Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 422

 

Ж.Ганбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор П.Бямбасүрэн,

ялтан Ж.Ганбаатарын өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч С.Оюунчимэг, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ж.Ганбаатарын өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Ганбаатарт холбогдох эрүүгийн 201625022597 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв. 

Боржигон овогт Жадамбаагийн Ганбаатар, 1959 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, Нийгмийг аюулаас хамгаалах яаманд кузов засварчинаар ажиллаж байсан, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 36-480 тоотод оршин суух, Цагаан морь медалтай, ял шийтгэлгүй, /РД: ХИ59070115/,

Ж.Ганбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 36-480 тоот өөрийн гэртээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харьцааны улмаас Т.Энхбаатартай маргалдан харилцан зодолдож байхдаа түүний толгойн тус газар нь модон сандлаар цохиж тархины баруун хажуугийн 3, 4 дүгээр ховдолын цус харвалт, бага тархи, багана, уртавтар тархины хатуу хальс дээрхи  цус харвалт, дагзны дэлбэнгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, тархи хавагнасан гэмтэл учруулж, санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газар: Ж.Ганбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Ганбаатарыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Ж.Ганбаатарыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ж.Ганбаатарын эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Ж.Ганбаатарын цагдан хоригдсон 188 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Ганбаатар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн хохирогч Т.Энхбаатарын өмсөж явсан хар өнгийн үдээстэй зуны гутал 1 хос, хөх өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн нимгэн дотуур өмд, цэнхэр өнгийн дотоож, шаргал өнгийн урагдалтай фудволк, ягаан өнгийн урагдалтай фудволк, хар хөх өнгийн материалтай куртик, саарал өнгийн, хиймэл үсэн материалтай цамц, шүүгдэгч Ж.Ганбаатарын гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан цэнхэр өнгийн жинсэн өмд, ногоон өнгийн даавуун цамц, хар өнгийн даавуун куртик, хэргийн газраас хураан авсан хар хөх өнгийн саравчтай малгай, 25 см-ийн өндөртэй, 30х30 см хэмжээтэй давцантай, 4 хөлтэй ногоон өнгийн сандал, 37 размерын, цагаан өнгийн, саарал оруулгатай пүүз 1 хос, цагаан өнгийн, сэнжтэй аяга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Ж.Ганбаатарын толгойн томографийн зураг 1 ширхэг, компакт диск 1 ширхэг, толгойн рентген зураг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Ж.Ганбаатарт буцаан олгох, Ж.Ганбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ. 

Ялтан Ж.Ганбаатарын өмгөөлөгч Б.Дашдорж гаргасан давж заалдах гомдолдоо: “... Өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг гарсан нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй, харин ялтан Ж.Ганбаатарын үйлдэл нь аргагүй хамгаалалт хийсэн учраас уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүх авч үзээгүй. Уг хэрэг үйлдэгдэх үед хохирогч гарч яваад буцаж орж ирсэн, тухайн үед тог тасарсан байсан бөгөөд гэнэт хүн нүүр лүү нь цохисны улмаас хэн яагаад ямар учраас цохисон талаар мэдээгүй, өөрт аюултай байдал бий болоход амиа хамгаалах зорилгоор өөдөөс нь тэмцэж сандлаар цохисон байдаг. Тухайн үед холбогдогч нь амь хохирогчийг хамт архи ууж байсан хүн нь буцааж орж ирж зодсон талаар мэдээгүй харин цагдаагийн байгууллагад хүргэгдэн ирсэн үед мөрдөн байцаагч фото зураг үзүүлснээр таньсан байдаг. Үүнээс үзэхэд холбогдогч Ж.Ганбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын Дээд шүүхийн тайлбарт аргагүй хамгаалалт нь “...халдлага байх ёстой, халдлага нь бодитой байх ёстой” гэх үндсэн нөхцөлийг заасан байдаг. Мөн аргагүй хамгаалалтын гол нөхцөл нь нийгэмд аюултай байх явдал юм. Нийгэмд аюултай байх явдал гэдэг нь амь биед аюултай хүч хэрэглэсэн халдлага байсан тохиолдолд эргүүлэн довтолсон байх ёстой. Амь биед аюултай хүч хэрэглэсэн халдлага гэдэг нь амь нас нь хохирсон, хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан, боосон, амин газар нь цохисон зэрэг үйлдэл хийсэн байхыг ойлгодог. Гэтэл Энхбаатарын үйлдлийг бусдын амь биед аюултай халдлага гэж үзэх үндэслэлгүй. Хэрэг учрал болох үед харанхуй байсан. Хэн байгааг нь мэдээгүй” гэдэг боловч хүн байсныг мэдсээр байж нүүр лүү цохилоо гэх шалтгаанаар хүнийг сандлаар цохиж, амь насыг нь хохироосон үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэг учрал хохирогч шүүгдэгчийн нүүр лүү цохисоноос эхэлсэн гэх боловч Ж.Ганбаатар нь хохирогчтой харилцан зодолдсон байдаг. Тухайн зодооны улмаас Ж.Ганбаатарын биед хөнгөн зэргийг гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогдсон. Тухайн хэрэгт Ж.Ганбаатарыг хохирогчоор тогтоон байцаалт авахад “нүүрэн тус газар учирсан гэмтлийг Т.Энхбаатар учруулсан. Гэхдээ намайг гараараа цохисон” гэж мэдүүлсэн. Цогцост хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд хохирогчид хавирганы хугарал, хуйх, дагзанд шарх, нүүр зулгаралт зэрэг олон тооны гэмтэл учирсан нь тогтоогдсон. Энэ олон тооны гэмтэл учруулснаас болж тухайн хүн нас барсан болох нь шинжээчийн дүгнэлт, шинжээчийг байцаасан байцаалт зэргээр тогтоогддог. Тухайн үед яаралтай эмнэлгийн тусламж үзүүллээ ч гэсэн хохирогчийн биед олон тооны гэмтэл учирсан байсан тул амь насыг нь аврах боломжгүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Иймд Ж.Ганбаатар нь өөрийн үйлдэлдээ хүч оруулан хохирогчийг сандлаар цохиж санаатай алсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Ж.Ганбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 36-480 тоот өөрийн гэртээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харьцааны улмаас Т.Энхбаатартай маргалдан харилцан зодолдож байхдаа түүний толгойн тус газар нь модон сандлаар цохиж тархины баруун хажуугийн 3, 4 дүгээр ховдолын цус харвалт, бага тархи, багана, уртавтар тархины хатуу хальс дээрхи цус харвалт, дагзны дэлбэнгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, тархи хавагнасан гэмтэл учруулж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Лхагвасүрэнгийн “... 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 12 цаг өнгөрч байхад манай эмэгтэй дүү Ганцэцэг над руу залгаад “Энхээ эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байна гэж сая хүн хэллээ” гэж хэлэхээр нь би “чи гэмтлийн эмнэлэг дээр түрүүлж очоод байж бай, би араас чинь очъё” гэхэд “шүүх эмнэлгийн бичиг өгчихөөд шууд гэмтлийн эмнэлэг яваад очъё” гэж хэлсэн. Тэгээд намайг гэрээсээ гарах гэж байхад манай хүргэн Болдбаатар над руу 17 цагийн үед залгаад “Энхээ өнгөрсөн гэнээ, эмээ залгалаа” гэж хэлсэн. Тэгээд би Гэмтлийн эмнэлэг рүү хүргэн Болбаатартай хамт очиход моргт оруулсан, цагдаа нар тойроод зогсчихсон үзлэг хийж байсан. Цагдаа нар явсны дараа эх дүү нарын хамт дүүгийнхээ цогцосыг орж харахад зөндөө хөхөрчихсөн, шарх сорви болчихсон, зүүн шанаа нь онгойсон шархтай, зүүн чихний ар талд онгойсон шархтай, эрүүний баруун талд язарсан, нүүр нь битүү хөх эрээн, цээжин бие нь нилдээ хөхөрсөн, цээжний зүүн талын эгэмний доод хэсэгт хөхөрч урагдсан, баруун тал нь тэр чигтээ урагдсан, зүүн талын доод хавирга нь цаашаа цөмөрсөн юм шиг дотогш хонхойсон, 2 хөл нь хөхөрсөн шархтай байсан...” /1хх-49/,

гэрч Г.Доёддоржийн “... Тухайн өдөр би өглөө 07 цаг 20 минутын үед гэрээсээ гарсан ба гэрт эх Сэдэнхорол, дүү Очхүү, дүү Должин, эцэг Ганбаатар нар үлдсэн. Тэгээд орой 18 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд хашааны жижиг хаалга түгжээтэй байхаар нь би дээгүүр давж орсон. Хашаан дотор ороход нэг танихгүй хүн толгойноос нь цус гарсан байдалтай байшингийн урд талд хэвтэж байсан. Байшингийн голын жижиг цонх хагарсан байсан. Тэгээд байшингийн хаалга татсан чинь цоожтой байхаар нь би хагарсан цонхоор харахад манай аав хагарсан цонхны хажууд сууж байхаар нь хаалгаа онгойлго гэж хэлсэн. Тэгээд аав хаалга онгойлгож өгөхөөр нь би гэр лүүгээ ороход гэрийн гал тогооны өрөө нил цус болчихсон байсан ба аав өөрөө зодуулчихсан, нүүр ам нь битүү хавдар болчихсон байсан. Тэгээд би гэр лүүгээ ороод 103-т дуудлага өгөөд байж байхад ээж, дүү хоёр ирээд араас нь 2 цагдаа орж ирсэн. Цагдаа нар ээжээс болон надаас болсон асуудлын талаар асуугаад цус гойжиж байгаа хүнийхээ толгойг даавуугаар ороо гэж хэлсэн. Цагдаа нар ирснээс хойш 5-10 минутын дараа түргэн ирж, шархыг нь үзэж цэвэрлээд, аваад явсан. Мөн цагдаагийн бүрэлдэхүүн ирээд аавыг аваад явсан...” / 1хх-56-57/,

гэрч Д.Ганцэцэгийн “... 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 12 цаг 10 минутын үед манай ээж Доржпагма над руу залгаад “дүү чинь Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн байна. Чи байцаагчтай нь очиж уулз” гэж хэлсэн. Тэгээд би бичгээ авчихаад Гэмтлийн эмнэлэг дээр очиход манай ээж Доржпагма уйлаад сууж байсан. тэгэхэд манай дүү өнгөрчихсөн байсан. Би эх Доржпагма, эгч Лхагвасүрэн нарын хамтаар моргт ороход талийгаачийн нүүр ам нь цохигдсон, зүүн чихний ард ярагдсан, хоолой нь хөхөрсөн, 2 хавирга нь язарсан, хөл гар нь хөх эрээн алаг болсон байсан...” /1хх-61-62/,

гэрч Б.Сэндэнхоролын “... Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 07 цаг 40 минутын үед бага хүү Очхүүгийн хамт гэрээсээ гарсан бөгөөд гэрт манай нөхөр Ганбаатар ганцаараа үлдсэн. Тэгээд орой ажлаасаа тараад бага хүү Очхүүг дагуулаад гэртээ 18 цаг 45 минутын үед ирэхэд манай дунд хүү Доёддорж ажлаасаа ирчихсэн хашааны үүдэнд зогсож байсан. Хүү Доёддорж, Очхүү нарын хамт хашаандаа ороход байшингийн урд талд толгойноос нь цус гарсан, эрэгтэй хүн хэвтэж байсан. байшингийн нарийн цонх хагарсан байхаар нь гэртээ ороход манай нөхөр Ганбаатар гал тогооны өрөөний цонхны хажуу талын сандал дээр сууж байсан ба юу ч дуугараагүй. Ширээн дээр аяга тавагнууд, дүрдэг цай, алчуур байсан. гэрт тог байхгүй, харанхуй байсан. тэгээд манай дунд хүү Доёддорж өөрийнхөө утсаар түргэн дуудсан. Түргэн удалгүй ирээд манай хашаан дотор хэвтэж байсан хүнийг аваад явсан. Цагдаа хэн дуудсаныг мэдэхгүй байна. дараа нь цагдаа нар ирээд гэр дотор юм үзээд, гадна дотногүй зураг аваад нөхөр Ганбаатарыг аваад явсан...” /1хх-73-74/,

гэрч И.Долгорын “... 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэртээ зээгээ хараад байж байхдаа цонхоор харахад өдрийн 15 цагийн үед манай хажуу хашааны Ганбаатар нь гаднаас өндөрдүү эрэгтэй хүнтэй хамт гэр лүүгээ орж байсан. Би гэртээ юм хийж байгаад дахин цонхоор харахад Ганбаатар нөгөө хүнтэйгээ хамт бие засчихаад буцаад гэр лүүгээ орсон. Тэгээд орой 17 цаг 50 минутын үед үнсээ асгах гээд гарахдаа харахад Ганбаатартай хамт орж ирсэн хүн нь үүднийх нь  хажуу талд хажуу тийшээ харсан байдалтай хэвтэж байхаар нь би босохгүй юм байхдаа гэж бодоод гэртээ орсон. Тэгээд гэртээ ороод дахин цонхоороо харахад Ганбаатар гэр лүүгээ ороод, нөгөө хүн дээрээ очоод байхаар нь би босгох гэж байна гэж бодсон. Тэгээд бүр аргаа бараад гэрээсээ гараад хашааныхаа гадаа гарахад манайхаас баруун тийшээ 3 хашааны цаана Цэрэнханд гуай зогсож байхаар нь дуудаад “Ганбаатарын хашаанд нэг хүн 20 орчим минут  газар хэвтлээ. Яах вэ” гэсэн чинь Цэрэнханд гуай “ хоёулаа очиж харъя” гэж хэлээд бид 2 хамт Ганбаатарын хашааны хаалгыг түлхэж үзэхэд хаалга нь түгжээтэй байхаар нь хашааны завсараар харахад Ганбаатар гэрээсээ гараад ирчихсэн, нөгөө газар хэвтэж байгаа хүнийхээ хажууд нүүр ам нь цус болчихсон зогсож байсан. Тэгээд би “яах вэ” гэхэд Цэрэнханд гуай “цагдаа дуудахаас өөр яахав дээ, ерөөсөө сэргийлэх дуудъя” гэж хэлэхэд нь би надад утас байхгүй шүү дээ гэхэд Цэрэнханд гуай гэр лүүгээ орохоор явсан. Тэгээд би гэртээ орчихсон. Сүүлд Цэрэнхандтай уулзахад би гэртээ ороогүй, шууд хэсгийн дарга руу очиж болсон явдлын талаар хэлсэн гэж байсан...” /2хх-63-64/,

гэрч Д.Нямсүрэнгийн “... 2016 оны 10 дугаар сарын 25-нд орой би “Халиун” төв дээр лангуун дээрээ сууж байхад манай хэсгийн Цэрэнханд над руу залгаад “Долгор надад хэллээ, 408 тоотын Ганбаатарын хашаанд нэг хүн байгаад удлаа, цагдаад хэлэхгүй бол болохгүй нь” гэж хэлэхээр нь би өөрийн 88932132 дугаарын утсаар 102-т дуудлага өгсөн...” /2хх-65/,

гэрч Б.Цэрэнхандын “... Манай тогийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр таслана гэсэн мессеж ирсэн боловч 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн өглөө тасрахаар нь би унтаад өгсөн. Тэгээд орой 17 цагийн үед сэрэхэд тог ирээгүй байхаар нь манайх ганцаараа тасарсан юм байх гэж бодоод гудамжинд байрлах ТҮЦ-ээс тог асуухаар хашаанаасаа гараад явж байтал манай гудамжинд амьдардаг Долгор миний араас дуудаад даллаад байхаар нь яваад очиход Долгор “Ганбаатарын хашаанд нэг хүн хэвтэж байна, их эвгүй байна” гэж хэлэхээр нь Долгортой хамт явж очоод хашааны завсараар харахад нэг эрэгтэй нарийнхан цус урасчихсан гэмээр ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэрийг харчихаад би буцаж гэр лүүгээ орж өөрийнхөө утсаар хорооны хэсгийн ахлагч Нямсүрэнд хэлсэн. Нямсүрэн нь би цагдаа дуудъя гэж хэлсэн...” /2хх-84-85/,

гэрч Ц.Оюун-Очирын “... 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 18 цаг 36 минутын үед төвөөс “толгойдоо сүхдүүлсэн хүн ухаангүй” гэсэн утгатай дуудлага ирсэн. Уг дуудлагын хаягийн дагуу 18 цаг 55 минутын үед очиход хажуу талаараа харж хэвтсэн, толгой хэсэг нь цус болсон, 50 орчим насны, эрэгтэй хүн ухаангүй хэвтэж байсан. Уг хүнд үзлэг хийхэд биеийн байдал хүнд, ухаангүй, орчиндоо харьцаагүй, байрлал идэвхигүй, нүдэнд эвэрлэгийн рефлекс байхгүй, хүүхэн хараа 2 талд гэрлийн урвалгүй, артерийн даралт 90/60 хэмжээтэй, зүрхний цохилт 124 байсан. хэсэгчилсэн үзлэгээр дагзны ар хэсэгт 6-8 см орчим, нөгөөх нь 4-6 см орчим 2 том язарсан шархтай, шархнаас нилээн цус алдсан, дагзны ясыг тэмтэрч үзэхэд цөмрөлтэй, зүүн шанаа орчим хавдсан, дээд доод уруул хөхөрч хавдсан, зүүн гарын тохой орчимд хөхөрч хавдсан байдалтай байсан. дагзны шархыг ариутгагч уусмалаар цэвэрлээд боолт хийгээд хүзүүнд хүзүүний хамгаалах чиг тавиад насилкаар тээвэрлэж машиндаа оруулж, монитор дэлгэцийн хяналтан доор гэмтлийн эмнэлгийн хүлээн авахад 19 цаг 40 минутад хүргэж өгсөн. Машинаар тээвэрлэхдээ хүчилтөрөгч хэрэглэсэн ба хүчилтөрөгчийн ханамж нь 96 хувь байсан...” /2хх-81-82/,

 сэжигтэн И.Ариунчимэгийн “... Би талийгаач Т.Энхбаатартай 2007 оноос хойш хамтран амьдарч байгаа. Бид хамт барилгын ажил хийдэг ба халаалт авах гээд ажил түр зогссон байсан. 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэртээ хуушуур хийгээд байж байтал найз Амьдрал гэрт ирээд бид хоёроор пассадны ажил хийлгэхээр болоод бидний ломбарданд тавьсан байсан дриллийг авч өгөөд, автобусны мөнгө үлдээгээд явсан. Орой нь талийгаач ээжээсээ 2.000 төгрөг аваад ядаргаагаа тайлна гээд 1 шил, 4.500 төгрөгийн үнэтэй архи аваад талийгаач бид 2 хувааж уугаад унтсан. Маргааш нь өглөө босоод ажлын хувцас, багажаа аваад явах гэтэл талийгаач “дотор муухай оргиод байна, толгой өвдөөд байна, оёдолын машинаа ломбарданд тавьчихъя, маргааш мөнгөтэй болоод авъя” гэсэн. Тэгээд гараад голын орчим оёдолын машинаа 1 шил архи, 1 тамхинд тавьсан. Тэгээд Энхсүх ахын гэрт очиж авсан архиа уусан. Энхсүх ахын гэрт Энхсүх ах, эмнэлэгт ажилладаг Билгээ, юм үзэж хардаг хүүхэн, манай хүргэн, охин дүү нар байсан. Талийгаачийн авсан архийг ууж дуусгаад, Билгээ дахин 1 шил архи авч уугаад юм ярьж сууж байгаад үдээс хойш болгосон. Тэгээд талийгаач бид 2 явахаар болж ажлын цүнхтэй хувцсаа аваад гараад талийгаачийн хүргэн Болдоогийн дэлгүүрт очоод 1 уут боов, ууттай жижиг банана зээлж аваад хойшоо алхаж байтал замд 2 ах тааралдсан ба талийгаач тэр 2 хүнтэй мэндлэхэд тэр 2 хүний нэг нь “ах нь мөнгөтэй явж байна, 2 дүүгээ дайлая” гээд Даваадоржийн дэлгүүрт очиж 2 ахын 1 нь карт уншуулж 0.75 литрийн, Хараа нэртэй архи авсан. Тэгээд архи авсан ах манайд очиж архиа ууя гээд урагшаа нилээн алхаж явтал хамт явж байсан хүн нь “явлаа” гээд явсан. Бид 3 нилээн алхаж байгаад цагаан өнгийн байшинтай айл руу орсон. Тэр ахын гэрт 17 цагийн үед ороод архиа уугаад талаасаа доогуур болж байхад архи авсан хүн хятадаар яриад байгаа юм шиг сонин сонин ярихад манай хүн уурлаад “чи муу хятад хулгайч байна” гэж хэлээд хоорондоо муудалцаад, хэрэлдээд эхэлсэн. Тэгснээ талийгаач намайг “ажлынхаа хувцас, цүнхээ аваад гарч бай, би удахгүй гарна” гэж хэлэхээр нь би гараад, талийгаачийн дүүгийн дэлгүүрийн гудамжаар хойшоо алхсан. Тэгээд тэр хавьд 30-40 минут орчим хүлээгээд ирэхгүй болохоор нь эргээд нөгөө айлаа хайгаад олоогүй. Тэгээд айлаа олохгүй болохоор нь Энхсүхийнд очоод талийгаачийг ирсэн талаар асуухад ирээгүй гэсэн. тэгэхээр нь би уурлаад талийгаачийн хувцас, нивийг гаргаж тэр айлд үлдээгээд өөрийнхөө хувцсыг аваад явсан. Тэгээд архи авсан дэлгүүртээ очоод “бид хоёртой хамт орж ирээд архи авсан хүний нэр, хашааг мэдэх үү” гэхэд “мэдэхгүй, үзэгдээгүй хүн байна лээ, танихгүй” гэж  хэлсэн...” /1хх-158-159/,   

сэжигтэн Ж.Ганбаатарын “... 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16 цагийн үед би ганцаараа гудамжинд зогсож байхад талийгаач эхнэртэйгээ явж байгаад надтай таараад “нэг юм байна уу, арга байна уу” гэж асуухаар нь би “хамт явж байгаа хүн чинь юун хүн юм бэ” гэхэд “миний эхнэр” гэж хариулсан. Тэгээд бид 3 хамт хойшоо алхаад Дамбийн цагаан худгийн арын хүнсний дэлгүүр орж би 1 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад, авсан архиа уухаар манай гэр лүү явцгаасан. Гэрт ороод архиа гурвуулаа хувааж уусан ба 1 цаг гаран болоод архи дууссан. Тэгээд би тэр хүнийг хашаанаас гаргаад хашааныхаа хаалгыг түгжээд, гэртээ ороод гэрийн хаалгаа түгжээд, гэрийнхээ цонхны урд талын диван дээр унтсан. Тэгээд унтаж байхад хүн хаалга татах шиг болсон. Тэгсэн удалгүй цонх хагалаад нэг эрэгтэй хүн орж ирэхээр нь би “цонх хагалаад яаж байгаа юм бэ” гэж асуухад тэр хүн юм дуугаралгүй намайг орноос дөнгөж өндийгөөд ирсэн чинь миний баруун хацар луу гараараа 2 удаа, зүүн хацар луу 1 удаа цохиход нь миний хамар амнаас цус гарахаар нь би босоод барьж аваад хоорондоо ноцолдсон. Би тэр хүнтэй ноцолдож байхдаа гараараа 2 удаа цохисон. Хаана нь цохисноо мэдэхгүй байна. тэгээд би ноцолдоод дийлэхгүй болохоор нь жижиг өрөөнд байсан цагаан цэнхэр өнгийн тавцантай, модон сандалыг аваад тэр хүнийг 2-3 удаа цохисон. Би хаана нь цохисноо мэдэхгүй байна. намайг цохисны дараа тэр хүн намайг тэврээд авахаар нь би тэр хүнийг тэвэрч явж байгаад гэрийнхээ гадаа түлхээд унагаачихсан. Тэгээд гэртээ гүйгээд орсон чинь миний гар утас дуугарч байхаар нь авсан чинь миний хүү Очхүү “ааваа ээжтэй очиж явна” гэж хэлэхээр нь би ээждээ утсаа  өг, аав нь энд хүнтэй зодолдлоо, цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд утсаар ярьж байхад цагдаа, манай эхнэртэй орж ирсэн. Цагдаа орж ирээд та хөдөлж болохгүй, наанаа зогс гэж хэлээд зураг аваад байсан. Тэгээд цагдаагийн хэлтэс рүү авч явсан...” /1хх-151/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Т.Энхбаатарт тархины баруун хажуугийн гурав, дөрөв дүгээр ховдолын цус харвалт, бага тархи, багана, уртавтар тархины хатуу хальс дээрх цус харвалт, дагзны дэлбангийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, зүүн 6 дугаар хавирганы хугарал, хуйхны дагз дахь шарх, нүүр мөчдийн зулгаралт тогтоогдлоо. Дээрх толгойн гэмтлүүд нь нэг буюу ойролцоо цаг хугацаанд үүссэн ба үхэлд хүргэжээ. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчингүй байна. Толгойн гэмтэл болох тархины баруун хажуугийн гурав, дөрөв дүгээр ховдолын цус харвалт, бага тархи, багана, уртавтар тархины хатуу хальс дээрх цус харвалт, дагзны дэлбангийн аалзан бүрхүүл доорхи цус харвалтын улмаас тархи хавагнаж нас баржээ...” гэх 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 1975 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх-78-80/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Ж.Ганбаатарын биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алим, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, доод уруулын цус хуралт, баруун нүдний дотор булан, хамрын нуруу ба зүүн угалз, уруулын дээд ба хамрын хажуу хэсэг, баруун чихний дэлбэн, баруун өвдөгний зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 14771 дүгээр шинжээчийн дүгнэлт /1хх-119/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-4-8/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-9-14, 18-21/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-15-17/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-27-33/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх-34/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-35-47/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1хх-124/, хохирлын баримтууд /1хх-172-193/, өвчний түүх /2хх-87-96/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ж.Ганбаатарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн Ж.Ганбаатарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх ба түүний хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь үнэлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн ба мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Ялтан Ж.Ганбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалах...” үйлдэл хийсэн гэж үзэхээргүй байх ба хохирогчтой харилцан зодолдсон, зодооны явцад сандлаар хохирогчийн толгойн тус газар нь цохиж, түүнийг санаатай алсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон учраас түүний үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд ялтан Ж.Ганбаатарын өмгөөлөгч Б.Дашдоржийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг журамлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.     

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ж.Ганбаатарын өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

             ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

                                                                                    Д.ОЮУНЧУЛУУН