Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 113

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 207/МА2020/00113

 

 

*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч *******д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2020/00848 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

Түрээсийн төлбөрт 3.900.000 төгрөг, алданги 877.500 төгрөг, Эрдэнэт ус ДТСОНӨХК-д төлөх байрны мөнгө 175.600 төгрөг гаргуулах, байр албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүүгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хандсүрэн овогтой Батбаяр миний бие Даниста-Од ХХК-ийн захирал *******тай 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулан ******* миний хувийн өмч болох Орхон аймгийн Зэст баг 1-15-14 тоот 3 өрөө байраа хөлслүүлсэн. Орон сууц хөлслүүлэх гэрээг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 15 сарын хугацаатай байгуулсан. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын эхээр миний бие *******тай утсаар ярьж гэрээний хугацаа дуусаж байгааг сануулаад гэрээний хугацаа дуусахлаар цаашид хугацааг сунган түрээслэх эсэх талаар асуухад ******* нь хугацаа дуусахаар цааш дахин түрээслэнэ гэсэн. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ******* миний бие *******тай биечлэн уулзаад гэрээний хугацаа дууссан учир дахин шинээр гэрээ хийж хугацааг сунгахаар аман байдлаар тохирсон. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр миний бие *******д мессэж бичиж гэрээний хугацаа дуусаад 2 сар боллоо чи миний байрыг цаашид түрээслэх юм бол шинээр гэрээ хийгээд сарын 650 000 төгрөгийн түрээсийг төлөөд байж болно. Үгүй бол өөр түрээсийн байр олоод аграа би байраа авмаар байна. Учир нь миний хүүхдүүд хотоос нүүж ирээд энд амьдрах болоод байгаа тухайгаа ойлгуулсан. ******* нь удаа дараа ярьсан тохирсондоо байлгүй байсаар 3 сарын хугацааг өнгөрөөсөн. Иймд *******гаас 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх нийт 3 сарын байрны түрээсийн төлбөрийг нэг сарын 650 000 төгрөгөөр тооцон 1.950.000 төгрөг, гэрээний 4.4-т заасны дагуу шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны алданги, 2020 оны 02 дугаар сарын байдлаарх Эрдэнэт ус ХХК-д төлөх байрны төлбөр болох 175.600 төгрөг, нийт 2 215 600 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр миний бие Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж *******гаас 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх нийт 3 сарын байр эзэмшсэний түрээсийн төлбөр, алданги, Эрдэнэт ус ХХК-д төлөх ёстой цахилгаан, дулаан, усны төлбөр зэрэг нийт 2.125.600 төгрөг нэхэмжилсэн байна. ******* миний бие *******гаас нэхэмжилж байгаа 2.125.600 төгрөг дээр нэмэгдүүлж 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөро хүртэлх 3 сарын түрээсийн төлбөр 1.950.000 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх алдангийг хоногийн 0,5 хувиар тооцон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Мөн ******* нь өөрийн хүсэлтээр миний байрыг суллаж өгөх хүсэлтгүй байгаа тул Зэст баг 1-15 байрны 14 тоот байраа *******гаас чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* нь надаас байрны түрээсийн төлбөр алданги гэж 2.125.600 төгрөг нэхэмжилжээ. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хуучин сайн танил ******* нь 3 өрөө байр байна, сонирхох уу гэсэн. Тухайн үед надад байр хэрэгтэй байгааг тэр мэдэж байсан бөгөөд би байр худалдаж авах эсвэл түрээслэх талаар өмнө нь ярьж байсныг санасан юм шиг байна лээ. Тэгээд би байрыг нь очиж үзсэн. Нэг хүүхэдтэй эмэгтэй түрээслэж байсан юм билээ. Тэр 1-15-14 тоот 3 өрөө байр нь анх ашиглалтанд орсоноос хойш нэг ч удаа засвар хийгээгүй жоом бясаа дүүрсэн маш бохир байр байсан тул би сайхан засаад орвол сарын түрээсээ уг засварын зардлаар харилцан тооцож болох уу, сард хэдээр тооцох юм бэ гэхэд сард 500.000 төгрөгөөр тооцож засварын зардлаар харилцан тооцоё, засвар нэг 8.000.000 орчим төгрөг болох байх гэж ярилцсан юм. Цаашдаа худалдана гэвэл би авсан ч яах вэ гэж бас ярилцсан. Ингээд би 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн байрыг засаж эхэлсэн. Мэргэжлийн хүмүүстэй тохирч, засварт шаардлагатай бүх материалыг худалдан авч цоо шинэ байр болгон зассан. Засвар хийж байхад ******* нь байнга ирж харж энэ материалыг хэдээр авсан, хэдэн төгрөгийн ажлын хөлсөнд төлсөн талаар засвар хийж байсан хүмүүсээс байнга лавлаж байсан. Би нийтдээ засварт 12.600.000 төгрөг зарцуулсан. Бүх баримт нь байгаа. Тэр өөрөө ч мэдэж байгаа. Засвар хийж байхад цахилгаан тасалсан. Тэгсэн чинь цахилгааны төлбөрийн үлдэгдэл нь 280.000 төгрөг болсон байсан. *******ын хүсэлтээр би тэр мөнгийг төлсөн. Тэгээд засвар дуусаад ийм зардал гарлаа гэдгээ *******т хэлээд байраа хэдээр зарахыг асуухад 80.000.000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгвэл би 68.000.000 төгрөгөөр авч болно биз дээ гэхэд ярьж болноо гээд дахиж яриагүй. Би яг тэр үед нь тийм хэмжээний мөнгөтэй байгаагүй болохоор шамдуулаад байж чадаагүй. Тэгтэл 2019 оны 10 сард ******* над руу Хүүхдүүд ирэх боллоо. Байраа зарахгүй болсон. Чи яах санаатай байна гэсэн мессеж бичсэн байсан. Би тохирсон ёсоор бол түрээсийн хугацаа болоогүй байгаа шүү дээ гэсэнТэгээд байж байтал 11 сард байрны түрээсээ сарын 650.000 төгрөг болгоё гэсэн. би яагаад тэгж байгаа юм бэ, ямар үндэслэл байгаа юм бэ, би чиний байрыг шинэ болтол нь засаад орсон, анх тохирсоноороо бол миний түрээсийн хугацаа дуусах болоогүй шүү дээ, сарын 500.000 төгрөгөөр тооцоод засварын 12 600.000 төгрөгөөр харилцан тооцоход би 2 жил 1 сар тэр байранд амьдрах эрх үүсэж байгаа юм биш үү гэсэн чинь чимээгүй болсон. Би түрээсийн төлбөр гэж нэг ч төгрөг *******т төлөөгүй. Шинээр түрээсийн гэрээ хийх талаар огт тохироогүй. Хугацааг 2 жил 1 сар шүү гэхэд надад ямар нэг шаардлага хүсэлт тавиагүй дуугай өнгөрсөн. Би зөвшөөрч байна гэж ойлгосон. Угаасаа өмнө нь сард 500.000 төгрөг гэж тохирсон. Засварын зардлын үнийн дүнгээр харилцан тооцно гэдгээ бид ярилцаж тохирсон учраас түүнийг зөвшөөрлөө гэж ойлгосон. Тийм учраас нэхэж байгаа мөнгийг би төлөхгүй. Төлөх үндэслэл ч байхгүй. Засвар хийж орон сууцыг сайжруулсан зардлаар сарын 500.000 төгрөгөөр тооцож үзвэл түрээсийн хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дуусах юм. Хэрэв ******* нь намайг байр чөлөөлж өг гэвэл би түүнийг байрыг засан сайжруулсан зардал түрээсийн төлбөр хоёрын зөрүү болох 5.000.000 гаруй төгрөгийг түүнээс нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Миний бие *******ын эзэмшлийн 1-15 байрны 14 тоот байрыг 12.800.000 төгрөгийн засварыг хийж байранд нь суусан. Энэ хүн залилж надаар засвараа хийлгүүлж аваад намайг залуулах ичгүүр сонжуургүй үгээ хэлээд яваа. Би дээд зэргийн супер засвар хийж орсон. Тэгэхэд энэ хүн надтай цуг энэ засварыг ирж үзээд намайг явсны дараа буцаж ирж засвар хийж буй хүмүүстэй уулзаж, янз бүрийн юм асууж лавладаг байсныг нь хожим надад хэлсэн. Би оруулсан мөнгөний хэмжээгээр тохиролцсон 500.000 гэвэл 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр миний хугацаа дуусч байгаа. Би байрыг чөлөөлж өгнө. Харин би миний нэр хүндийг олны газар, Эрдэнэт ус ОНӨУГ-т яаж хашгачиж, олны дунд нэр хүндийг минь дайран доромжилж явсныг баримтаар нотолж шүүхэд хандах болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2020/00836 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 3.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 877.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******, хариуцагч *******д холбогдуулан гаргасан Эрдэнэт ус ДТСОНӨХК-д төлөх байрны мөнгө 175.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх хэсэгт заасныг баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-15 байрны 14 тоот 3 өрөө орон сууцыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагчийг албадан гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардал 350.000 төгрөгийг хариуцагч ******* төлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 141.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Хөндлөнгийн аудит, шинжээч томилж гаргасан дүгнэлт болох 11.041.059 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагч харилцан хүлээн зөвшөөрөөд байхад шүүх шууд 2 сая төгрөгөөр багасгаж нэхэмжлэгчид давуу эрх олгосон. Шүүхийн шийдвэрт заасан 9.270.795 төгрөгт тохирсон сарыг 18 сар байхад 14 сар гэж үндэслэлгүй тогтоосон. Хуулийн өмнө хүн бүр тэгш байх эрх, үүрэг бүрэн зөрчигдөж нэхэмжлэгчийн хүссэн болгоныг нэхэмжлэгчийн бичсэнээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч надад байраа хүлээлгэж өгөхдөө гэрээ хийгээгүй. Гэрээг 2018 оны 10 дугаар сарын 24-нд хийсэн байхад нэхэмжлэгчийг өөгшүүлэн дэмжиж байсан. Гэрээ хийхдээ байраа 80 саяар үнэлж байгаа 12 сая гаруй төгрөг боллоо 68 сая төгрөг өгөхөд болно биз дээ? гэсэн миний санал бид хоёрын аман хэлэлцээрийг авч хэлэлцээгүй. Тухайн үед ******* нь орон байрынхаа нөхцлийг сайжруулж надаар хөрөнгө оруулалт хийлгэж байхдаа зөвшөөрч юу ч дуугарагүй өнгөрсөн. Анх байрыг хүлээж аваад засвар хийж байхад тог тасалж 7, 8 сарын мөнгө болох 280.000 төгрөгийг тушаагаад ажлаа үргэлжлүүлсэн байхад шүүх нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хүлээж аваагүй нь дэндүү нэг талыг барьсан. Би *******тай 2018 оны 08 дугаар сарын 20-нд гэрээ хийгээгүй намайг гүтгэсэн. Хариу тайлбартаа дурдсан иргэн Хуягаад цахилгааны утасны засварыг бүрэн хийсний хөлс 500.000 төгрөгийг огт шийдвэрлэж өгсөнгүй. Энэ мөнгийг би 2018 оны 11 дүгээр сард өгөхөөр тохиролцсон байсан. Миний төлсөн мөнгөний баримтыг Эрдэнэт ус ДТСОНӨХК-т хүсэлт тавьж гаргуулах хүсэлтийг хүлээж аваагүй зэрэг нь шүүх зөвхөн нотлох баримт дээр тулгуурлан үнэн зөвийг тогтоох гэсэн баримтлалыг үгүйсгэж нэхэмжлэгчийн шаардлагыг ханган ажиллалаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* түрээсийн төлбөр, байрны мөнгө нийт 2.125.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 4.953.100 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* байрны түрээсийн төлбөрийг 500.000 төгрөг гэж тохирсон, байранд засвар хийхийг зөвшөөрч байнга уулзаж байсан, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Далайван Аудит ХХК-ийн шинжээчийн гаргасан ...байрны завсарын ажилд нийт 11.041.059 төгрөгийн зардал гарган, засварын ажил хийгдсэн гэх дүгнэлтийн талаар талууд маргаагүй, нэхэмжлэгч засварын ажлын явцтай танилцаж үзэж байсан, засварын ажлын хөлсийг тохиролцсон үнэ 7.500.000 төгрөгөөс хэтрүүлэн хийсэн нь нотлогдохгүй байгаа, байрны нөхцөл сайжирсан гэх дүгнэлт хийсэн атлаа шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийн дүнгийн 50 хувиар тооцож байрны түрээсийн төлбөрт тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үззхэд талууд Зэст баг 1-15-14 тоотод байрлалтай 3 өрөө орон сууцыг сарын 500.000 төгрөгөөр хөлслөх, ба уг байранд хийх засварын зардлыг байрны түрээсийн төлбөрт тооцох талаар тохиролцсон, орон сууцны засварт нийт 11.041.059 төгрөгийн зардал гарсан болох нь шинжээч дүгнэлт зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдсон. Харин нэхэмжлэгч ******* нь байрны засварын ажилд 11.041.059 төгрөгийн зардал гарсныг үгүйсгэж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Хэдийгээр хариуцагч ******* нь 3 өрөөг байрыг 2019 оны 01 дүгээр сараас эхлэн хөлсөлж суусан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч *******тай 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан байх тул орон сууц хөлслөх гэрээний хугацааг талуудын хооронд байгуулагдсан өдрөөс эхлэн тооцоход нэхэмжлэгч нь орон сууцыг 22 сарын хугацаанд буюу 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хөлслөх боломжтой байх тул хариуцагчаас орон сууцны хөлс 3.500.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Шүүх Хариуцагч ******* нь хөлсөлж буй орон сууцыг нэхэмжлэгч *******т хүлээлгэж өгөөгүй, талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь алданги тооцож нэхэмжлэх эрхтэй боловч алдангийн үнийн дүнг тодорхойлж гаргаагүй, хуульд заасан улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй гэсэн дүгнэлт хийж 3 өрөө орон сууцыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргуулах, алданги 877.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж хариуцагч *******гийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ажлын хөлсийг үндэслэлгүйгээр 2.000.000 төгрөгөөр багасгасан, шийдвэрт заасан 9.270.795 төгрөгт тохирох сар 18 байхад 14 сар гэж үндэслэлгүй тогтоосон, шүүх нотлох баримт дээр тулгуурлан үнэн зөвийг тогтоодог гэсэн баримтлалыг үгүйсгэж нэхэмжлэгчээс нотлох баримт шаардахгүйгээр хангаж шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2020/00848 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 3.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 877.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэснийг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1. дэх хэсэгт заасныг баримтлан байрны түрээсийн төлбөр 3.500.000 төгрөг, алданги 877.500 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай... гэж,

Шийдвэрийн 5 дахь заалтыг ...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 141.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэснийг ...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

Б.ОЮУНЦЭЦЭГ