Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00551

 

 В.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/00320 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 59 дүгээр магадлалтай,

В.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй,

Орхон аймгийн 2 дугаар цэцэрлэгт холбогдох,

Ажлаас буруу шилжүүлэн хугацааны цалингийн зөрүү 2,091,548 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

Нэхэмжлэгч В.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2019/01188 тоот шийдвэрээр Орхон аймгийн 2-р цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоогдсон. Ажилд эгүүлэн тогтоосон тухай Орхон аймгийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 81 тоот тушаал гарч ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Үндсэн багшаар ажиллаж байхдаа 1,336,663 төгрөг авдаг байсан бөгөөд туслах багшаар ажиллахдаа 639,480 төгрөгөөр цалинжиж байсан учир, ажилд эгүүлэн тогтоолгосон тушаал гарах хүртэлх зөрүү цалин хөлс болон 2,091,548 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн 2 дугаар цэцэрлэг шүүхэд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтуудын дагуу туслах багшаар ажиллаж, ажилласан хугацаанд /2019 оны 09, 10, 11 сарууд/ илүү цагаар ажиллаагүй, гүйцэтгэсэн ажлын цагаар цалинжсан тул илүү цагийн зөрүү олгох боломжгүй. Туслах багшаар ажилласан хугацаанд Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 2 болон 6 дугаар хавсралтуудын дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр орон нутгийн нэмэгдэл, үр дүнгийн урамшууллыг тооцож олгосон тул багшаар ажиллах байсан хугацааны орон нутгийн нэмэгдлийн зөрүүг багшийн үндсэн цалингаас тооцож зөрүүг тооцсон. Багшаар ажиллаагүй учраас эрх зүйн хувьд үр дүнг тооцох үндэслэл байхгүй тул ажлын үр дүнг урьдчилан тооцох боломжгүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/00320 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг тус тус баримтлан Орхон аймгийн 2 дугаар цэцэрлэгээс ажлаас буруу шилжүүлэн ажиллуулсан хугацааны цалингийн зөрүү 2,091,548 төгрөгийг гаргуулан В.Эрдэнэчимэгт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 48,415 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 59 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/00320 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд ... шилжүүлэн ажиллуулсан хугацааны цалингийн зөрүү 2,091,548 төгрөгийг ... гэснийг ... шилжүүлэн ажиллуулсан хугацааны цалингийн зөрүү 1,128,492 төгрөгийг гаргуулан В.Эрдэнэчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 963,056 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, Шийдвэрийн 2 дахь заалтыг ... хариуцагчаас 48,415 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай ... гэснийг ... хариуцагчаас 31,634 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Л.Одонцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,716 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч В.Эрдэнэчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 59 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх цалин олговрын зөрүүг бодохдоо 2019 оны 3,4,5 дугаар сарын цалин хөлсний дунджаас бодох нь зүйтэй гэж үзсэн учир нь багш нар 6,7,8 дугаар саруудад амралттай байдаг бөгөөд 6 сараас ээлжийн амралтын мөнгө бодогдож орсон байх тул өмнөх 3 сараас цалингийн дунджийг тооцсон. Би хууль бусаар албан тушаал буурч хохирсон, гэтэл Давж заалдах шатны шүүх хуулийг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, төсөөтэй харилцааг зохицуулсан хууль хэм хэмжээ тогтоосон актыг хэрэглэсэн нь хохирсон ажилтан миний эрх зүйн байдлыг улам дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь цалин хөлс гэдэг бол Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ. Гэтэл Давж заалдах шатны шүүхийн хэрэглэсэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дугаар зүйлийг миний буюу багш нарын ажлын онцлог, тухайн маргаанд хэрэглэх боломжгүй заалтыг хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл багш нар нь зуны 3 сар буюу 6, 7, 8 сард цалин хөлс авдаггүй бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 55 дугаар зүйлд заасан ээлжийн амралтын олговор авдаг.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар Цалин хөлсийг төлөхдөө ажилтны үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, олговрыг мөнгөн хэлбэрээр төлдөг бөгөөд Амралтын олговрыг олгохдоо салбарын онцлогоос хамаарч нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийн тулд тухайн 3 сард хувааж цалин хэлбэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу тогтоодог. Гэтэл дундаж цалин хөлсийг бодохдоо сүүлийн 3 сард авсан цалин хөлсний дунджаас бодохоор заасан ч миний ажилласан гэх сүүлийн 3 сарын цалин бол амралтын олговор юм өөрөөр хэлбэл 2019 оны 6,7,8 сард үндсэн, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал гэх жинхэнэ ажлын цалин хөлс ороогүй юм.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийг анхаарч үзээгүй Дундаж цалин хөлс бодох тухай сайдын тушаал хэрэглэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 59 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/00320 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

В.Эрдэнэчимэг нь Орхон аймгийн 2 дугаар цэцэрлэгт холбогдуулан ажлаас буруу шилжүүлсэн үеийн цалингийн зөрүү 2,091,548 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 1,128,492 төгрөгийн шаардлагыг хангажээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хийсэн дүгнэлт   үндэслэлгүй болжээ. 

 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, В.Эрдэнэчимэг нь Орхон аймгийн 2 дугаар цэцэрлэгт багшаар ажилладаг ба тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2019.09.02-ны өдрийн 55 дугаар тушаалаар түүнийг туслах багшийн ажилд шилжүүлсэн, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.17-ны өдрийн 1188 дугаар шийдвэрээр түүнийг багшийн ажилд эгүүлэн тогтоосон нь хуулийн хүчинтэй байна /хэргийн 5-8 дугаар тал/.

Ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2019.12.02-ны өдөр 81 тоот тушаал гаргаж, нэхэмжлэгчийг багшийн ажилд томилсон боловч буруу шилжүүлсэн үеийн цалин хөлсний зөрүүг олгоогүй, энэ талаар маргаагүй байна.

Харин цалин хөлсний зөрүүг хэрхэн тооцох талаар зохигч маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана, 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан.

Дээрх зохицуулалтаар өөр ажилд буруу шилжүүлсэн үеийн цалин хөлсний зөрүү шаардах маргааны шүүхэд хандах эрхийн хугацаа 3 сар ба нэхэмжлэгч 2019.01.06-ны өдөр нэхэмжлэл гаргасан, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгохоор заасан ба цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дугаар зүйлийн а-д ...буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, ...холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж заасан.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн сарын цалинг 1,145,123 төгрөг гэж тооцохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчжээ.

Багш нар зуны улиралд амардаг, боловсролын салбарын энэ онцлогийг анхан шатны шүүх харгалзан үзэж, нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2019 оны 3,4,5 дугаар сарын цалингийн дунджаар тооцож, нэхэмжлэлийг хангахдаа хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 59 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/00320 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 4,699 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

П.ЗОЛЗАЯА

Г.ЦАГААНЦООЖ