Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 169

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Ж.Эрхэмбаяр, түүний өмгөөлөгч С.Мөнхцэцэг /ҮД:0534/,

шүүгдэгч Г.Доржбилэг, түүний өмгөөлөгч Т.Төгс /ҮД:1087/,

шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн /ҮД:0943/,

гэрч Г.Цэвэлмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

                                                                                            

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Солонгосын политехникийн сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, ах, эгчийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 11 дүгээр гудамжны 266 тоотод оршин суудаг, урьд Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, /РД:СЖ96020611/ Боржигон овогт Жаргалсайханы Эрхэмбаяр,

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний Их Сургуулийн барилгын инженерийн ангийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4,  ээж, эгч нарын хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд Хэнтий аймгийн Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, /РД:СЖ96071517/ Баатад овогт Гүрдоржийн Доржбилэг,

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний Их Сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, хоёр эгчийн хамт, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-555 тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:СЖ96111714/ Ахайн ашбагад овогт Батжаргалын Бат-Эрдэнэ нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201725020442 дугаартай 185/2017/0210/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Эрхэмбаяр, шүүгдэгч Г.Доржбилэг, шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нар бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжинд хохирогч Б.Дашнямыг ямар ч шалтгаангүйгээр хүч хэрэглэн зодож түүний биед баруун хацар ясны цөмөрсөн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн нь:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Эрхэмбаярын: 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б.Батбилэг, Г.Доржбилэг хоёрыг компьютер тоглоом тоглоё гэж дуудаад цаг гаран тоглосон. Манайх руу явах замдаа дэлгүүр ороод нэг пиво аваад явсан. Манайд ууж дуусаад шөнийн 01 цагийн үед Сансар руу явсан. Би такси барих гээд дээшээ явахад Доржбилэг, Бат-Эрдэнэ хоёр доошоо уруудаад алхаж байсан. Такси хайгаад явж байхад Г.Доржбилэг, Б.Бат-Эрдэнэ хоёр хохирогч ахтай маргалдаж байсан. Намайг доошоо алхаж байхад Б.Бат-Эрдэнэ ирж байсан. Б.Бат-Эрдэнэтэй уулзахад нэг ах агсраад байна гэсэн. Тэгээд буцаад тэр ахын хажуугаар гарч байхад тэр ах Б.Бат-Эрдэнийг бариад авсан. Зууралдаж байхад нь би салгасан. Б.Бат-Эрдэнэ нэг цохисон. Бид нар явж байхад мухар гудамжаар орсон байсан. Тэгээд буцаад тойроод долоон буудлаар явсан. Б.Бат-Эрдэнэ долоон буудалд явж байхад цагдаад баригдсан байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Доржбилэгийн: 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ж.Эрхэмбаяр яриад зургаан буудалд уулзсан. Компьютер тоглоомын газарт нэг цаг тоглоод Ж.Эрхэмбаярын гэрт нь очих замдаа нэг пиво аваад уусан. Шөнийн 01 цагийн үед Сансар явах гэж гарсан. Эрхэмбаяр дээш таски барих гээд явсан. Нэг таксинаас эрэгтэй эмэгтэй хоёр хүн маргалдаад бууж байсан. Бат-Эрдэнэ тэр ах руу болиоч ээ гэж хашхирсан. Тэр ах уурлаад хүрээд ирсэн. Би больё ах аа уучлаарай гээд явсан. Араас дуудаад байхаар нь би уурлаад шанаа руу нь цохисон. Эхнэр нь цагдаа дуудлаа гэхээр нь зугтааж гүйсэн. Мухар гудамж байхаар нь буцаж яваад хажуугаар нь гарсан. Эхнэр нь нөгөө хэдэн залуус энд явж байна гээд утсаар яриад байсан. Тэгэхээр нь Ж.Эрхэмбаяр бид хоёр хамт явсан. Б.Бат-Эрдэнэ долоон буудлаас очлоо гэж явж байгаад цагдаад баригдсан байсан. Бид хоёр долоон буудлын тэнд байж байгаад цагдаа ирээд барьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн: 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ж.Эрхэмбаяр компьютер тоглоом тоглоё гэж дуудсан.  Зургаан буудал дээр очоод цаг гаран тоглоод Ж.Эрхэмбаярын гэрт нэг пиво хувааж уусан. Ж.Эрхэмбаярын гэрээс гараад Сансар орохоор явсан. Зам дээр гараад Ж.Эрхэмбаяр дээшээ такси барих гэж яваад бид хоёр доошоо уруудаж явсан. Замын эсрэг талд таксинаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн буусан. Тэр ах эхнэрээ дарамтлаад байгаа юм шиг байхаар нь би чанга дуугаар гөлөг минь эмэгтэй хүн дарамталлаа гэж хэлсэн. Тэр ах замаар гүйж гараад над руу ирээд дайраад байсан. Доржбилэг намайг явж бай гээд би Ж.Эрхэмбаяр руу алхаж байсан. Ж.Эрхэмбаяртай байж байгаад буцаад хохирогчийн хажуугаар гарах гэтэл намайг бариад авсан. Намайг үгээр дарамтлаад байсан. Тэгээд би баруун шанаа руу нь цохисон. Ж.Эрхэмбаяр намайг салгасан. Бид гурав мухар гудамжаар орсон байсан. Буцаад явахдаа Ж.Эрхэмбаяр, Доржбилэг хоёр хойшоо гүйгээд би урагшаа явсан. Би долоон буудалд байна гээд очиж явж байгаад цагдаад баригдсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Г.Цэвэлмаагийн: Шүүгдэгч Г.Доржбилэг нь миний төрсөн дүү байгаа юм. Манай дүү гэнэн цайлган, бусдад их тусархуу, нөхөрсөг зантай. Мөн ах дүү, гэр бүлдээ тусалдаг, үгэнд сайн ордог. Томоогүй зангаасаа болж гэмт хэрэгт холбогдсон байна. Гэхдээ гэмт хэрэгт холбогдсондоо их гэмшиж байгаа нь анзаарагдсан. Цаашид бидний зүгээс дүүгээ дахин гэмт хэрэгт холбогдуулахгүй байх тал дээр анхаарал хандуулж, зөв төлөвшүүлэх болно. Иймд дүүд минь хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж шүүхээс хүсч байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Дашнямын: ...2017 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 01 цаг өнгөрч байхад би 3, 4 дүгээр хорооллоос такси бариад Дамбадаржаагийн 33-н автобусны буудлын цаана таксинаас буусан. Тухайн үед манай эхнэр намайг таксинаас тосч авсан. Тэгтэл замын цаана явж байсан 3 зүс үл таних эрэгтэй манай эхнэр рүү чулуу аваад 2-3 удаа шидсэн. Тэгээд би та нар болиоч гэсэн чинь манай эхнэр бас машин тэрэг цохилоо болиоч гэсэн чинь манай эхнэр рүү гичий янхнаар нь дуудсан. Тухайн үед би жаахан халамцуу явж байсан учир уурлаад тэд нар руу зам гараад очсон чинь чулуу шидээд байсан эрэгтэй нь надтай маргалдсан. Тэгээд байж байтал нэг залуу нь салгах гэж байгаа юм шиг ирээд гараараа миний нүүр орчим цохисон. Тэгээд би надтай маргалдсан болон намайг цохисон хоёр залуутай зууралдаад маргалдаж байтал араас нэг залуу нь ирээд миний баруун шанаа руу гараараа 3-4 удаа цохисон. Тэгтэл манай эхнэр цагдаа дуудсан чинь 3 залуу цаашаа зугтаасан. Тэгэхээр нь би араас нь гүйсэн чинь мухар гудамж руу зугтаасан. Манай эхнэр рүү чулуу шидсэн. Тэгээд би болиоч гэсэн чинь манай эхнэрийг янхан гичийгээр нь дуудсан. Түүнээс болж маргалдсан. Тэр гурван залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэр гурван залуу намайг ямар нэгэн зэвсэг зэвсгийн чанартай зүйл ашиглан цохиж зодоогүй. Гараараа цохиж, хөлөөрөө өшиглөөд байсан. Миний баруун шанааны нуман яс хугарсан. Бас урд талынх нь яс цуурсан байна гэсэн. Би уг гурван залууд огт гар хүрээгүй... Эмчилгээний зардал болох томографийн мөнгө 120,000 төгрөг, эрүүний нуман яс татуулсан 100,000 төгрөг, эмний мөнгө 20,000, тархины бичлэг хийлгэхэд 30,000 төгрөгийг намайг зодсон хүмүүс төлсөн. Үүнээс гадна би 2,500,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нар нөхөн төлж барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эдгээр хүүхдүүдэд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-18-19/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Цэцэнболорын: ...2017 оны 02 дугаар сарын 06-ны шөнө 01 цаг 30 минутын орчим би өөрийн нөхөр Б.Дашнямыг Дамбадаржаагийн 33-н автобусны буудлын орчмоос таксинаас тосч авсан. Тэгээд бид хоёр гэр рүүгээ алхаж байтал замын эсрэг талд гурван залуу явж байсан ба тэр залуучууд муухай муухай орилоод бид хоёр руу чулуу шидээд байсан. Манай гэр замын цаад талд байдаг учир бид хоёр зам гартал нэг залуу нь ирээд манай нөхрийг үзэх үү гээд намайг болохоор янхан гичий гээд орилоод байсан. Тэгэхээр нь би та нар болиоч гэсэн чинь алалцъя гээд орилоод байсан. Тэгтэл нэг залуу нь ирээд нөгөө хэдийгээ салгах гэж байгаа юм байх гэж бодсон чинь манай нөхөр Б.Дашнямыг гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би тэр залууг нь болиултал нөгөө хоёр нь манай нөхрийг зодоод байсан. Тэгтэл миний болиулсан залуу нь намайг тойрч яваад манай нөхрийг зодсон. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-22, 25/,

Мөрдөн байцаалтад гэрч Г.Батболдын: ...2017 оны 02 дугаар сарын 05-ны …шөнийн 01 цаг 30 минутын орчим Бэлх 10-аас Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, станцын гудамжинд…  …дуудлагын дагуу очиход дуудлага өгсөн гэх нэг эмэгтэй хүн, нэг эрэгтэй хүний хамт зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асуухад эрэгтэй нь намайг гурван залуу зодчихоод зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгээд ойр орчим нь эргүүл хийж байсан чинь сэжиг бүхий гурван залуу 7-н буудлын орчим явж байхаар нь тэр гурван залууг аваад Бэлх 10-д хүлээлгэн өгсөн ба тухайн үед дуудлага өгсөн эрэгтэй, эмэгтэй хоёрыг дуудсан. ...Намайг очиход дуудлага өгсөн гэх эрэгтэй жаахан халамцуу байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-26/,

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн: ...Дашнямын биед баруун хацар ясны нумны цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлийг хатуу мохоо зүйлээр цохиход үүсэх боломжтой. Хатуу мохоо зүйл гэдэгт гараараа цохиж гэмтээх бас орж болно... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-29/,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹2553 тоот:

  1. Б.Дашнямын биед баруун хацар ясны нумны цөмөрсөн хугарал, баруун хацарт зулгаралт, баруун доод зовхи, дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэсэн дүгнэлт /хх-28/,

шүүгдэгч Ж.Эрхэмбаярын хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-57/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-58/, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-61/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-62/, Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-106-107/, гэрч З.Оюунтунгалагийн мэдүүлэг /хх-21/,

шүүгдэгч Г.Доржбилэгийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-64/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-65/, Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-67/, бүрэн дунд боловсролын МҮИС-ийн тодорхойлолт /хх-68/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-71/, бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /хх-73/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-74-79/, Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-106-107/, гэрч Г.Цэвэлмаагийн мэдүүлэг /хх-24/,

шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-81/, МҮИС-ийн тодорхойлолт /хх-82/, Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-83/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-87/, бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /хх-89/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-90-96/, гэрч Б.Хулантын мэдүүлэг /хх-20/,

хохирлын мөнгө хүлээж авсан тухай баримт /хх-109/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-110-111/ зэрэг нотлох баримтуудыг шинжилснээр тогтоогдон нотлогдов.

          

           Шүүгдэгч Ж.Эрхэмбаяр, шүүгдэгч Г.Доржбилэг, шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нарыг бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжинд хохирогч Б.Дашнямыг ямар ч шалтгаангүйгээр хүч хэрэглэн зодож баруун хацар ясны цөмөрсөн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэстэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Дашнямын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсныг эмчлүүлэхэд гарсан зардалд 2.500.000 төгрөгийг нөхөн төлсөн нь хохирогч Б.Дашнямын гаргасан хүсэлтээр /хх-109/ нотлогдов.       

            Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-81/ нотлогдов.

            Мөн шүүгдэгч Ж.Эрхэмбаяр, шүүгдэгч Г.Доржбилэг нарыг Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-106-107/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсуудаар /хх-58, 65/ тус тус нотлогдов. Шүүгдэгч Ж.Эрхэмбаяр шүүгдэгч Г.Доржбилэг нарыг ялтайд тооцох хугацаа Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т хамаарч байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Эрхэмбаяр, шүүгдэгч Г.Доржбилэг, шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэн чин санаанаас гэмшиж байгаа, хохирогч Б.Дашнямын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, гэм хорын хохирол арилгасан зэрэг байдлуудыг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-ийг хэрэглэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Жаргалсайханы Эрхэмбаяр, Гүрдоржийн Доржбилэг, Батжаргалын Бат-Эрдэнэ нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бүлэглэн бусдын бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Жаргалсайханы Эрхэмбаяр, Гүрдоржийн Доржбилэг, Батжаргалын Бат-Эрдэнэ нарыг 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.                                                                                                                                                                                                                                                                    

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ж.Эрхэмбаяр, Г.Доржбилэг, Б.Бат-Эрдэнэ нарт оногдуулсан 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Ж.Эрхэмбаяр, Г.Доржбилэг, Б.Бат-Эрдэнэ нарт оногдуулсан 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тус тус тэнсэж, тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдэнд хяналт тавихыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Хэнтий аймаг дахь цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ж.Эрхэмбаяр,

Г.Доржбилэг, Б.Бат-Эрдэнэ нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ж.Эрхэмбаяр, Г.Доржбилэг, Б.Бат-Эрдэнэ нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

            7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Эрхэмбаяр, Г.Доржбилэг, Б.Бат-Эрдэнэ нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                    

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ү.ТҮМЭНЖАРГАЛ