Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2018/02418

 

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2018/02418

          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүгч Ц.Оюунбилэг, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Ногоон нуур гудамж, 52 дугаар байр, 36 тоот хаягт оршин суух, Б  овогт Д  П   /РД:УГ79080622/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, ЭХСХТ-ийн байранд байрлах, Д ХХК /РД:2699877/-д холбогдох,

 Ажилгүй байсан хугацааны цалин 9 600 000 төгрөг, ээлжийн амралтын олговор 1 200 000 төгрөг, 13 дахь сарын цалин 2 000 000 төгрөг, ажил олгогчийн буруугаас жирэмсний болон амаржсаны тэтгэмжид авч чадаагүй гэж хохиролд 5 000 000 төгрөг нийт  17 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.П  , түүний өмгөөлөгч А.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А , С.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор нар оролцов.                          

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Д.П   шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.П   миний бие 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Д ХХК-д хамтын ажиллагааны мэргэжилтэнгээр ажилд ороод 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс архив бичиг хэргийн эрхлэгч орон тоонд томилогдон 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажилласан. 2016 оны 11 дүгээр сараас Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б , Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий диспетчер Л.Бөхболд, дэд захирал С.Бү  нарын туслахын ажлыг, архив бичиг хэргийн эрхлэгчийн ажилтай хавсран гүйцэтгэж 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажилласан. 2017 оны 09 дүгээр сард ээлжийн амралттай байх хугацаанд Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс цагдаагийн байцаагч дуудан удирдлага санхүүгийн албаны даргаар ажиллаж байгаад халагдсан Ц.М  холбоотой мэдүүлэг авсан. Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ээлжийн амралт дуусаад ажилдаа ирэхэд миний ажлыг өөрчилсөн тухай мэдэгдэн чи өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө гарга гэж захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Н , гүйцэтгэх захирал Д.Б  нар хэлсэн. Би өөрийн хүсэлтээрээ гарахгүй гэхэд 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дуудан сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар ажлаас халсан 193 тоот тушаалыг өгсөн. Ингээд би Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд хүсэлт гарган 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02760 дугаар шийдвэрээр Д ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 193 дугаартай тушаалыг хүчингүй болгож архив бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргасан. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 384 дүгээр магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/00818 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн хэвээр нь үлдээсэн. Ингээд Д ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 160 дугаар тушаалаар 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс захиргаа удирдлагын хэлтэст архив бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилсон боловч тухайн үед би жирэмсэний амралт авах болсон байсан. Би 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр амаржсан. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн хоорондох хугацааны цалин болох 9 600 000 төгрөг, мөн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш ээлжийн амралт авах эрх үүссэн гэж үзэж байгаа тул ээлжийн амралтын хөлс 1 200 000 төгрөг, арван гуравдах сарын цалин 2 000 000 төгрөг, жирэмсэний өмнөх амралтын мөнгө 2 500 000 төгрөг, мөн жирэмсэний дараах амралтын мөнгө 2 500 000 төгрөг, нийт 17 800 000 төгрөгийг нэхэмжилсэн. Миний бие арван гуравдах сарын цалин 2 000 000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Д ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.П   нь ажиллаагүй хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын хөлсийг хууль тогтоомжид зааснаас хэт өндрөөр тооцоолсон байна гэж үзэж байна. Монгол улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7а-д дундаж цалин хөлс тодорхойлсон аргачлалыг тодорхойлсон байдаг. Харин нэхэмжлэгч Д.П   нь энэхүү аргачлалаар тооцоолоогүй байх бөгөөд хэт өндрөөр тооцоолсон гэж үзэж байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч Д.П   нь ажиллаагүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлж байсан бөгөөд үүний үндсэн дээр жирэмсний үеийн олговрыг нийгмийн даатгалын сангаас хүлээн авсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн баримтаар нотлогдож байна. Иймд нийгмийн даатгалын сангаас хүлээн авсан хугацааны олговроо давхардуулан нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан “жирэмсний дараах амралтын мөнгө” гэсэн тодорхойлолт нь Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжид заагдаагүй тул хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хариуцагч тал болох Д ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/860 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 384 тоот магадлал, Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/0018 дугаар тогтоолыг тус тус бүрэн биелүүлж, шүүхийн шийдвэрт заасан ажил албан тушаалд нь эгүүлэн томилж, шүүхийн шийдвэрт заасан цалин хөлсийг олгосон тул Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д тусгайлан заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн гаргасан энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

         Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

             Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

             Хариуцагч “Диспетчерийн үндэсний төв” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч Д.П   нь ажилгүй байсан хугацааны цалин 9 600 000 төгрөг, ээлжийн амралтын олговор 1 200 000 төгрөг, 13 дахь сарын цалин 2 000 000 төгрөг, ажил олгогчийн буруугаас жирэмсний болон амаржсаны тэтгэмжид авч чадаагүй гэж хохиролд 5 000 000 төгрөг нийт  17 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

           Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч Д.П   13 дахь сарын цалин 2 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

           Нэхэмжлэгч Д.П   нь 2017.12.15-ны өдрөөс 2018.07.15-ны өдөр хүртэлх хугацааны цалин 9 600 000 төгрөг, 2017.09.25-ны өдрөөс хойш ээлжийн амралт авах эрх үүссэн гэж үзэж өөрийн сарын дундаж цалингаар тооцож ээлжийн амралтын олговорт 1 200 000 төгрөг, ажил олгогчийн буруугаас ажлаас халагдсан, үүний улмаас жирэмсний болон амаржсаны тэтгэмжинд нийгмийн даатгалын сангаас цалин хөлсний дунджаар 5 000 000 төгрөг авах байсан тэтгэмжийг аваагүй тул  хохиролд 5 000 000 төгрөг, нийт 15 800 000 төгрөгийг нэхэмжилж байна. Нийгмийн даатгалын сангаас 861 900 төгрөг авсанд маргахгүй гэж тайлбарладаг.

           Хариуцагч “Диспетчерийн үндэсний төв” ХХК нь  нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7а-д заасан журмын дагуу дундаж цалин хөлсийг тодорхойлоогүй хэт өндөр цалин нэхэмжилсэн, ээлжийн амралтын олговрыг хүлээн зөвшөөрөхгүй, нийгмийн даатгалын сангаас төрөхөөс өмнөх тэтгэмжээ авсан тул төрөхөөс өмнөх тэтгэмж нэхэмжилсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, харин төрсний дараах тэтгэмжийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж маргадаг.         

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө шаардах эрхтэй байна.

            Хариуцагч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 183/ШШ2017/02760 дугаар шийдвэрийг 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр биелүүлж, нэхэмжлэгч Д.П  г архив бичиг хэргийн эрхлэгчээр эгүүлэн  томилжээ. /х.х-14-18, 27 дугаар тал/

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасан байхад хариуцагч байгууллага нь Анхан шатны шүүхийн шийдвэр  хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Д.П  г ажлын байраар хангаж шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийг ажилд нь томилоогүй буруутай байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалинг төлөх үндэслэлтэй байна.

         Иймд нэхэмжлэгч Д.П  гийн ажилгүй байсан хугацааны ажлын  110 хоног /2017.12.14-ний өдрөөс 2018.05.25-ны өдөр хүртэлх/-ийн  урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт  /57 982 x 110 хоног/ 6 378 020 төгрөгийг хариуцагчаас гаргуулж  шийдвэрлэх нь зүйтэй.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-т “Эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.П   нь 2018 оны 5 дугаар сарын 25 өдрөөс эхлэн жирэмсний амралтын хугацаа тооцогдож, нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авсан байх тул 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс ажилд авах тушаал гарсан өдөр хүртэлх /2018.07.17/ хугацааны цалин олгох үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч энэ хугацаанд жирэмсний амралт эдэлж эхэлсэн, мөн энэ хугацааны тэтгэмжийг ажил олгогчоос нэхэмжилсэн байх тул давхардуулан цалин олгох хууль зүйн үндэслэлгүй байна.

         Хариуцагч “Диспетчерийн үндэсний төв” ХХК  нь нэхэмжлэгчийг  ажлаас үндэслэлгүй халсан болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 183/ШШ2017/02760 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 384 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/00818 дугаар тогтоолоор тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр /ажлаас халагдсан/-өөс 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр /жирэмсний амралт авах/-ийг хүртэлх  хугацааныхаа ээлжийн амралтын олговрыг нэхэмжлэх эрхтэй байна.

         Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно”, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т “Ажилтны ээлжийн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна” гэж заасан байх ба анхан шатны шүүхийн 2760 дугаар шийдвэрээр тогтоосон дундаж цалин хөлсөөр тооцож ээлжийн амралтын олговорт  869 730 төгрөг /15 хоног x 57 982 төгрөг/-ийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

         Нэхэмжлэгч Д.П   нь ээлжийн амралтын олговор нэхэмжилсэн шаардлагатай холбогдуулан нийт ажилласан хугацааны талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, нотлох үүргээ биелүүлээгүй байх тул шүүх бүрэлдэхүүн хуульд заасан үндсэн амралтын хугацаагаар тооцож, ээлжийн амралтын олговрыг олгох нь зүйтэй гэж үзлээ.

         Нэхэмжлэгч Д.П   Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-т зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн байна.

          Хариуцагч “Диспетчерийн үндэсний төв” ХХК  нь нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсан болох нь дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдээр тогтоогддог, ажлаас халагдсны улмаас цалин хөлснийхээ хэмжээгээр нийгмийн даатгалын сангаас авах жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авч чадаагүй байх тул байгууллагын буруугаас учирсан хохирол гэж тооцон нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 

         Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 192 дүгээр зүйлийн 1-т “ Тэтгэмжийн даатгалд даатгуулж шимтгэл төлсөн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг болон төрийн албан хаагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно” мөн хуулийн 192 дүгээр зүйлийн 3-т  “Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно” гэж заажээ.

          Нэхэмжлэгч Д.П  д  жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас олгохоор хуульд заасан байх ба анхан шатны шүүхийн 2760 дугаар шийдвэрээр тогтоосон дундаж цалин хөлсөөр тооцох зүйтэй гэж үзэж лист олгосон хугацаагаар тооцож, төрөхөөс өмнө ажлын 38 хоног /2018.05.25 – 2018.07.23/-оор тооцон 2 204 760 төгрөг /1 өдөр 57 982 төгрөг/-ийг олгохоос нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын сангаас жирэмсний тэтгэмжинд авсан 861 900 төгрөгийг хасаж үлдэх 1 342 860 төгрөг, амаржсаны тэтгэмжинд ажлын 47 хоног /2018.07.18-2018.09.15/ -оор тооцон 2 725 154 төгрөг /1 өдөр 57 982 төгрөг/ нийт 4 068 014 төгрөгийн хохирлыг ажил олгогчоос гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. /х.х-ийн 28 дугаар тал/

          Иймд хариуцагч “Диспетчерийн үндэсний төв” ХХК-иас 11 315 764 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.П  д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 484 236 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн  497.1, 498 дугаар зүйлийн  дугаар зүйлийн 498.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Диспетчерийн үндэсний төв” ХХК-иас 11 315 764 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.П  д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 484 236 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.П   арван гурав дахь сарын цалин 2 000 000  төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246 950 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 196 002 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ                                   ДАВААСҮРЭН,

                            ШҮҮГЧИД                                  Д.ЭНХЦЭЦЭГ

                                                                                        Ц.ОЮУНБИЛЭГ