Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2020/00836

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* хорих ангид холбогдох 2020 оны 05 сарын 21-ний өдрийн 05/01 дугаартай дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* миний бие Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 396 дугаар тогтоолтой шүүхийн шийдвэрийг биелүүлж ******* ЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилох, цалин хөлсний хэмжээг тогтоох тухай Б/11 дүгээр тушаалыг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан. Орхон аймгийн ШШГГ-ын ахлах шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04/180 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон. Мөн тус тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.4, 29.1.7-д зааснаас бусад тохиолдолд гомдол гаргах эрхтэйг дурьдсан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дүгээр зүйлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах хугацааг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор дээд шатны албан тушаалтанд гаргахаар заасан байна. Төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 04/180 дугаар тогтоолтой танилцсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дүгээр зүйлд заасан хугацаанд дээд шатны байгууллагад гомдлоо гаргаагүй. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч А.Нансамандаас ирүүлсэн үүрэг даалгаврын дагуу Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05/01 дугаар тогтоолоор дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт Ахлах шийдвэр гүйцэтгэгч захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараахь үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлнэ тус хуулийн 130.3. Энэ хуулийн 130.2-т зааснаас бусад үндэслэлээр захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглоно гэж заасан. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тогтоол байхгүй. Мөн дуусгавар болсон ажиллагааг сэргээх эрх ахлах шийдвэр гүйцэтгэгчид дээрх хуулиар олгогдоогүй. Гэтэл Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч нь "Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05/01 тоот тогтоол гаргаж Орхон аймгийн ЗДТГ-ын даргад холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04/180 дугаар тогтоолыг цуцалж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн хууль бус үйл ажиллагаа болсон.

Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05/01 тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 396 дугаартай тогтоолоор рд:/ШД72110713/-ийг ******* Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг *******т даалгаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч ******* дарга нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05/01 тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Төлбөр авагч т холбогдох гүйцэтгэх баримт бичиг нь тус газарт 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 18140107 хувийн хэргийн дугаар олгон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулан 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* даргын Б/11 дүгээр тушаалаар Хууль эрх зүйн хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан үндэслэлээр дуусгавар болгосон.

Төлбөр авагч дээрх дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авлигтай тэмцэх газар болон тус газарт удаа дараа гомдол гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 04/1428 тоот албан бичгээр төлбөр авагч т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж явуулах талаар үүрэг өгсөн. Үүргийн дагуу төлбөр авагч т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05/01 тогтоолоор сэргээсэн нь хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.

Иймд нэхэмжлэгч, төлбөр төлөгч Орхон аймгийн засаг даргын Тамгын газрын даргын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******, ******* хорих ангид холбогдуулан 2020 оны 05 сарын 21-ний өдрийн 05/01 дугаартай дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дүгээр зүйлд заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн байхад ын гомдлыг хүлээн авч тогтоол гаргасан, мөн хуульд дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах зохицуулалт байхгүй байхад 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 04/180 дугаар тогтоолыг цуцалж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн нь хууль бус үйл ажиллагаа болсон гэж тайлбарлан маргажээ.

Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бөгөөд татгалзлын үндэслэлээ ...хариуцагч төлбөр авагч ******* өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь аваагүй бөгөөд холбогдох байгууллага албан тушаалтанд гомдол гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 04/1428 тоот албан бичгээр төлбөр авагч т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж явуулах талаар үүрэг өгсөн тул төлбөр авагч т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05/01 тогтоолоор сэргээсэн нь хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлаж байна.

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ын нэхэмжлэлтэй, *******т холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж, 06 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/41 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ******* Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд ******* эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж, цалингийн зөрүү 532 888 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэжээ.

Улмаар хариуцагч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 396 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0377 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн тухайн шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, мөн өдрийн 01 дугаартай гүйцэтгэх хуудсыг Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлжээ.

Хариуцагч дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 18140107 дугаартай тогтоолыг гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ******* дарга 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр ******* эгүүлэн томилох, цалин хөлсний хэмжээ тогтоох тухай Б/11 дүгээр тушаалыг гаргаж хариуцагчид хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн 2018 оны Б/11 дүгээр тушаалыг хариуцагч хүлээн аваад 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 04/180 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.

Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ...т холбогдох дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, ....дүнг 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор танилцуулахыг мэдэгдье гэх 04/1428 дугаар албан бичгийг *******, ******* хорих ангид хүргүүлсний дагуу хариуцагч 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 05/01 дугаар тогтоолыг гаргасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Энэ хуулийн 20.3-т заасан үндэслэл байхгүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна, 29 дүгээр зүйлийн 29.1-д Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана:, 29.1.3-д төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн; гэж тус тус заасан.

Хариуцагч нэхэмжлэгчийг төлбөр авагч ******* ******* даргын Б/11 дүгээр тушаалаар урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсон гэх үндэслэлээр шийдвэр үгүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон боловч нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл ******* ******* Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд томилоогүй байх бөгөөд үүнтэй зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар маргаагүй төдийгүй, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэдгээ нотолж чадаагүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2-т Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. гэж заасан ба нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг биелүүлж 2018 оны Б/11 дүгээр тушаалыг гаргасан боловч бодит байдал дээр түүнийгээ хэрэгжүүлээгүй нь шүүхийн шийдвэр заавал биелэх шинж чанарыг үгүйсгэж, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслээ гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, сэргээх эрх хариуцагчид хуулиар олгоогүй гэж тайлбарлах боловч түүний гаргасан уг үндэслэлийг хүлээн авах үндэслэлгүй юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д Энэ хуулийн 44, 55, 63 дугаар зүйлд зааснаас бусад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг холбогдох этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор түүний дээд шатны албан тушаалтанд гаргана. гэж зааснаас үзвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг холбогдох этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор түүний дээд шатны байгууллага албан тушаалтанд гомдол гаргахаар хуульчилсан ч төлбөр авагч нэхэмжлэгчийн 2018 оны Б/11 дүгээр тушаалыг хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон ч бодит байдал дээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нэхэмжлэгчийн үйлдэлтэй холбоотойгоор холбогдох байгууллага албан тушаалтанд гомдол гаргасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны *******, ******* хорих ангид хүргүүлсэн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 04/1428 дугаар албан бичгийг үндэслэн хариуцагч маргаж буй 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05/01 дүгээр тогтоолыг гаргасныг буруутгах боломжгүй байна.

Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Энэ хуулийн 27.1, 27.2-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр, түүнчлэн энэ хуулийн 29.1.8, 29.1.9-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл арилсан, эсхүл төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна., 271 дүгээр зүйлийн 271.2-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 271.1-д зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 271.2.1-д шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, тэдгээрт тодорхой шийдвэр гаргах тухай даалгах; гэж тус тус зааснаас үзвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах эрх хариуцагчид байхгүй гэж үзэх үндэслэлгүй төдийгүй, нэхэмжлэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тохиолдолд хуулиар сэргээхээс дуусгавар болгосон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх эрх байхгүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан хариу тайлбартаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 04/1428 тоот албан бичгээр төлбөр авагч т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж явуулах талаар үүрэг өгсөн тул төлбөр авагч т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05/01 тогтоолоор сэргээсэн гэж дурдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3-т Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 271.1, 271.2-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 271.3.1-д ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, тэдгээрт тодорхой шийдвэр гаргах тухай даалгах;, 273 дугаар зүйлийн 273.2-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас гадна дараахь зүйлийг хориглоно:, 273.2.9-т удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, тушаалыг биелүүлэхээс татгалзах; гэж заасны дагуу Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс өгсөн шийдвэрийг биелүүлж, 2020 оны 05/01 дүгээр тогтоолыг гаргасан нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна.

Иймд дээрх үндэслэлээр ******* *******, ******* хорих ангид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч ******* шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуулиар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271.2, 271.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* хариуцагч *******, ******* хорих ангид холбогдуулан гаргасан 2020 оны 05 сарын 21-ний өдрийн 05/01 дугаартай дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА