Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 00045

 

Д.П-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/02418 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.П-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч Д ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин 9 600 000 төгрөг, ээлжийн амралтын олговор 1 200 000 төгрөг, 13 дах сарын цалин 2 000 000 төгрөг, ажил олгогчийн буруугаас авч чадаагүй хохирол болох жирэмсний болон амаржсаны тэтгэмжид авч чадаагүй хохиролд 5 000 000 төгрөг нийт 17 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Д ХХК-д хамтын ажиллагааны мэргэжилтэнээр ажилд ороод 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс архив бичиг хэргийн эрхлэгчээр томилогдон 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажилласан. 2016 оны 11 дүгээр сараас Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Балдорж, Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий диспетчер Л.Бөхболд, дэд захирал С.Бүрэнтогтох нарын туслахын ажлыг, архив бичиг хэргийн эрхлэгчийн ажилтай хавсран гүйцэтгэж 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажилласан. 2017 оны 09 дүгээр сард ээлжийн амралттай байх хугацаанд Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс цагдаагийн байцаагч дуудан удирдлага санхүүгийн албаны даргаар ажиллаж байгаад халагдсан Ц.Мартгэрэлтэй холбоотой мэдүүлэг авсан. Ингээд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ээлжийн амралт дуусаад ажилдаа ирэхэд миний ажлыг өөрчилсөн тухай мэдэгдэн “чи өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө гарга” гэж захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Намчиндорж, гүйцэтгэх захирал Д.Балдорж нар хэлсэн.

Би өөрийн хүсэлтээрээ гарахгүй гэхэд 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дуудан ажлаас халсан 193 тоот тушаалыг өгсөн. Ингээд би Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гарган 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02760 дугаар шийдвэрээр Д ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 193 дугаар тушаалыг хүчингүй болгож, архив бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргасан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 384 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/00818 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Ингээд Д ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 160 дугаар тушаалаар 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс захиргаа удирдлагын хэлтэст архив бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилсон боловч тухайн үед би жирэмсэний амралт авах болсон бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр амаржсан. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хоорондох хугацааны цалин 9 600 000 төгрөг, мөн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш ээлжийн амралт авах эрх үүссэн гэж үзэж ээлжийн амралтын хөлс 1 200 000 төгрөг, 13 дах сарын цалин 2 000 000 төгрөг, жирэмсэний өмнөх амралтын мөнгө 2 500 000 төгрөг, мөн жирэмсэний дараах амралтын мөнгө 2 500 000 төгрөг, нийт 17 800 000 төгрөгийг нэхэмжилсэн. Миний бие 13 дах сарын цалин 2 000 000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, Ж.А нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.П ажиллаагүй хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын хөлсийг хууль тогтоомжид зааснаас хэт өндрөөр тооцоолсон гэж үзэж байна. Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7а-д дундаж цалин хөлс тодорхойлсон аргачлалыг тодорхойлсон байдаг. Нэхэмжлэгч Д.П нь ажиллаагүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлж байсан бөгөөд үүний үндсэн дээр жирэмсний үеийн олговрыг нийгмийн даатгалын сангаас хүлээн авсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн баримтаар нотлогдож байна. Иймд нийгмийн даатгалын сангаас хүлээн авсан хугацааны олговроо давхардуулан нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байх тул зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “жирэмсний дараах амралтын мөнгө” гэсэн тодорхойлолт нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заагдаагүй тул үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/860 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 384 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/0018 дугаар тогтоолыг тус тус бүрэн биелүүлж, шүүхийн шийдвэрт заасан ажил албан тушаалд нь эгүүлэн томилж, шүүхийн шийдвэрт заасан цалин хөлсийг олгосон тул Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн  497.1, 498 дугаар зүйлийн дугаар зүйлийн 498.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д ХХК-иас 11 315 764 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.П-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 484 236 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.П арван гурав дахь сарын цалин 2 000 000  төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 196 002 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, С.Н нар давж заалдах гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт амаржсаны тэтгэмжинд ажлын 47 хоног /2018.07.18-2018.09.15/-оор тооцон 2 725 154 төгрөг /1 өдөр 57 982 төгрөг/ нийт 4 068 014 төгрөгийн хохирлыг ажил олгогчоос гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв /х.х-ийн 28 дугаар тал/ гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй баримтыг үндэслэн шийдвэрлэсэн байна. Мөн бичмэл нотлох баримт гаргуулах талаар нэхэмжлэгч талаас шүүхэд болон хариуцагч талд хандан хүсэлт гаргасан тохиолдол байхгүй, энэ талаар хэрэгт баримт байхгүй болохыг дурдан гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн 3 дугаар хуудас үндэслэх хэсэг “...2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02760 дугаар шийдвэрийг 2018 оны 07 дугаар сарын 17-ний өдөр биелүүлж, нэхэмжлэгч Д.П-г архив бичиг хэргийн эрхлэгчээр эгүүлэн томилжээ. /х.х-14-18, 27 дугаар тал/. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ" гэж заасан байхад хариуцагч байгууллага нь анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Д.П-г ажлын байраар хангаж шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийг ажилд нь томилоогүй буруутай байх тул түүнийг ажилгүй байсан хугацааны цалинг төлөх үндэслэлтэй байна” гэж заасан бөгөөд хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбартаа ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох талаар шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д тусгайлан заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэхдээ цалин хөлс гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэрийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр биелүүлсэн гэх үндэслэлээр хуулийг төсөөтэй хэрэглэн шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02760 дугаар шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхэд гомдол марган шийдвэрлэгдсэн баримтуудыг авч хэлэлцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох талаар зохицуулалтыг харгалзан үзээгүй.

Нэхэмжлэгч Д.П нь 2017 оны 12 дугаар cарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02760 дугаар шийдвэр гарахад 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх цалин хөлс 3 305 104 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу авах бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хугацааны цалин хөлс авахаар шүүхэд хандах эрх нь үүсч байгааг мэдэж байсан. Гэвч зөрчигдсөн эрхээ сэргээхээр шүүхэд хандаагүй нь хариуцагч тал болон бусад гуравдагч этгээдээс шалтгаалаагүй болохыг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.П нь Д ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 9 600 000 төгрөг, ээлжийн амралтын олговор 1 200 000 төгрөг, 13 дах сарын цалин 2 000 000 төгрөг, ажил олгогчийн буруугаас авч чадаагүй хохирол болох жирэмсний болон амаржсаны тэтгэмжид авч чадаагүй хохиролд 5 000 000 төгрөг нийт 17 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Д ХХК-д архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч П.П-г 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ажлаас нь халсан бөгөөд түүнийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тус төвийн Захиргаа удирдлагын хэлтэст Архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 305 014 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгосон болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02760 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 384 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/00818 дугаар тогтоолоор тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх-14-27/

Нэхэмжлэгч Д.П-г ажлаас чөлөөлсөн нь хууль бус болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй болно. Тиймээс анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээний харилцаанаас үүссэн маргааны үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэж, хөдөлмөрийн тухай хуульд заасан зохих зохицуулалтыг зөв хэрэглэж, ажилтны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. 

Ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацаа гэдэгт өмнөх шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажил олгогч уг шийдвэрийг биелүүлж, ажилтныг ажилд авах хүртэл хугацаа хамаарна.

Иймд анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид цалин олговор олгохоор тогтоосон хугацаанаас хойш буюу 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх, ажилгүй байсан хугацааг 110 хоногоор тооцож, урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 6 378 020 төгрөгийг хариуцагч Д ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Д.П-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Харин нэхэмжлэгч Д.П-г 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасны дагуу жирэмсний амралтын хугацаагаа тооцож, нийгмийн даатгалын сангаас тэтгэмжээ авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч Д.П-ийн  дундаж цалин хөлсийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 183/ШШ2017/02760 дугаар шийдвэрт тодорхойлсноор тооцож, ээлжийн амралтын олговорт 869 730 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 79 дүгээр зүйлийн 79.2 дах хэсэгт заасантай нийцжээ. 

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн буруугаас авч чадаагүй хохирол гэх жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүх жирэмсний болон амаржсаны тэтгэмжид нийт 4 068 014 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулий 192  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Хэргийн 28 дугаар талд авагдсан жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас гэх баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргасан бөгөөд уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаж, нотариатаар гэрчлүүлсэн байх тул гомдол үндэслэлгүй.

Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс түүнийг ажилд эгүүлэн авсан тушаал гарсан 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэл эрх нь зөрчигдсөн хэвээр байсан тул энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/02418 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хурааамжид төлсөн 196 002 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            М.НАРАНЦЭЦЭГ

                                                   ШҮҮГЧИД                                             Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                Д.БАЙГАЛМАА