Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2020/00848

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2020/00848

Орхон аймаг

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох түрээсийн төлбөрт 3 900 000 төгрөг, алданги 877 500 төгрөг, Эрдэнэт ус ДТСОНӨХК-д төлөх байрны мөнгө 175 600 төгрөг гаргуулах, байр албадан чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие Даниста-Од ХХК-ийн захирал *******тай 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулан ******* миний хувийн өмч болох Орхон аймгийн Зэст баг 1-15-14 тоот 3 өрөө байраа хөлслүүлсэн. Орон сууц хөлслүүлэх гэрээг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 15 сарын хугацаатай байгуулсан. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын эхээр миний бие *******тай утсаар ярьж гэрээний хугацаа дуусаж байгааг сануулаад гэрээний хугацаа дуусахлаар цаашид хугацааг сунган түрээслэх эсэх талаар асуухад ******* нь хугацаа дуусахаар цааш дахин түрээслэнэ гэсэн.

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ******* миний бие *******тай биечлэн уулзаад гэрээний хугацаа дууссан учир дахин шинээр гэрээ хийж хугацааг сунгахаар аман байдлаар тохирсон. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр миний бие *******д мессэж бичиж гэрээний хугацаа дуусаад 2 сар боллоо чи миний байрыг цаашид түрээслэх юм бол шинээр гэрээ хийгээд сарын 650 000 төгрөгийн түрээсийг төлөөд байж болно. Үгүй бол өөр түрээсийн байр олоод аграа би байраа авмаар байна. Учир нь миний хүүхдүүд хотоос нүүж ирээд энд амьдрах болоод байгаа тухайгаа ойлгуулсан. ******* нь удаа дараа ярьсан тохирсондоо байлгүй байсаар 3 сарын хугацааг өнгөрөөсөн. Иймд *******гаас 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх нийт 3 сарын байрны түрээсийн төлбөрийг нэг сарын 650 000 төгрөгөөр тооцон 1 950 000 төгрөг, гэрээний 4.4-т заасны дагуу шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны алданги, 2020 оны 02 дугаар сарын байдлаарх Эрдэнэт ус ХХК-д төлөх байрны төлбөр болох 175 600 төгрөг, нийт 2 215 600 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр миний бие Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж *******гаас 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх нийт 3 сарын байр эзэмшсэний түрээсийн төлбөр, алданги, Эрдэнэт ус ХХК-д төлөх ёстой цахилгаан, дулаан, усны төлбөр зэрэг нийт 2 125 600 төгрөг нэхэмжилсэн байна. ******* миний бие *******гаас нэхэмжилж байгаа 2 125 600 төгрөг дээр нэмэгдүүлж 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөро хүртэлх 3 сарын түрээсийн төлбөр 1 950 000 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх алдангийг хоногийн 0,5 хувиар тооцон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Мөн ******* нь өөрийн хүсэлтээр миний байрыг суллаж өгөх хүсэлтгүй байгаа тул Зэст баг 1-15 байрны 14 тоот байраа *******гаас чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* нь надаас байрны түрээсийн төлбөр алданги гэж 2 125 600 төгрөг нэхэмжилжээ. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хуучин сайн танил ******* нь 3 өрөө байр байна, сонирхох уу гэсэн. Тухайн үед надад байр хэрэгтэй байгааг тэр мэдэж байсан бөгөөд би байр худалдаж авах эсвэл түрээслэх талаар өмнө нь ярьж байсныг санасан юм шиг байна лээ. Тэгээд би байрыг нь очиж үзсэн. Нэг хүүхэдтэй эмэгтэй түрээслэж байсан юм билээ. Тэр 1-15-14 тоот 3 өрөө байр нь анх ашиглалтанд орсоноос хойш нэг ч удаа засвар хийгээгүй жоом бясаа дүүрсэн маш бохир байр байсан тул би сайхан засаад орвол сарын түрээсээ уг засварын зардлаар харилцан тооцож болох уу, сард хэдээр тооцох юм бэ гэхэд сард 500 000 төгрөгөөр тооцож засварын зардлаар харилцан тооцоё, засвар нэг 8 000 000 орчим төгрөг болох байх гэж ярилцсан юм. Цаашдаа худалдана гэвэл би авсан ч яах вэ гэж бас ярилцсан. Ингээд би 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн байрыг засаж эхэлсэн. Мэргэжлийн хүмүүстэй тохирч, засварт шаардлагатай бүх материалыг худалдан авч цоо шинэ байр болгон зассан. Засвар хийж байхад ******* нь байнга ирж харж энэ материалыг хэдээр авсан, хэдэн төгрөгийн ажлын хөлсөнд төлсөн талаар засвар хийж байсан хүмүүсээс байнга лавлаж байсан.

Би нийтдээ засварт 12 600 000 төгрөг зарцуулсан. Бүх баримт нь байгаа. Тэр өөрөө ч мэдэж байгаа. Засвар хийж байхад цахилгаан тасалсан. Тэгсэн чинь цахилгааны төлбөрийн үлдэгдэл нь 280 000 төгрөг болсон байсан. *******ын хүсэлтээр би тэр мөнгийг төлсөн. Тэгээд засвар дуусаад ийм зардал гарлаа гэдгээ *******т хэлээд байраа хэдээр зарахыг асуухад 80 000 000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгвэл би 68 000 000 төгрөгөөр авч болно биз дээ гэхэд ярьж болноо гээд дахиж яриагүй. Би яг тэр үед нь тийм хэмжээний мөнгөтэй байгаагүй болохоор шамдуулаад байж чадаагүй. Тэгтэл 2019 оны 10 сард ******* над руу Хүүхдүүд ирэх боллоо. Байраа зарахгүй болсон. Чи яах санаатай байна гэсэн мессеж бичсэн байсан. Би тохирсон ёсоор бол түрээсийн хугацаа болоогүй байгаа шүү дээ гэсэн. Тэгээд байж байтал 11 сард байрны түрээсээ сарын 650 000 төгрөг болгоё гэсэн. би яагаад тэгж байгаа юм бэ, ямар үндэслэл байгаа юм бэ, би чиний байрыг шинэ болтол нь засаад орсон, анх тохирсоноороо бол миний түрээсийн хугацаа дуусах болоогүй шүү дээ, сарын 500 000 төгрөгөөр тооцоод засварын 12 600 000 төгрөгөөр харилцан тооцоход би 2 жил 1 сар тэр байранд амьдрах эрх үүсэж байгаа юм биш үү гэсэн чинь чимээгүй болсон. Би түрээсийн төлбөр гэж нэг ч төгрөг *******т төлөөгүй. Шинээр түрээсийн гэрээ хийх талаар огт тохироогүй. Хугацааг 2 жил 1 сар шүү гэхэд надад ямар нэг шаардлага хүсэлт тавиагүй дуугай өнгөрсөн. Би зөвшөөрч байна гэж ойлгосон. Угаасаа өмнө нь сад 500 000 төгрөг гэж тохирсон. Засварын зардлын үнийн дүнгээр харилцан тооцно гэдгээ бид ярилцаж тохирсон учраас түүнийг зөвшөөрлөө гэж ойлгосон. Тийм учраас нээж байгаа мөнгийг би төлөхгүй. Төлөх үндэслэл ч байхгүй. Засвар хийж орон сууцыг сайжруулсан зардлаар сарын 500 000 төгрөгөөр тооцож үзвэл түрээсийн хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дуусах юм. Хэрэв ******* нь намайг байр чөлөөлж өг гэвэл би түүнийг байрыг засан сайжруулсан зардал түрээсийн төлбөр хоёрын зөрүү болох 5 000 000 гаруй төгрөгийг түүнээс нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******ын эзэмшлийн 1-15 байрны 14 тоот байрыг 12 800 000 төгрөгийн засварыг хийж байранд нь суусан. Энэ хүн залилж надаар засвараа хийлгүүлж аваад намайг залуулах ичгүүр сонжуургүй үгээ хэлээд яваа. Би дээд зэргийн супер засвар хийж орсон. Тэгэхэд энэ хүн надтай цуг энэ засварыг ирж үзээд намайг явсны дараа буцаж ирж засвар хийж буй хүмүүстэй уулзаж, янз бүрийн юм асууж лавладаг байсныг нь хожим надад хэлсэн. Би оруулсан мөнгөний хэмжээгээр тохиролцсон 500 000 гэвэл 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр миний хугацаа дуусч байгаа. Би байрыг чөлөөлж өгнө. Харин би миний нэр хүндийг олны газар, Эрдэнэт ус ОНӨУГ-т яаж хашгачиж, олны дунд нэр хүндийг минь дайран доромжилж явсныг баримтаар нотолж шүүхэд хандах болно гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх байрны түрээсийн төлбөр 3 900 000 төгрөг, гэрээний 4.4-т заасан хоногын 0,5 хувийн алданги, Эрдэнэт ус ДТСОНӨХК-д төлөх төлбөр 175 600 төгрөг гаргуулах, байр албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад Эрдэнэт ус ДТСОНӨХК-д төлөх төлбөр 175 600 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, алдангид 877 500 төгрөг, нийт 4 777 500 төгрөг гаргуулна гэж тодруулсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* бид хоёр 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-15 байрны 14 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг сарын 500 000 төгрөгөөр тохирч түрээслэсэн бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх 15 сарын хугацааны түрээсийн төлбөрөөр ******* байранд засвар хийхээр тохирсон. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш байрны түрээсийн төлбөрийг 650 000 төгрөг болгосныг түүнд хэлсэн бөгөөд тэрээр байрыг суллаж өгөхгүй өнөөдрийг хүртэл амьдарсан тул 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 6 сарын түрээсийн төлбөр 3 900 000 төгрөг, хоногийн 0,5 хувийн алданги 877 500 төгрөг гаргуулна, байраа албадан чөлөөлүүлэхийг хүсч байна гэж тайлбарлажээ.

Хариуцагч ******* дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бөгөөд татгалзлын үндэслэлээ Анх байранд орох гэхэд их заваан байсан тул би *******тай тохиролцож тухайн байранд засвар хийж тэр төлбөрөө түрээсийн төлбөрт суутгахаар тохиролцсон. Би байрны засварт 12 800 000 төгрөгийн зардал гаргасан тул түрээсийн сарын төлбөр 500 000 бодвол миний байр түрээслэх хугацаа 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дуусч байна. Уг хугацааг дуусгаад би байрыг сууллаж өгнө. Алданги болон Эрдэнэт ус ХХК-д төлөх байрны төлбөр болох 175 600 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарласан.

******* ******* нар 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-15 байрны 14 тоот 3 өрөө орон сууцыг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 15 сарын хугацаатай, 1 сарын хөлс 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөг төлөхөөр, уг түрээсийн үнийн дүнд тохирсон засварыг уг байранд хийхээр харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дээрх орон сууц хөлслөх гэрээг байгуулсан, уг гэрээний дагуу ******* уг байранд засвар хийсэн гэдэгтэй маргаагүй тул Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Харин нэхэмжлэгч ******* ******* гэрээний дагуу 7 500 000 төгрөгийн засвар хийх ёстой байсан. 12 800 000 төгрөгийг засвар хийсэн гэж байгаа бол үүнийгээ надад хэлэх ёстой байсан гэж, хариуцагч 7 500 000 төгрөгийг засвар хийхээр тохиролцсон ч байрны засвар 12 800 000 төгрөгийн зардал гарсан, үүнийг нэхэмжлэгч мэдэж байсан гэж тус тус тайлбарлан маргасан.

Шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Зэст баг 1-15 байрны 14 тоот 3 өрөө орон сууцны засварын зардал хэдэн төгрөг болохыг тогтоолгохоор Далайван Аудит ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээч ...Зэст баг 1-15 байрны 14 тоот 3 өрөө орон сууцны засварын ажилд 11 041 059 төгрөгийн зардал гарган, засварын ажил хийсэн болохыг тогтоов гэж дүгнэлт гарган ирүүлснийг талууд хүлээн зөвшөөрч маргаагүй.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.3-т хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх; гэж заасан бөгөөд зохигчид орон сууц хөлслөх гэрээгээр тухайн байранд засвар хийх талаар тохиролцсон, нэхэмжлэгч засварын ажлын явцтай танилцаж засвар хийх явцад байрандаа ирж үзэж байсан байна.

Талууд байранд засвар хийхээр тохиролцсон байдал, хэдийгээр хариуцагч тохиролцсон үнэ 7 500 000 төгрөгөөс хэтрүүлэн 12 800 000 төгрөгт засвар хийсэн гэх боловч энэ нь нотлогдохгүй байгааг, түүнчлэн нэхэмжлэгчийн байранд засвар хийгдэж, засагдан, сайжирсан байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Далайван Аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийн дүнгийн 50 хувиар тооцож 9 270 795 төгрөгийг байрны түрээсийн төлбөрт тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Анх нэхэмжлэгч болон хариуцагч нар байрны түрээсийн төлбөрийг 500 000 төгрөгөөр тохиролцсон, үүнтэй маргаагүй, харин нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс байрны түрээсийн төлбөрийг нэг сарын 650 000 төгрөгөөр тохиролцсон гэх боловч түүний нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, талуудын хооронд байгуулсан гэрээ байхгүй, хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, ******* одоо болтол тухайн байранд амьдарч байх тул 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 21 сарын түрээсийн төлбөрийг сарын 500 000 төгрөгөөр тооцож ******* *******гаас шаардах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл, дээрх дундаж зардал буюу 9 270 795 төгрөгийг сарын 500 000 төгрөгт хуваахад 14 сар гарч байгаа бөгөөд нийт 21-14=7 сарын төлбөр буюу 3 500 000 төгрөгийг хариуцагч ******* нэхэмжлэгч *******т төлөхөөр байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч ******* *******гаас гэрээний 4.4-т зааснаар өрөө хөлсөлсний төлбөрийг нэг хоногийн 0,5 хувийн алдангийн хамт тооцож нэхэмжлэх эрхтэй байхаар тохиролцсон гэж тайлбарлан шүүх хуралдаанд алданги 877 500 төгрөг гаргуулах гэж тодруулсан боловч хариуцагч байрны түрээсийн төлбөрийг урьдчилж засвар хийх байдлаар төлсөн, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш дахин орон сууц хөлслөх гэрээг байгуулаагүй, алдангийн дүнг нэхэмжлэл гаргах үедээ тодорхойлж улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул алданги 877 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн байр албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн тухайд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан бөгөөд орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссан, хөлс төлөөгүй тул нэхэмжлэгч Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-15 байрны 14 тоот орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгч *******ын хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас байр албадан чөлөөлүүлэх болон 3 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, алданги 877 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Эрдэнэт ус ДТСОНӨХК-д төлөх байрны мөнгө 175 600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэв.

Шинжээч Далайван аудит ХХК нь шинжээчийн дүгнэлт гаргахад 350 000 төгрөгийн зардал гаргасныг хүсэлт гаргасан тал болох хариуцагч ******* төлсөн болно.

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 141 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 3 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 877 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч *******, хариуцагч *******д холбогдуулан гаргасан Эрдэнэт ус ДТСОНӨХК-д төлөх байрны мөнгө 175 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх хэсэгт заасныг баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-15 байрны 14 тоот 3 өрөө орон сууцыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагчийг албадан гаргуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардал 350 000 төгрөгийг хариуцагч ******* төлсөн болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 141 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА