Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 136/ШШ2018/00354

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                   

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн анхан шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, Алтанговийн гудамж, _..... дугаар байрны ..... тоотод оршин суух, эрэгтэй, 66 настай, Б овогт Л-ын Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, Шизүока хороолол, ... дугаар байранд оршин байх, “Ө” Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох

 

“Өргөө” сууц өмчлөгчдийн холбоо байгуулсан бүх гишүүдийн хурлын 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн төлөөлөгч Б.Э гэрч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Сайншанд сумын 2 дугаар багийн хэмжээнд ажиллах “Өргөө” СӨХ-г байгуулахдаа өмнө нь миний харъяалагдаж байсан “Далай шанд” СӨХ-г нэгтгэсэн болно. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн салбар сургуулийн соёлын танхимд 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр болсон хуралд өөрийн биеэр оролцсоны хувьд тус багт үйл ажиллагаа явуулдаг сууц өмчлөгчдийн холбоодыг нэгтгэж зохион байгуулсан хурлын ирц, уг хурлаас гаргасан тогтоол, сууц өмчлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Дээрх хуулиар бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудлыг зохицуулсан 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.5-д “Холбоог өөрчлөн байгуулах” гэж заасан бөгөөд сууц өмчлөгчдийн холбоодыг нэгтгэж өөрчлөн байгуулах асуудлыг тус тусын СӨХ-ны бүх гишүүдээр хэлэлцүүлсний дараа сууц өмчлөгчдийн хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн өөрчлөн байгуулагдах холбоонд нэгдэх эсэх асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэх хуулийн зохицуулалт үйлчилж байгаа бөгөөд нэгдэх эсэх нь сууц өмчлөгчдөд хуулиар олгогдсон бүрэн эрх болно.

Сууц өмчлөгчдийн хувьд 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хурал болохоос өмнө зар товыг дуулаагүй-мэдэгдээгүй, мөн хурлаас гарах шийдвэрийн төслийг бичгээр урьдчилан танилцуулаагүй. “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт “Бүх гишүүдийн хурлын товыг хуралдуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлаж, хурлаас гарах шийдвэрийн төслийг бичгээр мэдэгдэнэ”, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Сууц өмчлөгчдийн эрх зөрчигдсөн гэж үзээд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ:

Би энэ СӨХ-ийн ажлыг 2017 оны 04 дүгээр сард авсан, ...анх сууц өмчлөгчдийн холбоог өөрчлөн байгуулах 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанд оролцоогүй. СӨХ-ыг өөрчлөн зохион байгуулах тулгамдсан асуудал байсан учраас Дорноговь аймгийн сумын засаг даргын мөрийн хөтөлбөрт оруулж, энэ тухай 2017 оны 02 дугаар сард бүх СӨХ-ны дарга, удирдах зөвлөлийн гишүүн, 30 гаруй хүнийг цуглуулж санал, асуулга авч, би тэр үед “Далай шанд” СӨХ-ны гишүүн гэх утгаараа тэр санал, асуулгад оролцсон бөгөөд шийдвэр нь СӨХ-г нэгтгэн зохион байгуулах нь зүйтэй гэсэн санал гараад албан ёсны бичиг баримт үйлдэж авч байсан юм.

Дорноговь аймгийн Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн соёлын танхимд 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр болсон хуралд 520 өрхөөс 263 хүн хуралд оролцсон. Хурал нь хуулийнхаа дагуу явж, удирдах зөвлөлөө сонгоод СӨХ-г нэгтгэх саналыг хүмүүсээс авч хуулийнхаа дагуу зохион байгуулагдсан гэж үзэж байна. Би өөрөө 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гүйцэтгэх захирлын ажлыг хүлээж аваад үйл ажиллагааг явуулж байгаа юм. Энэ хурал нь хуулийн дагуу зохион байгуулагдсан болон хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Гэрч Д.Т шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Хурал нь Анагаахын шинжлэх ухааны дээд сургуулийн соёлын танхимд зохион байгуулагдсан. Ирцийн нарийн тоог сайн мэдэхгүй байна, танхим дүүрэн хүнтэй, багцаагаар 100 орчим хүн байсан гэж бодож байна. ...хуулинд 20 хүртэлх хувь нь урьдчилан санал өгч болдог, санал өгөх талаар цаасаар надад өгч байсан. 80 орчим хүний гарын үсэгтэй материал байсан. “Өргөө” СӨХ-ны захирал нь тухайн үед Бавуугийн Жамьянжав, түүнд хурлын холбогдолтой бүх материалууд байсан гэв.

