Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2018/00118

 

  Т.К-гийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч  Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00615 дугаар шийдвэртэй, Т.К-ийн нэхэмжлэлтэй, Ц сумын Сум дундын эмнэлэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ц сумын Сум дундын эмнэлэгт 9 дүгээр багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.  

Нэхэмжлэлд: “Миний бие 2012 онд Говь-Алтай аймгийн Анагаахын шинжлэх ухааны их сургуулийг бага эмч мэргэжлээр төгсөж, 2012 оны 7 дугаар сараас эхэлж Ц сумын Хүн эмнэлэгт  тус сумын 5 дугаар багийн бага эмчээр анх ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш тус эмнэлэгт гарсан ямар нэгэн бага эмч, сувилагч нарын  орон тоонд тасралтгүй ажиллаж байгаад 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр тус сумын 9 дүгээр багийн бага эмчээр бүр томилогдон ажилласан. Тус орон тоонд ажиллаж байгаад 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс жирэмсний амралт авч 2016 оны 12 сард эргэн ажилдаа орох гэтэл тус эмнэлгийн эрхлэгч “чиний оронд ажиллаж байгаа хүний ар гэрийнх нь байдал хүнд байгаа учраас би тушаал гаргаж чадахгүй байна, түр хүлээж байгаач” гэсэн. Үүнээс хойш удаа дараа шаардсан боловч намайг бага эмчийн албан тушаалд өнөөдрийг хүртэл ажиллуулахгүй, мөн бага эмчийн албан тушаалаас чөлөөлсөн тушаал өгөхгүй, ямар нэгэн сул орон тоонд ажиллуулж байх тул тус сумын 9 дүгээр багийн бага эмчээр эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Тус эмнэлгийн 9 дүгээр багийн бага эмчээр ажиллаж байсан Т.Ө нь жирэмсний амралт авсан тул түүний оронд Т.К-г 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс бага эмчээр түр томилон ажиллуулж байсан бөгөөд Т.Ө эргэн ажилдаа орсноор Т.К-г бага эмчийн ажлаас чөлөөлсөн. Түүний өөрийнх нь хүсэлтийн дагуу тус эмнэлгийн угаагчийн ажилд томилон хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Дараа нь тус хүний эмнэлгийн эрхлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар сувилагч Б.Х жирэмсний амралт авсан тул түүний оронд Т.К-г мөн өдрөөс эхлэн сувилагчийн ажилд томилсон. Улмаар Б.Х-гийн жирэмсний амралтын хугацаа дуусаж эргэн ажилдаа орсноор Т.Кг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 31 тоот тушаалаар тус эмнэлгийн угаагчийн ажилд дахин томилж тухайн ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна. Т.К нь тус шүүхэд Ц сумын 9 дүгээр багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэв тус 9 дүгээр багийн эмчийн ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзсэн бол тухайн шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шүүхэд хандах эрхтэй байсан. Түүний шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Т.К-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.  

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00615 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.К-гийн Ц сумын Сум дундын эмнэлэгт 9 дүгээр багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд: “Анхан шатны шүүх Т.К-гийн нэхэмжлэлтэй хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч Т.К нь Баян-Өлгий аймгийн Ц сумын Сум дундын эмнэлэгт 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тус сумын 5 дугаар багийн бага эмчээр ажиллаж эхэлсэн. 2013 оны 5 дугаар сараас эхэлж 3 сарын хугацаанд Төрийн сангийн санхүүжилтээр "Хүүхдийн сувилахуй судлал" гэсэн чиглэлээр мэргэшил дээшлүүлж байсан ба үүнээс хойш Ц сумын сум дундын эмнэлэгт бага эмч, сувилагч нарын орон тоонд тасралтгүй ажиллаж ирсэн байна. Тухайлбал, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасны дагуу сувилагчаар, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр эрхлэгчийн 12 дугаар тушаалаар Ц сумын 9 дүгээр багийн бага эмчээр бүр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралт авч 2016 оны 12 дугаар сард жирэмсний болон амаржсаны амралтаас орох гэтэл "чиний оронд байгаа хүний ар гэрийн байдал нь хүнд байгаа учраас түр хүлээж байгаач ээ, тэр хүнийг чөлөөлж чадахгүй байна, ажлыг чинь хэдхэн сарын дараа өөрт чинь өгнө, тэр хооронд өөр нэгэн ажил түр хийж байгаач ээ" гэхээр нь тус байгууллагад өөр нэгэн бага эмчийн ажлыг хийгээд явсан байна. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар ажил завсардсан, ажлаас чөлөөлөгдсөн зүйл болоогүй. Удаа дараа эрхлэгчтэй уулзаж өөрийнхөө ажилд эгүүлэн томилж өгөхийг шаардах болгонд чиний тушаалыг удахгүй засаж өгнө гэж шүүхэд хандах хүртэл хүлээлгээд ирсэн байжээ. Т.К нь цалин хөлсний зөрүү гарахаар нь шүүхэд хандсан. Гэтэл анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд шүүхэд гаргаагүй гэж байгаа явдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар Т.К жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд түүний ажлын байрыг хэвээр хадгалах ёстой ба түүний амралтын хугацаа нь дуусахаар нь ажил олгогч ажилд эгүүлэн томилох үүрэгтэй байсан. Ажил олгогч энэхүү үүргээ зөрчсөнөөс гадна ажилтан Т.К-гийн ажлаас халагдсан тушаал, эсхүл өөрийнх нь ажилд эгүүлэн томилохоос татгалзсан тухай тушаал шийдвэрийг өнөөдрийг хүртэл гардуулж өгөөгүй. Ажилтан шаардлага тавихаар нь чамайг томилж өгнө гэж итгүүлж чирэгдүүлдэг байжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т "... гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана" гэж заасныг анхан шатны шүүх буруу тайлбарлаж, нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгосон. Ажил олгогч ажилтан Т.К-д ямар нэгэн шийдвэрийг хүлээлгэн өгөөгүй. Нөгөөтээгүүр, Т.К нь бага эмчийн цалингаар цалинжиж, тус байгууллагад өөр төрлийн ажил хийгээд явж байсан учраас хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй. Иймд нэхэмжлэгч Т.К-г хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн гэж үзэх боломжгүй. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00615 дугаар шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан байх тул  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Т.К нь Баян-Өлгий аймгийн Ц сумын Сум дундын эмнэлэгт холбогдуулан тус сумын 9 дүгээр багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Т.К нь тус сумын 9 дүгээр багийн бага эмчээр 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаартай тушаалаар томилогдож, түүнээс хойш тус 9 дүгээр багийн бага эмчээр ажиллаж байгаад жирэмсний амралт авсан гэж маргаж байгаа боловч хэрэгт цугларсан баримтуудыг судлан үзэхэд тус эмнэлгийн эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 32 дугаартай тушаалаар Т.Ө-ийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус 9 дүгээр багийн бага эмчээр ажиллуулж, мөн өдрийн 33 дугаартай тушаалаар Т.К-г 9 дүгээр багийн бага эмчийн ажлаас чөлөөлж, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаартай  тушаалаар угаагчаар ажиллуулсан байна.

 

Нэхэмжлэгч Т.К нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр жирэмсний амралт авч, 2016 оны 12 дугаар сард ажилдаа эргэн орох гэтэл “чиний оронд ажиллаж байгаа хүний ар гэрийнх нь байдал хүнд байгаа учраас би тушаал гаргаж чадахгүй байна, түр хүлээж байгаач” гэж намайг бага эмчийн албан тушаалд өнөөдрийг хүртэл ажиллуулахгүй, мөн бага эмчийн албан тушаалаас чөлөөлсөн тушаал өгөхгүй, тус эмнэлэгт байгаа ямар нэгэн сул орон тоонд тушаал шийдвэр гаргахгүйгээр ажиллуулж ирсэн гэх боловч хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн Т.К-г ажилд томилсон, чөлөөлсөн тушаалууд, нэхэмжлэгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан “2018 оны 02 дугаар сараас эхэлж жирэмсний амралт авсан Х-гийн оронд сувилагчаар ажиллаж ирсэн” гэх тайлбар зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Т.К нь эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн буюу мэдэх боломжтой байжээ.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргаагүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00615 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                              

Д.КӨБЕШ