Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 1359

 

 

 

 

 

 

  2020           10              27                                       2020/ДШМ/1359                                                  

 

 

                                   М.Б од холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч М.Б ын өмгөөлөгч О.Оюунчимэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/1233 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б , түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарын гаргасан давж заалдах гомдол болон улсын яллагч А.Сайнбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн М.Б од холбогдох эрүүгийн 1906 04782 1348 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ө овогт М.Б, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа барилгын туслах ажилтай, ам бүл 3, эх, эгч нарын хамт ... тоотод оршин суудаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй /РД:/;

М.Б  нь 2019 оны 8 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис” караокений текний ард байсан хохирогч Э.М гийн эзэмшлийн “Лунай-2” загварын, хохирогч Э.Э гийн эзэмшлийн “Хуавэй Ү-5” загварын гар утаснууд болон 40.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 387.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ө овогт М.Б-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б од 1 жил 3 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож М.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч М.Б од 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, М.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б оос 159.400 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Э д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий компакт диск 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, М.Б од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Б  давж заалдах гомдолдоо: “...Миний бие ам бүл 3, ээж, төрсөн эгчтэйгээ хамт амьдардаг. Ээж М өрх толгойлсон эмэгтэй, эгч Т 7 сартай жирэмсэн. Миний ээж М сэтгэцийн эмгэгтэй, хүний асаргаанд байх шаардлагатай. Хажууд нь хүн байнга харж хамгаалахгүй бол сэтгэцийн хувьд өөрийгөө жолоодох чадваргүй юм. Ганц харж хандаж тус дэм болох хүн нь би юм. Миний хувьд үйлдсэн хэргийнхээ гэм бурууг маш сайн ойлгосон байгаа. Хохирол төлөх асуудалд анхаарч хохирогчийг хохиролгүй болгоно. Миний ар гэрийн үнэхээр аргагүй үнэн байдлыг харгалзан үзэж хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч М.Б ын өмгөөлөгч О.Оюунчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс болон шүүгдэгч М.Б ын үйлдсэн хэргийн “Гэм буруугийн байдал”-д маргахгүй байгаа бөгөөд М.Б  нь мөн холбогдсон хэргээ хянан шийдвэрлэх, шүүхээр хянан хэлэлцэгдэх явцад ч үйлдсэн хэргийнхээ гэм бурууд маргадаггүй бөгөөд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгдөг.

М.Б ын хувийн байдлын тухайд: М.Б  нь ар гэрийн хувьд ам бүл 3, ээж, эгч нарын хамт амьдардаг, өөрийн гэсэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ээж нь “Сэтгэцийн эрүүл мэнд”-ийн хувьд байнгын эмчийн хяналтанд эмчлүүлдэг. Өөрөөр хэлбэл заавал асаргаа сувилгаа харгалзах хүн хэрэгтэй байдаг төдийгүй энэ өвчин нь цаашлаад нийгэмд аюултайн дээр бусдын амгалан тайван байх асуудалд маш их хамааралтай гэж үзэж байна. Эгч М.Тунгалагмөрөн нь 7 орчим сартай жирэмсэн, амьжиргаа залгуулахын тулд хөлсөөр өөрийн таарч тохирох ажлыг хийж гэр бүлээ тэжээж байна. М.Б ын гэр бүл амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны 3-р гудамж 13 тоотод байнга оршин суух хаягтай. Эгч Т нь ажилтай үед ээж нь харах хүнгүй, энд тэнд унаж үхэх аюултай, заримдаа өөрийгөө жолоодох чадваргүй учраас хажууд нь хүн заавал байж, харж хандах зайлшгүй шаардлагатай байна. М.Б  нь хэргээ “Хялбаршуулсан байдал”-аар шийдвэрлүүлэх санал гаргаж байсан боловч хууль зүйн туслалцаа авч чадаагүйгээс хохирлоо бүрэн төлж хохирогчтой эвлэрэх талаар дутагдалтай байсан харагдаж байна. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялаас гадна сонгомол ялтай. Өөрөөр хэлбэл нийтэд тустай ажил хийлгэх ...ялтай. Хорих ялын хамгийн бага хэмжээ нь 6 сар. Шүүхээс М.Б од Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоосон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл ...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэж нийт ялын хэмжээг тогтооно гэжээ. М.Б ын гэмт хэргээ чин сэтгэлээсээ хүлээн мэдүүлсэн байдал, ар гэрийн аргагүй үнэн гачигдалтай байдал, түүний ээжийнх нь бусдын асрамжинд зайлшгүй байх шаардлага зэргийг харгалзан үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/1233 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг өөрчлөн 6 сар болгон өмнөх тогтоол буюу Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас өмгөөлөгчийн тооцоолсноор эдлээгүй үлдсэн 136 хоногийн ялыг нэмж нэгтгэн хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Сайнбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт цугларсан хохирогч нарын мэдүүлэг, алдагдсан гар утасны үнэлгээ, хийсэн тэмдэглэл, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг бичгийн болон бусад баримтаар М.Б ын үйлдсэн гэмт хэрэг нь 2019 оны 8 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө буюу Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн нь тогтоогдсон байна. Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Б ыг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2-т заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч М.Б од холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч М.Б  нь 2019 оны 8 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис” караокений текний ард байсан хохирогч Э.М гийн эзэмшлийн “Лунай-2” загварын, хохирогч Э.Э гийн эзэмшлийн “Хуавэй Ү-5” загварын гар утаснууд болон 40.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 387.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

 хохирогч Э.М гийн “...нөгөө ээлжнийх нь Б гэдэг залуу нүүр, ам нь хавдчихсан согтуу сууж байсан. Маргалдсан хүмүүсийг Э, бид хоёр салгаж байхад Б текний хажууд байхдаа миний цэнэглэж байсан “Лунай-2” маркийн гар утас, утасны гэрийн ард байсан 20.000 төгрөг, виза карт, Энхжингийн “Хуавай Ү-5” маркийн гар утас, текний ард байсан Энхжингийн 20.000 төгрөг зэргийг хулгайлаад аваад явсан байсныг тус караокений бичлэгийг шүүж үзээд мэдсэн. ...” /хх 25-26, 27/,

хохирогч Э.Э гийн “...Б  буцаад орж ирээд хүмүүстэй маргалдах гээд байхаар нь текний хажууд байрлах сандал дээр суулгачихсан байсан. 02 цаг 10 минутын орчимд текэн дээрээ ирээд текний доор ил байсан 20.000 төгрөгөө авах гэтэл байхгүй болохоор нь мөнгөний хажууд байсан гар утсаа хартал байхгүй байсан. Мөн текний доор байсан Мягмарсүрэнгийн гар утас байхгүй байхаар нь хяналтын камер шүүхэд 02 цагийн орчимд Б  аваад гарч явсан камерийн бичлэг байсан. ...нөгөөдөр нь Б  Мягмарсүрэнгийн ТҮЦ-ний утсаар залгаад авсан 2 гар утсаа 40.000 төгрөгтэй чинь орой 22 цагаас өмнө аваачиж өгнө гээд эргэж холбогдоогүй. ...” /хх 21-22/ гэх мэдүүлгүүд, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 36-37/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч М.Б ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Гэвч М.Б ын өмнөх Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 1233 дугаартай шийтгэх тогтоолоор хүчингүй болгож, хорих ял оногдуулахдаа М.Б ыг тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэснийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь, М.Б ын Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон үйлдэл нь 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 1233 дугаартай шийтгэх тогтоолд гэм буруутайд тооцсон үйлдлээс өмнөх цаг хугацаанд хамаарч байна.

Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 1233 дугаартай шийтгэх тогтоолд тэнссэн хугацаанд шинээр гэмт хэрэг санаатай үйлдсэн мэтээр дүгнэснээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол. ...” гэж, 5 дахь хэсэгт “...Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна. ...” гэж тус тус хуульчилсан нь дээрх нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд хэрэглэхээр зохицуулж, хэрэв тэнссэн хугацаандаа шинээр санаатай гэмт хэрэг үйлдсэн бол ял оногдуулах журмыг хуульчилсан.

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. ...” гэж хуульчилсан.

М.Б  нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлсний дараа өмнөх үйлдэл буюу 2019 оны 8 дугаар сард болсон үйл баримтын асуудал хөндөгдөж, уг үйлдэлдээ 2020 оны 7 дугаар сард ял шийтгүүлж байх тул тэнссэн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. ...” гэсэн зохицуулалтын хүрээнд өмнөх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн М.Б  нь урьд 2 удаа бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан ба түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялын хэмжээ тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд, “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тэнссэн хугацаанд гэж бичсэнийг өөрчилж өгнө үү” гэсэн прокурор А.Сайнбаярын эсэргүүцлийг болон шүүгдэгч М.Б ын өмгөөлөгч О.Оюунчимэгийн гаргасан “хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэх утга бүхий гомдлыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хэсгийн 4 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн аль хэсгийг баримтлах талаар дурдаагүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөхөөр шийдвэрлэв.

Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу “нөлөөллийн мэдүүлэг” хөтлөх ёстой бөгөөд хавтаст хэрэгт шүүгчид нөлөөлөх оролдлого ирсэн эсэх, түүнийг шүүгч баталгаажуулсан байдал огт хийгдээгүйг цаашид анхаарвал зохино.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/1233 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ  

 

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР