Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2019/00687

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* тоотод оршин суух ******* Ж.Г /*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт байрлах ЭҮТӨҮГ-т холбогдох,

ЭҮХХК-ийн Геологи хайгуулын ангид ажиллах тухай 68 дугаартай хөдөлмөрийн гэрээний хөдөлмөрийн нөхцөл хэвийн гэснийг хэвийн бус болгуулах, 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хүнд, хортой халуун нөхцөлд ажиллаж байсан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №05/090/01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа учир энэ хугацаанд ажиллаж байсан цалингийн зөрүү болох 50 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчЁ.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчЁ.И шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Ж.Г нь 2003 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Уулын баяжуулах ЭҮХХК-ийн Геологи хайгуулын ангид суудлын автомашины жолоочоор 2004-2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл харуулаар ажиллаж байгаад улмаар 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл тус ангид ажилчнаар ажиллаж байна. Ийнхүү 2007 оны 03 дугаар сарын 01-нээс одоог хүртэл хугацаанд ЭҮХХК-ийн Геологи хайгуулын ангид ачигчаар ажиллаж байх хугацаандаа поошигтой бензин, тос масло зөөх, ачих буулгах дээш зөөх, ачиж буулгах, автомашины болон өрөмдлөгийн ажлын багаж тоног төхөөрөмжийг зөөж ачиж буулгах, автомашины болон өрөмдлөгийн ажлын багаж, тоног төхөөрөмжийг зөөж ачиж буулгах, засварын ажлын материалыг зөөх зэргээр зуны халуун өвлийн хүйтэнд ихэвчлэн гадаа талбайд хүйтэн склад гэх зэрэг газарт ажиллаж байна.

2007 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахдаа хөдөлмөрийн хэвийн нөхцөл гэж 2018 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллуулсан. Миний хувьд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаагаа 2018 оны 4 сард мэдэж энэ талаар гомдлоо ЭҮХХК-ийн Геологи хайгуулын ангийн даргад гомдол гаргасан. Миний гомдлыг хүлээн авч мэргэжлийн хяналтын байгууллагад ЭҮхандахад 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 05/2346 дугаартай хөдөлмөрийн нөхцөлийн тухай дүгнэлт гаргуулахад миний ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт хийж ачааллыг нэмэгдүүлсэн тохиолдолд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 77-р тушаалаар батлагдсан тушаалын заалтад хамаарна гэсэн дүгнэлт гарсан. Энэ тушаалыг үндэслээд 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 11 жилийн хугацаанд хөдөлмөрийн хөдөлмөрийн хэвийн бус буюу хүнд нөхцөлд ажиллаж байсныг сэргээн тогтоолгох мөн хэрэг хянан шийдвэрлэх явцад хөдөлмөрийн хэвийн бус буюу хүнд нөхцөлд ажиллаж байсныг тогтоолгохоор шинжээч томилуулахаар хүсэлт гаргаж шүүгчийн захирамжийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарч тус үйлдвэрийн геологи хайгуулын ангид ачигчаар ажиллаж байсан ажил мэргэжил нь Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан заалтад хамаарч байгаа. Ингээд миний шинжээчийн дүгнэлтээр хэвийн бус нөхцөлд ажиллаж байсан гэсэн нь дүгнэлтээр нотлогдохоор нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан цалингийн зөрүү болох 50 000 000 төгрөгийг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзсан.

Одоо миний бие хөдөлмөрийн гэрээний нөхцөл хэвийн гэж гэрээ хийснийг хэвийн бус болгуулж үүнээс учирсан цалингийн зөрүү болох 50 000 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: 1. Монгол, Оросын хамтарсан Э.Ү-ийн Геологи хайгуулын ангид ажиллах тухай хөдөлмөрийн 68 дугаартай гэрээний хөдөлмөрийн нөхцөл хэвийн гэснийг хэвийн бус болгуулах,

2. 2007 оны 03 сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 сарын 01-ний өдрийн хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хүнд, хортой халуун нөхцөлд ажиллаж байсан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 сарын 24-ний өдрийн №05/090/01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа учир энэ хугацаанд ажиллаж байсан цалингийн зөрүү болох 50 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус шүүхэд гаргасан Ж.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Ж.Г нь Геологи хайгуулын ангид 2007.03.01-ний өдрөөс эхлэн ачигчаар ажиллаж эхэлсэн. Ж.Гийн ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх үндсэн үүргүүдэд сэлбэг материалыг складад оруулах, сэлбэг материалыг гаргах, зөөх ачих, буулгах, өрөмдлөгийн дээж кернийг машинд ачих, буулгах зөөх, цехийн баазын гадна дотор талын цэвэрлэгээ хийх, өгсөн нарядын дагуу нарядын ажилд туслах гэсэн чиг үүргүүд байсныг нэмэгдүүлэн ажлын байрны тодорхойлолтод нь өөрчлөлт оруулсан тул Геологи хайгуулын ангийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/19 тоот Ж.Гийн хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх тухай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчилсэн. Ингээд нэхэмжлэгч Ж.Г нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллан, түүнд тохирсон цалин хөлс, нэмэгдлийг авч байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 2007.03.01-ний өдрөөс 2018.03.01-ний өдөр хүртэл хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан гэж үзэж цалингийн зөрүү болох 50,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм.

Геологи хайгуулын ангиас Ж.Гийн 2007.03.01-ний өдрөөс 2018.03.01-ний өдөр хүртэл хойш ажиллаж байсан хугацаа нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд тооцогдох эсэх талаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт албан бичгээр хандсан бөгөөд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын, хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээний төвийн даргын 2018 оны 07-р сарын 05-ны өдрийн 05/2346 тоот албан бичгээр нэхэмжлэгч Ж.Гийн ажлын байрны тодорхойлолтод нэмэлт өөрчлөлт хийж, ажлын ачааллыг нэмэгдүүлсэн тохиолдолд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан жагсаалтын Дөрөв. Хөдөлмөрийн хүнд нөхцөл-ийн 2-д ...биетийг ачигч... гэсэн заалтад хамруулж болох үндэстэй, 2007.03.01-ний өдрөөс эхлэн ачигчаар ажиллаж байсан хугацаа хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарахгүй гэсэн хариу ирүүлсэн.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж маргааны талаар гомдол гаргах хугацааг заасан байдаг. Иймд нэхэмжлэгч Ж.Г нь дээрх маргааны талаар гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Г нь ЭҮТӨҮГ-т холбогдуулан ЭҮХХК-ийн Геологи хайгуулын ангид ажиллах тухай 68 дугаартай хөдөлмөрийн гэрээний хөдөлмөрийн нөхцөл хэвийн гэснийг хэвийн бус болгуулах, 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хүнд, хортой халуун нөхцөлд ажиллаж байсан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №05/090/01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа учир энэ хугацаанд ажиллаж байсан цалингийн зөрүү болох 50 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.Г нь ЭҮХХК-ийн Геологи хайгуулын ангид ачигчаар 2007 оны 3 дугаар сарын 01-нээс эхлэн одоог хүртэл ажиллаж байгаа болох нь талуудын тайлбар, 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа: ...хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байснаа тогтоолгоно, мөн 2007 оны 3 дугаар сарын 01-нээс 2018 оны 3 дугаар сарын 01 хүртэлх хугацааны цалингийн зөрүү 50,0 сая төгрөг гаргуулна... гэж тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: ...Ж.Гийг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа гэдгийг 2007 оны 10 дугаар сарын 20-ны өдөр анх мэдсэн. Тэр өдрөөс эхлэн сүү тараг өгдөг байснаа өгөхөө больсон байдаг. Тэгээд л Хөдөлмөрийн маргаан таслах комист өргөдөлөө өгсөн. Тэр хооронд ЭҮХХК дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтэнд нь үндэслээд 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Ж.Гийг хэвийн бус нөхцөлд ажилладаг гэж хөдөлмөрийн гэрээг өөрчилсөн... гэсэн.

2007 оны 10 дугаар сарын 20-нд эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

Тиймээс цалингийн зөрүү гаргуулах шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн төлөөлөгч: ...50,0 сая төгрөгийг яаж гаргасан аргачлалаа сайн мэдэхгүй байна. Ж.Г хамт ажилладаг хүмүүсийнхээ цалингаас бодсон юм билээ гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн амаар, ямар нэг нотлох баримтгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул 50,0 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: ... ЭҮХХК-ийн Геологи хайгуулын ангид ажиллах тухай 68 дугаартай хөдөлмөрийн гэрээний хөдөлмөрийн нөхцөл хэвийн гэснийг хэвийн бус болгуулах гэсэн байх ба нэгэнт үйлчлэл нь /хугацаа нь дууссан/ өнгөрсөн хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг шүүх шийдвэрлэх боломжгүй. /Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарлаж буйгаар 2007 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ гэж үзэв/

Ж.Гийн 68 дугаартай хөдөлмөрийн гэрээ нь хэрэгт ирээгүй бөгөөд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 298 дугаартай шийдвэртэй хэргээс нотлох баримтыг судлахад 68 дугаартай хөдөлмөрийн гэрээ нь хэзээ байгуулсан нь тодорхойгүй, мөн нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар 2007 оны 3 дугаар сарын 01-нээс 2018 оны 3 дугаар сарын 01 хүртлэх ажиллаж байсан хугацааг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байсныг тогтоолгоно, энэ нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн 2018-12-14-ний өдрийн 05/090/01 дугаартай дүгнэлтээр нотлогдоно гэсэн.

Шүүх зөвхөн дээрх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018-12-14-ний өдрийн 05/090/01 дугаар дүгнэлтийг үндэслэн Ж.Гийг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байсан гэж дүгнэх боломжгүй, тухайн үед нэхэмжлэгч ямар ямар ажлыг хийж байсан, энэ нь түүний ажлын байрны тодорхойлолт бусад нотлох баримтаар нотлогдох ёстой. Гэтэл энэ талын баримтууд хэрэгт ирээгүй, нэхэмжлэлийн шаардлага нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2019/00298 дугаартай Ж.Гийг 2007 оны 3 дугаар сарын 01-нээс 2018 оны 3 дугаар сарын 01 хүртлэх хугацаанд хөдөлмөрийн хэвийн бус хүнд нөхцөлд ажиллаж байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан ЭҮТӨҮГ-т холбогдуулан гаргасан ЭҮХХК-ийн Геологи хайгуулын ангид ажиллах тухай 68 дугаартай хөдөлмөрийн гэрээний хөдөлмөрийн нөхцөл хэвийн гэснийг хэвийн бус болгуулах, 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хүнд, хортой халуун нөхцөлд ажиллаж байсан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №05/090/01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа учир энэ хугацаанд ажиллаж байсан цалингийн зөрүү болох 50 000 000 төгрөгийг гаргуулах Ж.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА