Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2020/01127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-5 байрны 48 тоот хаягт оршин суух Монгол овогт Дамбаравжаагийн Уламбаатар /регистрийн дугаар ФМ60020512/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Уламбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шинэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Уламбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Уламбаатар нь 1981 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тус байгууллагад боловсон хүчний мэргэжилтнээр ажилд орж, олон жил ажиллаж байгаад Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит Үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн Б/460 тоот тушаалаар Барилга засварын цехийн Маркетинг, чанарын албаны чанарын мэргэжилтнээр ажилласан бөгөөд 38 жил тус үйлдвэрт ажиллаж байна. 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ээлжийн амралтаа авах хүсэлтээ гаргаад байж байтал 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/918 тушаалыг гардуулан өгсөн. Уг тушаалтай танилцтал өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцласугай гэсэн үндэслэл бүхий тушаал байсан ба өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй байхад энэхүү тушаалыг гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь би 60 нас хүрсэн боловч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэх хүсэлтийг хаана ч гаргаагүй байхад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэж шийдвэр гаргаж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй. Иймд Эрдэнэт- Үйлдвэр Төрийн өмчит Үйлдвэрийн Газрын ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/918 тоот тушаалыг хүчингүй болгож, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ийн Барилга засварын цехийн Маркетинг, чанарын албаны чанарын мэргэжилтнээр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Д.Уламбаатар нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т 1981 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 940 дүгээр тушаалаар Барилга засварын цехийн Их барилгын хэсгийн мужааны орон тоонд ажиллаж эхэлжээ. Түүнээс хойш үйлдвэрийн газарт нийт 38 жил 8 сар ажилласан бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ...20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй ...тэтгэвэр тогтоолгон авч болно, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Уламбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Уламбаатар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Д.Уламбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ миний хувьд үйлдвэрт тасралтгүй 38 жил ажилласан бөгөөд тэтгэврийн эрх үүсэх нас буюу 60 нас 9 сар хүрээгүй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ Д.Уламбаатар нь үйлдвэрт тасралтгүй 38 жил 8 сар ажилласан бөгөөд ажилтны 60 нас хүрсэн тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь холбогдох хууль, тогтоомжид нийцсэн гэж тус тус тайлбарлан маргажээ.

Нэхэмжлэгч нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Маркетинг, чанарын албанд чанарын мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд хариуцагчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/918 дугаар тушаалаар Д.Уламбаатарыг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, Д.Уламбаатар нь тус үйлдвэрт 38 жил тасралтгүй ажилласан болох нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын дээрх Б/918 дугаар тушаал, 40/18/188 дугаартай хөдөлмөрийн гэрээ, 0340767 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно., 5-д Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас 20 хүртэл жил төлсөн энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан насанд хүрсэн даатгуулагч шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй., Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 61 дүгээр зүйлд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ. гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл 2020 онд 60 нас хүрч байгаа даатгуулагчийн хувьд тэтгэврийн шимтгэлийг 20 жил 9 сар ба түүнээс дээш төлсөн бол 60 настайдаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх бөгөөд энэ нь мөн Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1036 дугаар албан бичгээр нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасныг баримтлан хариуцагч буюу ажил олгогчийн санаачилгаар Д.Уламбаатарын өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын ...Д.Уламбаатарын хувьд 60 нас 9 сартайд өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх байсан гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ээлжийн амралттай байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх боловч үүнийгээ нотолж чадаагүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр Д.Уламбаатарын Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 61, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3., 128 дугаар зүйлийн 128.1.2. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Уламбаатарын хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА