Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2019/01542

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, Мөнх овгийн Рэнцэнтогтохын Хашбаатарын /регистрийн дугаар ЙЮ77042917/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие -ын хүдрийн ил уурхайд эксковаторын машинистаар 17 жил 1 сар ажилласан. 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр үйлдвэрийн эмнэлэг сувилалын албаны мэдрэлийн эмч Жавзмаад үзүүлэн архаг боронхит гэсэн оноштой эмчилгээ бичүүлж авсан. 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр үйлдвэрийн хүний нөөцийн ажилтан  дуудаад шалтгаангүйгээр ажил тасалсан байна. Тайлбар бичиж өг гэсэн би өвчтэй байсан тухайгаа бичиж өгсөн юм. Эмчид үзүүлэхэд эмч миний картан дээр өвчний онош эмчилгээ бичиж өгсөн. Эмч надад акт өгөөгүй харин маргааш дахин үзүүлээрээ гэсэн Маргааш нь би очиж үзүүлээгүй бие өвдөөд байхаар нь эмчид үзүүлсэн юм гэж бодоод очоогүй ба 2019 оны 8 дугаар сарын 08- ны шөнийн ажилд очиж чадаагүй юм. Би бие өвдөөд байна ажилд очиж чадахгүй нь гэж мастер хэлсэн. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 14-15-ны үед манай гэрийн хаягаар ажлаас халсан тушаал ирүүлсэн. Намайг манай дарга нар ажлаа хийж бай гэсэн харин 2019 оны 9 дүгээр сарын 05-ны үед хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж байгаа маргаашнаас битгий ажилдаа ирээрэй гэсэн ба сүүлд манай гэрийн хаягаар ажлаас халсан тушаал ирүүлсэн. Миний хувьд 2018 оны 12 дугаар сард ажил тасалсан шалтгаанаар 3 сарын хугацаатай цалингийн 20%-иар цалингаа хасуулж байсан. Намайг өвчтэй байх хугацаанд урьд нь ажпын байранд 2-3 удаа ажил төрлөөс болж маргалдаж байсныг шалтаглан ажлаас халсанд гомдолтой байна. Миний гомдлыг хүлээн авч намайг үндэслэлгүйгээр халсан тушаалыг хүчингүй болгож намайг эгүүлэн томилож ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан -ын захирлын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалыг үйлдвэрийн хүний нөөцийн хэлтэс надад гардуулж өгөөгүй, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Шуудан ХХК-ийн бичиг хүргэгчээс хүлээн авсан. Очир увидас эмнэлэгт 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлж байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийг тушаал хүлээн авснаас хойш 1 сарын дотор гаргаж амжаагүй. Тус шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдэр эгч хүргүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасны дагуу ******* миний нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбар тайлбартаа: ******* нь -ын Ил уурхайд Экскаваторын машинчаар ажилладаг байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж Ил уурхайн даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/206 тоот тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн ******* нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1-р ээлжид ажилдаа гарах байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан зөрчил гаргасан тул -ын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/2663 тоот тушаалаар түүнийг ажлаас нь халсан. ******* нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1-р ээлжинд гараагүй тухайгаа тайлбарлахдаа 2019.08.09-ний өдрийн 1-р ээлжинд гарах байсан. Шөнийн ээлж байсан унтсан байсан тул ажилд гарч амжаагүй. Ажил тасалсан үнэн болно гэж тайлбарласан байдаг. Мөн Ил уурхайн Уулын хэсгийн орлогч дарга Ил уурхайн захиргаанд гаргасан илтгэх хуудсандаа ...******* нь 2019.08.09-ний 1-р ээлжинд гарах байсан боловч ажилдаа ирээгүй..., ...2019.08.08-ны өдөр 10 цаг 30 минутын орчим хэл яриа нь хэвийн бус архидан согтуурсан үедээ надруу залгаж ажилд гарахгүй өөр машинчтай ээлж сольж гаръя гэхэд миний бие боломжгүй одоо унтаж амраад шөнө ажилдаа гар гэсэн хариу өгсөн. Тэгэхэд ******* нь тэгвэл би өвчиллөө наад ажлаа өөрсдөө зохицуул надад хамаагүй шүү гэж хэлээд утсаа салгаад алга болсон. Иймэрхүү явдал удаа дараа давтагдаж амралтынхаа өдрөөр архидан өглөө, орой, шөнө хүртэл залгаж агсан тавьдаг. Ажилд ирээгүй үедээ эмнэлгийн хуудас олж ирдэг, ажлын хариуцлага, сахилга батын зөрчил давтан гаргаж байгаа тул арга хэмжээ авч өгнө үү гэсэн байдаг. Мөн Ил Уурхайн Уулын хэсгийн Уулын мастер Н.Ишжамц илтгэх хуудсандаа ...******* нь 2019.08.09-ны өдрийн 1-р ээлжинд ажилд гарч чадахгүй болсон дарга нарт чинь хэлсэн, ажлаа зохицуулаарай гэж хэлээд утсаа салгасан. Дараа нь буцаагаад залгасан боловч утсаа аваагүй. гэсэн байдаг.

Иймд Ил уурхайн даргын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 10/548 тоот албан бичиг, дээрх ажилтнуудын илтгэх хуудас, *******ын өөрийнх нь тайлбар зэргийг үндэслэн -ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.20-д хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна гэж заасны дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. *******тай байгуулсан хөдөлмөрнйн гэрээний 4.3.9-д нэг жилийн дөтор хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ноцтой зөрчилд тооцно гэж тухайлан зааж өгсөн. *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг - ын Ерөнхий захирлын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/2663 тоот тушаалаар цуцалсан бөгөөд, уг тушаалын нэг хувийг 2019 оны 09 дүгээр 13-ны өдөр Монгол шуудан ХК-д хүргүүлсэн бөгөөд ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 17 цаг 40 минутад өөрөө хүлээж авсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байдаг. Харин ******* нь ******* холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргаж өгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.Иймд дээрх үндэслэлүүдээр *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* нь ******* холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаа -ын ерөнхий захирлын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/2663 дугаартай тушаалыг хүчингүй болгож, -ын Ил уурхайн Уулын ажлын хэсгийн экскаваторын машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 13 369 158 төгрөг гаргуулах гэж тодруулсан.

-ын даргын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/2663 дугаар тушаалаар Ил уурхайн Уулын ажлын хэсгийн экскаваторын машинч *******ыг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг тушаал гарсан өдрөөс цуцалж шийдвэрлэсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь дээрх маргаж буй -ын даргын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/2663 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргэээж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж, хүсэлтийн үндэслэлээ уг тушаалыг Монгол шуудан ХК-аас 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тушаалыг хүлээн авснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу Очир увидас эмнэлэгт 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсний улмаас хэтрүүлсэн гэж тайлбарлажээ.

-ын даргын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/2663 дугаар тушаалыг нэхэмжлэгч ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гардан авсан болох нь Монгол шуудан ХК-ийн Орхон аймгийн шуудангийн үйлчилгээний газрын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 107 дугаартай албан бичгээр тогтоогдох бөгөөд дээрх үйл баримтын талаар нэхэмжлэгч маргаагүй.

Шүүх нэхэмжлэгч *******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-д заасан хугацааг хэтрүүлсэн байна гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана., 129.3-т Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж гэж тус тус заасан.

Тодруулбал, хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь хуульд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно.

******* нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Очир увидас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан учраас шүүхэд хандах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч Очир увидас эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй, өдрөөр зөгийн балны татлага, утлага, бариа, сэргээн засах эмчилгээ хийлгэж байсан нь Очир увидас эмнэлэгийн эмчилгээний бүртгэлүүд, үзлэгийн тэмдэглэл, бариа засал эмчилгээний карт зэрэг баримтаар тогтоогдсон.

Ийнхүү өдрөөр эмчилгээ хийлгэж байсныг нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй хүндээр өвчилсөн, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч үндэслэлгүйгээр халагдсан гэх тушаалтай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...Тушаалыг хүлээн авснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу Очир увидас эмнэлэгт 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсний улмаас хэтрүүлсэн тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.

Уг хүсэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө урьдчилан шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн. Тодруулбал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хүсэлтийг нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлэх, хэргийг зөв хянан шийдвэрлэхийн тулд шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 129 дүгээр зүйлийн 129.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын -ын ерөнхий захирлын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/2663 дугаартай тушаалыг хүчингүй болгож, -ын Ил уурхайн Уулын ажлын хэсгийн экскаваторын машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор 13 369 158 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.   Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Р.ҮҮРИЙНТУЯА