Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00792

 

Р.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01542 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаар магадлалтай,

Р.Х-ын нэхэмжлэлтэй,

“Э” ТӨҮГ-т холбогдох,

 Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгч Р.Х-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгч Р.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Э” ТӨҮГ-ын хүдрийн ил уурхайд экскаваторын машинистаар 17 жил 1 сар ажилласан. 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр үйлдвэрийн эмнэлэг сувиллын албаны мэдрэлийн эмч Жавзмаад үзүүлэн архаг боронхит гэсэн оноштой эмчилгээ бичүүлж авсан. 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр үйлдвэрийн хүний нөөцийн ажилтан Мөнхчимэг дуудаад шалтгаангүйгээр ажил тасалсан байна. Тайлбар бичиж өг гэсэн, би өвчтэй байсан тухайгаа бичиж өгсөн юм. Эмчид үзүүлэхэд эмч миний картан дээр өвчний онош эмчилгээ бичиж өгсөн. Эмч надад акт өгөөгүй харин маргааш дахин үзүүлээрэй гэсэн. 2019 оны 8 дугаар сарын 08- ны шөнийн ажилд очиж чадаагүй юм. Би бие өвдөөд байна ажилд очиж чадахгүй нь гэж мастер Н.Ишжамцад хэлсэн. Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 05-ны үед хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж байгаа маргаашнаас битгий ажилдаа ирээрэй гэсэн ба сүүлд манай гэрийн хаягаар ажлаас халсан тушаал ирүүлсэн. Миний хувьд 2018 оны 12 дугаар сард ажил тасалсан шалтгаанаар 3 сарын хугацаатай цалингийн 20%-иар цалингаа хасуулж байсан. Намайг өвчтэй байх хугацаанд урьд нь ажлын байранд 2-3 удаа ажил төрлөөс болж маргалдаж байсныг шалтаглан ажлаас халсанд гомдолтой байна. Миний гомдлыг хүлээн авч намайг үндэслэлгүйгээр халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Р.Х нь “Э” ТӨҮГ-ын ил уурхайд экскаваторын машинчаар ажилладаг байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, ил уурхайн даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/206 тоот тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1-р ээлжид ажилдаа гарах байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан зөрчил гаргасан тул Э ТӨҮГ-ын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/2663 тоот тушаалаар ажлаас нь халсан. Р.Х нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1-р ээлжинд гараагүй тухайгаа: “...Шөнийн ээлж байсан, унтсан байсан тул ажилд гарч амжаагүй. Ажил тасалсан үнэн болно...” гэж тайлбарласан байдаг. Мөн Ил уурхайн Уулын хэсгийн орлогч дарга Л.Алтантулга Ил уурхайн захиргаанд гаргасан илтгэх хуудсандаа “...Р.Х нь 2019.08.09-ний 1-р ээлжинд гарах байсан боловч ажилдаа ирээгүй..., ...2019.08.08-ны өдөр 10 цаг 30 минутын орчим хэл яриа нь хэвийн бус, архидан согтуурсан үедээ надруу залгаж ажилд гарахгүй өөр машинчтай ээлж сольж гаръя гэхэд миний бие боломжгүй одоо унтаж амраад шөнө ажилдаа гар гэсэн хариу өгсөн. Тэгэхэд Р.Х нь тэгвэл би өвчиллөө наад ажлаа өөрсдөө зохицуул надад хамаагүй шүү гэж хэлээд утсаа салгаад алга болсон. Иймэрхүү явдал удаа дараа давтагдаж амралтынхаа өдрөөр архидан өглөө, орой, шөнө хүртэл залгаж агсан тавьдаг. Ажилд ирээгүй үедээ эмнэлгийн хуудас олж ирдэг, ажлын хариуцлага, сахилга батын зөрчил давтан гаргаж байгаа тул арга хэмжээ авч өгнө үү” гэсэн байдаг. Мөн Ил Уурхайн Уулын хэсгийн Уулын мастер Н.Ишжамц илтгэх хуудсандаа “...Р.Х нь 2019.08.09-ны өдрийн 1-р ээлжинд ажилд гарч чадахгүй болсон, дарга нарт чинь хэлсэн, ажлаа зохицуулаарай гэж хэлээд утсаа салгасан. Дараа нь буцаагаад залгасан боловч утсаа аваагүй.” гэсэн байдаг.

Иймд Ил уурхайн даргын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 10/548 тоот албан бичиг, дээрх ажилтнуудын илтгэх хуудас, Р.Хын өөрийнх нь тайлбар зэргийг үндэслэн “Э” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.20-д хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна гэж заасны дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Р.Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.9-д нэг жилийн дотор хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ноцтой зөрчилд тооцно гэж тухайлан зааж өгсөн. Р.Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/2663 тоот тушаалаар цуцалсан бөгөөд, уг тушаалын нэг хувийг 2019 оны 09 дүгээр 13-ны өдөр “Монгол шуудан” ХК-д хүргүүлсэн бөгөөд Р.Х нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 17 цаг 40 минутад өөрөө хүлээж авсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байдаг. Харин Р.Х нь “Э” ТӨҮГ-т холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргаж өгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Р.Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01542 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 129 дүгээр зүйлийн 129.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Хын “Э” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/2663 дугаартай тушаалыг хүчингүй болгож, “Э” ТӨҮГ-ын Ил уурхайн Уулын ажлын хэсгийн экскаваторын машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор 13 369 158 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж  шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01542 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Р.Хын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,

Нэхэмжлэгч Р.Х давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч Р.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Р.Х миний бие Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.18-ны өдрийн 142/ШШ2019/01542 дугаар шийдвэр, мөн Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.06-ны өдрийн 28 дугаар магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 172-р зүйлийн ...хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх ХЯНАВАЛ хэсэгтээ “...Хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй...” гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. ҮНДЭСЛЭЛ НЬ:

1.  “Э” ТӨҮГ ажлаас халсан Б/2663 тоот тушаалыг надад албан ёсоор гардуулж өгөөгүй. Хүний нөөцөөс “ тушаалаа ирж ав...” гэхэд нь тухайн үед миний бие “Очир увидас” эмнэлэгт 2019.10.09- 10.20-ны хооронд эмчилгээтэй, очиж авах боломжгүй тухайгаа хэлэхэд “... тэгж байгаад ирээд авчихаарай...” гэж байсан.

Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын аль нэгний санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд тухайн шийдвэрийг ажилтанд гардуулж өгөх учиртай. Гэтэл Ажил олгогч “Э” ТӨҮГ тушаалыг шуудангаар хүргүүлж байгаа нь буруу юм.

Энэ талаар байгууллагын дотоод журам болон бусад ямар зохицуулалт байгаа эсэх талаарх нотлох баримт хэрэгт байхгүй. Нөгөөтэйгээр хариуцагчийн зүгээс тушаал гардуулж өгөх талаар Р.Х надтай хэдэн удаа холбогдож, ямар учраас шуудангаар хүргүүлэх болсон талаарх нотолгоо ч байдаггүй юм.

Ийм байтал 2 шатны шүүх хариуцагчаас тушаалыг шуудангаар хүргүүлээд байгааг нэхэмжлэгч Р.Хт “ гардуулж өгсөн” гэж үзээд хөөн хэлэлцэх хугацааг сэргээхгүй байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан үндэсгүй дүгнэлт болжээ.

2.  Хоёр шатны шүүх УДШ-ийн тогтоол барьж “...хүндээр өвчилсөн нь нотлогдоогүй..” гэж дүгнэлт хийгээд байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлтэй юм.

Тухайн үед миний бие хүндээр өвчилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй хэдий ч астм, мэдрэлийн гаралтай нуруу татсан оноштойгоор босож, хөдөлж явахад хүндрэлтэй, байнгын хөндлөнгийн хүний тусламжтайгаар эмчилгээ хийлгэснийг Р.Х надаас үл хамаарах шалтгаантай байсан гэж үздэг.

Иймд нэхэмжлэгч Р.Х миний гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн  шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Р.Х нь “Э” ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх: “...нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх боломжгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

  1. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

“Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/2663 дугаартай тушаалаар Р.Хыг “Э” ТӨҮГ-ын хүдрийн ил уурхайд экскаваторын машинистаар ажиллаж байхдаа 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр  хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3., хөдөлмөрийн дотоод журмын 8.9.20. дахь заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар, сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т, 131 дүгээр зүйлийн 131.4.-т зохицуулсан.

“Э” ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 5.2.8.-д ажилтан өвчний улмаас болон хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй болсон тохиолдолд ажилтан, эсвэл холбогдох хүмүүсээр дамжуулан ажил эхлэхээс 1 цагаас багагүй хугацааны өмнө шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэж, ажилдаа ирсэн өдрөөс хойш холбогдох баримт бичгийг ажлын 3 хоногийн дотор бүрдүүлж өгнө гэж, 6.11.1.-д ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн нэг хүртэл өдрийн чөлөөг хэсгийн дарга олгоно гэжээ.

Р.Х 2019 оны 08 дугаар сарын 08-09-нд шилжих шөнийн 00 цагаас ээлжинд гарах хуваарьтай байсан бөгөөд тэрээр ажилдаа очиж чадахгүй талаар 08 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагт шууд удирдлагадаа утсаар мэдэгдсэн, түүнд  чөлөө олгох боломжгүй талаар хариу хэлсэн, тухайн өдөр нэхэмжлэгч эмчид үзүүлсэн боловч түүнд ажлаас чөлөөлөх магадлагаа олгоогүй, эм бичиж өгсөн үйл баримт тогтоогдсон, ажилтан тухайн өдрийн ээлжинд гарах шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд хүсэлтээ бичгээр гаргах боломжтой байтал энэ талаар хүсэлтээ бичгээр гаргаагүй, ажилдаа ирснээс хойш холбогдох баримтыг бүрдүүлж өгөөгүй, энэ талаар баримтгүй байна.

Иймд ажилтныг ажил тасалсан зөрчил гаргасан гэж үзсэн ажил олгогчийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь “Э” ТӨҮГ-ын Ил уурхайн даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/206 тушаалаар ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн, тус шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрөөгүй байхад буюу 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дахин ажил тасалсан зөрчил гаргасан тул түүнийг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэн, ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна.

  1. Хөөн хэлэлцэх хугацааны талаар:

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж, 129.3.-т хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болохоор тус тус зохицуулжээ.

Ажил олгогчийн шийдвэрийг ажилтан хүлээн авсан өдөр гэдэг нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон шийдвэрийг ажилтан ямар нэг байдлаар биечлэн авсан байхыг ойлгох тул “...ажил олгогч шийдвэрийг ажилтанд гардуулж өгөөгүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Р.Х ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шуудангаар хүлээн авсан талаар маргаагүй атлаа 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 09-нөөс 10 дугаар сарын 20-ны өдөр өвчтэй байсан гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргажээ.

Хэрэгт Очир увидас эмнэлгийн магадлагаа авагдсан байх боловч нэхэмжлэгч нь энэ хугацаанд эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй, амбулаториор эмчилгээ хийлгэж, өдрөөр сэргээн засах эмчилгээ хийлгэж байсан талаарх хэрэгт цугларсан баримтад үндэслэж нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан баримтад үндэслэн хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхgrlgан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01542 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Р.Хын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                            ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД