Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2020/00320

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******тоотод оршин суух  В.Э/регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн ******* цэцэрлэгт холбогдох,

Ажлаас буруу шилжүүлэн ажиллуулсан хугацааны цалингийн зөрүү 2 091 548 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: НэхэмжлэгчВ.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/01188 тоот шийдвэрээр Орхон аймгийн 2-р цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоогдсон. Ажилд эгүүлэн тогтоосон тухай Орхон аймгийн ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 1******* сарын 02-ны өдрийн 81 тоот тушаал гарч ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Үндсэн багшаар ажиллаж байхдаа 1 336 663 төгрөг авдаг байсан бөгөөд туслах багшаар ажиллахдаа 639 480 төгрөгөөр цалинжиж байсан учир, ажилд эгүүлэн тогтоолгосон тушаал гарах хүртэлх зөрүү цалин хөлс болон 2 091 548 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна... гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Одонцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус цэцэрлэгийн багшВ.Эийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад зөрүү цалин хөлс 2 091 548 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үндсэн цалин, орон нутгийн нэмэгдлийн зөрүү болох 293 656 төгрөгийг хүлээн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтуудын дагуу туслах багшаар ажиллаж, ажилласан хугацаанд /2019 оны 09, 10, 11 сарууд/ илүү цагаар ажиллаагүй, гүйцэтгэсэн ажлын цагаар цалинжсан тул илүү цагийн зөрүү олгох боломжгүй.

2. Туслах багшаар ажилласан хугацаанд Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 38******* тогтоолын 2 болон 6 дугаар хавсралтуудын дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр орон нутгийн нэмэгдэл, үр дүнгийн урамшууллыг тооцож олгосон тул багшаар ажиллах байсан хугацааны орон нутгийн нэмэгдлийн зөрүүг багшийн үндсэн цалингаас тооцож зөрүүг тооцсон.

3.В.Эийн 2019 оны 4 дүгээр улиралд авсан үр дүнгийн урамшууллыг нотлох баримт нь 1******* сарын цалин олгох хүснэгт болно. Тайлбар: Үр дүнгийн урамшууллыг сар бүр тооцож, улирлаар олгоно. Багшаар ажиллаагүй учраас эрх зүйн хувьд үр дүнг тооцох үндэслэл байхгүй тул ажлын үр дүнг урьдчилан тооцох боломжгүй.

4. Цалин олгох хүснэгт 2019 оны 09, 10, 11, 12 сарууд /нотариатаар гэрчлүүлсэн/ 4 хуудас, цалингийн тооцоо 2 хуудас, цалингийн зөрүү олгох тооцоо 1 хуудас, 2019 оны 3, 4 дүгээр улирлын үр дүнгийн үнэлгээ 2 хуудас /нотариатаар гэрчлүүлсэн/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар 1 хуудас, холбогдох хууль, тогтоол шийдвэрийн хэвлэмэл хуудас 6 хуудас зэргийг нотлох баримт болгон судлуулахаар, хавсралтаар хүргүүлэв гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

НэхэмжлэгчВ.Э нь Орхон аймгийн ******* цэцэрлэгт холбогдуулан ажлаас буруу шилжүүлэн 2019 оны 9, 10 11 дүгээр саруудад туслах багшаар ажиллуулсан цалингийн зөрүү гэж 2 091 548 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс 293 656 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгээс татгалзсан, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

В.Эрдэнэчимэгийг Орхон аймгийн ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 55 дугаартай тушаалаар багшаар ажиллаж байхад нь туслах багш болгон албан тушаалыг бууруулсан байх ба, нэхэмжлэгч шүүхэд хандсанаар тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/01188 дугаартай шийдвэрээр Орхон аймгийн 2-р цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоогджээ.

Ингээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгчийг тус 2-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 1******* сарын 02-ны өдрийн 81 тоот тушаалаар цэцэрлэгийн багшийн ажилд нь эгүүлэн томилж одоо багшийнхаа ажлыг эрхэлж байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ.

Тиймээс нэхэмжлэгчВ.Э нь 2019 оны 9, 10, 11 дүгээр саруудад туслах багшаар ажилласан байх ба дутуу авсан цалин буюу зөрүүтэй тэнцэх нөхөх олговрыг шаардах эрхтэй гэж үзнэ.

НэхэмжлэгчВ.Эийн урьд ажиллаж байсан цалин хөлсний дунджийг шүүх бодохдоо 2019 оны 3, 4, 5 дугаар сарын дунджаас бодох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь багш нар 6, 7, 8 дугаар саруудад амралттай байдаг бөгөөд 6 дугаар сард ээлжийн амралтын мөнгө бодогдож орсон байх тул өмнөх 3 сараас цалингийн дунджийг тооцов. Үүнд ******* цэцэрлэгээс ирүүлсэн ажилчдын цалин олгох хүснэгт, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр зэргийг харьцуулан үзэж багшаар ажиллаж байх үедээ буюу 3, 4, 5 дугаар саруудад нийт 4 096 515 төгрөгийн цалин авсан байна, харин туслах багшаар 2019 оны 9, 10, 11 дүгээр саруудад ажиллахдаа нийт 1 918 441 төгрөгийн цалин авчээ. Эндээс үзэхэд багш, туслах багшийн цалингийн зөрүү 2 178 074 төгрөг болж байх ба, нэхэмжлэгч 2 091 548 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 48 415 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг тус тус баримтлан Орхон аймгийн ******* цэцэрлэгээс ажлаас буруу шилжүүлэн ажиллуулсан хугацааны цалингийн зөрүү 2 091 548 төгрөгийг гаргуулан В.Э-т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 48 415 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА