Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 1361

 

 

 

 

      

 

    2020           10            27                                       2020/ДШМ/1361                                 

 

                               М.Т , М.Б нарт холбогдох

                                              эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Баярхүү,

шүүгдэгч М.Т  /цахимаар/, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг,

шүүгдэгч М.Б /цахимаар/, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/1489 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Т ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Т , М.Б нарт холбогдох эрүүгийн 1802 00095 0058 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. М. Т , 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, хувиараа “VIP SHOP” онлайн дэлгүүр ажиллуулдаг, мөн Бүгд найрамдах Хятад ард улс руу оюутан зуучилдаг байсан гэх, ам бүл 2, охины хамт ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /;

2. М. Б, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт ... суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

М.Т   нь  2018 оны 03 дугаар сард Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метафетамины агууламжтай зиплок түгжээ бүхий уутны хамт 13,7 грамм “мөс” гэх нэршилтэй бодис хууль бусаар олж авсан, уг бодисоо 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хууль бусаар биедээ хадгалсан, мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэгт,

мөн 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метафетамины агууламжтай зиплок түгжээ бүхий уутны хамт 13,7 грамм “мөс” гэх нэршилтэй бодис Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нэвтэрүүлсэн гэмт хэрэгт,

мөн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүн Хүрээ хотхоны 203 дугаар байрны 37 тоотод оршин суух өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинол-ын  агууламжтай 49 граммын жинтэй 0,4079 гармм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

