Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 460

 

“И” ХХК-ний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Золбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, Д.Хэрлэнчимэг, хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бямбасүрэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Орхон, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Эрхэсхулан нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/637 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0711 дүгээр магадлалтай, “И” ХХК-ний нэхэмжлэлтэй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар болон тус газрын Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-рын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/637 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.2, 46 дугаар зүйлийн 46.1.4, Патентийн тухай хуулийн  17.1, 17.2, 18.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зарласан “Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “Тулга” системд холбох бараа нийлүүлэх тендер /дугаар НХААГ-17/0002/-т “А И Б” ХХК-ийг шалгаруулсан Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгоr шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0711 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/637 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийн “2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зарласан “Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “Тулга” системд холбох бараа нийлүүлэх тендер /дугаар НХААГ-17/0002/-Т “А И Б” ХХК-ийг шалгаруулсан нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Ө.Эрдэнэ-Очир нь “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

Тус хэргийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэж 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/637 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй агуулгаар давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 сарын 04-ний өдөр хянан шийдвэрлээд 221/МА2017/0711 дүгээр магадлалаар “давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн болно.

Магадлалыг дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг зөрчсөн.

Магадлалын хянавал хэсэгт “давж заалдах шатны шүүх хуралдаанд манай компани тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18.1(г)-д заасан сүүлийн хоёр жил буюу 2015, 2016 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг нийлүүлсэн байх шаардлагыг хангаагүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэртэй маргахгүй гэж тайлбарласан болно”... гэж дурджээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлд “шүүхийн магадлалд” дээрх байдлаар тусгагдсан зүйл байхгүй. Харин илтгэгч шүүгчээс “сүүлийн хоёр жилд тендерт санал болгож байгаа үнийн дүнгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй ажил бараа нийлүүлсэн байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр шалгаруулахгүй байгаа. Үүнтэй маргаж байгаа юу гэхэд, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “тендерийн хуулийг зөрчсөн асуудал байгаа учраас тендерийн хуулийн дагуу холбогдох шат шатанд хандаад шүүхэд ирсэн. Захирагчийн албанаас өгсөн 400.000.000 гаруй төгрөгийн ажил үйлчилгээ хийсэн тодорхойлолт байгаа гэв” /хавтас хэрэг 2-ын 189-р тал/ гэж хариулсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д “нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл, цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан.

Иймд захиргааны хэргийн шүүх хуулийн дээрх заалтад зааснаар нотлох баримтгүй үйл баримтыг магадлалын үндэслэл болгосон нь ЗХШХШТХ-ын 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-д заасныг зөрчиж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг ханаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлохдоо:

1. “Манай компани 400.000.000 төгрөгийн барааг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд нийлүүлсэн бөгөөд энэ талаар тодорхойлолт байхад тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18.1(г)-д заасныг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй Тендерийн хууль зөрчсөн”,

2. “А И Б” ХХК нь “татварын өртэй” байхад тендерт оролцох эрх бүхий этгээд гэж үзсэн нь хууль зөрчсөн,

3. “А И Б” ХХК-ийг тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18.1(г)-д заасныг хангасан гэж үзсэн нь үндэслэлгүй,

4. Оюуны өмчөөр хамгаалагдсан асуудлаар тендер зарлаж патент эзэмшигч бус этгээдийг шалгаруулсан нь Патентийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн эд хөрөнгөөр  бараа,  ажил  үйлчилгээ худалдан  авах тухай  хуулийг зөрчсөн  гэж маргасан.

Нэхэмжлэгч анхан болон давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэлийн дээрх үндэслэлээс татгалзаагүй бөгөөд өөрчлөөгүй байхад шүүх “тус асуудлаар маргаагүй” гэж дүгнэх үндэслэл байхгүй.

2. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж хэрэг хянан шийдвэрлэх хүрээ хязгаарыг тодорхойлж өгсөн.

Захиргааны хэргийн шүүх маргаан бүхий захиргааны акт хуулийн дагуу гарсан эсэхийг хянах үндсэн чиг үүрэгтэй. Үүний хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүрийг хянаж үндэслэл бүхий эсэх талаар нэг мөр дүгнэлт өгсөн байх ёстой.

Нэхэмжлэгч “И” ХХК нь нэхэмжлэлийн дээрх хэд хэдэн үндэслэлийн алиныг ч шүүхээр хянуулж шүүлгэж чадсангүй. Давж заалдах шатны шүүх “хянавал” хэсэгт “маргаагүй гэж тайлбарласан” гэх дүгнэлтээрээ дээрх бүх үндэслэлд дүгнэлт өгөлгүйгээр хаасан.

Нэхэмжлэгч “И” ХХК тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18.1(г)-д заасан сүүлийн 2 жилд нийлүүлсэн бараа 30% байх шаардлагыг хангасан эсэхийг “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гаргаж өгсөн 400.000.000 төгрөгийн тодорхойлолтоор дүгнэх боломжтой эсэх” асуудалд хариу өгөөгүй.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Үнэлгээний хорооны үйлдэл, шийдвэрүүд хууль зөрчсөн эсэх түүний улмаас “И” ХХК-ийн тендерт оролцогчийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан эрх зөрчигдсөн эсэх, патент, ашигтай загвар эзэмшигчийн хувьд оюуны өмчийн эрх зөрчигдсөн эсэх аль ч асуудал шийдвэрлэгдээгүй.

Шүүхийн зүгээс дээрх маргаан бүхий захиргааны актуудад үнэлэлт дүгнэлт өгөх, хуулийн дагуу гарсан эсэхийг хянаж шийдвэрээ гаргах зарчимтай. Давж заалдах шатны шүүх дээрх байдлаар нэхэмжлэлийн үндэслэлүүдийг шийдвэрлээгүй байтлаа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүх хуулиар хүлээсэн өөрийн чиг үүргийг гүйцэтгээгүй гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэлийн үндэслэл тус бүрээр нь бүрэн дүүрэн хянан хэлэлцэж шийдвэрлүүлэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 52 дугаар зүйлийн 52.5.1. 106 дугаар зүйлийн 106.3.1-д тус тус зааснаар “нэхэмжлэгчийн эрх”-ийг зөрчсөн эсэх мөн “хууль ёсны ашиг сонирхлыг” захиргааны байгууллага зөрчсөн эсэхийг шүүх шалгахаар зохицуулсан.

Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0711 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үндэслэлүүдийг шийдвэрлүүлэх хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын алдааг засуулахаар анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудад зөв дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас “Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “Тулга” системд холбох бараа нийлүүлэх нээлттэй тендерийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зарласан, уг тендерт нэхэмжлэгч “И” ХХК болон гуравдагч этгээд “А И Б” ХХК оролцсон, тус газрын Үнэлгээний хороо “ижил төстэй ажлын тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30%-иас багагүй байх шаардлага хангаагүй”, “шалгарсан компаниас өндөр үнийн санал ирүүлсэн” гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгч “И” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, мөн хуулийн “...28 дугаар зүйлийн 28.7.4-т заасныг үндэслэн гуравдагч этгээд “А И Б” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэж, шалгарсан болохыг мэдэгдэх”-ээр шийдвэрлэжээ.

            Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, уг тендерт оролцогчид нь “сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг нийлүүлсэн байх” шаардлагатай, оролцогч уг шаардлагыг хангаж байгаа эсэхээ “бараа нийлүүлсэн гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбар” зэргээр нотлохоор “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн баримт бичиг”, “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны 18.1 (г)-д тусгайлан заасан, “И” ХХК-ийн ирүүлсэн тендер нь уг шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр Үнэлгээний хороо уг компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан, “И” ХХК –иас уг шийдвэрт гомдол гаргасныг Сангийн яам хянан үзээд, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/3290 дугаар албан бичгээр “... “И” ХХК –иас гаргасан гомдлыг ... хянан үзээд ... /тус компанийг/ шаардлагыг хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” болохыг талуудад мэдэгдсэн байна. 

            Түүнчлэн, “Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “Тулга” системд холбох бараа нийлүүлэх” тендерийн төсөвт өртөгийг захиалагчаас 1 тэрбум төгрөгөөр зарласан, “И” ХХК-иас 990,727,105 төгрөгийн,  “А И Б” ХХК-иас 888,385,778 төгрөгийн үнийн санал тус тус ирүүлсэн, талууд уг үйл баримттай маргаагүй байна.

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 28.7.3-т “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж тус тус зааснаас үзэхэд тендерт хамгийн бага үнийн санал ирүүлсэн “А И Б” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн тендер” гэж үзэж, шалгаруулсан хариуцагч Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй, уг шийдвэрийн улмаас илүү өндөр үнийн санал гаргасан нэхэмжлэгч “И” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, шийдвэр зөв гэж үзлээ.

“Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн баримт бичиг”, “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны 18.1 (г)-д “сүүлийн 2 жил ... –ийн аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг нийлүүлсэн байх”-ыг шаардсан, оролцогч уг шаардлагыг хангаж байгаа эсэхээ “бараа нийлүүлсэн гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбар” зэргээр нотлохоор тусгайлан заасан, хэрэгт нэхэмжлэгч “И” ХХК-ийн 2015 эсхүл 2016 онд ижил төстэй бараа нийлүүлсэн үнийн дүн нь дээрх шаардлагыг хангаж байгааг нотлох  “бараа нийлүүлсэн гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбар” зэрэг авагдаагүй байх тул “...Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гаргаж өгсөн 400,000,000 төгрөгийн /бараа нийлүүлсэн/ тодорхойлолтоор” шүүх дүгнэх боломжгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... “И” ХХК тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18.1(г)-д заасан сүүлийн 2 жилд нийлүүлсэн бараа 30% байх шаардлагыг хангасан, ... Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гаргаж өгсөн 400,000,000 төгрөгийн тодорхойлолтоор ... /шүүх дүгнээгүй/” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

            Түүнчлэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4-т “тендер нь .../хуульд/ заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ..., /аль нэг нөхцлийг хангаагүй/ тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж, 28 дугаар зүйлийн 28.1-д “нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж тус тус зааснаас үзэхэд, шаардлагад нийцээгүй гэж захиалагч татгалзсан тохиолдолд тухайн тендерт цаашид үнэлгээ хийхгүй байх агуулгатай байхад хариуцагч Үнэлгээний хороо “И” ХХК-ийн тендерт үнэлгээ хийсэн нь уг хуулийн заалтад нийцээгүй хэдий ч, хуульд заасан шаардлагад нийцээгүй нэхэмжлэгч  “И” ХХК-ийн тендерт үнэлгээ хийсэн нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, дордуудсан гэж үзэх үндэслэлгүй юм.

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлах”-аар заасны дагуу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зарласан “Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийг нэгдсэн удирдлагын “Тулга” системд холбох бараа нийлүүлэх нээлттэй тендерт өрсөлдөхөөр тендерээ ирүүлсэн “И” ХХК,  “А И Б” ХХК нь худалдан авах ажиллагаанд “тэгш боломжтой” оролцох ёстой, нэхэмжлэгч “И” ХХК-ийн өмгөөлөгчийн “... оюуны өмчөөр хамгаалагдсан асуудлаар тендер зарлаж, патент эзэмшигч бус этгээдийг шалгаруулсан нь Патентийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн эд хөрөнгөөр  бараа,  ажил  үйлчилгээ худалдан  авах тухай  хуулийг зөрчсөн” гэх гомдол мөн үндэслэлгүй байна.

Маргааны үйл баримтад холбогдох тухайн тендерийн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч  “И” ХХК-ийн патентын болон оюуны өмчийн эрх зөрчигдсөн эсэх асуудал нь захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамааралгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... патент, ашигтай загвар эзэмшигчийн хувьд оюуны өмчийн эрх зөрчигдсөн эсэх аль ч асуудлыг ... /шүүх/ шийдвэрлээгүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй, анхан шатны шүүх уг асуудлаар буруу дүгнэлт хийж, “...патент, ашигтай загварыг өмчлөх онцгой эрхтэй /нэхэмжлэгч “И” ХХК-ийн/ ... эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, ... /хариуцагч/ шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэх ёстой байсан, шууд гэрээ байгуулаагүй нь ... /хууль зөрчсөн/” гэж талуудын маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй байна.

Эдгээр үндэслэлээр, “...магадлалыг хүчингүй болгож, ... анхан шатны шүүхэд буцаах”-аар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0711 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “И” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Э-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан өмгөөлөгч Ө.Э-оос тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА