгт жолоочоор ажиллуулахаар гэрээг хийв гэжээ.

Ийнхүү ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой буюу Хангамжийн хэлтсийн дарга *******-д ажиллаж байх хугацаанд *******ыг Автотээврийн байгууллагын Хөнгөн тэрэгний тээврийн хэсэгт жолоочоор ажилуулах шаардлага үүссэн, дээрхи шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээ болон ажилд авах тушаалд тодорхой тусгасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ... 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлсөн.Үүнээс хойш 14 хоногийн дараа *******ыг ажлаас чөлөөлсөн. ажлаас чөлөөлсөнтэй холбоотой *******ыг чөлөөлж байгаа юм бол 2019 оны 03 дугаар сарын 06 эсхүл 07-ны өдөр *******д гэрээний хугацаа дууссан, цуцлах саналтай байгаагаа илэрхийлж санал тавиагүй тул гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж мэтгэлцэж байгаа.

Гэвч ажил олгогч *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Хангамжийн хэлтсийн дарга *******-д ажиллаж байх хугацаанд *******ыг Автотээврийн байгууллагын Хөнгөн тэрэгний тээврийн хэсэгт жолоочоор ажилуулна гэж тохиролцсон бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь Б/270 дугаартай *******-ийн Ерөнхий захирлын тушаалаар нотлогдож байна.

Ажил олгогч ажилтан нар хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар биш харин *******-д ажиллаж байх хугацаанд гэж тохиролцсон байх бөгөөд ажлаас чөлөөлөгдсөн тул *******ы хөдөлмөрийн гэрээний хугацаа анх заасан хугацаагаар сунгагдах боломжгүй болсон байх тул ажил олгогчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/326 дугаар тушаал үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч шаардлагаа *******-нд холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус компани нь азар болсон нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ы *******-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Р.ҮҮРИЙНТУЯА