М.Б нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 03 дугаар сарын 17-ны орой Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метафетамины агууламжтай зиплок түгжээ бүхий уутны хамт 13,7 грамм “мөс” гэх нэршилтэй бодис худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: М.Т ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, М.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Нийслэлийн Прокурорын газраас М.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.Т ийг цагаатгаж, М.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан, тээвэрлэсэн, мөн М. Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, Боржигон овогт М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, М. Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, М.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Т д 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг, М.Бд 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тус тус  нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Т ийн цагдан хоригдсон 84 хоног, М.Бгийн цагдан хоригдсон 54 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар 23-19 УНЯ улсын дугаартай  тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураагдсан “№6” гэж дугаарласан цагаан өнгийн соруул мэт зүйл, “№22” гэж дугаарласан 2 ширхэг хагархай тарианы усны шил, /1 дэхийг №22-1 гэж, 2 дахийг №22-2 гэж дугаарласан/, “№7”, “№7-1“ гэж дугаарласан хөвөн бамбар 2 ширхэг, шар өнгийн эвдэрхий асаагуур-1 ширхэг, 1 ширхэг “№7-2” гэж дугаарласан шаргал өнгийн эвдэрхий асаагуур-1 ширхэг, “№7-3” гэж дугаарласан цагаан өнгийн соруул мэт зүйл 1 ширхэг, “№7-4” гэж дугаарласан дотор хэсэг нь цайвар цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, Т ийн  биед үзлэг хийж хураагдсан “№79” гэж дугаарласан цагаан өнгийн соруул мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлөр  болохоор устгах, 1 ширхэг СиДи болон М.Т ийн гэх үсийг хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээхээр, “№3” дугаарласан саарал өнгийн гар жин, “№2” гэж дугаарласан мөнгөлөг өнгийн уутанд хийсэн QС гэсэн бичиглэл бүхий гар жинг тус тус улсын орлого болгох, М.Бгийн биед үзлэг хийж хураагдсан “№17” гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутны хамт 6.5 грамм жинтэй шинжилгээнд дээж явуулсны дараа 6.4 грамм болсон “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, “№24“ гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутны хамт 7.2 грамм жинтэй шинжилгээнд дээж явуулсны дараа 7.1 грамм болсон “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон мэргэжлийн байгууллагатай хамтран шийдвэрлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, иргэний нэхэмжлэгч Б.Б нь өөрт учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, М.Т , М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Т  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие аавыгаа алдаж, нөхөртэйгээ бага зэргийн амьдралын зөрчилдөөн үүссэнийг асар хүндээр хүлээн авч гомдлоо тайлах хэрэгсэл болгон найз нөхдийн зөвлөснөөр “мөс” гэх зүйлийг хэрэглэж үзсэн. Энэ нь багш сурган хүмүүжүүлэгч миний ёс зүйд нийцэхгүйд ухамсарлан дахин огт хэрэглээгүй. Гэтэл 2018 оны 3 сард сонирхож хэрэглэж үзсэн цаг хугацаанд холбогдсон хэргээс болж өндөр ялаар шийтгэгдэж байгаадаа өөртөө туйлын их харамсаж, гутарч гэмшиж байна. Анхан шатны шүүх хурлын явцад надад оноосон 3 зүйлчлэлээс хилээр оруулаагүйг тогтоож 18.5.3 зүйлчлэлийг цагаатгасанд туйлын их баярлаж байгаа ч хилээр оруулаагүйг нотолсон хэрнээ тээвэрлэсэн гэж 20.7.2 зүйлчлэл тулгаж байгаа нь бодит бус шийдвэр юм. Мөн гэм буруугаа хүлээсээр байтал заавал яллах зарчим баримталж, бөөр нурууны өвчинд буцалгаж хэрэглэдэг өвс ургамлыг мансууруулах бодис гэж үзэж ял халдааж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр байлаа. Хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүсийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй, хамт өөрсдөө үгсэн тохирч үйлдсэн хэргээ санаатайгаар над руу гүтгэн худал мэдүүлсэн байгаа нь илэрхий байтал энэ мэдүүлгүүдээр надад ял тулгах нь зохисгүй юм аа. Миний бие энэ үед Б, ББ нартай уулзсан нь үнэн, хамт хэрэглэж татсан минь үнэн гэдэг бодит байдлаар анхнаасаа тогтвортой мэдүүлсээр ирсэн байтал байцаагч, прокурор хэт нэг талыг барьсан зүйлчлэл тулгасан. Хавтаст хэрэгт гэрч Б мэдүүлэхдээ “2018.3.14-ний өдөр гэртээ ирэхэд ББ надад хандаж найз Б БНХАУ-с сэлбэг оруулах гэсэн юм, мөнгө зээлээч гэсэн” гэх мэдүүлгээр Б, ББ нар үгсэн тохирч өөрсдийн хэрэглэх “мөс” гэх зүйлээ авахаар “сэлбэгэнд явна” гэж зохиомол зүйл бий болгож мөнгөний хэрэгцээгээ хангасан байгаа нь нотлогдож байна. Гэтэл гэрч ББ мэдүүлэхдээ “2018.3.17-ны өдөр Б над руу залгаж хоёулаа ойрхон машинтай чинь явж хүн тосоод ирье гэсэн” гэдэг мэдүүлэг нь цаг хугацааны зөрүүтэйгээс гадна 2018.3.14-ний өдөр дүү Б мөнгө авахдаа Б сэлбэгэнд явна гэж мэдсэн хэрнээ, 2018.3.17-ны өдөр Б залгаж “хамт явъя” гэсэн гэх мэт санаатайгаар зохиомол гүтгэлэг бүхий мэдүүлэг өгч байсан. Гэрч Б нь “2018.3.14-нд Батбэлэг ах Бтай хамт ханиндаа Эрээн яваад ирье гэсэн” гэх мэдүүлгээр Б, ББ нар эртнээс төлөвлөж хийж үйлдсэн хэрэгтээ намайг ашиглахаар санаатай замд уулзаж “мөс” оруулсан нь нотлогдож байна. Гэрч ББ нь 2-р хх-ийн 119-120-р хуудсанд мэдүүлэхдээ 2 ширхэг тарианы ус ашиглаж байснаа “байгаагүй, байсан” зэргээр зөрүүтэй мэдүүлсэн байгаа нь өөрсдөө хэрэглэж байсан нь нотлогдсоор байтал нотолж өгөөгүйд гомдолтой байна. Миний бие нь амьдралын явцад ганзагын наймаа эрхэлж даарч, хүнд юм зөөж байснаас бөөр нурууны хууч өвтэй тул эмийн хэрэглээг биш уламжлалт эмчилгээг хэрэглэдэг байснаар гэрийн минь гал тогооны өрөөнд хоолны саванд /амтлагчны/ тэхийн шээг, таван салаа, газрын хаг, өөр олон төрлийн буцалгаж хандалж уудаг ургамал байсан нь үнэн. Монгол улсад ургадаг, эмчилгээнд хэрэглэж хэвшсэн ургамлууд юм. Гэтэл байцаагч шинжилгээнд бүх ургамлыг биш ганцхан ургамлыг нь шинжлүүлж байсан нь намайг яллах зарчмыг баримталж хандсан байх юм. Иймээс шүүх бүрэлдэхүүн та бүхэн надад тулгасан зүйлчлэлүүдийг хянан үзэж тухайн хэргийн үед хэрэглэсэн байсанд минь тохирсон шийтгэл оноож өгөөч. Миний нөхөр хорт хавдрын 4-р зэрэгтэй яаралтай хагалгаанд орохоор БНСУ-д эмнэлэгт хүргэгдсэн. Өсвөр насны охин минь харгалзах хүнгүй хүнд байдалд байгааг харж үзэж, надад оногдуулах ялыг хорихоос өөр хэлбэрээр оноож өгч туслаач. ...” гэв.

Шүүгдэгч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би мөс гэх бодисыг хэрэглэсэндээ маш их харамсаж байгаа. Миний халааснаас хураагдсан мөс гэх бодис хэрхэн яаж миний халаасанд орсон болохыг би мэдэхгүй байна. Тухайн үед би машин бариад явж байсан. Би 1-3 насны хоёр хүүхэдтэй, урьд нь гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл эдэлж байгаагүй. Надад мөс гэх бодисыг худалдан борлуулах зорилго байгаагүй. Мөс яаж миний халаасанд орсон болохыг мэдэхгүй байна. Би одоо хорих байгууллагын эмнэлэгт хэвтэж байна. Мөс гэх бодис нь анх хураагдахдаа цагаан өнгөтэй бодис байсан. Тэгсэн анхан шатны шүүх хуралдаан дээр шар өнгийн нунтаг бодис гарч ирсэн. Би их гайхсан. Би сэтгэл санаагаар маш их унаж байна. ...” гэв.

Шүүгдэгч М.Т ийн өмгөөлөгч Ж.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...7 хуудас баримтыг шинээр гаргаж өгч байна. Шүүгдэгч Э.Т ийн нөхрийн эмчилгээний баримтуудыг албан ёсны орчуулгатай нь гаргаж өгч байна. Мөн шүүгдэгч М.Т ийн насанд хүрээгүй 15 настай охин А ганцаараа гэртээ харах хүнгүй амьдарч байгаа. А гэх хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгч М.Т  нь хоригдохоосоо өмнө бөөрөндөө эмчилгээ хийлгэж байсан болохыг нотлох баримтууд зэрэг нийт 7 хуудас баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгч байна. Хууль бусаар мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодисыг тээвэрлэсэн гэж үзэх ямар нэгэн нотлох баримт хавтас хэрэгт байдаггүй. Гэтэл хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж шүүгдэгч М.Т д ямар ч нотлох баримтаар нотлогдоогүй зүйлээр эрх зүйн байдлыг нь дордуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ “...уг мөсийг Т  надад өгөөгүй, надад байсан мөс” гэсэн байдаг. Мөн тарианы усны шил Т тэй уулзахаас өмнө М.Б, ББг хоёрт байсан болохыг гэрч Батбилэг хэлдэг. Тарианы усны шилнээс мансууруулах бодис илэрсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Шүүгдэгч М.Т  нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зөвшөөрсний үндсэн дээр анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч М.Бгийн үйлдлийг худалдаалах зорилгоор мөсийг олж авсан, хадгалсан гэж тодорхой дурдсан атлаа шүүгдэгч М.Т ийг хууль бусаар олж авсан гэж шийтгэх тогтоолын 14 дүгээр хуудасны тогтоох хэсгийн 2-т үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрсөн учраас шүүгдэгч М.Т ийг тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, мөн ар гэрийн хүнд нөхцөл байдал буюу шүүгдэгч М.Т ийн нөхөр нь ходоодны хорт хавдартай тул охин Анандаг асрах хүн байхгүй болсон. Давхар хүүхдийн эрх зөрчигдөж байдаг. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 6.7 дугаар зүйлүүдийг хэрэглэж ялыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч М.Т  нь өнөөдрийн байдлаар нийт 160 хоног буюу 5 сар гаруй хугацаанд цагдан хоригдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг хорихоос илүү нийгэмшүүлэхэд чиглэнэ гэж заасан байх тул шүүгдэгч М.Т ийн ял шийтгэлийн асуудлыг дахин хянаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч Д.Цэрэнханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.Бд 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн асуудал нь тодорхой байдаг. Гомдол гаргаагүй үндэслэл нь миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас үйлчлүүлэгчтэйгээ очиж уулзаагүй нөхцөл байдал байгаа. Иймд гомдол гаргах цаг хугацаандаа гомдлоо гаргаж чадаагүй. Ер нь уг хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол шүүгдэгч М.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй, гэмт хэргийн шинжгүй гэж цагаатгасан байдаг. Шүүгдэгч М.Бгийн халаасанд хэн бодисыг хийсэн бэ гэдгийг тогтоогоогүй. Шүүгдэгч М.Б нь бодисыг хэрэглэсэн. Харин бодисыг худалдан борлуулах буюу худалдаалах зорилготой гэдгийг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй. Бусдад худалдсан, түгээсэн байж болох эсэх асуудлыг сайтар шалгаж тогтоох нь хууль зүйн зөв дүгнэлт хийх, бодит үнэнийг тогтооход чухал ач холбогдолтой. Улсын Дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаартай тогтоолд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодисын хууль бус хэрэглээтэй холбоотой аливаа гэмт хэргийн талаар нотолбол зохих зүйлд мансууруулах бодисын хэмжээ, нэг хэрэглээний дундаж тун, нийт хэдэн удаагийн хэрэглээний тун байж болох, мөн хүний амь насанд нөлөөлж болох аюултай хэмжээг тодорхойлохоос гадна тэдгээр бодисын хар зах зээл дээрх хууль бус эрэлтэд хэрэглэгдэж байгаа мөнгөн дүнг тогтоох хэсэг асуудал хамаардаг гэж заасан. Мансууруулах бодисын хэмжээ их байгаа нь дангаараа мансууруулах бодисыг бусдад худалдаалах зорилгыг хангаж байна гэж үзэхгүй. Иймд М.Бгийн хувьд худалдаалах зорилготой байсан гэдэг нь нотлогдохгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Баярхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1489 дугаартай шийтгэх тогтоолтой танилцахад тухайн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч М.Т ийг 2018 оны 3 дугаар сард БНХАУ-ын нутаг дэвсгэрт мөс гэх нэршилтэй бодисыг хууль бусаар олж авсан. Уг бодисоо 2018 оны 3 дугаар сарын 17-ний өдрийг хүртэл хууль бусаар биедээ хадгалж, улмаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн гэж дүгнэсэн атлаа хууль бусаар хилээр оруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч нар үйлдэл дээрээ маргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гэм буруугийн асуудлыг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч М.Т , М.Б нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй болжээ.

Прокуророос М.Т ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, М.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. ...” гэж хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд, шийтгэх тогтоол нь хуульд заасан нийтлэг шаардлагыг хангаагүй төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр нарийвчлан тодорхойлж дүгнээгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад хэт ерөнхий байдлаар дүгнэлт хийсэн нь “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино. ...” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зорилтод үл нийцжээ.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болохоор гэрч ББ, яллагдагч М.Б нарын мэдүүлгүүд болон М.Т ийн Монгол Улсын хил нэвтэрсэн лавлагаа, эд зүйл хураан авсан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүд, түүнтэй хамаарал бүхий бусад нотлох баримтууд зэргийг хэргийн үйл баримттай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдийг ямар үндэслэлээр няцааж байгааг цагаатгах тогтоолд тодорхой заалгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Түүнчлэн, М.Т ийн хувьд 2018 оны 03 дугаар сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метафетамины агууламжтай зиплок түгжээ бүхий уутны хамт 13,7 грамм “мөс” гэх нэршилтэй бодис хууль бусаар олж авсан, уг бодисоо 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хууль бусаар биедээ хадгалсан, мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шийдвэрлэсэн атлаа бодисыг хэн, хэзээ, хэрхэн Монгол улсын хилээр буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бүхэлдээ шүүгдэгч М.Т ийг “...сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан, тээвэрлэсэн ...” гэж дүгнэсэн боловч Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх үндсэн шинж болох “...худалдаалах зорилго ...”-той байсан эсэхэд огт хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлд шууд хамаарч байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, М.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч М.Бг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцож шийдвэрлэсэн. Шүүгдэгч М.Т  нь өөрийн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй талаар, гэмт хэрэг үйлдээгүй хэмээн мэдүүлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн ял оногдуулах зохицуулалтыг хэрэглэх эсэхэд дахин дүгнэлт хийх шаардлагатай.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Т , М.Б нарт нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцтэл шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Анхан шатны шүүх цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцүүлж, хэргийг хянан шийдвэрлэж байхад анхаарвал зохино. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/1489 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Т , М.Б нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч М.Т , М.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР