Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 118

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 207/МА2019/00118

 

*******ы нэхэмжлэлтэй хариуцагч

******* ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдсан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2019/00755 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урд эрхэлж байсан хөнгөн тэрэгний хэсгийн суудлын авто машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******ы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одгэрэл, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* нь ******* ХХК-ийн Авто тээврийн байгууллагад хөнгөн тэрэгний жолоочоор 2016 оны 09 сарын 12-ны өдөр 20/251 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Тус байгууллагад ажиллах хугацаандаа миний бие ямар нэгэн зөрчил гаргаагүй, ажилдаа чин сэтгэлээсээ хандан ажилладаг байсан. Энэ байгууллагад ажиллахын тулд гэр бүлээ хүртэл Орхон аймаг руу нүүлгэн авчирч байр хөлслөн амьдарч байсан. Гэтэл 2019 оны 03 сарын 21-ний өдрийн Б/326 тоот тушаалаар миний хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг минь цуцалсан билээ. Миний энэ хийж байсан ажил байнгын ажил бөгөөд жолоочийн орон тоо нь байнгын ажлын байр гэж үзэж миний хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулагдах ёстой байсан гэж үзэж байгаа. Иймээс хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр миний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, урд эрхэлж байсан Хөнгөн тэрэгний тээврийн хэсэгт суудлын авто машины жолоочийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан нийт хугацааны цалин гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

*******ы нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна. 23.2.1 .байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна, 23.2.2.энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэж заасан байдаг. Ажил олгогч буюу ******* ХХК, ажилтан буюу ******* нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 20/251 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан бөгөөд тус хөдөлмөрийн гэрээний 7.4 дэх заалтад энэхүү гэрээг хангамжийн хэлтсийн дарга Н.Энхбаясгаланг ******* ХХК-д ажиллаж байх хугацаанд *******ыг авто тээврийн байгууллагын хөнгөн тэрэгний тээврийн хэсэгт жолоочоор ажиллуулахаар гэрээг хийв гэж харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.3. "Хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог. Мөн хуулийн 27.7-д хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж заасан байна. Эндээс үзвэл ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний заалт бүр нь тэдгээрийн хооронд тохиролцсон тохиролцоо мөн бөгөөд ажилтан, ажил олгогч гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон байна. Мөн ******* ХХК-ийн ерөнхий захирал 2016 оны 09 дүгээр сарын 16-өдөр Амгалангийн Амарсайханыг ажилд авах тухай Б/1081 дугаар тушаал гаргасан бөгөөд уг тушаалыг *******тай байгуулсан 20/251 дугаартай хөдөлмөрийн гэрээг үндэслэн гаргасан байдаг. Энэхүү тушаалын 1 дүгээр заалтад *******ыг Авто тээврийн байгууллагын хөнгөн тэрэгний тээврийн хэсэгт суудлын авто машины жолоочоор 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хангамжийн хэлтсийн дарга Н.Энхбаясгаланг ажиллаж байх хугацаанд ажиллуулсугай гэж тодорхой заасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор ******* ХХК-д онцгой дэглэм тогтоосон. Мөн өдөр ******* ХХК-ийн Ерөнхий захирлын тушаал гарч Хангамжийн хэлтсийн орлогч дарга Н.Энхбаясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Энэ нөхцөл байдлаас үүдэн *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан бөгөөд цаашид сунгагдахгүй болсон. Иймд ******* ХХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/326 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, *******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалтыг үндэслэн түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр юм. Иймд *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2019/00755 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ы ******* ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдсан гомдолдоо:

Миний бие Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 05-ны өдрийн 142/ШШ2019/00755 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачлагаар тэдгээрийн харилцан тохиролцсоны үндсэн дээр тодорхой буюу Н.Энхбаясгалаг ******* ХХК-д ажиллаж байх хугацаанд *******ыг авто тээврийн байгууллагын хөнгөн тэрэгний тээврийн хэсэгт жолоочоор ажиллуулах шаардлага гарсан... гэжээ. Өөрөөр хэлбэл шүүх Н.Энхбаясгалан ******* ХХК-д ажиллаж байгаа явдал нь *******ы хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах үндэслэл шаардлага мөн байсан гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тухайн ажилтантай тохиролцсоноор байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулна. Гэхдээ энэ хугацаа нь талуудын хүсэл зоригоос шалтгаалж байх ёстой. ******* нь анх ******* ХХК-д ажилд орохдоо Н.Энхбаясгалангийн жолоочоор орох хүсэлт гаргаагүй, мөн ажилд авсан тухай тушаалд хангамжийн хэлтсийн дарга Н.Энхбаясгаланг ажиллаж байх хугацаанд ажиллуулахаар дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл Н.Энхбаясгалан нь удалгүй хангамжийн хэлстийн дарга байхаа больсон. Энэ мэтээр шүүх зөрүүтэй нотлох баримтуудыг үндэслэн шийдвэр гаргасныг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч байна. Түүнчлэн Н.Энхбаясгалан нь томилолтоор ирсэн албан тушаалтан бус надтай адилхан хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Н.Энхбаясгалангийн хөдөлмөрийн харилцаагаар миний хөдөлмөрийн харилцаа зохицуулагдаад байгаа буюу миний бие Н.Энхбаясгалангаас хамааралтай болоод байгаагаа огт ойлгохгүй байгаа юм. Мөн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үндэслэж шийдсэн буюу хуульд зааснаар хариуцагч нь тухайн баримтын үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлэх ёстой. Гэтэл хариуцагч Төрийн архивын батламжтай учир хуулбар үнэн дарсан баримт хүчинтэй гэсэн тайлбар нийж, шүүгч үүнийг нь дэмжин хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урд эрхэлж байсан хөнгөн тэрэгний хэсгийн суудлын авто машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ...хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул жолоочийн ажлаас хуульд заасны дагуу чөлөөлсөн гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч *******ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасантай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ХХК-ийн Авто тээврийн байгууллагад хөнгөн тэрэгний жолоочоор 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ажилд орсон ба ажил олгогчийн гаргасан Б/1081 тоот тушаал болон 20/251 тоот хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 д Хангамжийн хэлтсийн дарга Н.Энхбаясгаланг ******* ХХК-д ажиллаж байх хугацаанд *******ыг Авто тээврийн байгууллагын Хөнгөн тэрэг тээврийн хэсэгт жолоочоор ажиллуулахаар гэрээг хийв гэж талууд гарын үсэг зурж харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч ******* ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл, хугацааны талаар хуульд заасан журмын дагуу зохих байгууллагад гомдол гаргаж байгаагүй тул нэхэмжлэгчийг жолоочийн ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/326 тоот тушаалын үндэслэл хуульд нийцсэн ба энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтсон журам болон хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчөөгүй тул нэхэмжлэгч *******ы гаргасан ...шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үндэслэж шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.           Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2019/00755 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ы давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

Б.ОЮУНЦЭЦЭГ