Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 124/2016/0035/з |
Дугаар | 221/МА2017/0190 |
Огноо | 2017-03-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2017/0190
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Н.Ганхөлөг нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.Ганхөлөгийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Түргэн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 40 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ганхөлөгийн “Увс аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн нэр дэвшүүлэх тухай тогтоолыг биелүүлэхгүй байгаа Түргэн сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх актыг биелүүлж, Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохыг Түргэн сумын Засаг даргад даалгаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах гомдолдоо: “...Н. Ганхөлөг шүүхэд хандан Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 38 дугаарын тогтоолыг биелүүлэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байтал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Н.Ганхөлөг нь холбогдох хууль тогтоомжийн дагуу Увс аймгийн Түргэн сумын засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшсэн болох нь Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 38 дугаар тогтоол, энэхүү тогтоол хэрхэн гарсан талаарх гэрч А.Ариунтуяагийн мэдүүлэг, Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн дарга Г.Болор-Эрдэнийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 39 дүгээр албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Увс аймгийн Түргэн сумын Засаг дарга иргэн Н.Ганхөлөгийг Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулах тухай тогтоолыг шийдвэрлэхгүй байгаа нь энэ маргаан гарах үндэслэл болсон ба Засаг даргын шийдвэрлэхгүй орхигдуулж, зайлсхийж байгаа эс үйлдэхүй нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын 8 дугаар зүйлийн 8.3-д “Томилох эрх бүхий этгээд салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэнийг тухайн албан тушаалд томилсон тухай шийдвэр гаргана” гэж заасныг зөрчсөн.
Хамгийн гол нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд баримталбал зохих хууль дээдлэх, ардчилсан ёс, шударга ёсны зарчим хөндөгдөж, тухайн албан тушаалыг эрхлэх боломжтой гэж сонгон шалгаруулах эрх бүхий байгууллага үзсэн байхад томилох эрх бүхий этгээд буюу нөгөө төрийн байгууллага томилохгүй байгаа нь нэхэмжлэгчийн Үндсэн хуульд заасан ажил хөдөлмөрөө чөлөөтэй эрхлэх эрх, мөн холбогдох хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.
Анхан шатны шүүх хариуцагчийн “Ажлын байранд тавигдах шаардлагад нийцээгүй учраас Н.Ганхөлөгийг томилох боломжгүй байсан. Монгол Улсын Их Хурлын тогтоол, Төрийн албаны зөвлөлийн журамд заасан үндсэн зарчим, тавигдах шаардлагыг нэхэмжлэгч Н.Ганхөлөг мэдсээр байж төрийн албаны шалгалтад орсон нь өөрийнх нь буруутай үйлдэл гэж ойлгож байна” гэсэн тайлбарт ач холбогдол өгч, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж шийдвэр гаргасан.
Учир нь нэг талаас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нөгөө талаас энэ шүүх хуралдаанаар Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэр үндэслэлтэй эсэх талаар маргааныг хэлэлцээгүй.
Иймд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Ганхөлөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч Н.Ганхөлөг нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байранд шалгалт өгч, 75.76 оноогоор тэнцсэн, улмаар Увс аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаар тогтоолоор Н.Ганхөлөгийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэж, уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн байна.
Дээрх тогтоолыг томилох эрх бүхий этгээд болох Увс аймгийн Түргэн сумын Засаг дарга хүлээн аваад “Н.Ганхөлөг нь тус ажлын байранд тавигдсан шалгуур үзүүлэлтийг хангахгүй, төрийн албанд 3-аас дээш жил ажиллаагүй” гэх хариуг хүргүүлжээ.
Нэхэмжлэгчээс “намайг Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн тогтоолыг томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн боловч биелүүлэхгүй байгаа” гэж маргаж, дээрх тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохыг тус сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргыг сонгон шалгаруулах захиалгыг Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/77 дугаар албан бичиг, түүний хавсралтад тус ажлын байранд тавигдах мэргэшил, туршлагын шаардлагыг “төрийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх, төрийн албанд 3-аас дээш жил ажилласан байх” гэж тодорхойлсон байхад нэхэмжлэгч Н.Ганхөлөг дээрх шаардлагыг хангаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байна.
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар мөн хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй бөгөөд Н.Ганхөлөг нь тус ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байх учир түүнийг Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй байна.
Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “тухайн албан тушаалыг эрхлэх боломжтой гэж сонгон шалгаруулах эрх бүхий этгээд үзсэн байхад нөгөө төрийн байгууллага томилохгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН