Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2019/00529

 

Т.Кгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00615 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 212/МА2018/00118 дугаар магадлалтай,

Т.Кгийн нэхэмжлэлтэй

Ц С-ын СС-ын Эт холбогдох

Баян-Өлгий аймгийн Ц С-ын СС-ын Эт 9 дүгээр багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Т.Кгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 онд Говь-Алтай аймгийн Анагаахын шинжлэх ухааны их сургуулийг бага эмч мэргэжлээр төгсөж, 2012 оны 7 дугаар сараас эхэлж Ц С-ын Хүн эмнэлэгт тус сумын 5 дугаар багийн бага эмчээр анх ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш тус эмнэлэгт гарсан ямар нэгэн бага эмч, сувилагч нарын орон тоонд тасралтгүй ажиллаж байгаад 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр тус сумын 9 дүгээр багийн бага эмчээр бүр томилогдон ажилласан. Тус орон тоонд ажиллаж байгаад 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс жирэмсний амралт авч 2016 оны 12 сард эргэн ажилдаа орох гэтэл тус эмнэлгийн эрхлэгч чиний оронд ажиллаж байгаа хүний ар гэрийнх нь байдал хүнд байгаа учраас би тушаал гаргаж чадахгүй байна, түр хүлээж байгаач гэсэн. Үүнээс хойш удаа дараа шаардсан боловч намайг бага эмчийн албан тушаалд өнөөдрийг хүртэл ажиллуулахгүй, мөн бага эмчийн албан тушаалаас чөлөөлсөн тушаал өгөхгүй, ямар нэгэн сул орон тоонд ажиллуулж байх тул тус сумын 9 дүгээр багийн бага эмчээр эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус эмнэлгийн 9 дүгээр багийн бага эмчээр ажиллаж байсан Т.Өмиргүл нь жирэмсний амралт авсан тул түүний оронд Т.Кг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс бага эмчээр түр томилон ажиллуулж байсан бөгөөд Т.Өмиргүл эргэн ажилдаа орсноор Т.Кг бага эмчийн ажлаас чөлөөлсөн. Түүний өөрийнх нь хүсэлтийн дагуу тус эмнэлгийн угаагчийн ажилд томилон хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Дараа нь тус хүний эмнэлгийн эрхлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар сувилагч Б.Харшыга жирэмсний амралт авсан тул түүний оронд Т.Кг мөн өдрөөс эхлэн сувилагчийн ажилд томилсон. Улмаар Б.Харшыгагийн жирэмсний амралтын хугацаа дуусаж эргэн ажилдаа орсноор Т.Кг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 31 тоот тушаалаар тус эмнэлгийн угаагчийн ажилд дахин томилж тухайн ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна. Т.К нь тус шүүхэд Цэнгэл сумын 9 дүгээр багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэв тус 9 дүгээр багийн эмчийн ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзсэн бол тухайн шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шүүхэд хандах эрхтэй байсан. Түүний шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Т.Кгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00615 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Кгийн Ц С-ын СС-ын Эт 9 дүгээр багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 212/МА2018/00118 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00615 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.К хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч үндэслэлээр дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Миний бие Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчээс 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 12 дугаар тушаалаар 9-р багийн бага эмчээр томилогдсон ба 2016 оны 7 дугаар сарын 28-ний өдөр жирэмсний ба амаржсаны амралтаа авч улмаар 2016 оны 12 дугаар сарын эхээр үүрэгт ажилдаа эргэж орсон юм. Тухайн үед ажил олгогчийн зүгээс миний бага насны хүүхэдтэй байдлыг харгалзан үзэж намайг дектреттэй байх хугацаанд түр авч ажиллуулж байсан хүнээр миний үндсэн ажлыг хийлгүүлж надаар хөнгөн ажлууд хийлгүүлж байсан нь үнэн. Гэхдээ намайг 9-р багийн бага эмчийн буюу үндсэн ажлаас минь чөлөөлөөгүй буюу ингэж чөлөөлсөн тухай тушаал гарсныг надад мэдэгдээгүй, тийм чөлөөлсөн тухай ямар нэгэн шийдвэр гардуулж өгөөгүй юм. Гэвч хариуцагчийн гаргаж өгсөн баримтуудаас үзэхэд намайг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 33 дугаар тушаалаар намайг 9-р багийн бага эмчийн ажлаас чөлөөлсөн, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар тушаалаар угаагчаар томилсон, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр сувилагч Б.Харшыгагийн оронд томилсон мэтээр ойлголт төрүүлж байна. Харин бие үндсэн ажлаасаа бүр чөлөөлөгдсөн гэдгийг хариуцагчийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 31 дугаар тушаалын хувийг гардуулж өгөхдөө анх мэдсэн юм. Би энэ тушаалын хувийг авч танилцмагц өөрийгөө 9-р багийн бага эмчийн ажлаас халагдсан гэдгийг анх удаа ойлгосон юм. Ажил олгогчоос үүнийг учир шалтгааныг нь асууж тодруулах гэсэн боловч ямар нэгэн олигтой тайлбар авч чадаагүй. Ингээд шүүхэд гомдол гаргахаар болж байгууллагын нягтлан бодогчоос нийгмийн даатгалын дэвтрээ авч холбогдох тооцоог хийж дуусгасан. Энэхүү нийгмийн даатгалын дэвтрийн 26-27 дугаар хуудаст бичигдсэн бичилтээс үзэхэд хамгийн сүүлд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчээс 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 12 дугаар тушаалаар 9-р багийн бага эмчээр томилогдсон тухай тушаалын тухай бичсэн байсан ба дээр дурдсан ажил олгогчийн намайг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 33 дугаар тушаалаар намайг 9-р багийн бага эмчийн ажлаас чөлөөлсөн, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар тушаалаар угаагчаар томилсон, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр сувилагч Б.Харшыгагийн оронд томилсон тухай тушаалуудын тухай ямар нэгэн бичилт байхгүй байсан. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс хойш гаргасан тушаалууд хуурамч буюу дараа нь нөхөж гаргасан байж болзошгүй маш их эргэлзээтэй тушаалууд юм. Ийм эргэлзээтэй гэдгийн учир нь хариуцагч 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 33 дугаар тушаалаар намайг 9-р багийн бага эмчийн ажлаас чөлөөлж 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар тушаалаар угаагчаар томилсон гэж тайлбарлаж байгаа боловч надад 2016 оны 11 дүгээр сард 9-р багийн бага эмчийн цалин болгож 623 656 төгрөгийн цалин олгосон байдаг. Энэ нь хэрэгт цугларсан нотлох баримт болох нийгмийн даатгалын дэвтрийн 2016 оны бичилтээр нотлогдоно. Ажил олгогч намайг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар тушаалаар угаагчаар томилсон гэдэг боловч 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар тушаалаар “...Т.Ка өөр ажилд шилжиж байгаа учир оронд нь 2018.02.12-ны өдрөөс эхлэн Х.Булбулыг томилон ажиллуулсугай” гэсэн заалттай тушаал гаргасан нь ойлгомжгүй байна. Учир нь хэрэв Х.Булбул гэгчийг намайг шилжүүлэн томилсон гэх угаагчийн ажилд томилсон бол Х.Булбулын угаагчаар ажиллаж байсныг түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, цалин авч байсныг ажил олгогч нотлох байсан юм. Өөрөөр хэлбэл хариуцагч миний 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл угаагчаар, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс хойш сувилагчаар ажиллаж байсныг нотлож чадаагүй юм. Хавтаст хэргийн 11-12 дугаар худаст авагдсан нотлох баримт болох нийгмийн даатгалын дэвтрийн 2016, 2017, 2018 оны бичилтүүд бүгд миний 9-р багийн бага эмчээр ажиллаж байх үеийн авч байсан цалин хөлсний бичилтүүд юм. Хоёр шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг анхаараагүй явдалд маш их гомдолтой байна. Иймд хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Т.К нь Баян-Өлгий аймгийн Ц С-ын СС-ын Эт холбогдуулан тус сумын 9 дүгээр багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч  нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...2012 оны 07 сарын 16-нд нэхэмжлэгч нь анх жирэмсэн хүний оронд 5-р багийн бага эмчээр ажилд орсон, үүний дараа ээлжийн асрагч, сувилагч, 9-р багийн бага эмчээр тус тус түр ажиллаж байгаад өмнөх хүн ажилдаа ороход угаагчийн ажилд орж 2 жил ажилласан, үүний дараа жирэмсний амралттай хүний оронд сувилагчаар ажиллаж байна. 9-р багийн бага эмчээр түр ажилласан шалтгаан нь 2014 онд эх баригч Айнур жирэмсний амралт авах үед 9-р багийн бага эмч Т.Өмиргүл эх баригчийн орон тоонд, Т.Өмиргүлийн оронд Т.К түр ажилласан бөгөөд Айнур 4 сарын дараа ажилдаа эргэн орсон тул Т.Өмиргүл буцаж ажилдаа орсноор Т.К угаагчийн ажлыг хийсэн юм. Иймд 9-р багийн бага эмчийн ажилд тогтоох үндэслэлгүй...” гэж маргажээ.

Т.К нь “...тус сумын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар тушаалаар 9 дүгээр багийн бага эмчээр томилогдож, уг ажлыг эрхэлж байгаад 2016 оны 07 сарын 08-ны өдөр жирэмсний амралт авсан, 2016 оны 12 сард ажилдаа эргэн ороход нялх хүүхэдтэй тул хөнгөн ажил хийлгэсэн, 9 дүгээр багийн бага эмчийн ажилдаа эргэн орох эрхтэй...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна.

Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа , ажлын байр, албан тушаалын байдал, эрх зөрчигдсөн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа зэрэг эрх зүйн асуудлаар зайлшгүй хийвэл зохих дүгнэлтийг бүрэн хийсэн, тухайн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар тушаалаар 9 дүгээр багийн бага эмчээр ажилд томилогдсон боловч Т.Өмиргүлийн оронд томилогдсон, Т.Өмиргүл ажилдаа эргэн орсноор 2016 оны 11 сарын 11-ний өдрийн 333 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, 2016 оны 12 сарын 01-нээс хойш угаагчаар 2 жил, 2018 оны 02 сарын 09-ний өдрийн 11 (б) дугаар тушаалаар сувилагчаар ажиллаж байгаад 2016 оны 07 сарын 08-ны өдөр жирэмсний амралт авч, 2016 оны 12 сараас хойш сувилагчаар ажилласнаас үзэхэд  9-р багийн бага эмчээр ажиллуулаагүй 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд хандаагүй байна.

Нэхэмжлэгч нь 9-р багийн бага эмчийн ажлаас чөлөөлсөн гэдгийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 31 дүгээр тушаалыг авснаар мэдсэн гэж тайлбарласан боловч 2016 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш уг албан тушаалд ажиллаагүй тул энэ үеэс эрх зөрчигдснөө мэдэх ёстой гэж үзнэ.

Нэхэмжлэгч Т.К нь “...нийгмийн даатгалын дэвтэрт эрхэлж байсан ажил, албан тушаал бүрэн бичигдээгүй, ажил олгогч тушаалуудыг нөхөж гаргасан, бага эмчийн ажлаас чөлөөлж угаагчийн ажилд томилсон атал нэг сар бага эмчийн цалинг олгосон, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар тушаалд миний оронд Х.Булбулыг томилон ажиллуулсан гэх боловч ийм хүн ажиллаж, цалин хөлс авсан талаар баримт байхгүй, нийгмийн даатгалын дэвтэрт дэх 2016, 2017, 2018 оны цалин хөлсний бичилт нь бага эмчийн цалин хөлс...” гэх үндэслэлийг гомдолд дурсан ба шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн тул эдгээр байдлууд нэхэмжлэлийг нотлохгүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Энэ шийдвэр нь нэхэмжлэгчийг өөр ажилд томилох, ажилд жинхлэн авахад нөлөөлөхгүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/00615 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 212/МА2018/00118 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА