Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2020/00293

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2020/00293

Орхон аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багт байрших ХААН банк ХХК-ийн Орхон салбар /регистрийн дугаар 2693321/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1988 онд төрсөн, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-2 байрны 20 тоотод оршин суух Удан бор овгийн Мөнхбаатарын Сэлэнгэ /регистрийн дугаар ИЦ88051504/,

Хариуцагч: 1990 онд төрсөн, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-3 байрны 104 тоотод оршин суух Өөлд овгийн Доржсүрэнгийн Очбаяр /регистрийн дугаар ФД90120411/ нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлбөр 8 538 942,56 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжаргал, С.Мөнхзул, хариуцагч Д.Очбаяр, М.Сэлэнгэ, хариуцагч М.Сэлэнгийн өмгөөлөгч М.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн Орхон салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Очбаяр, хамтран үүрэг гүйцэтгэгч М.Сэлэнгэ нар Хаан банкны Орхон салбарын тооцооны төвөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ/201944254846 тоот зээлийн болон БГХ201944254846 тоот барьцааны гэрээ байгуулан 8 000 000 төгрөгийн цалингийн зээлийг авсан юм. Зээлдэгч нь манай банктай байгуулсан гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрөөс үндсэн зээл 859 117,81 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 133 322,58 төгрөг, нийт 992 440,39 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч Д.Очбаяр нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд зээл төлөх мэдэгдлийг хүргүүлж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байсан боловч банкнаас тавьж буй шаардлагыг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар дор дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ/201944254846 тоот гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар доорх зээлийн төлбөрийг гаргуулах үндсэн зээлийн үлдэгдэл 7 140 822,19 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1 333 969,41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 49 590,96, нотариатын зардал 14 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 151 342 төгрөг, нийт 8 690 284,56 төгрөгийг Д.Очбаяр, М.Сэлэнгэ нараас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч М.Сэлэнгэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М.Сэлэнгэ ХААН банкны гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1.   Энэхүү зээлийг хариуцагч Д.Очбаяр өөрийн нэр дээр авсан бөгөөд миний хувьд Д.Очбаярын гэргий Бундхоролын гуйлтаар зээлийг батлан даасан болно.

2.   Уг зээлийг хариуцагч Д.Очбаяр нь өөрсдийн хэрэгцээнд зарцуулсан бөгөөд миний зүгээс ямар нэгэн мөнгө төгрөг шан харамжийг аваагүй болно. /хэрэгцээндээ зарцуулсан тухайгаа сүүлд хэлж байна лээ. Буйдан, хивс авсан, хорооллын түрээслэдэг байшиндаа засвар хийсэн, Д.Очбаяр хуучин ажиллаж байсан газартаа өртэй гарсан бөгөөд өрөө дарсан, ээждээ мөнгө өгсөн гэж эхнэр Бундхорол хэлсэн/.

3.   Гагцхүү итгэл олох шугамаар миний нөхөрлөлийг ашиглан найз нөхдийн хүсэлтийн дагуу амьдрал ахуйд нь туслах зорилгоор тус болсон.

4.   Гэвч Д.Очбаяр нь энэхүү зээлээ төлөөгүйгээр барахгүй миний цалингаас эхний удаад 45 000 төгрөг, хоёр дахь удаад нь 300 000 төгрөг, ний 345 000 төгрөгийг ХААН банкны зүгээс суутган авсан болно.

5.   ХААН банкны нэхэмжлэлтэй энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хуулийн дагуу шийдвэрлэж, үндсэн зээлдэгч болох Д.Очбаяраас ХААН банкны хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Очбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХААН банк ХХК-ийн Орхон салбарын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөрт 8 690 284,56 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед зээлийн батлан даагч болох М.Сэлэнгэ нь зээлээр авсан мөнгөнд ямар нэгэн хамааралгүй ба зээлсэн мөнгийг Д.Очбаяр би өөрийн хувийн зориулалтаар 100 хувь ашигласан болно. Иймд батлан даагч болох М.Сэлэнгэ уг нэхэмжлэлд хамааралгүй болгож өгнө үү. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн Орхон салбар хариуцагч Д.Очбаяр, М.Сэлэнгэ нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, зээлийн төлбөрт 8 538 942,56 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Д.Очбаяр нь 8 000 000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1,7 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлж, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ХААН банк ХХК-тай ЗГ/201944254846 дугаартай зээлийн гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр М.Сэлэнгэ гарын үсэг зурсан байна.

Д.Очбаяр нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчтэй БГХ201944254846 дугаартай барьцааны гэрээг байгуулсан ба уг гэрээгээр ирээдүйд авах цалингаа барьцаалжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг ХААН банк ХХК хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Хэрэг авагдсан зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч зээлийг зээлдэгч Д.Очбаярт олгосон нь тогтоогдож байна.

Зээлдэгч Д.Очбаяр ХААН банк ХХК-аас 8 000 000 төгрөгийн үндсэн цалингийн зээлийг авсан ба үүнээс үндсэн зээлийн үлдэгдэл 7 140 882,19 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1 333 969,41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 49 590,96 төгрөг нийт 8 524 442,56 төгрөг төлөгдөөгүй нь тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч Д.Очбаяр нь 8 000 000 төгрөгийн цалингийн зээлийг авсан гэдэгтэй маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

Нэхэмжлэгч хариуцагч Д.Очбаярт зээлээ төлөх талаарх мэдэгдлийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус тус хүргүүлсэн байх бөгөөд уг мэдэгдлийг Д.Очбаяр хүлээн авч, нэхэмжлэгчид Д.Очбаяр миний бие түр хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй улмаас зээлийн төлөлтөө хийж чадсангүй. Иймээс яаралтай ажил хийн 7 сарын төлөлтийг 7 сарын 9-ны өдөр, өмнөх сарын төлөлтүүдийг 7 дугаар сар дуусахаас өмнө хийхээр тохиролцлоо. Тохирсон хугацаанд зээлийн төлөлтүүдийг хийнэ. Тохирсон хугацаанд төлбөрийг төлж чадахгүй бол шүүхэд өгөхөд гомдолгүй гэх хүсэлтийг гаргаж өгсөн байна.

Хариуцагч Д.Очбаяр зээлийг хугацаанд нь төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэгч түүнд удаа дараа зээл төлөх мэдэгдэлийг өгсөн боловч тэрээр зээлийг төлөөгүй учраас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 225, 451 дүгээр зүйлд заасныг баримтлан ХААН банк ХХК болон Д.Очбаяр нарын хооронд байгуулсан ЗГ/201944254846 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Д.Очбаяраас зээлийн гэрээний үүрэгт 8 524 442,56 төгрөг, нотариатын зардал 14 500 төгрөг, нийт 8 538 942,56 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч М.Сэлэнгэд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь дээрх ЗГ/201944254846 дугаартай зээлийн гэрээний тохиролцоо нь ирээдүйд авах цалингаа барьцаалж зээл авсан Д.Очбаярт холбогдолтой болохоос бус хамтран үүрэг гүйцэтгэгч гэж заагдсан боловч өөрийн цалин, орлого, хөрөнгө, эрх барьцаалаагүй, цалингийн эрхийн талаар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй М.Сэлэнгээс шаардах хууль зүйн болон гэрээгээр шаардах үндэслэл тогтоогдохгүй байна.

Цалингийн зээл авах нь зөвхөн тухайн иргэний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх ба уг орлогоо барьцаалж мөнгө зээлсэн нь мөн хувь хүний хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ.

Зээлийн гэрээний 2.1.2, 2.4.2, 3.2.1-д ...Зээлийг цалингийн зээлийн зориулалтаар ашиглана. Энэ нь банкны цалингийн зээл MNT төрлийн бүтээгдэхүүн болно. ...цалингийн зээлийн хувьд Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-т заасан хугацааг үл харгалзан зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүр зээлийн төлбөрийг суутган авах, эрхтэй гэж тус тус зааж тохиролцжээ.

Гэрээний дээрх тохиролцоо нь ирээдүйд авах цалингаа барьцаалж, зээл авсан Д.Очбаярт холбогдолтой болохоос бус гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн орлогыг барьцаалаагүй, М.Сэлэнгэд хамаарах боломжгүй.

2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн барьцааны гэрээнд М.Сэлэнгэ нарын үсэг зурсан боловч нэхэмжлэгч гэрээнд барьцаалуулагчийг Д.Очбаяр гэж тодорхойлсон байх тул М.Сэлэнгийг барьцааны гэрээний 1 тал гэж үзэх боломжгүй гэж үзлээ.

Мөн М.Сэлэнгэ хариуцагч Д.Очбаяртай хамаарал бүхий этгээд биш, Д.Очбаярын эхнэрийн гуйлтаар хамтран зээлдэгчээр оролцсон, барьцааны гэрээнд банк барьцаалуулагчаар Д.Очбаярыг тодорхойлсон, нэхэмжлэгчээс авсан 8 000 000 төгрөгийг М.Сэлэнгэ аваагүй, ашиглаагүй, түүнчлэн банкны зүгээс М.Сэлэнгэд зээл төлөх талаар мэдэгдэл өгч сануулж байгаагүй байна.Иймд дээрхи үндэслэлүүдээр хариуцагч М.Сэлэнгэд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151 342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Очбаяраас 151 342 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК-ны Орхон салбарт олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 225.2., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан ЗГ/201944254846 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Д.Очбаяраас зээлийн гэрээний үүргийн төлбөр 8 538 942,56 төгрөгийг гаргуулж ХААН банк ХХК-ийн Орхон салбарт олгож, хариуцагч М.Сэлэнгэд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151 342 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Очбаяраас 151 342 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА