Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 108

 

 

 

 

 

 

 

 

2019       07          02                                   108

 

 

Г-ийн нэхэмжлэлтэй хариуцагч

ЭҮТӨҮГ-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2019/00687 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Г-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ЭҮТӨҮГ-т холбогдох,

ЭҮХХК-ийн Геологи хайгуулын ангид ажиллах тухай 68 дугаартай хөдөлмөрийн гэрээний хөдөлмөрийн нөхцөл хэвийн гэснийг хэвийн бус болгуулах, 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хүнд, хортой халуун нөхцөлд ажиллаж байсан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №05/090/01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа учир энэ хугацаанд ажиллаж байсан цалингийн зөрүү болох 50 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И, Г- нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2003 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Уулын баяжуулах ЭҮХХК-ийн Геологи хайгуулын ангид суудлын автомашины жолоочоор 2004-2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл харуулаар ажиллаж байгаад улмаар 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл тус ангид ажилчнаар ажиллаж байна. 2007 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахдаа хөдөлмөрийн хэвийн нөхцөл гэж 2018 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллуулсан. Миний хувьд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаагаа 2018 оны 4 сард энэ талаар мэдэж гомдлоо ЭҮХХК-ийн Геологи хайгуулын ангийн даргад гомдол гаргасан. Миний гомдлыг хүлээн авч мэргэжлийн хяналтын байгууллагад ЭҮХХК хандахад 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 05/2346 дугаартай хөдөлмөрийн нөхцөлийн тухай дүгнэлт гаргуулахад миний ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт хийж ачааллыг нэмэгдүүлсэн тохиолдолд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 77-р тушаалаар батлагдсан тушаалын заалтад хамаарна гэсэн дүгнэлт гарсан. Энэ тушаалыг үндэслээд 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 11 жилийн хугацаанд хөдөлмөрийн хөдөлмөрийн хэвийн бус буюу хүнд нөхцөлд ажиллаж байсныг сэргээн тогтоолгох мөн хэрэг хянан шийдвэрлэх явцад хөдөлмөрийн хэвийн бус буюу хүнд нөхцөлд ажиллаж байсныг тогтоолгохоор шинжээч томилуулахаар хүсэлт гаргаж шүүгчийн захирамжийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарч тус үйлдвэрийн геологи хайгуулын ангид ачигчаар ажиллаж байсан ажил мэргэжил нь Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан заалтад хамаарч байгаа. Ингээд миний шинжээчийн дүгнэлтээр хэвийн бус нөхцөлд ажиллаж байсан гэсэн нь дүгнэлтээр нотлогдохоор нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан цалингийн зөрүү болох 50.000.000 төгрөгийг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзсан. Одоо миний бие хөдөлмөрийн гэрээний нөхцөл хэвийн гэж гэрээ хийснийг хэвийн бус болгуулж үүнээс учирсан цалингийн зөрүү болох 50.000.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр-ийн Геологи хайгуулын ангид ажиллах тухай хөдөлмөрийн 68 дугаартай гэрээний хөдөлмөрийн нөхцөл хэвийн гэснийг хэвийн бус болгуулах, 2007 оны 03 сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 сарын 01-ний өдрийн хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хүнд, хортой халуун нөхцөлд ажиллаж байсан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 сарын 24-ний өдрийн №05/090/01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа учир энэ хугацаанд ажиллаж байсан цалингийн зөрүү болох 50.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа тайлбарлахдаа:

Г- нь Геологи хайгуулын ангид 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ачигчаар ажиллаж эхэлсэн. Г-ийн ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх үндсэн үүргүүдэд сэлбэг материалыг складад оруулах, сэлбэг материалыг гаргах, зөөх ачих, буулгах, өрөмдлөгийн дээж кернийг машинд ачих, буулгах зөөх, цехийн баазын гадна дотор талын цэвэрлэгээ хийх, өгсөн нарядын дагуу ажилд туслах гэсэн чиг үүргүүд байсныг нэмэгдүүлэн ажлын байрны тодорхойлолтод нь өөрчлөлт оруулсан тул Геологи хайгуулын ангийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/19 тоот Г-ийн хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх тухай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчилсэн. Ингээд нэхэмжлэгч Г- нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллан, түүнд тохирсон цалин хөлс, нэмэгдлийг авч байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан гэж үзэж цалингийн зөрүү болох 50.000.000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Геологи хайгуулын ангиас Г-ийн 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойш ажиллаж байсан хугацаа нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд тооцогдох эсэх талаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт албан бичгээр хандсан бөгөөд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын, хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээний төвийн даргын 2018 оны 07-р сарын 05-ны өдрийн 05/2346 тоот албан бичгээр нэхэмжлэгч Г-ийн ажлын байрны тодорхойлолтод нэмэлт өөрчлөлт хийж, ажлын ачааллыг нэмэгдүүлсэн тохиолдолд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан жагсаалтын Дөрөв. Хөдөлмөрийн хүнд нөхцөл-ийн 2-д ...биетийг ачигч... гэсэн заалтад хамруулж болох үндэстэй, 2007.03.01-ний өдрөөс эхлэн ачигчаар ажиллаж байсан хугацаа хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарахгүй гэсэн хариу ирүүлсэн. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж маргааны талаар гомдол гаргах хугацааг заасан байдаг. Иймд нэхэмжлэгч Г- нь дээрх маргааны талаар гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2019/00687 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан ЭҮТӨҮГ-т холбогдуулан гаргасан ЭҮХХК-ийн Геологи хайгуулын ангид ажиллах тухай 68 дугаартай хөдөлмөрийн гэрээний хөдөлмөрийн нөхцөл хэвийн гэснийг хэвийн бус болгуулах, 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хүнд, хортой халуун нөхцөлд ажиллаж байсан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №05/090/01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа учир энэ хугацаанд ажиллаж байсан цалингийн зөрүү болох 50 000 000 төгрөгийг гаргуулах Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И, Г- нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийн бодит үнэнд тулгуурлаж нотлох баримтыг зөв судалж чадаагүй хэргийг буруу шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шийдвэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартай он сар өдрүүд зөрүүтэй байна. Шийдвэрийн үндэслэх хэсгийг зөв дүгнээгүй шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд тайлбараа гаргахдаа ...хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаагаа 2018 оны 04 дүгээр сард анх мэдсэн гэж тайлбарт бичээд шийдвэрийн үндэслэх хэсэгт...2007 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдсэн гэж худал бичиж хөөн хэлэлцэх хугацааг дууссан мэтээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ шүүх хуралдаан дээр ингэж яриагүй болно. Шүүх хуралдааны камерын бичлэгт тодорхой байгаа үүнийг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр үзэх хүсэлт гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын 50.000.000 төгрөгийг яаж бодох талаар 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө зарласан хуралдаан дээр дээрхи цалингийн зөрүүг гаргуулахдаа мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулахаар шүүх хуралдаан дээр хүсэлт гаргахад шүүгч өөрөө цалингийн тодорхойлолт одоо ажиллаж байгаа ачигч нарын цалингийн тодорхойлолт зэргээс өөр юугаар гаргах гээд байгаа юм хэрэггүй гээд хүлээж аваагүй байж шүүх хуралдаанд өөрийнх нь хэлснээр ирүүлсэн нотлох баримтаар хэргийг шийдвэрлэх юм байна гэж ойлгуулчхаад ингэж дүгнээд байгааг ойлгохгүй байна. Энэ хуралдааны бичлэгийг шүүх хуралдаанд үзэх хүсэлт гаргаж байна. Тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн 142/ШШ2019/00298 дугаар шийдвэрийг шүүгч маань ерөөсөө ойлгоогүй байна уг шийдвэрийн үндэслэх хэсэгт../'Г-ийн гаргасан нэхэмжлэл нь онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргаан хэрэг биш байна. ...тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажилласан байдлаа тогтоолгох зорилго агуулаагүй харин хөдөлмөрийн гэрээний заалтыг зөвшөөрөхгүй байна. Иймд түүний нэхэмжлэлийн шаардлагыг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх боломжгүй. Нэхэмжлэгч нь эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж байгаа этгээдийг хариуцагчаар татан оролцуулж маргаанаа шийдвэрлүүлэх ёстой байсан болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг 2007 оны 03 дугаар сарын 01-нээс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байсныг тогтоолгохыг хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр шийдвэр байна гэж дүгнэсэн буруу юм. Дээрхи үндэслэлүүдтэй холбогдолтой бусад тайлбаруудыг шүүх хуралдаан дээр дэлгэрэнгүй тайлбарлах болно. Иймд тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                      ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г- нь Монгол, Оросын хамтарсан ЭҮ-ийн Геологи хайгуулын ангид ажиллах тухай хөдөлмөрийн 68 дугаартай гэрээний хөдөлмөрийн нөхцөл хэвийн гэснийг хэвийн бус болгуулах, 2007 оны 03 сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 сарын 01-ний өдрийн хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хүнд, хортой халуун нөхцөлд ажилласан цалингийн зөрүү болох 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нэхэмжлэгчийн ажлын чиг үүргийг нэмэгдүүлсэн тул 2018 оны 3 сараас эхлэн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа, өмнөх ажилласан жилүүд нь хөдөлмөрийн хэвийн нөхцөлд тооцогдож байгаа, түүнчлэн нэхэмжлэгч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И-ийн гаргасан “...142/ШШ2019/00298 дугаартай иргэний хэргийн материалаас үзлэг хийх буюу нотлох баримтаар шинжлэн судалж өгнө үү “ гэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсний дагуу   анхан шатны шүүх хуралдаанаар  № 142/ШШ2019/00298 дугаартай иргэний хэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан боловч тухайн хэргээс Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2018.12.14-ний өдрийн №05/090/01 дүгнэлт, ажил олгогчтой 2007 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан № 68 тоот хөдөлмөрийн гэрээг хуулбарлаж хэрэгт хавсаргасан байна.

Нэхэмжлэгч Г- нь хөдөлмөрийн гэрээний хэвийн нөхцөлийг хэвийн бус нөхцөлд тооцуулах тухай хүсэлтээ зохих байгууллагад гаргасан эсэх, цалингийн зөрүү 50.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлага, үндэслэлээ хэрхэн тооцсон талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч нь шүүхээр урьдчилан шийдвэрлүүлэх хуульд заасан журмыг зөрчсөн, гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй байна.     

Түүнчлэн нэхэмжлэгч болон ажил олгогч нарын хооронд 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч Г- нь 2007 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний хэвийн нөхцөлийг хэвийн бус нөхцөлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хариуцагч ЭҮТӨҮГ-т холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтууд дутуу бүрдүүлсэн, ямар нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Игийн гаргасан “...нэхэмжлэгчийн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байсныг тогтоолгохыг хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр шийдвэр байна гэж дүгнэсэн нь буруу учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2019/00687 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И, Г- нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 407.950 төгрөгийг төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                    М.ХҮРЭЛБААТАР

                                                                                       Б.ОЮУНЦЭЦЭГ