 

Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад                       

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б нь “Ө” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан тус холбооны бүх гишүүдийн хурлын 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 01-р тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх-1/

Нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг хуульд зааснаар тайлбарлавал Бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Өргөө сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэнэ/-г нэгтгэхдээ хуульд заасан журмыг зөрчсөн тул бүх гишүүдийн тогтоол хүчингүй гэж, хариуцагч хурал нь хуулийн дагуу зохион байгуулагдсан болон тогтоол хууль зүйн үндэслэлтэй, ирц бүрдсэн гэж маргана.

 

Нэхэмжлэгч хэд хэдэн холбоог нэгтгэхдээ холбоо бүр эхлэж өөр өөрийн бүх гишүүдийн хурлаар асуудлыг хэлэлцэж, сайн дураар өөрчлөх, нэгдэхээр хурлаас шийдвэрлэсний дараа бусад холбоотой нэгдэх эсэхийг шийдвэрлэх бүх гишүүдийн хурлаар хуралдах учиртай. Хурлаас өмнө хурлын зар, товыг зарлан мэдэгдээгүй, хурлаас гарах шийдвэрийн төслийг бичгээр танилцуулаагүй. Уг сууц өмчлөгчдийн холбоог өөрчлөн байгуулах тухай хуралд бүх гишүүдийн 50 хувиас доошгүй хувь оролцоогүй буюу ирц хүрээгүй, өөрийн эрх зөрчигдсөнийг үндэслэл болгожээ.

           

            Нэхэмжлэгч Л.Б нь Иргэний хуулийн 143-р зүйлийн 143.4., 143.6-д зааснаар Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна. Сууц өмчлөгчдийн холбооны асуудлыг хуулиар зохицуулна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7.,-т заасан бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ.

Мөн тэрээр “Далай шанд” СӨХолбооны гишүүн болох нь түүний иргэний үнэмлэхний хаяг /хх-3/, итгэмжлэл /хх-11/, нэхэмжлэл, тайлбараар тогтоогдож байх тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. ...тан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй.”, “... эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... эрхтэй...” ,

            -Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.2-т “сууц өмчлөгч” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг; мөн хуулийн 5-р зүйлийн 5.6-д. Сууц өмчлөгч бүр бүх гишүүдийн хуралд өмчилж буй сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй оролцох, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримт, тайлбар, мэдүүлгээр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р багт сууц өмчлөгчдийн гурав /Далай шанд, Шилтгээн, Аз жаргалын өргөө, нийт 22 байр, 520 оршин суугч/-н холбоо үйл ажиллагаа явуулж байсан болох нь, /хх-52/

- мөн 2017 оны 4-р сарын 08-ны өдөр тус багийн сууц өмчлөгчдийн холбоодыг нэгтгэх, холбоог өөрчлөн байгуулах замаар шинэ Өргөө СӨХ-г байгуулахаар бүх гишүүдийн хурлыг АШУҮИС-ийн соёлын танхимд хийж 01-р тогтоол гарсан, хуралдаанд нийт 92 хүн оролцсон зэрэг хэргийн үйл баримт тогтоогдож байна. /хх-15, 49-51/  

           

             Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.2-т. Орон сууцны нэг байшинд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид ...,

Иргэний хуулийн 143-р зүйлийн 143.2-т. Зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны барилгад сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно.

 

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.2-т. “сууц өмчлөгчдийн холбоо” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ.

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн  7.1 “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна.”, 8 дугаар зүйлийн 8.1 “Бүх гишүүдийн хурал ээлжит болон ээлжит бус байна.”-д зааснаар сууц өмчлөгчдийн холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байх бөгөөд ээлжит болон ээлжит бус байхаар зохицуулжээ.

 

Холбоог өөрчлөн байгуулах, шинээр байгуулах алинч бай тухайн асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд хурлыг Сайншанд сумын 2-р багт үйл ажиллагаа явуулдаг дээрх 3 холбооны удирдах болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын шийдвэрээр буюу бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар хуралдуулсан үйл баримт тогтоогдохгүйн дээр хариуцагчийн төлөөлөгч Б.Э-ийн “...иргэдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэсэн, ...263 оршин суугч оролцсон, ...14-өөс доошгүй хоногийн өмнө оршин суугчдад мэдэгдэж хурлаас гарах шийдвэрийг танилцуулахад 405 өрхөөс 286 өрх өөрчлөн байгуулах санал гарсан. Хурлын ирц хүрсэн” гэх тайлбар, 2017 оны 04-р сарын 08-ны өдрийн бүх гишүүдийн хурлын “...263 иргэн оролцож байна” тэмдэглэл зэрэг нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч П-ийн “...хурал зохион байгуулалтгүй, хүч түрсэн байдалтай. Хурлын 1 хоногийн өмнө мэдсэн, гэхдээ хуралд оролцсон” гэх мэдүүлэг, гэрч Х.Э-ны “... хуралд оролцсон, зарыг хаанаас мэдсэнг санахгүй байна. ирц хүрэхгүй байсан” гэх мэдүүлэг. /хх-44-46/, /хх-47-48/, гэрч Т-ын шүүх хуралдаанд өгсөн “...Ирцийн тоог мэдэхгүй, багцаагаар 100 орчим хүн байсан” гэх мэдүүлэг зэрэг нотолгооны хэрэгслээр няцаагдаж үнэн зөв, бодит байдалд нийцэхгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар үнэлэх боломжгүй байна. /хх-12-13, 14-29, 49-51/,

2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн бүх гишүүдийн хурал нь ээлжит бус хурал байх бөгөөд дээрх хуулийн 5-р зүйлийн 5.3-т зааснаар Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна. Шаардлагатай тохиолдолд тухайн нутаг дэвсгэрт байгаа орон сууц хувьчлах товчоо болон тухайн шатны Засаг даргын санаачилгаар хуралдуулна.,

-эсхүл 8-р зүйлийн 8.3-т зааснаар удирдах болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын шийдвэрээр буюу бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар хуралдуулна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүн шинжилгээ хийх, бүхэлд нь дүгнэх, шинжлэн судлахад хурлыг сууц өмчлөгчдийн, орон сууц хувьчлах товчооны, тухайн шатны Засаг даргын, хэнээс ч санаачлага гаргасан нь тогтоогдохгүй. Эдгээр нь хариуцагч талын тайлбарыг үгүйсгэж байна.  

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.-т зааснаар Хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна.  мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4-т зааснаар ”Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно” Энэ хуулийн 9.2...-т заасан хувьд хүрээгүй бол бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж, дахин хуралдуулах хугацааг товлоно.

 

Тус холбоог 500 гишүүнтэй гэж үзвэл бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувь буюу 166 сууц өмчлөгч санаачлага гаргасан тохиолдолд ээлжит бус хурлыг хуралдуулснаар хуралд гишүүдийн 50-иас дээш хувь буюу 250-иас дээш гишүүн оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.

Иймд бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэх тул бүх гишүүдийн хурал /бүтцийг шинэчлэх тухай/-ын шийдвэр /01-р тогтоол/-ийг хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

 

Түүнчлэн хурлаас гарах шийдвэрийн төслийг гишүүдэд бичгээр мэдэгдсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна хурлыг удирдах зөвлөлийн гишүүн бус этгээд даргалсан нь хуулийн дээрх зохицуулалттай нийцээгүй байна. Хариуцагчаас ирүүлсэн /хх-15-23/ ...холбооны бүтцэд өөрчлөлт оруулах-01, хурлын тэргүүлэгчдийг батлах-02, тооллогын комисс батлах-03, тооллогы комиссын тогтоол 04-05, хяналтын зөвлөлийг шинэчлэн батлах-07, гүйцэтгэх захирлыг чөлөөлж, томилох тухай-01, удирдах зөвлөлийн даргыг сонгох-01 тогтоолууд нь хуулийн холбогдох заалт, журмыг баримтлаагүй, тамга тэмдэг, гарын үсэггүй зэрэг эрх зүйн актад тавигдах шаардлага хангахгүй, баталгаажуулаагүйг анхаарч хууль хэрэгжүүлэх нь зүйтэй байна.

 

 Холбооны бүх гишүүдэд хурлын зар товыг мэдэгдээгүй, хурлаас гарах шийдвэрийн төслийг урьдчилан танилцуулаагүй, ирц бүрдээгүй, хуульд заасан журам зөрчсөн, нэгдэх эсэх асуудалд тус тусын удирдах болон хяналтын гишүүд, бүх гишүүдээс шийдвэрлээгүй байхад шинээр “Өргөө” СӨХолбоог үүсгэн байгуулсан нь 22 байр, 520 айл өрхийн, оршин суугч Л.Б-ын Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадуур зүйлийн 10 “...нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс ... олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй...олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. ...бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно.”,

мөн зүйлийн 13 “... халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ..., эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ба гэр бүл, ... орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална.”-т зааснаар СӨХолбооны гишүүдийн эрх, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуульд заасан журмыг зөрчсөн байна.

 

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, мөн хуулийн 116, 118 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь:

 1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4., мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т зааснаар “Ө” Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хурлыг хүчин төгөлдөр бусад тооцсугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус зааснаар Л.Б-аас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ө” СӨХолбооноос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          В.АМАРТҮВШИН