Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 202/МА2018/00037

 

Л.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

         Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 136/ШШ2018/00354 дугаар шийдвэртэй, 

        Нэхэмжлэгч: Л-ын Б /........./-ын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Ө өмчлөгчдийн холбоонд холбогдох,

      Ө өмчлөгчдийн холбоо байгуулсан бүх гишүүдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

      Хариуцагчийн төлөөлөгч Б.Э-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сайншанд сумын 2 дугаар  багийн хэмжээнд ажиллах Ө СӨХ-г байгуулахдаа өмнө нь миний харъяалагдаж байсан Д СӨХ-г нэгтгэсэн болно. АШУҮИС-ын салбар сургуулийн соёлын танхимд 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр болсон хуралд өөрийн биеэр оролцсоны хувьд тус багт үйл ажиллагаа явуулдаг сууц өмчлөгчдийн холбоодыг нэгтгэж зохион байгуулсан хурлын ирц, уг хурлаас гарсан тогтоол сууц өмчлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн, хууль бус шийдвэр гэж үзэж байна. Дээрхи хуулиар бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудлыг зохицуулсан 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.5-д “Холбоог өөрчлөн байгуулах” гэж заасан бөгөөд сууц  өмчлөгчдийн холбоодыг нэгтгэж өөрчлөн байгуулах асуудлыг тус тусын СӨХ-ны бүх гишүүдээр хэлэлцүүлсний дараа сууц өмчлөгчдийн хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн өөрчлөн байгуулагдах холбоонд нэгдэх эсэх асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэх хуулийн зохицуулалт үйлчилж байгаа бөгөөд нэгдэх эсэх нь сууц өмчлөгчдөд хуулиар олгогдсон бүрэн эрх болно. Сууц өмчлөгчдийн хувьд 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хурал болохоос өмнө зар товыг дуулаагүй, мөн хурлаас гарах шийдвэрийн төслийг бичгээр танилцуулаагүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт “Бүх гишүүдийн хурлын товыг хуралдуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлаж, хурлаас гарах шийдвэрийн төслийг бичгээр мэдэгдэнэ”, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Сууц өмчлөгч миний эрх зөрчигдсөн гэж үзээд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

      Хариуцагчийн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу нийтийн зориулалттай орон сууцанд амьдарч буй иргэдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн сууц өмчлөгчдийг хуралдуулсан бөгөөд хурлын ирц хангалттай буюу төлөөлөх эрх бүхий 263 оршин суугч оролцсон байна. Мөн хурлыг дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасны дагуу 14-өөс доошгүй хоногийн өмнө оршин суугчдад мэдэгдэж хурлаас гарах шийдвэрийн талаар танилцуулахад 405 өрхөөс 286 өрх нь “Холбоог өөрчлөн байгуулах” талаар санал гаргасан.Хуралдаанаас хуулийн 7.2.5 дахь хэсэгт заасан “холбоог өөрчлөн байгуулах” санал гарч 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Ө” СӨХ-г байгуулахаар бүх гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн тул Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 2017.04.08-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Сууц өмчлөгчдийн холбоо”-г өөрчлөн зохион байгуулах шийдвэр гарсан. Мөн хуулийн 10, 11 дүгээр зүйлийг удирдлага болгон удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг бүх гишүүдийн хурлаар сонгосон. Холбоог өөрчлөн зохион байгуулсан дээрх шийдвэрүүдийг үндэслэн Сайншанд сумын Засаг даргаар Монгол Улсын Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18.1.1 дэх хэсэгт “холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн засаг даргын тамгын газар холбоог бүртгэх” эрх олгогдсоны дагуу Ө өмчлөгчдийн холбоог бүртгэж 2017.05.10-ны өдрийн 10 дугаар гэрчилгээг олгосон. Иргэн Л.Б нь “Холбоог өөрчлөн байгуулах” тухай бүх гишүүдийн хуралд өөрийн биеэр оролцоогүй нь “Ө” СӨХ-г байгуулсан бүх гишүүдийн хурлын 2017 оны 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй. Учир нь хуулийн 9.1 дэх хэсэгт “хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй” гэж хуульчилсан байна.

     Тайлбар 2: “Д” СӨХ нь 199.12.04-ний өдрийн 102 дугаар гэрчилгээгээр Т.Болдын санаачилгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд тухайн үеийн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нь тодорхойгүй. 2 дугаар багийн 11, 13, 14, 17, 25, 26, байруудын сууц өмчлөгчдийн холбоонос “Д” СӨХ-г үүсгэн байгуулсан хуралдааны шийдвэр, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилсон эрх зүйн акт байхгүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.1.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148.1, 149 дүгээр зүйлд заасан эрхийг эдлэхээр тогтоосон бөгөөд эдгээр зүйлд заасан сууц өмчлөгчийн шаардах эрхийг хуульчилсан байна. Гэвч “Ө” СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2017 оны 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч Л.Бын хууль ёсны ямар эрх ашгийг зөрчсөн нь тодорхойгүй юм. Нэхэмжлэгч Л.Б нь бүх гишүүдийн хуралд өөрийн биеэр оролцоогүй нь уг хурлын тогтоолыг хүчингүй болгох үндэслэл биш юм гэжээ.

            Анхан шатны шүүх: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т зааснаар Ө өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хурлыг хүчин төгөлдөр бусад тооцож,

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус зааснаар Л.Баас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө СӨХолбооноос 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж,

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

         Хариуцагчийн төлөөлөгч Б.Э давж заалдсан гомдолдоо: 354 дүгээр шийдвэрийг хууль зөрчсөн, хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй” гэж хуульчилсан бөгөөд иргэн Л.Бын хууль ёсны эрх ашгийг Ө өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 2017.04.08-ны өдрийн 01 дүгээр тогтоол зөрчсөн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэл гаргах эрх үүссэн эсэх нь тогтоогдохгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч, уг хэргийг иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн нь өөрөө дээрх хуулийн заалтыг зөрчиж байна гэж үзэж байна.

        Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль 2003.06.18-ны өдөр батлагдсан бөгөөд одоо хүртэл уг хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа билээ. Хууль хэрэгжиж эхэлсэн цагаас эхлэн тус багт “Сууц өмчлөгчдийн холбоо”-г орон нутгийн захиргааны байгууллага болон сууц өмчлөгчдийн холбооноос сайн дурын үндсэн дээр зохион байгуулж уг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт “Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн засаг даргын тамгын газар холбоог бүртгэх” ажиллагааг зохион байгуулаагүй бөгөөд иргэн Л.Бын нэхэмжлэлд дурдсан “Д” сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж аваагүй байна. Сайншанд сумын 2 дугаар багт 15 байрны 616 өрхийн оршин суугч сайн дурын үндсэн дээр сууц өмчлөгчдийн холбоог байгуулах талаар санал, санаачилгыг гаргасан боловч 1998 онд Хууль зүйн яамнаас СӨХ-ны гэрчилгээ авсан гэх “Д” СӨХ Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрыг 2 дугаар багийн орон сууцны байруудыг нэгтгэсэн сууц өмчлөгчдийн холбоог бүртгэх эрхгүй, шинээр байгуулагдсан “Ө” сууц өмчлөгчдийн холбоонд гэрчилгээ олгох эрхгүй гэж дээрх хуулийн 18.1.1 дэх хэсэгт заасан “...Сууц өмчлөгчдийн холбоог бүртгэх” эрх олгогдсон төрийн байгууллагын хууль ёсны эрхэд хөндлөнгөөс нөлөөлж шинээр байгуулагдсан “Ө” СӨХ-г үйл ажиллагааг нь зохион байгуулахад хүндрэл учруулж байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу нийтийн зориулалттай орон сууцанд амьдарч байгаа иргэдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн сууц өмчлөгчдийг хуралдуулсан. Хуралдаанаас хуулийн 7.2.5 дахь хэсэгт заасан “холбоог өөрчлөн байгуулах” санал гарч 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Өргө”ө СӨХ-г байгуулахаар бүх гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн. Иймд дээрх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт “Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн засаг даргын тамгын газар холбоог бүртгэх” гэж хуульчилсан байх тул шинээр байгуулагдсан “Ө” СӨХ-г бүртгэж, дээрх орон сууцнуудыг хамруулан гэрчилгээг олгосон. “Д” СӨХ нь 1998.12.04-ний өдрийн 102 дугаар гэрчилгээгээр Т.Болдын санаачилгаар үүсгэн байгуулагдсан гэх бөгөөд Монгол Улсад Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль 2003.06.18-ны өдөр батлагдсан. Хууль батлагдаж хэрэгжиж эхлэхээс даруй 4 жил 6 сарын өмнө уг холбоог Хууль зүйн яам бүртгэж гэрчилгээг олгосон байна. Өөрөөр хэлбэл хууль хэрэгжиж эхэлсэн үеэс эхлэн уг холбоог бүртгэсэн талаар эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр байхгүй. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц  өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгдийн холбоог байгуулна”, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5.4 дэх хэсэгт “Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно мөн холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал” гэж хуулийн 7.1 дэх хэсэгт тус тус тогтоож өгсөн байна. Хуулийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн үед буюу 1998 онд Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлах 12, 15, 16, 3, 4, 5, 45, 46, 47, 48, 49, 55, 56, 58, 59 дүгээр байруудад СӨХ байгуулах талаар сууц өмчлөгч нар, сууц хувьчлах товчоо болон баг, сумын Засаг даргаас сууц өмчлөгчдийн дунд ямар нэгэн хурлыг зохион байгуулаагүй байтал “Д” СӨХ-нд 1998.12.04-ний өдөр уг холбоог Хууль зүйн яамнаас улсын бүртгэл бүртгэгдэж 102 тоот 1025716 тоот регистрийн дугаар бүхий гэрчилгээтэй бөгөөд дахин холбоог байгуулах шаардлагагүй гэж иргэн Л.Б шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дэх хэсэгт мэдүүлэх эрх үүсээгүй юм. Өөрөөр хэлбэл Л.Б нь Д СӨХ-ны гишүүн нь тогтоогдоогүй байна. Иймд шүүхийн 136/ШШ2018/00354 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Бын ямар эрх зөрчигдсөн болоод Ө СӨХ-ны 2017.04.08-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байгаа. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль 2003.06.18-ны өдөр улс даяар мөрдөгдөж эхэлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан Далай-шанд СӨХ нь хууль хэрэгжихээс өмнө буюу уг харилцааг зохицуулаагүй байхад 1998 онд уг холбоог үүсгэн байгуулж, Бын санаачлагаар Далай-шанд СӨХ зохион байгуулалтад ороод явж байсан. 2003 онд хууль шинэчлэн батлагдсанаас хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасан эрх бүхий байгуулага болох Сайншанд сумын Засаг даргын тамгын газар бүртгэсэн зүйл байдаггүй, холбогдох материалууд ч байдаггүй. Бын хувьд Далай-шанд СӨХ-ны гишүүн. Далай-шанд СӨХ нь өөрөө хүчин төгөлдөр холбоо эсэх талаар баримт байхгүй байдаг. 2003 онд хууль шинэчлэгдсэнээс хойш бүх холбоог дахин зохион байгуулалтанд оруулаад байсан. Сайншанд сумын 2 дугаар багт 15 байрны 616 өрх сайн дурын үндсэн дээр холбоо байгуулах талаар санал санаачлагыг багийн засаг даргадаа гаргасан. Багийн засаг даргаас 2017 онд 415 өрхөөс санал явуулахад 286 өрхөөс холбоог нэгтгэх санал гаргасан. 2 дугаар багт 3 Сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаагаа явуулдаг. Шилтгээн 58, Аз жаргалын Ө, Далай-шанд гэсэн сууц өмчлөгчдийн холбоо тухайн үед үйл ажиллагаа явуулдаг байсан. Далай-шанд СӨХ-ны хувьд нэг зохион байгуулалтанд орсон талаар баримт байхгүй. Шилтгээн 58, Аз жаргалын Ө зэрэг сууц өмчлөгчдийн холбооны удирдлагууд нэгдсэн зохион байгуулалтад орох саналаа эрх бүхий байгууллагад уламжилсан байдаг. Иргэдийн саналыг үндэслээд Сайншанд сумын Засаг дарга, 2 дугаар багийн Засаг дарга нарын хувьд 2017.04.08-ны өдөр холбоонуудыг нэгдсэн зохион байгуулалтанд оруулахаар хуралдааныг товлон зарласан. Хурлыг зарлаад хийхэд санал өгөх эрхтэй 263 төлөөлөл оролцож энэ олон холбоог нэгтгэе гэсэн санал санаачлагыг гаргасан байдаг. Гишүүдийн хуралдаанаас хуульд заасан удирдах төлөөллөө сонгож, эрхийн актаараа баталгаажуулж 2017.04.08-ны өдрийн 01 тогтоолыг батлан гаргасан байдаг. Энэ тогтоолоор иргэн Бын яг ямар эрх, ашиг нь зөрчигдсөн талаар тогтоогдоогүй. Иймээс 2017.04.08-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хүчингүй шийдвэр болсон байна гэж үзэж байна гэв.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө СӨХ-г байгуулсан гэх бүх гишүүдийн хурлын 2017.04.08-ны өдрийн 01 дүгээр тогтоол нь зөвхөн сууц өмчлөгч Бын бус Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт нийтийн зориулалттай орон сууцны байшинд амьдардаг нийт сууц өмчлөгчдийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10, 13 дахь заалтад баталгаажсан олон нийтийн байгууллага байгуулах, сайн дураар эвлэлдэн нэгдэх, халдашгүй чөлөөтэй байх эрхүүд, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт хуралд бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох заалт зөрчигдөөд байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч нь иргэн Бын хууль ёсны аль эрх ашгийг зөрчсөн нь тодорхойгүй, мэдүүлэх эрх нь үүсээгүй, Б нь Далай-шанд СӨХ-ны гишүүн нь тогтоогдоогүй гэж ямар ч хууль зүйн үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Эрх бүхий төрийн байгууллагын албан тушаалтан буюу Сайншанд сумын Засаг даргаас Д СӨХ-г бүртгэх гэрчилгээ олгосон эсэх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, маргаагүй атал огт хамааралгүй асуудлыг тухайлахад Д СӨХ-г бүртгэж аваагүй байна, хууль хэрэгжиж эхэлсэн үеэс холбоог бүртгэсэн талаар эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр байхгүй гэх мэтчилэнгээр гомдлын үндэслэл болгож байгаа нь маш ойлгомжгүй, нэхэмжлэлийн шааардлагатай ямар ч холбогдолгүй байна. Энэхүү үндэслэл болоод байгаа асуудалтай холбоотойгоор тодруулж хэлэхэд Сайншанд сумын Засаг дарга 2018.05.25-ны өдөр Далай-шанд СӨХ-г бүртгэж олгосон 08 дугаар гэрчилгээний хуулбар хэргийн 33 дугаар хуудсанд байгаа. Ө СӨХ-г байгуулсан гэх гишүүдийн хурлын 2017.04.08-ны өдрийн 01 дүгээр тогтоолд СӨХ-г өөрчлөн байгуулсан талаар үг, өгүүлбэр нэг ч дурдагдаагүй, холбогдох хууль тогтоомжийн заалтыг баримтлаагүй, илт хууль бус шийдвэр болох нь уг тогтоолын үндэслэл хэсэг, мөн хурлын тэмдэглэл дэх бүх гишүүдийн ирцийн талаарх тоон мэдээллүүд маш зөрүүтэй. Сая итгэмжлэгдсэн төлөөлөгч 263 сууц өмчлөгчид оролцсон, хүчин төгөлдөр хурал болсон гэж байгаа ч ирцийн бүртгэлээс нь харахад  92 иргэд байгаа. Хавтаст хэрэгт талуудаас гаргаж цуглуулсан бичгийн нотлох баримтууд болон анхан шатны шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбаруудаар Ө СӨХ-г байгуулсан гэх бүх гишүүдийн хурлын 2017.04.08-ны өдрийн 01 дүгээр тогтоол хууль зөрчсөн болох нь тогтоогдсон, маргааны бодит үйл баримтад иргэний хэргийн анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, шийдвэр грагасан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

        Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Ө өмчлөгчдийн холбоонд холбогдуулан холбоо байгуулсан бүх гишүүдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ө өмчлөгчдийн холбоог төлөөлж гүйцэтгэх захирал Б.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... холбоог өөрчлөн байгуулах саналыг бүх гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэсэн, ... 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоол нь нэхэмжлэгч Л.Бын ямар эрх ашгийг зөрчсөн нь тодорхойгүй, бүх гишүүдийн хуралд өөрийн биеэр оролцоогүй нь тогтоолыг хүчингүй болгох үндэслэл биш гэж маргажээ.

           Анхан шатны шүүх Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 9 дүгээр зүйлийн 9.4-т заасныг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

         Энэхүү шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч “... Ө өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоол нь нэхэмжлэгч Л.Бын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэл гаргах эрх үүссэн нь тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрл тухай хуулийн 3.1 дэх хэсгийг зөрчсөн, ... Л.Бын нэхэмжлэлд дурдсан “Д” Сууц өмчлөгчдийн холбоог бүртгэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, Л.Б нь Д СӨХ-ны гишүүн болох нь тогтоогдоогүй... гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

           Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

         Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурал болж, хурлаас Сууц өмчлөгчдийн холбооны одоогийн бүтцийг буюу тус багт үйл ажиллагаа явуулдаг “Шилтгээн”, “Д”, “Азжаргалын Ө” сууц өмчлөгчдийн холбоог нэгтгэж өөрчлөхөөр шийдвэрлэсэн тухай үйл баримт тогтоогдсон байна.

         Харин зохигчид дээрх хурлын тогтоолыг хүчингүй болгох эсэх асуудлаар маргаж, хариуцагч нь нэхэмжлэгч Л.Быг нэхэмжлэл гаргах эрхгүй, эрх ашиг нь хөндөгдөөгүй, сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хууль зөрчөөгүй гэжээ.

            Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т “Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна”  гэж заажээ.

          Нэхэмжлэгч Л.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Алтанговь гудамж, 13 дугаар байрны 19 тоотод оршин суудаг, энэхүү 13 дугаар байр нь Д сууц өмчлөгчдийн холбоонд харъяалагддаг, тэрээр энэхүү холбооны гишүүн болох нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, Д Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ /хх-33/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байх бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоол болон хурлын тэмдэглэлийн агуулга болон зохигчдын тайлбараас үзэхэд “Шилтгээн”, “Д”, “Азжаргалын Ө” сууц өмчлөгчдийн холбоог нэгтгэж өөрчлөхөөр шийдвэрлэсэн байна.

            Эндээс дүгнэж үзвэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хурал нь нэхэмжлэгч Л.Бын эрх ашгийг хөндөөгүй гэж үзэх үндэслэлгүй ба нэгэнт түүний гишүүнчлэлтэй Д сууц өмчлөгчдийн холбоог бүцийн хувьд өөрчлөхөөр шийдвэрлэсэн хуралд тэрээр холбооны гишүүн болохынхоо хувьд саналын эрхтэй оролцох, хурлын шийдвэрийг зөвшөөрөх, эс зөвшөөрөх, хурлын тогтоол, тэмдэглэлтэй танилцах, үнэн зөв эсэхийг хянах зэрэг эрхтэй байхаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 7 дугаар зүйлийн 7.2.5, 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан тул нэхэмжлэгч Л.Б нь Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ.

            Түүнчлэн нэхэмжлэгч нь дээрх хурлын тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн үндэслэлээ Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасан “Бүх гишүүдийн хурлын товыг хурал хуралдуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлаж, хурлаас гарах шийдвэрийн төслийг бичгээр мэдэгдэнэ.”, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан “Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно” гэснийг зөрчсөн гэжээ.

            Энэ талаарх анхан шатны шүүхийн  “... Холбооны бүх гишүүдэд хурлын зар товыг мэдэгдээгүй, хурлаас гарах шийдвэрийн төслийг урьдчилан танилцуулаагүй, ирц бүрдээгүй, хуульд заасан журам зөрчсөн ... ” гэсэн дүгнэлт нь хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурласан, үндэслэл бүхий болжээ.

            Бүх гишүүдийн хурлын товыг гишүүдэд хэрхэн яаж мэдэгдсэн нь  тодорхойгүй, ийнхүү бүх гишүүдийн хурал хийх хүсэлтийг хэн, хэзээ, хэрхэн гаргасан зэрэг үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хурлын тэмдэглэлийн эхлэл хэсэгт /хх-25/ ирцийг “... 12 байрны 520 оршин суугч байдгаас хуралд оролцох боломжгүй, хаягандаа оршин суудаггүй, эзгүй, байраа түрээслэдэг 257 иргэн байна, хуралд 263 иргэн оролцож байна, ирц 50,7% тай байгаа...” гэж тэмдэглэгдсэн байх боловч уг тэмдэглэлийн тооллогын комисс ажилласан тухай хэсгүүдэд /хх-27/ санал хураалтад  “...нийт 107 иргэн ...”  оролцсон талаар тэмдэглэгдсэн, мөн хурлын ирцийн бүртгэл бичмэл баримтанд /хх49-51/ нийт 92 хүн оролцсон талаар тус тус тэмдэглэгдсэнээс үзэхэд дээрх хуульд заасан ирц бүрдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болох байтал ийнхүү ирц бүрдээгүй нь дээр дурдсан баримтаар тогтоогдсон бөгөөд энэ үндэслэлээр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хурал хүчин төгөлдөр болж чадаагүй, уг хурлаас гарсан шийдвэр ч мөн адил хүчингүй юм.

         Хариуцагч тал анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа болон давж заалдсан гомдолдоо “Д” сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж аваагүй гэх боловч хэрэгт цугларсан нотлох баримтууд болох “Д” СӨХ-ны №102 дугаар гэрчилгээ /хх 32/, 08 дугаар гэрчилгээ /хх-33/, “Д” СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл /хх 34-36/, санал асуулгын дүн /хх-37/, “Д” сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 01 дүгээр тогтоол /хх-38/-оор энэхүү нөхцөл байдал үгүйсгэгджээ.

            Иймд хариуцагчийн төлөөлөгч Б.Ээгийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

         Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 136/ШШ2018/00354 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн төлөөлөгч Б.Ээгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

         4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

                                           ШҮҮГЧИД                                 Н.БОЛОРМАА

                                                                                             Н.БАТЧИМЭГ