Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2020/00063/И |
Дугаар | 142/ШШ2020/00179 |
Огноо | 2020-02-04 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 142/ШШ2020/00179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* тоотод оршин суух******* Д.Ж /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* тоотод оршин суух******* О.О /регистрийн дугаар *******/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 7 180 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Ж би Октябрийн болон У-ийн хүсэлтээр 8 хувийн хүүтэйгээр сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан 5 700 000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр О.Октябрийн ХААН банкны ******* данс руу өөрийнхөө ******* гэсэн данснаас шилжүүлсэн. Тэгээд мөнгө авсан өдрөө цехдээ миний мөнгөөр 4 том хөргөгч авсан. Түүнээс хойш 40 хоног хэтэрсэн. Одоо хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Өдөр болгон залгахад ерөөсөө утсаа авдаггүй. Аргаа бараад өөр дугаараас залгахад шууд авна. Өөдөөс аймаар уурлана. Намайг арай залилж байна. Хэлэх хэлэхгүй үгээр доромжилно. Би их гомдолтой байна. Иймд Октябриас үндсэн зээлийн төлбөр дээр 8 хувийн хэтэрсэн хоногоор бодуулж гаргаж өгнө үү. Нийт 7 180 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.Ж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь зөвшөөрч зарим хэсгийг нь зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Нэхэмжлэгч Д.Ж надаас үндсэн зээлд 5 700 000 төгрөг, зээлийн хүүг 8 хувиар тооцож /7 180 000-5 700 000=1 480 000 төгрөг/ 1 480 000 төгрөгийн хүү тооцжээ. Би 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчээс 4 500 000 төгрөгийг нэг сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлдэж авсан учир би үндсэн зээлд 4 500 000 төгрөг, зээлийн хүүд /4 500 000х8%=360 000 төгрөг / 360 000 төгрөг нийт 4 860 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс нэхэмжлэгч буузны цех дээрээс 4 уут 20кг бууз, 7 уут 35 кг банш, нийт 55 кг бууз, баншны үнэ /55кг х 6.500 төгрөг=357.500 төгрөг/ 357 500 төгрөгийн хүү төлсөн учир хүүгийн үлдэгдэл 2.500 төгрөг нийт 4 502 500 төгрөг төлнө. Харин 2019 оны 10 дугаар сард Л.У-т өгсөн гэх 1 200 000 төгрөгийг, мөн хүү гэж илүү нэхэж байгаа 280 000 төгрөг нийт 1 480 000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй учир нэхэмжлэлийн шаардлагаас 1 480 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д.Ж нь О.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 7 180 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлээс 5 700 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг төлөхгүй гэсэн тайлбар гаргасан.
Шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.
О.О нь Д.Д.Жэс 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 4 500 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги тооцохоор гэрээ байгуулан авсан талаар хариуцагч маргаагүй.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Тиймээс нэхэмжлэгч хууль болон гэрээнд зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...О.Октябрийн эхнэр нь өмнө нь надаас 1 200 000 төгрөг авсан байсан, харин О.О 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 4 500 000 төгрөгийг зээлж авсан. Ингэхдээ эхнэрийнхээ авсан 1 200 000 төгрөгтэй нийлүүлээд гэрээ хийе гэж тохирсон. Хугацааг нэг сараар тохирсон. Харин алдангийг 2019 оны 11 дүгээр сарын 16-наас шийдвэр гарах хүртэл бодсон... гэсэн.
Зохигчийн хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээнд нийт 5 700 000 төгрөгийг зээлүүлсэн гэж бичигдсэн боловч, хариуцагч 4 500 000 төгрөгийг л авсан гэдэг, харин нэхэмжлэгч: О.Октябрийн эхнэр Ууганцэцэг 1 200 000 төгрөгийг өмнө нь авсан байсан, зээлийн гэрээг хийхэд Ууганцэцэгийн авсан 1 200 000 төгрөгийг О.Октябрийг зөвшөөрч байна уу гэхэд зөвшөөрч байна гээд хамтад нь бичиж нотариат дээр гэрээ байгуулсан юм гэсэн.
О.Октябрийн эхнэр Ууганцэцэг нь хариуцагчийн авсан 4 500 000 төгрөгнөөс гадна 1 200 000 төгрөг авсан гэдэгтэй талууд мөн маргаагүй. Ууганцэцэгийг нэхэмжлэгч очиж зодсон асуудал байгаа учир Ууганцэцэг өөрөө тооцоо хийнэ гэсэн тайлбарыг хариуцагчийн төлөөлөгч гаргасан.
Д.Ж О.О нарын хооронд 4 500 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 8 хувийн хүү тохирч гэрээ байгуулсан болох нь нотлогдож байх тул 4 500 000 төгрөгийн хүү 360 000 төгрөг болж байна, алдангийг 2019 оны 11 дүгээр сарын 16-наас нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл бодож нийт 5 832 000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлээс 1 348 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Харин хариуцагч О.О эхнэр Ууганцэцэг 1 200 000 төгрөгийг авсан гэдэгтэй талууд маргаагүй тул Ууганцэцэгийн авсан мөнгийг О.О хариуцах үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр О.Октябриас 5 832 000 төгрөг гаргуулан Д.Д.Жд олгож, нэхэмжлэлээс 1 348 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Д.Ж нь 337 500 төгрөгийн бууз, банш авсан үүнийг хасуулна гэсэн тайлбар гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй бөгөөд тийм хэмжээний бууз банш аваагүй, харин 2 уут бууз авсан, үнийг нь хэдэн төгрөг гэдгийг мэдэхгүй гэсэн.
Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, мөн Д.Жавзан-Эрдэнийн бууз, банш авсан талаар нотлоогүй тул сөрөг шаардлага гэж үзэн харилцан тооцох боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 678 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.Октябриас улсын тэмдэгтийн хураамжаар 108 262 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус баримтлан хариуцагч О.Октябриас 5 832 000 төгрөг гаргуулан Д.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 348 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 678 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.О-с 108 262 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА